Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 802

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М*******” ХХК

Хариуцагч: Батлан хамгаалах яам

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “М*******” ХХК нь хамгийн сайн тендер хүргүүлсэн компани болохын хувьд тус компанитай гэрээ байгуулахыг даалгах, Батлан хамгаалах яамны 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерийн үнэлгээний хорооны “М” ХХК-тай гэрээ байгуулахаар гаргасан шийдвэрийг илт хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах, “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш хуульд заасан хугацааг хэтрүүлж шийдвэр гаргасантай холбогдуулан уг тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:: “Мандал Женерал даатгал” ХХК нь Батлан хамгаалах яамнаас 2016 онд зарласан “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерт оролцсон. Уг тендер нь 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд тус тендерт нийт 8 компани оролцсон. Тус компани нь энэхүү тендерийн баримт бичигт тусгагдсан шалгуурыг бүрэн хангаж, материал  бүрдүүлэн оролцсон. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Батлан хамгаалах яамнаас 04/1341 тоот албан бичгээр тус компанийн тендерээс татгалзсан тухай мэдэгдэл ирүүлсэн. Энэхүү мэдэгдэлд “... танай ирүүлсэн тендерийг авч хэлэлцээд нийт хураамж /86,579,000.0 төгрөг/ нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн. “А*******” ХХК-ийн  санал /84,579,000.0 төгрөг/-аас өндөр байх тул манай тендерээс татгалзсан ...” гэж тусгасан байсан. Уг тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 4.2.е-д “Сүүлийн 1 жилийн тайлант хугацаанд алдагдалгүй ажилласан  байх” гэсэн шаардлагыг тавьсан бөгөөд тендерт шалгарсан “А*******” ХХК нь сүүлийн 1 жил буюу 2015 онд 138,954,653.3 төгрөгийн алдагдалтай ажилласан байхад тендерийн үнэлгээг хууль бус явуулж, тендерийн ТШӨХ-д тусгасан шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-т заасны дагуу захиалагчийн шийдвэрт Сангийн яаманд хуулийн хугацаандаа гомдол гаргасан.

Сангийн яамнаас гомдлын дагуу тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг хянан үзэж тус тендерт “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендерт оролцогч “А*******” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-д заасан 5 шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгааг тогтоож, тендерийн шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Батлан хамгаалах яаманд мэдэгдсэн. Батлан хамгаалах яамнаас тус компанид ирүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04/1341 тоот албан бичгийн дагуу хуулийн 28.7-д “Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ” ... 28.7.3-т “бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээ их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу А******* ХХК нь ТШӨХ-ийн 5 шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тул шаардлагад нийцсэн тендерээс хамгийн  бага харьцуулах үнэ санал болгосон нь “Мандал Женерал Даатгал” ХХК бөгөөд захиалагч “хамгийн сайн” тендерийг шалгаруулах Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан заалтыг зөрчин дахин үнэлгээ хийхдээ өөр компани шалгаруулсан байгаа юм.

Тендерийн үнэлгээний эхний үе шат буюу тендерийг хянан үзэх шатанд тендерт оролцогч нарын захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэх ёстой. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь  энэ хуулийн 27.1-т заасан бүх нөхцөлийг нэг зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу тендерт оролцогч нарын шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн компанийн үнийн саналыг дараагийн шатанд тендерийн үнийг үнэлэх ёстой.

Дээрх бичгийн агуулгаас харахад тус компанийн тендерийн үнэ нь шаардлагад нийцсэн үнийн тендерүүдээс үнийн саналаараа хамгийн багаасаа хоёрдугаарт буюу “А*******” ХХК-ийн удаах бага үнэтэй компани болж байгаа юм. Тендерийн нээлтэн дээр тендерт оролцогчдын үнийг нээлттэй зарлахад хамгийн бага үнийг “Монре Даатгал” ХХК, хоёрдугаарт “Соёмбо Даатгал”, 3 дугаарт “А*******” ХХК, дөрөвт тус компани жагссан байсан. Захиалагчийн 04/1341 тоот албан бичгээс харахад шаардлагад нийцсэн тендерүүдийн үнийн саналыг харьцуулахад “А*******” ХХК-ийн үнэ хамгийн бага байсан тул хамгийн сайн  тендер гэж үнэлэгдсэн нь харагдаж байгаа. “А*******” ХХК-нийг шаардлагад нийцээгүй тендер ирүүлснийг Сангийн яамнаас нэгэнт тогтоосон тул шаардлагад нийцсэн удаах компани нь “Мандал Женерал Даатгал ХХК болж байгаа юм. Иймд шаардлагад нийцсэн тендерүүдээс хамгийн бага үнэтэйг шалгаруулах Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үндэслэн “Мандал Женерал даатгал” ХХК нь гэрээ байгуулах эрх бүхий этгээд болж байгаа юм.

