Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00583

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2025/00583

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1971 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Багануур дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч: Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* нь 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Эмийн санг удирдах конторын харьяа 13-р эмийн санд шил угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Эмийн сангуудын удирдах конторын харьяа Багануур дахь 13-р эмийн санд шил угаагчаар ажилд орсон ба биеийн байдлаас шалтгаалж 1993 оны 9 дүгээр сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тухайн үед ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр 2004 онд ахуйн гал гарч шатсан. Нийслэлийн архив, Үндэсний төв архив, Багануур дүүргийн архивт шүүлгэсэн боловч лавлагаа гарч ирэхгүй ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. 1990-2000 оны хооронд нөхөн даатгалд хамрагдсан тул 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Эмийн санг удирдах конторын харьяа 13-р эмийн санд шил угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн * дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, гал унтраасан тухай нотломж, Улаанбаатар хотын эмийн санг удирдах конторын даргын тушаал, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрэл зургууд, Улаанбаатар хотын Эмийн санг удирдах конторын даргын 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар тушаал зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Г.******* хүсэлтээр Б.******* гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягт, ХААТР-21 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Г.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Г.******* нь 1971 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр 54 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Г.******* ажилд орсон тушаал архиваас гарч ирсэн боловч, ажлаас гарсан тушаал архиваас гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтэр нь устаж үгүй болсон тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Г.*******д үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4. Хүсэлт гаргагч Г.******* нь 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Эмийн санг удирдах конторын харьяа 13-р эмийн санд шил угаагчаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.Улаанбаатар хотын эмийн санг удирдах конторын даргын 1989 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ..., Г.*******г 9 дүгээр сарын 01-нээс 13 дугаар эмийн санд шил угаагчаар томилон ажиллуулсугай гэж бичигдсэн байна. /хх-ийн 24-27 дугаар тал/

4.2. Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 А, ХААТР-21/А/ маягтад: овог *******, нэр *******, төрсөн газар ******* аймаг, *******, 1971.04.21-ний өдөр төрсөн, регистрийн дугаар КЮ7*042*0*, байнга оршин суух хаяг ОСГ-* хороо, дунд сайхан-*, №6, боловсрол бага, эзэмшсэн он 1982, ажилладаг байгууллага ******* 10 жил сургууль, ажилд орсон 1979, 8-р анги, эрхэлдэг ажил сурагч, эрхэлж эхэлсэн он 1979 он гэж бүртгэгджээ. /хх-ийн 22-23 дугаар тал/

4.3.Үндэсний төв архивын тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Эмийн сангуудын удирдах конторын харьяа Багануур дахь 13 дугаар эмийн сан байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул ******* овогтой *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна, /хх-ийн 5 дугаар хуудас/

4.4. Нийслэлийн Архивын газрын тодорхойлолтод: Тус архивт Улаанбаатар хотын Эмийн санг удирдах газрын харьяа Багануур дүүргийн 13 дугаар эмийн сангийн баримт хадгалагдаагүй болно, /хх-ийн 6 дугаар хуудас/

4.5.Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичигт: Тус дүүргийн сан хөмрөгт Багануурын районы 13 дугаар эмийн сангийн баримт шилжиж ирээгүй тул ******* *******д холбогдох баримт шүүж лавлагаа гаргах боломжгүй байгааг үүгээр уламжилж байна, /хх-ийн 7 дугаар хуудас/

4.6.0088427 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 1990-2000 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажилтын хуудас хавсаргагджээ.

 

4.7.Гэрч Б. шүүхэд өгсөн: Миний бие 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын эмийн санг удирдах конторын харъяа 13 дугаар эмийн санд эм найруулагчаар ажиллаж байхад ******* нь 1989 оны намар манай эмийн санд шил угаагчаар ажилд орж, 1993 он хүртэл ажилласан. 1993 оны намар ******* хүнтэй гэрлэж хуримаа хийж хамт олон бид найранд нь очиж байсан. Мэргэжлийн бус хүмүүс шил угаагч, үйлчлэгчээр ажилладаг байсан, ******* шил угаагчаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40 хуудас/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Г.*******г 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Эмийн санг удирдах конторын харьяа 13-р эмийн санд шил угаагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Эмийн санг удирдах конторын харьяа 13-р эмийн санд шил угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