Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2017/0825

 

"Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нарыг оролцуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0698 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлоор "Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Т"Т"ХХК 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан NE-025648 өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0698 дугаар шийдвэрээр:

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрийн "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан NE-025648 өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий "Т" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч "Т" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 698 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгчээс ...аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн хуульд заасан үндэслэлгүй хариуг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй... гэж маргаж байгаа ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн аймгийн Засаг даргын дэмжихгүй гэх саналын талаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй, гомдож байгааг бүрэн тодруулж, ач холбогдол өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд:

Ашигт малтмалын газраас 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 6/2466 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн Засаг даргаас санал авахаар хандсаны дагуу Засаг дарга нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1а/419 дүгээр албан бичгээр хариу буюу дэмжихгүй гэх саналыг хүргүүлснийг Ашигт малтмалын газар 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан байдаг.

Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргаас ирүүлсэн дэмжихгүй гэх саналын хуудас болон албан бичиг нь тодорхой үндэслэлгүй, хавсаргасан баримт нотолгоогүй байсан учраас Кадастрын хэлтэс ...танай компани хүсэлт гаргавал дахин санал авахаар аймгийн Засаг даргад албан бичиг явуулж болно гэсэн тул "Т" ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15/10 тоот албан бичгээр аймгийн Засаг даргаас санал авч өгөхийг хүссэн агуулгатай хүсэлт гаргаж байсан.

Кадастрын хэлтэс нь аймгийн Засаг даргын санал илт үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн учраас 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 6/5237 дугаар албан бичгээр дахин санал авахаар Баянхонгор аймгийн Засаг даргад хандсан.

Үүний дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 45 дугаар албан бичгээр дэмжихгүй гэх хариу өгсөн. Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хариуцагчийн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн бичгээр шүүхэд өгсөн хариу тайлбараар тус тус нотлогдоно.

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар-ын 4.3-т аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлтэй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн төсөл боловсруулах гэж, 4.5-д хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд ажлын 3 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулах гэж тус тус журамласан байдаг ба энэ нь хэдийгээр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ биш боловч төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн нэг журам, горимоор хэрэгжүүлэхийг тогтоосон хэм хэмжээ гэж ойлгож байна. Ийм учраас аймгийн Засаг даргаас 2 удаа санал авсан буюу эхний хариуг үндэслэлгүй гэж үзсэн учраас 2 дахь удаагаа санал авахаар шийдвэрлэсэн гэж ойлгож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга ... 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж заасан байдаг. Гэтэл дээрх 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Засаг даргаас санал авах тухай албан бичигт Баянхонгор аймгийн Засаг дарга нь 30 хоногийн дотор хариу өгөөгүй бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр дэмжихгүй гэсэн хариу өгсөн байна.

Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулиар 30 хоногийн дотор аймгийн Засаг дарга хариу өгөөгүй бол түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, шийдвэр гаргах бүрэн эрх нь байсаар байтал шийдвэр гаргаагүй хууль зөрчихийн зэрэгцээ аймгийн Засаг даргын дэмжээгүй саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг дээрх дотоод үйл ажиллагааны зааврын дагуу 5 хоногт гаргах байтал 2015 оны 8 дугаар сараас хойш 2 жил орчим хугацааны дараа сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгчийн хувьд заавал Баянхонгор аймгийн Засаг даргын дэмжээгүй саналын эсрэг нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзсэн учир нь аймгийн Засаг даргын санал нь тусгай зөвшөөрөл олгох эсхүл олгохгүй байх үндсэн болзол шалгуур биш болох нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтаас харагдана.

Аймгийн Засаг даргын дэмжихгүй гэх хариу нь олон үндэслэлээр үндэслэлгүй болох нь илт байдаг. Ийм учраас 2 жил орчим хугацаанд манай асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж харж байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтаас харахад аймгийн Засаг даргын дэмжсэн эсхүл дэмжээгүй гэх саналын үндэслэл нь тухайн талбай орших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал байхаар байна.

Гэтэл Баянхонгор аймгийн Засаг дарга нь Баацагаан сумын Засаг даргын албан хариуг үндэслэсэн байна. Тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь 2 сумын нутаг дамнан оршиж байгаа ба хавтаст хэрэгт цугларсан Баянцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар албан бичгээс харахад тусгай зөвшөөрөл олгох боломжтой, дэмжинэ гэх саналыг өгсөн байдаг.

Хариуцагч тодорхой шалтгаангүйгээр манай компанийн өргөдлийг шийдвэрлээгүй хуулийн хугацааг хэтрүүлсэн хэрнээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх саналаа илэрхийлсэн Баянцагаан сумын нутагт хамаарах талбайн асуудлыг нухацтай авч үзээгүй.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д зааснаар аймгийн Засаг даргаас дэмжсэн хариу өгсөн бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байх тул аймгийн Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн агуулга нь тодорхой процессыг зохицуулсан хэм хэмжээ болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга дэмжсэн хариу өгөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах эрхгүй гэх агуулгыг бүрэн гүйцэд илэрхийлж чадахгүй байна.

Энэ нь төрийн байгууллага хууль дээдлэх, хууль бус шийдвэрийг даган биелүүлэхээс татгалзах, хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх зэрэг зарчмын агуулгаар тайлбарлагдах ба хуулиар тусгай зөвшөөрөл олгох эсхүл олгохгүй байх туйлын эрх нь Кадастрын хэлтэст олгогдсон байхад шүүх хэт явцуу хүрээнд хуулийг тайлбарлан буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн ...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5. Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэх заалтын "аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжихгүй санал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэх үүрэггүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдийн тухайд 2015 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж өргөдөл гаргасан бөгөөд тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэж буй шийдвэр нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай Кадастрын хэлтсийн шийдвэр юм.

Хэдийгээр зарим тохиолдолд хуульд 2 өөр чиг үүрэг бүхий төрийн байгууллага тодорхой нэг асуудал дээр хамтарч шийдвэр гаргах, эсхүл тодорхой нэг шийдвэр гаргахын тулд аль нэг байгууллагын шийдвэр нь урьдчилсан нөхцөл болохоор хуульд заасан байдаг боловч эцэстээ нэг цогц шийдвэр гаргахад зорилго нь чиглэгдэж байдаг.

Иймд Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах эрх нь аймгийн Засаг даргад биш зөвхөн Кадастрын хэлтэст байна. Хуулиар олгогдсон бүрэн эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэхдээ аймгийн Засаг даргын саналыг нягтлах, дахин санал авах, тодруулах, эсхүл илт үндэслэлгүй шийдвэрийг даган биелүүлэхээс татгалзах зэрэг нь аймгийн Засаг даргын шийдвэрийг хянаж байгаа үйлдэл биш гэж үзэж байна.

Аймгийн Засаг даргаас санал авч байгаа гол зорилго нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийнхаа газар нутгийн зарим хэсгийг тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна уу гэдгийг нягтлан шалгаж байгаа арга хэмжээ гэж ойлгож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар буюу Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлтээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбай болохыг мэдсээр байж, аймгийн Засаг даргын үндэслэлгүй саналыг үндэслэж шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэлтэй байх зарчмыг даган биелүүлээгүй үйл ажиллагаа байна.

Нэхэмжлэгчийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангаж байгаа, мөн өргөдөлд дурдсан талбай нь хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбайн алинд ч хамаарахгүй, бусдын эзэмшлийн талбайтай давхцаагүй байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэл гаргасан болно.

Анхан шатны шүүх нь ийнхүү "Т" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх "Т" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 319 дүгээр шийдвэрээр нэр бүхий 56 компанид Засаг даргын дэмжихгүй санал ирсэн гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаны дотор Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дэмжихгүй гэсэн саналыг үндэслэн нэхэмжлэгч "Т" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг Баянхонгор аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус хэмээн маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд "Т" ХХК-ийн Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан сумын нутагт орших Их уул нэртэй газар 1103 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэлийн NE-025648 дугаарт бүртгэж, Ашигт малтмалын газраас Их уул нэртэй газар 1098.08 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Улмаар Баянхонгор аймгийн Засаг дарга 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 34 дүгээр албан бичгээр дэмжихгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргаас дахин санал авах тухай 2015 оны 15/10 тоот албан бичиг ирүүлснийг үндэслэн Ашигт малтмалын газраас дахин Баянхонгор аймгийн Засаг даргад санал авах хуудсыг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн байх ба Засаг даргаас 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хоёр сумаас санал авахад Баацагаан сумаас дэмжихгүй гэсэн байна гэсэн үндэслэлээр дэмжихгүй саналыг дахин ирүүлсэн байна.

Тодруулбал, Баацагаан сумын Засаг дарга нь ...жилийн 4 улиралд 10-15 айл өрх, зуны улиралд 20-25 өрх отроор нутаглаж мал сүргээ ундаалдаг булаг, шанд ихтэй отрын бүс нутаг юм. Энэ газарт ашигт малтмалын хайгуул хийлгэхгүй байх талаар багийн иргэдээс санал гарч байгаа... гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг Баянхонгор аймгийн Засаг даргад 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/135 дугаар албан бичгээр уламжилсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж... гэснээс үзвэл Засаг даргын дэмжсэн саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах тухай хуульд заасан ба харин дэмжээгүй саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Баянхонгор аймгийн Засаг дарга дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн тохиолдолд тухайн санал хуульд нийцсэн, үндэслэлтэй эсэхийг шалгах үүрэг хуулиар хүлээгээгүй байх тул аймгийн Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг хууль бус гэж үзэхгүй.

Дээрх байдлаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