Батлан хамгаалах яамны 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерийн үнэлгээний хорооны “М” ХХК-тай гэрээ байгуулахаар гаргасан шийдвэрийг илт хууль бус захиргааны актад тооцуулан, хүчингүй болгуулах тухай.

Энэхүү тендерийн хуулийн хүчинтэй хугацаа буюу 45 хоног нь тендерийн нээлт хийсэн өдрөөс эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дууссан бөгөөд захиалагчаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бүх тендерт оролцогчдод нэгэн зэрэг бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Одоо гэрээ байгуулаад байгаа “Монре Даатгал” ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны тендерээс татгалзсан тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 43 хоногийн дараа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулах эрх олж авсан. Тус компанийн гаргуулсан тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь тендерийн нээлт хийсэн өдрөөс хойш 73 хоногийн дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон. Тендерийн дахин үнэлгээ хийх явцад тус компани нь тендерийн баталгааг цуцлуулсан байх магадлалтай тул тус компанийн тендер нь хүчингүй болсон байх ёстой юм. Иймд тендерийн баталгаагүй тендерт оролцогчтой гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-дахь заалтыг зөрчиж байгаа юм. “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш хуульд заасан хугацааг хэтрүүлж шийдвэр гаргасантай холбогдуулан уг тендерийг хүчингүй болгуулах тухай,

“Мандал Женерал даатгал” ХХК нь Батлан хамгаалах яамнаас зарласан ЗХХС-2016-01 дугаартай Олон улсын  ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгалын тендерт оролцсон бөгөөд “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу захиалагчийн шийдвэрт гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/2911 тоот албан бичгээр тендерийн үнэлгээ хийхийг захиалагчид даалгасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчингүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно” гэж заасан байдаг ч тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгасан  бол энэ хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болж байгаа юм.

Тендерийн хуулинд заасан хүчинтэй хугацаа дуусгавар болсноос хойш 44 хоногийн дараа дахин үнэлгээ хийж, шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь заалтыг зөрчиж байна. Иймд Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр  бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн энэхүү тендерийг хүчингүй болгох шаардлагатай юм” гэжээ. 

Хариуцагч Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн төлөвлөгөөний дагуу 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн алба хаагчдын гэнэтийн ослын даатгал” гэсэн нэр, ЗХХС-2016-01 дугаартай тендер зарлагдсан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хуваарийн дагуу тендерийн нээсэн. Нээлтийн өмнө “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 26 дугаар заалтыг тендерт оролцогчдод уншиж танилцуулж, тендерийн талаар ямарваа нэгэн санал солилцохгүй байх, гомдол саналыг зөвхөн бичгээр холбогдох байгууллагад гаргахыг сануулсан. Тендерт 8 даатгалын компани оролцохоор бүртгүүлж тендерийн баримт бичиг худалдан авснаас 7 компани тендерээ тогтоосон хугацаанаас өмнө ирүүлсэн. Тендерийн урилгад заасны дагуу 10.00 цаг хүртэл тендерийг хүлээн авч 10.30 цагт нээлтийг хийсэн. Компаниудаас ирүүлсэн тендерүүд бүгд битүүмжлэгдсэн байсан бөгөөд тэдгээрийг задалж үнийн саналыг нэг бүрчлэн дуудаж нийтэд танилцууллаа. Даатгалын компаниудын ирүүлсэн үнийн саналыг хамгийн багаас их руу нь жагсаавал дараах байдалтай байна.

Даатгалын тендерийн үнэлгээг хэрхэн хийх, ямар журмыг баримтлах талаар мэргэжил, арга зүйн зөвлөмж авахаар 2016 оны 04 дүгээр сарын12-ны өдрийн 04/1188 албан тоотыг Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж хүргүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5/2383 албан тоотоор ирүүлсэн албан бичигт Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлийг баримтлан ажиллахыг зөвлөсөн байна. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар 7 гишүүнээс 5 гишүүн хуралдаж “Ард даатгал”, “М” ХХК-уудад санал 2 хуваагдаж олонхийн саналаар "Ард даатгал” ХХК-г гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан. Хурлын явцад гишүүд дараах хоёр зарчмыг баримталж санал өгсөн байна. Үүнд:

Нэгдүгээрт: Хуулийн 6 дугаар зүйл “Худалдан авах ажиллагааны зарчим”

/Xудалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай,

хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална/-ыг баримтлах буюу хамгийн

их нөхөн төлбөр 110,000,000.00 /зуун арван сая/ төгрөгийг олгох “Ард даатгал”

ХХК-г даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах;

Хоёрдугаарт: Хуулийн 28 дугаар зүйл “Тендерийг үнэлэх” 28.7.3 дугаар зүйл

/бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж

хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно/-ийг баримтлах буюу хамгийн

бага үнийн санал болох 80,000,000.00 /наян сая/ төгрөгийн үнийн санал ирүүлсэн

“М” ХХК-г даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр сонгон

шалгаруулах хурлаар, үнэлгээний хорооны дарга дэд хурандаа А.Бямбажав, гишүүн энгийн Ж.Алтансүх, энгийн А.Баярмагнай нар “Ард даатгал” ХХК-д, гишүүн хурандаа Б.Эрхэмбаяр, хорооны нарийн бичгийн дарга дэд хурандаа Г.А******* нар "М” ХХК-д санал өгч олонхийн саналаар “Ард даатгал” ХХК-г гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж, мэдэгдлүүдийг хүргүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “С*******” ХХК-аас үнэлгээний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04/1343 тоотоор хүргүүлсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Харин “С*******" ХХК-г гомдол гаргахаас 4 хоногийн өмнө буюу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт материалыг хүргүүлэх тухай мэдэгдлийг үнэлгээний хороонд ирүүлсэн байдаг. Үндсэндээ компанийг гомдол гаргаагүй байхад Сангийн яам үнэлгээний хорооноос материалаа ирүүлэхийг мэдэгдсэн байдаг. Шаардлагатай холбогдох материалуудыг Сангийн яаманд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны дотор хүргүүлсэн.

“С*******” ХХК-ийн хувьд банкны баталгааны хугацааг 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал гэж 1 хоногоор дутуу тооцсон байгааг хасах үндэслэл гэж үзэж тендер шалгаруулалтаас хассан. Харин Сангийн яамнаас 2016.05.06-ны өдрийн 5/2911 албан тоотоор ирүүлсэн зөвлөмждөө зөвхөн “Ард даатгал” ХХК-ийн зөрчлийн талаар дурдсанаас бус “С*******” ХХК-ийн ирүүлсэн банкны баталгааны хугацааны дутуу байгааг хянаж үзсэн талаар юу ч дурдаагүй байна.

Сангийн яамнаас 2016 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 5/2911 албан тоотоор ирүүлсэн зөвлөмжид уг тендерт шалгарсан “Ард даатгал” ХХК-ийг зөрчилтэй тул дахин үнэлгээг хийхийг мэдэгдсэн. Үүнд: Тендерийн хүчинтэй байх хугацаа нь 45 байхаас 43 хоног байсан, сүүлийн 1 жилийн хугацаанд алдагдалтай ажилласан, сүүлийн 1 жилийн хугацаанд ижил төстэй үйлчилгээг хийж гүйцэтгэсэн мэдээллийг нотлох баримт байхгүй, түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн тоо хэмжээ нь хамгийн багадаа 300,000,000.00 төгрөг байх гэснийг нотлох баримт байхгүй гэсэн зөрчлүүд заагдсан байна. Энэ албан бичгийг БХЯ, “С*******” ХХК, “М*******” ХХК-д хувилан хүргүүлсэн байна.

Сангийн яамны 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/3563 албан тоотод “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Бат-Идэрийн нэр дээр хариу мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Уг мэдэгдэлд тус компани дахин гомдол гаргасныг дурдаад, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/2911 тоотоор өгсөн хариу бол эцсийн шийдвэр болох, мөн хуулийн дагуу шүүхэд хандахыг мэдэгдсэн байна. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ЗХЖШ-аас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийг үүрэг гүйцэтгэх болсонтой холбогдуулан цэргийн алба хаагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулах тухай хүсэлтийг ирүүлсэн байдаг бөгөөд 2016 оны 06 дугаар сарын эхний 7 хоногт онгоц нисэх нь тодорхой болсон /нууцаар нисдэг/ тул 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар “М” ХХК-ийг гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажилласан. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж, мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Сангийн яамны 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 5/3851 тоот албан бичгээр “Ард даатгал” ХХК-ийн гомдлыг хянаж үзээд 2016.05.06-ны өдрийн 5/2911 тоотоор өгсөн хариу бол эцсийн шийдвэр болохыг мэдэгдсэн байна.

Даатгалын болон бусад тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг Сангийн яаманд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16/1190 тоотоор хүргүүлсэн. Манай тендерийн хүчинтэй байх хугацаа нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дуусч байсан ба Сангийн яамны 2016 оны 04 дүгээр сард ирүүлсэн тоотоор ирүүлсэн албан бичигт даатгалаас бусад тендерийн багцуудад л хугацааг сунгасан шийдвэр гаргасан байна. Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газрын зүгээс Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх заалт /захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно/-ын дагуу арга хэмжээ авч ажиллаагүй.

