Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01499

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01499

 

О ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02276 дугаар шийдвэртэй

О ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш ХХК-д холбогдох

Зөвлөх үйлчилгээний гэрээний 8 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмарал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг байрлах О ХХК-ийн албан байранд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаатай 8 500 000 төгрөгийн стандартын зөвлөх үйлчилгээний ажлын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг 2019 оны 10 дугаар сард хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу зөвлөх үйлчилгээг зохион байгуулж, хариуцагч компанийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, тухайн байгууллага холбоотой гадаад дотоод харилцааг тодорхойлж, 10 журам, төлөвлөгөөг боловсруулж, 5 хүн сургалтад хамруулсан, талбайн үзлэгт очиход ажилчид нь байгаагүй. О ХХК-ийн зүгээс стандартын зөвлөх үйлчилгээг гэрээний дүгнэх актын дагуу ажил гүйцэтгэсэн боловч гэрээний үүргээ зөрчиж одоо хүртэл төлбөр төлөхгүй байна. Гэрээний тухайд бие төлөөлөгч явуулж гарын үсэг зуруулсан тул хийсэн ажлын хөлс болох 8 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Бид гэрээг Ш ХХК-тай байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан Учралбаяр нь компаний захиралын хүүхэд нь гэж тайлбарласан тул итгэлцлийн хүрээнд гэрээ хийгдсэн. Ажлаа эхлүүлж бай гэсний дагуу ажил эхэлж, ажил хүлээлцэх актыг үйлдэхэд Гэрэлтуяа захирал нь хүлээж авахгүй гэсэн тул Учралбаярт хүлээлгэж өгсөн, бүх харилцаа утсаар явагдсан. Манай компаний зүгээс эрсдэлийн үнэлгээ хийж өгсөн, бид ажил хийхдээ 1 сар 10 хоног зарцуулсан, 5 хүний бүрэлдэхүүнтэй гэрээнд заасан ажлыг хийсэн гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Гэрэлтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ компани дээр өөрийн хүсэл зоригоор очиж уулзаагүй, 2019 онд барилга хот байгуулалтын яамны тендерээр ажил авч гүйцэтгэж байхад 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажлын бус цагаар ажилчид тарж байхад Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч ирж хөдөлмөр хамгаалалын хувцасгүй хүн байна гээд намайг ирж уулз гэсэн шаардлага гаргасан. Батхүү захиралтай очиж уулзахад ийм, тийм бичиг баримт байх ёстой, сургалтад хамрагдах талаар хэлж 12 000 000 төгрөгийн санал гаргахад өндөр байгааг хэлж зөвшөөрөхгүй гэхэд 8 500 000 төгрөгөөр гэрээ хийх эсэх талаар уулзалт болсон. ХАБ-н материал зарах нь нээлттэй заруудтай холбогдож асуухад 25 материал 1 000 000 төгрөгийн үнэтэй байсан тул хэт өндөр үнийн дүнтэй байгаа. Манай байгууллагын ажилчидаас Учралбаярыг сургалтад хамрагдсан болохыг мэдэж байна, бусад ажилчдыг сургалтад хамруулаагүй. Би гэрээнд гарын үсэг зураагүй, Учралбаярт гэрээнд гарын үсэг зурах эрхийг өгөөгүй. Бид тендерийн ажлаа 2020 оны 7-р сард хүлээлгэж өгсөн боловч хил хааснаар бүх үйл ажиллагаа зогссон тул энэ хугацаанд 8 500 000 төгрөгийг төлөх боломж байгаагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзаж байгаа нэг үндэслэл нь хэт өндөр үнэтэй гэрээ байгуулсан, компанийг төлөөлөх хүн гэрээнд гарын үсэг зураагүй, ажил дүгнэсэн актад Учралбаяраар гарын үсэг зуруулсан, надад танилцуулаагүй, ажлын байранд нэг ч удаа ирж байгаагүй, бичиг баримт хөтлөхөд зааварчилгаа өгөөгүй байж бүтэн сургалтыг 10 хувиар үнэлсэн байгааг зөвшөөрөхгүй. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийхдээ манай ажлын талбай дээр очоогүй, манай компанийн үйл ажиллагаатай танилцаагүй, ажилтнуудад сургалт явуулаагүй, 7 хоног бүр мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллаагүй, бичиг баримт хөтлөлтөд хяналт тавьж ажиллаагүй. Учралбаяр нь компаний инженер бөгөөд компанийг төлөөлөх итгэмжлэл олгоогүй. Эвлэрэхэд татгалзах зүйлгүй, одоогийн нөхцөл байдал, санхүүгийн байдалтай холбоотой хийсэн ажлыг 1-2 сая төгрөгөөр үнэлж төлөх боломжтой гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ш ХХК-иас гэрээний үүрэгт 8 500 00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх, тогтоох хэсэгт шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нь утга агуулгын хувьд зөрүү бичигдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх хэсгүүдэд заасан хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1,105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн мөн хуулийн 116 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага болон түүний үндэслэлийн хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай гаргаж өгөх бичгийн нотлох баримт байгаа талаар хэлж мэдүүлсээр байхад үзэж танилцахгүйгээр шууд үгүйсгэж хүлээж аваагүй атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хэрэгт баримтаар нотлоогүй... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 1.1, 343 дугаар зүшпшн 343.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа үүссэн, хариуцагчийн тайлбараар тухайн гэрээнд гарын үсэг зурсан, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч акт үйлдсэн Б.Учралбаяр нь хариуцагч Ш ХХК-ийн инженер бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан, тэрээр гэрээг өөрийн өмнөөс бус, харин Ш ХХК-ийн ажилтны хувьд тус компанийг төлөөлөн байгуулсан байна. Мөн Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар Б.Учралбаярыг хариуцагч Ш ХХК-ийг төлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийг Ажил гүйцэтгэх гэрээ-ний хөлс 8 500 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй талаар маргаагүй, зөвшөөрөл олгохоос татгалзсанаа нотлоогүй харин хариуцагч талаас гэрээнд гарын үсэг зурах эрхийг инженер Б.Учралбаярт олгоогүй гэх гуравдагч этгээдэд хамааралтай асуудлаар маргаан үүсгэсэн боловч тухайн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргаагүй, татгалзаагүй, нотлоогүй, байхад шүүх санаачилгаараа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зөрчил гаргасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар инженер Б.Учралбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан зөвлөх үйлчилгээний гэрээний үүрэгт 8 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрснээ бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмарал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Гэрэлтуяа нар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ ...О ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш ХХК-д холбогдох иргэний хэргийн зохигчид давж заалдах шатны шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1.    Нэхэмжлэгч үнийн дүнгийн 5 000 000 төгрөгөөс татгалзав.

2.    Хариуцагч тал 3 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2021 оны 11 дүгээр сард багтаан төлж барагдуулна.

Энэхүү асуудлаар дахин маргахгүй болно гэжээ.

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2021/02276 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэгч О ХХК-д 3 500 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сар дотор төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 150 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО