Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

 

 

 

 

      

 

 

  2024            04           08                                       2024/ДШМ/23

 

 

 

О.Ст холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: О.Анужин,

хохирогчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/70 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн, ерөнхий прокурор Г.Батбаярын гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч О.Ст холбогдох эрүүгийн 2320001360010 дугаар хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

И овогт О.С, Монгол Улсын иргэн, * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч О.С нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Д  сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Тоёота филдер маркийн * ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар. тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч С.О эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум  дундын прокурорын хяналтын прокурор О.Анужин шүүгдэгч О.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ... Яллагдагч О.Ст холбогдох эрүүгийн 2320001360010 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч О.Ст урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Яллагдагч О.С иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг дурдаж,

Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл захирамжийг  хүлээн авснаас хойш  ажлын 5 өдөрт багтаан  эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор О.Анужин эсэргүүцэлтэй холбоотой болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасан "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол" үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаажээ. Гэтэл тус хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ" гэж заажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирогч С.О , түүний өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нараас "...хохирогч С.О сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагаа хийлгэх..." тухай хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд шүүхийн шатанд гаргасан байна. Дээрх ажиллагааг хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхийн шатанд бүрэн хийх боломжтой ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр..." хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэв. Яллагдагч О.Ст холбогдох хэргийг хохирогч С.О эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоож О.С эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хүргүүлсэн. Шүүх “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ"-г зайлшгүй шалган тогтоох үүрэгтэй гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 1 дэх хэсгийн 1.5-д заасан” гэх хуулийн зүйл заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу 3 хэрэглэсэн гэж үзнэ.

Хохирогч С.О мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өмгөөлөгч авах эрхээр хангагдаж, эрх зүйн туслалцаа авсан бөгөөд мөрдөгч, дэслэгч Б.Энхтөр Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын хавсралтад заасан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ийг хохирогч С.О д танилцуулан маягтад гарын үсэг зуруулсан баримт /хх-ийн .../-д байгаа нь уг журмын 2.3 дахь заалтыг зөрчөөгүй. Энэхүү журмын 2.4-т "Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар томилж шинжээч болно" гэж заасан бөгөөд өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас "...хохирогч С.О сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагаа хийлгэх..." тухай хүсэлтийг шүүхийн шатанд гаргасан байна. Үүнээс үзэхэд хохирогч, түүний өмгөөлөгч энэ хүсэлтийг мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд гаргасан бол тухайн шатанд хор уршгийг тогтоох ажиллагааг хийж, харин шүүхийн шатанд гаргасан байгааг харгалзан, уг журам"-ын хавсралтад заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоох ажиллагааны талаар маргаагүй байх тул энэхүү ажиллагааг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд нотлох баримтыг хэлэлцүүлэх замаар тогтоож, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлүүлэх санал, дүгнэлтийг прокуророос гэм буруугийн дүгнэлттэй хамт шүүхэд тавьж, хэргийг шийдвэрлүүлэх боломжтой юм. Харин шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг дээрх байдлаар тогтоох боломжгүй үндэслэл тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ... шинжилгээ хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулан хийлгүүлэх, нөгөө талаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулан, практик тогтоох зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой байх тул нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж хийх шаардлагатай ажиллагаа биш байна.

Яллагдагч О.С гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар маргадаггүй байдал нь хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон. Иймд Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/Ш3/70 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

6. Хохирогчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хүсэлт гаргасан. Агуулга нь хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй учраас мөрдөн байцаалтын шатанд тогтоож байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэрлэх ёстой гэсэн агуулгаар хүсэлт гаргасан юм. Энэ хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваад энийг шүүх хуралдаан нөхөн гүйцэтгэх боломжгүй. Тиймээс мөрдөн байцаалтад хэргийг буцааж мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож шийдвэрлэнэ гэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан хохирол, хор уршгийн шинж чанарыг 4 тогтоож орж ирэх ёстой гэдэг байдлаар хандсан захирамж гарсан. Энэ захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хохирогчийн хувьд одоог хүртэл эдгээгүй, хэвтрийн дэглэмтэй байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн биеэр ирж оролцох боломжгүй ийм нөхцөл байдал одоо болтол үргэлжлээд явж байгаа.