Үнэлгээний хорооны шийдвэр гаргаж гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж гэрээ байгуулах явцад Авилгатай тэмцэх газарт материалууд шалгагдаж байсан, энэ хугацаанд “Ард даатгал” ХХК-тай гэрээ байгуулж ажиллах болох эсэх талаар тодорхойгүй байсан учир дараагийн хурал буюу 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл даатгалын тендерийн асуудал гацаанд орсон байсан. Даатгалын тендертэй холбоотойгоор гомдол гаргасан компаниудын гомдлыг Сангийн яамнаас авч хэлэлцээд тендерт шалгарсан “Ард даатгал” ХХК-г зөрчилтэй байгааг шалгаж тогтоосон зөвлөмжийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/2911 албан тоотоор ирүүлсэн. Ирсэн зөвлөмжийг үндэслэн дахин үнэлгээг хийж өмнөх хурлаар хэлэлцэгдэж олонхийн санал авч чадаагүй ч хамгийн бага үнийн санал өгсөн “М” ХХК-г гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан. Хуралд оролцсон 5 гишүүнээс 100 хувийн санал авч дэмжигдсэн.

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн эхний ээлж 2016 оны 06 дугаар сарын эхний долоо хоногт явах байсан учир үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулах шаардлагатай болсон учир үнэлгээний хороог хуралдуулж даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Одоогийн байдлаар 2 ээлж /эхнийх нь 2016 оны 06 дугаар сарын 03, дараагийнх нь 2016 оны 08 дугаар сарын 19/-ийн 233 цэргийн алба хаагчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулаад байна.

Сангийн яамнаас Батлан хамгаалах яамны үнэлгээний хороонд хүргүүлсэн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5/4931 тоот албан бичигт “М*******” ХХК-аас дахин гомдол гаргасныг хуулийн 55 дугаар зүйлд заасныг үндэслэн шүүхэд хандахыг зөвлөсөн байна. Нийт 466 цэргийн алба хаагч даатгагдахаас одоогийн байдлаар 50% буюу 233 цэргийн алба хаагч гэнэтийн ослын даатгалд хамрагдаж Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байна. 2016 оны гэрээгээр нийтдээ гэнэтийн ослын даатгалд 80,000,000.00 төгрөг зарцуулахаас 39,999,907.00 төгрөгийг “М” ХХК-д шилжүүлээд байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд “М” ХХК-нийн гүйцэтгэх захирал П.Э*******ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Батлан хамгаалах яамны 2016 оны 6 сарын 02-ны өдрийн “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерийн хариутай холбоотой нэхэмжлэлтэй танилцлаа. Бид, “Монре Даатгал” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Батлан хамгаалах яамнаас зарласан Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал ЗХХС-2016-01 дугаартай даатгалын тендерт оролцож тендерийн материалыг хүргүүлсэн. Тендерийг зарласан хугацаанд нээлттэй задалж оролцсон компаниудыг байлцуулан үнийн саналыг нэг бүрчлэн дуудаж танилцуулсан.

Тухайн үед санал болгосон үнийн саналаас манай компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэсний дагуу хамгийн бага үнийг санал болгосон байсан. Батлан хамгаалах яамнаас 2016 оны 06 дугаар сарын 02-ны 04/1925 тоот албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт Сангийн яамны 2016 оны 5/2911 тоот дугаар зөвлөмжийг үндэслэн Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар ЗХХС-2016-01 дугаар бүхий “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал”-ын тендерийг авч хэлэлцээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 /хамгийн сайн/ үнэлэгдсэн тендер гэж үзнэ/ дахь заалтыг баримтлан шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал ирүүлсэн манай тендерийг хураамжийн нийт хэмжээ 80,000,000/ төгрөгийг шалгаруулсан болох талаар албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт тусгасны дагуу сонгогдсон тул даатгалын гэрээг 2016 оны 6 сарын 3-ны өдөр РА/220/007/06/2016/К тоот гэрээг байгуулан ажиллаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Даатгалын компаниудыг ард нийтийн төлөө үйлчилдэг сайн сайхны төлөө явдаг байгууллага гэж миний зүгээс дүгнэдэг байсан. Ашгийн төлөө явдаг гэдгийг “М*******” ХХК нотолж байна. “М*******” ХХК нь 2014 онд манай тендерт оролцож байсан юм байна лээ. 2014 онд манай тендерт оролцсон хэдий ч 2016 онд банкны баталгаа цуцлуулах хүсэлтийг гаргаж байсан нотлох баримт байдаг. Үүнээс харахад хариуцлагагүй компани юм байна гэдгийг би хувьдаа дүгнэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 25-нд “М*******” ХХК-наас даатгагчдын холбоонд хүсэлт гаргаж сургалт зохион байгуулсан. “М*******” ХХК-ын гаргасан хүсэлт нь “Монголын даатгагчдын холбооны гишүүн байгууллагууд төрийн байгууллагын зүгээс худалдан авагчдын даатгалын үйлчилгээний сонгон шалгаруулалтад тогтмол оролцож ирсэн бөгөөд өнөөдрийн нөхцөл байдалд даатгалын үйлчилгээ, төрийн байгууллагуудын тендерийн сонгон шалгаруулалтын журам, тендерийн баримт бичгийн боловсруулалт, тендерийн үнэлгээний арга нь холбогдох хууль эрх зүйн хүрээнд хийгдэж байгаад захиалагч, үйлчлүүлэгч болон хяналт тавьж буй байгууллагуудын зөрүүтэй ойлголтоос шалтгаалан худалдан авах ажиллагаа нэгдсэн ойлголтгүй явсаар байна.” гэсний хүрээнд сургалтыг “М*******” ХХК хүсэлт гаргаж зохион байгуулсан. Энэ сургалтад манай Батлан хамгаалах яам албан бичгийн хугацаа хэтэрч ирсэн учраас  оролцож чадаагүй. Энэ сургалтаасаа уг компани нь одоо болтол ойлголт аваагүй байна. 

Тендерийн сонгон шалгаруулалтад нийтдээ 7 компани хүсэлтээ ирүүлсэн. Хамгийн бага харьцуулах үнэтэйг сонгоно гэж хуулиндаа заасан байна. Үүний дагуу уг компаниудын үнэлгээний саналыг эрэмбэлсэн. 1.“М” ХХК нь даатгалын хураамж 80.000.000 төгрөг, нэг цэргийн албан хаагчийн амь даатгалын үнэлгээ нь 90.000.000 төгрөг байсан. 2.“С*******” ХХК нь даатгалын хураамж 80.370.000 төгрөг, нэг цэргийн албан хаагчийн амь даатгалын үнэлгээ нь 115.000.000 төгрөг байсан.  3. “Ард даатгал” ХХК нь даатгалын хураамж 84,579,000 төгрөг, нэг цэргийн албан хаагчийн амь даатгалын үнэлгээ нь 110.000.000 төгрөг байсан.  4. “М*******” ХХК нь даатгалын хураамж 86.210.000 төгрөг, нэг цэргийн албан хаагчийн амь даатгалын үнэлгээ нь 85.000.000 төгрөг гэж эрэмбэлсний дагуу “С*******” ХХК нь бичиг баримт дутуу гэсэн үндэслэлээр үнэлгээний хорооноос хасагдсан. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээний хороо хуралдсан. Уг хурлаар 5 гишүүнээс 3 гишүүн гар өргөснөөр “Ард даатгал” ХХК нь шалгарсан. Уг компани шалгарсан үндэслэл нь хэдийгээр даатгалын хураамж 84.579.000 байсан хэдий ч нэг цэргийн амь даатгал нь 110.000.000 төгрөг юм. Энэ тухай үнэлгээний хорооны дүгнэлтэд тодорхой байдаг. Хэрвээ нэг цэргийн албан хаагчийн амь нас эрсдэл 110.000.000 төгрөг өгөх юм байна гэдэг байдлаар харьцуулж “Ард даатгал” ХХК-ийг шалгаруулсан. Уг тендерийг сангийн яамаар хянуулахад “Ард даатгал” ХХК нь тендерийн шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр хасагдсан. 

Үнэлгээний хороо дахин хуралдаж 1 дүгээрт эрэмбэлэгдсэн “М” ХХК-ийн талаар ярилцсан. “М” ХХК-ийн ирүүлсэн баримт бичиг бүх зүйл нь тендерийн шаардлага хангаж байсан. Тиймээс “М” ХХК-ийг Сангийн яам зөвшөөрсний үндсэнд гэрээ байгуулах эрх олгож, уг компани руу мөнгө шилжсэн. Өнөөдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ард даатгал” ХХК-ийн дараагийн компани нь манайх гэж яриад байна. Урд нь олон компани байгаад байна. Уг тендерийн шалгаруулалтын дагуу Батлан хамгаалах яамны үнэлгээний хороо нь эхнээсээ сангийн яамтай нягт холбоотой ажиллаж ирсэн. Сангийн яамнаас зөвлөгөө явуулсан бичгүүдийн хариу ирж байсан. Тендерийн хүчинтэй байх хугацааг Батлан хамгаалах яам 30 хоногоор сунгаж өгнө үү гэсэн байдлаар бүх тендертэй холбоотой нотлох баримтыг Сангийн яам руу явуулсны үндсэнд Сангийн яамнаас хариу ирсэн. Нэхэмжлэгч тал “Ард даатгал” компанийн талаар яриад байна. “Ард даатгал” ХХК-ны талаар өнөөдрийн шүүх хуралдаанд ярих ямар ч шаардлага байхгүй. Энэ хугацаанд Сангийн яаманд хэд хэдэн гомдол гаргасан. Даатгалтай холбоотой сонгон шалгаруулалт нь эрүүгийн хэрэг болж хувирсан. Батлан хамгаалах яамны үнэлгээний хорооны нэг гишүүн нь Авилгатай тэмцэх газар шалгагдсан. Миний хариу тайлбарт байгаа 04 дүгээр сарын 26-ны орой Батлан хамгаалах яамны нийгмийн асуудал эрхэлсэн Б.Алтансүх гэдэг хүний өрөөнд Авилгатай тэмцэх газраас нэгжлэг хийгээд бүх зүйлийг нь хурааж авсан. “Ард даатгал” ХХК-ныг үнэлгээний хорооноос шалгаруулахад гар өргөсөн 3 хүний 1 нь байсан. Уг эрүүгийн хэрэг нь тусдаа шалгагдаж байна. Сангийн яамнаас түдгэлзүүлсэн бичиг ирсэн байдаг. Сангийн яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Батлан хамгаалах яаманд төрийн нарийн бичгийн дарга Г.Г******* гэдэг хүний гарын үсэгтэй албан бичиг байдаг. Тендер хүчинтэй байхад Сангийн яамнаас хугацааг нь түдгэлзүүлсэн.