Прокурорын шатанд сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгоё гэдэг байдлаар хүсэлт гаргасныг прокурор хүлээж аваагүй байдаг. Журамд заасны дагуу ирүүлээгүй байна гэдэг байдлаар буцаасан асуудлыг прокурор шүүх хурал дээр ярьдаг. Хавтаст хэргийн 121 дүгээр хуудсанд авагдсан А/267-д маягт, 6 дугаар хавсралтыг бөглүүлсэн гэж ярьдаг юм. Тэр нь шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа юм. Ямар нэгэн байдлаар бичвэр хийгээгүй. Энэ дээр та зөвшөөрч байна уу? таныг 5 дугаар зэрэглэл ч юм уу 4 дүгээр зэрэглэлтэй таны юу хамаарч байна энийг зөвшөөрч байна уу гэдэг байдлаар хандаад гарын үсэг зуруулах ёстой байтал тэр зуруулсан байдлаа юу гэж тайлбарладаг вэ гэхлээрээ Дээд шүүхийн тогтоолыг танилцуулсан байдлаар эрхийг нь хангасан гэдэг. Хохирогчийн хувьд хэргээ шийдүүлэхдээ сэтгэл санааны хохирлоо хамт шийдүүлнэ гэдэг байдлаар хандаж байгаа юм. Прокурор болохоор иргэний журмаар сүүлд нь шийдвэрлэх боломжтой гэдэг байдлаар ханддаг. Өмгөөлөгчийн хувьд харахад сэтгэл санааны хохирлоо хамт шийдүүлчихнэ. Зэрэглэлийг нь харах юм бол хамгийн өндөр зэрэглэлд хамаарах юм шиг байгаа юм. Тэрийг зөвшөөрлөө гэж үзэх юм бол яллагдагчийн талд ямар байдлаар хандахыг үгүйсгэхгүй учраас энийг заавал мөрдөн шалгах ажиллагаа дээр тогтоож байж цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэх боломжтой гэж харж байгаа учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурор Г.Батбаярын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

1.Хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

2.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Д  сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт яллагдагч О.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байж Тоёота филдер маркийн * ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч С.О ийг дайрснаас эрүүл мэндэд нь хавсарсан хүнд гэмтэл буюу хэвлийн хөндийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн эрхтний гэмтэл дотуур цус алдалт, баруун хөлийн өвдөгт зулгаралт, зүүн хөлийн өвдөг дээр түлэгдсэн шарх бүхий хүнд болон хөнгөн зэргийн гэмтлүүд учирсан тул Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор О.Анужинаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

3.”Хэргийг прокурорт буцаасан тухай” шүүгчийн захирамжийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Батбаяраас эс зөвшөөрч “ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх шинжилгээ хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулан хийлгүүлэх, ...нөгөө талаар практик тогтоох зэрэг нөхцөл байдлуудаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл гаргасан.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох,  гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцохоор Эрүүгийн хуульд тус тус заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлага бүхий  Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан А/268, А/275 дугаартай  “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 2023 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн тооцож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж  байгаа болно.

 Шүүх хуралдааны явцад хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл байдал тогтоогдсон, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарлаж зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5,6 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэхийг прокурорт даалгах шийдвэрийг шүүхээс гаргаж болохоор заасан нь талуудын мэтгэлцэж байгаа зүйлийн талаар мөрдөгч, прокуророос хэрэгт ажиллагаа хийгдсэн байх, уг ажиллагаа нь нотлох баримтаар тогтоогдсон байх,  талуудын мэтгэлцээн явагдсан байхыг хуульд заасан гэж ойлгогдож байна.

Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэхийг талууд харилцан зөвшөөрсөн” тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт шинжилгээг хийж болохоор мөн заасан.

Гэтэл хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг мөрдөгч, прокуророос огт хийгээгүй, хэрэгт зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, түүний хавсралтуудыг хуулбарлан хийсэн, хоосон загвар дээр /О / гэсэн гарын үсэг зурагдсан /хх108-124/-аас өөрөөр ажиллагаа хийгдээгүй байгаа нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл: Энэ нөхцөл байдал нь хэргийн бодит байдалд хамаарах буюу хэргийн талаар нотолбол зохих байдал болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зайлшгүй шалгаж тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэгт хамаарах ба шүүх мөрдөгч, прокуророос тогтоосон нотлох баримтаар нотлогдсон хэргийн нөхцөл байдалд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтооно.

            Иймд эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хэвээр үлдээж, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлоос сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд зайлшгүй тогтоолгох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзсэн ба  энэ тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/70 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ерөнхий прокурор Г.Батбаярын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БОЛОРМАА

 

       ШҮҮГЧИД                                  Б.НАРАНЧИМЭГ

 

А.САЙНТӨГС