Даатгуулах гэж буй объект нь олон улсын гэрээний дагуу явагддаг. Гадаадад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн албан хаагчдын даатгал байдаг. Манай нислэг зэрэг нь бүгд нууц байдаг. Тэр хугацаа нь 6 сарын эхээр таарсан. Өнөөдөр бидний хувьд цэргийн албан хаагчдын амь нас эрүүл мэндийг даатгуулахгүйгээр энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох ямар ч арга байхгүй. Хэрвээ цэргийн албан хаагчдын нислэгт янз бүрийн эрсдэл болбол даатгалгүй явуулах ямар ч боломжгүй байсан тул Авилгатай тэмцэх газраас учир байдлаа танилцуулж тендерийн материалаа буцааж авсан. Сангийн яамнаас зөвлөмж авсны үндсэн дээр тендерээ шалгаруулж хуулийн дагуу “М” ХХК хамгийн бага үнийн санал, хамгийн сайн тендерийн материал ирүүлснээрээ шалгарч мөнгөө шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь хамгийн сайн тендер ирүүлсэн компани нь манайх гэж яриад байна. Хамгийн сайн тендер ирүүлсэн гэдгийг өөрсдөө яаж нотлоод байгааг би хувьдаа ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад тус тусад нь хариу өгье. Манай гаргасан актыг хууль бус захиргааны акт гэж үзээд байна. Тендерийн хуулийн дагуу хамгийн сайн тендерийн санал ирүүлсэн “М” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулсан учраас хууль бус захиргааны акт гэж үзэхгүй. 

Шалгарсан компанийн гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Батлан хамгаалах яамны үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хуулийн дагуу явагдсан. Батлан хамгаалах яамнаас тендерийг шалгаруулж гэрээ байгуулан мөнгийг нь шилжүүлсэн, цэргийн албан хаагчид нь албан үүргээ гүйцэтгээд 4, 5 сар болж байхад уг шийдвэрийг хүчингүй болгуулах ямар зорилго агуулж байна. Шүүхээс хүчингүй болгоё гэж бодоход цэргийн албан хаагчдаа буцаагаад татах ёстой. Энэ хугацаанд цэргийн албан хаагчдын амь нас эрсдэх тохиолдол гарвал хэн хариуцах юм. Цэргийн албан хаагчид нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоно гэдэг нь дан ганц Монгол Улсын хуулиар шийдэгддэг асуудал биш юм. Олон улсын гэрээний явагддаг ажиллагаа юм. Олон улсын гэрээний хуулийн үйлчлэл нь Монгол улсын хуулиас илүү хүчин чадалтай байдаг. Нэхэмжлэгч тал хохироогүй юм. Өнөөдөр хууль бус гэж нотолсон зүйл байхгүй байна. Уг тендерийг хууль бус гэж үзэж байвал хариуцагчаар Сангийн яам татагдах ёстой. Батлан хамгаалах яамнаас явуулсан тендер нь хуулийн дагуу явагдсан. “М” ХХК-тай байгуулсан гэрээ нь хуулийн дагуу байгуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.П******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгалын тендерт манай компанийн зүгээс оролцсон. Манай компани оролцохдоо хамгийн бага үнийн саналыг гаргаж оролцсон. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Батлан хамгаалах яамнаас 04/1925 гэсэн дугаартай албан бичиг манай компанид ирсэн. Уг албан бичигт “ Сангийн яамны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/2911 гэсэн дугаартай зөвлөмжийг үндэслэн үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар ЗХХС-201601 дугаар бүхий олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн тендерийг авч хэлэлцээд,  төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр Бараа, ажил үйлчилгээ авах хуулийн 28 дугаар зүйл 28.7.4-т хамгийн бага үнэтэй саналыг хамгийн сайн тендерт тооцно гэсэн заалтыг баримтлан шалгаруулсан болохыг үүгээр мэдэгдэж байна гээд дэд хурандаа Э.Бямбажав гэдэг хүнээс манай компанид албан бичиг ирсэн. Үүний дагуу бид нарын зүгээс тендерт шалгарсан гэж үзэн даатгалын гэрээг байгуулсан” гэв.          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нь Батлан хамгаалах яамны “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал” ЗХХС -2016-01 тендерийн Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, тус компанитай гэрээ байгуулахыг даалгах, тендерийн хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардлагаа “М” ХХК-нийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийг бүхэлд нь хүчингүй болгуулж тус компанитай гэрээ байгуулахыг даалгах гэж тодруулсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хариуцагч Батлан хамгаалах яам болон, тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан Үнэлгээний хороог бүрэн төлөөлж нэхэмжлэлийн шаардлага тус бүрт тайлбар гаргах боломжтой гэх тайлбарт талууд санал гаргаагүй болохыг тэмдэглэж байна.       

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж судлагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчдын төлөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр “М*******” ХХК -нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг. “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал” ЗХХС -2016-01 тендерийн Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах шаардлагын тухайд: 

Батлан хамгаалах яамнаас 2016 онд НУБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагчдын гэнэтийн ослын даатгалын гүйцэтгэгч сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг 2016 оны 03 дугаар сарын 04-ний нээж тендерийн материал ирүүлсэн 7 компанийн үнийн саналыг жагсаахад хамгийн бага үнийн санал буюу  даатгалын хураамж 80.0 сая төгрөг, нэг цэргийн албан хаагчийн амь даатгалд 90.0 сая төгрөгийн санал ирүүлсэн оролцогчоор “Монрэ даатгал” ХХК нэгдүгээрт, нэхэмжлэгч “М*******” ХХК дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн бичигдсэн байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” 28.7.3-д шаардлагад нийцсэн тендерийг үнэлэхдээ бага үнэтэйгээс их үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж заажээ. 

Үнэлгээний хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар  тендерийг шалгаруулахдаа хамгийн бага үнийн санал ирүүлсэн “М” ХХК болон баримтлан нэг цэргийн албан хаагчид очих нөхөн төлбөрийн хэмжээний хувьд хамгийн их олговор олгохоор санал ирүүлсэн “Ард даатгал” ХХК –нийн аль нэгийг гүйцэтгэгчээр сонгохоор санал хурааж, Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар буюу 60 хувийн саналаар “Ард даатгал” ХХК-нийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан байна.  

Тендерт шалгаруулалттай холбоотойгоор тус тендерт оролцож, тендерийн үнийн саналаар жагсаалтын хоёрдугаар, бичигдсэн “С*******” ХХК, дөрөвдүгээрт бичигдсэн “М*******” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 5\2566 тоот  албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түдгэлзүүлэн тендерийн гомдлыг хянаж үзээд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5\2911 тоот  албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээ дахин хийх талаар Батлан хамгаалах яаманд хариу хүргүүлсэн байна. Үүний дагуу Үнэлгээний хороо тендерт  дахин үнэлгээ хийж, “М” ХХК-нийг Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шалгаруулсан болох нь  2016 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлтээр  тогтоогдож байх ба энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр \цаашид үнэлгээний дүгнэлт гэх\ хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна”, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана.” 4.4-т “Хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно. Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна.” гэсэнтэй нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК нь тендерийн хамгийн бага үнийн санал ирүүлээгүй, үнийн саналаар эрэмбэлэхэд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байх хэдий ч эхний удаад тус компанийн өмнө эрэмбэлэгдсэн  “Ард даатгал” ХХК-нийг шалгаруулсан шалгаруулалт нь хүчингүй болсон тул дараагийнх буюу тус компанийг шалгаруулж, гэрээ байгуулах ёстой гэж маргаж байгаа ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. 

Учир нь эхний шалгаруулалтаар Үнэлгээний хороо нь “хамгийн сайн” үнэлэгдсэн “М” ХХК бус тендерийн үнийн саналаар гуравдугаарт эрэмбэлэгдсэн “Ард даатгал” ХХК-нийг олонхийн саналыг үндэслэн шалгаруулсан болох нь тус хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байх ба хариуцагчийн зүгээс хууль зөрчиж гүйцэтгэгчийг шалгаруулснаа хүлээн зөвшөөрч, дахин үнэлгээ хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д “Бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно.”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэж заасныг баримтлан “М” ХХК-нийг шалгаруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна . 

Иймд шаардлагад нийцсэн тендерүүдийг үнийн саналаар харьцуулж үнэлэхэд нэхэмжлэгч “Мандал женерал” ХХК нь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгараагүй байх тул түүнтэй гэрээ байгуулахыг даалгах үндэслэлгүй байна.     

Хоёр. Тендерийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсноос хойш тендерт дахин үнэлгээ хийж, гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн улмаар тендерт оролцогчийн хувьд тэдний эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж маргаж байна.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай тухай хуулийн 3.1.1-д “энхийг дэмжих ажиллагаа” гэж олон улсын болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгах зорилгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын дүрмийн дагуу Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Нэгдсэн Үндэстний байгууллагын, эсхүл бүс нутгийн холбогдох байгууллага, аливаа улсын удирдлага, зохион байгуулалтын дор явагдаж байгаа олон үндэстний үйл ажиллагааг ойлгоно”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд заавал хамруулсан байх бөгөөд даатгалтай холбогдон гарах зардлыг тухайн ажиллагааг удирдаж байгаа эрх бүхий байгууллага, аливаа улстай байгуулсан хоёр талын болон олон талт олон улсын гэрээнд тусгаагүй бол Засгийн газрын тусгай сангийн хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаас үзвэл олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичигт нийтлэг журмаас гадна тусгайлсан зохицуулалтыг шаардахаар байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.” гэжээ. 

Батлан хамгаалах яамнаас тендерийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нээсэн ба тендерийн хүчинтэй байх хугацаа 04 дүгээр сарын 19-ний өдөр дуусахаар байх тул тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулахаар 04 дүгээр сарын 12-ний өдрийн 1б/1190 тоот  албан бичгээр Сангийн яаманд хүсэлт хүргүүлсэн боловч уг хугацааг сунгах боломжгүй талаар 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5/2392 тоот  албан бичгээр мэдэгдсэн ба гомдол гарсантай холбогдуулан 04 дүгээр сарын 22-ний 5/2566  тоот албан бичгээр  гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэн гомдлыг хянаж үзээд 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/2911 тоот  албан бичгээр тендер шалгаруулалтыг дахин хийхээр шийдвэрлэсэн байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон тохиолдолд уг хугацааг сунгах хүсэлт гаргахаар байхад захиалагчаас гүйцэтгэгчийг шалгаруулахаас өмнө буюу 2016 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр Батлан хамгаалах яамнаас зарласан бусад тендерийн хүчинтэй хугацааг сунгахтай хамтатган хүргүүлсэн  байна. Харин Сангийн яамнаас тендер шалгаруулсны дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр уг хугацааг сунгах боломжгүй талаар мэдэгдсэн байх ба энэ талаар тайлбарлаагүй байна. Иймд тендер шалгаруулсны дараа гомдол хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд тендерийн хүчинтэй хугацаа тусгагдах буюу зогсох ба дахин үнэлгээг хийхэд уг хугацааг сунгах шаардлагатай эсэх талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй байх тул захиалагчийг буруутгах боломжгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана” гэж заасан байх тул Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1.2-д  “Шалгарсан тендерт оролцогч нь ТШӨХ-д заасан хугацаанд үйлчилгээг гүйцэтгэж дуусгах үүрэг хүлээнэ.”, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн 1.2-д  “Дуусгахаар төлөвлөсөн хугацаа нь 2016 оны 06 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээний тусгай нөхцөлийн 2.3-д мэдээлэлтэй ижил хугацаа байна.”, Гэрээний тусгай нөхцөлийн 2.1-д  “Энэхүү гэрээ нь 2016 оны 06 дугаар сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөр болно,  2.3-д “Дуусгахаар төлөвлөсөн өдөр нь 2017 оны 08 сарыг дуустал байна.” гээд хавсралтаар гэнэтийн ослын даатгалд хамрагдах энхийг дэмжих ажиллагааны цувааны хугацаа, жагсаалтыг  баталсны дагуу дахин үнэлгээ хийж, шалгарсан “М” ХХК-тай хуулинд заасан хугацаанаас өмнө гэрээ байгуулсан нь тендерийн баримт бичигт заасан тусгай шаардлагатай холбоотой гэж дүгнэлээ.  Иймээс тендерийн дахин үнэлгээ хийсэн болон шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл,  28 дугаар зүйлийн  28.3, 28.7.3, 28.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Нэхэмжлэгч “М*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******ийн Батлан хамгаалах яамны “Олон улсын ажиллагаанд оролцох цэргийн багийн гэнэтийн ослын даатгал” ЗХХС -2016-01 тендерийн Үнэлгээний хорооны 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулж, тус компанитай гэрээ байгуулахыг даалгах, тендерийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ОЮУНГЭРЭЛ