Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01427

 

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01427

 

 

 

П.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01706 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Н-гийн нэхэмжлэлтэй, хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 24 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтуяа, А.Намсаманд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.И- 2012 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын задгай гэх газарт хөнгөн блокын үйлдвэрийн барилга барьж үйл ажиллагаа явуулж байсан. Баянзүрх дүүргийн засаг дарга болон газрын албанд уг газрыг эзэмших талаар өргөдөл өгсөн боловч шийдвэрлээгүй асуудлаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэрээр маргаан бүхий газраас блокын үйлдвэрийн барилгыг албадан нүүлгэх буюу газрын албадан чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлээгүй. Гэтэл тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаар захирамжаар гуравдагч этгээд н.Базаррагчаагийн хүсэлтээр газрыг албадан чөлөөлөх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай гүйцэтгэх хуудас олгосон байна. Шүүгчийн энэхүү захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгч н.Уранбаяр, гуравдагч этгээд н.Базаррагчаа нар хөнгөн блокын үйлдвэрийн барилгыг буулгуулж эд материалыг ашиглах боломжгүй болгосон. Г.И- үйлдвэрийн барилгыг мэргэжлийн хүмүүсээр буулгуулж Ж.Жаргалсайханд 40 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцон гэрээ байгуулж урьдчилгаа 5 000 000 төгрөг авсан байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүгчид газар чөлөөлөхийг шаардсан хууль бус захирамжийг залруулж өгөх талаар хүсэлт гаргахад тухайн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шийдвэрлэх явцад шийдвэр гүйцэтгэгч н.Уранбаяр, гуравдагч этгээд н.Базаррагчаа нар хүмүүсийнхээ хамт хөнгөн блокны үйлдвэрийн барилгыг нураасан тул Ж.Жаргалсайхантай байгуулсан гэрээг цуцалж урьдчилгаа төлбөрийг буцаан өгч хохирсон. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 8354 дугаартай захирамжаар 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5261 дугаартай газар чөлөөлөх захирамжийг хүчингүй болгосон. Хөрөнгийн үнэлгээний компаниар хөнгөн блокын үйлдвэрийн барилгын үнэлгээ хийлгэхэд 68 646 574 төгрөгөөр үнэлсэн. Ж.Жаргалсайханд 40 000 000 төгрөгөөр зарах байсан бөгөөд эргэж ашиглах боломжтой материалын үнийг хасаж 24 500 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 915 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 160 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 160 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны А/113 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг Хөлийн голд байрлах 9228 м.кв газрыг Ц.Б-ад эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх ёстой. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан бөгөөд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсэний дагуу нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Барилга буулгаж худалдах, худалдан авах гэрээ нь нотариатаар батлуулаагүй, хэзээ байгуулсан нь тодорхойгүй, нөхөж хийсэн байх боломжтой, урьдчилгаа 5 000 000 төгрөг өгсөн баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга А.Н-шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 160 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ш.Баасанжаргал, П.Төмөрбаатар, Б.Баянбилэг, Г.И-, Э.Эрдэнэсүх нарын Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөн баталгаажуулах тухай захирамжийн 9-д заасан Ц.Б-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах, 18655307702751 нэгж талбарын дугаар бүхий газрыг Баянзүрх дүүргийн засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 захирамжаар Л.Хангайд олгосон 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0012-11-005 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, Баянзүрх дүүргийн засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжийн хавсралтын 7-д заасан Ц.Б-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар хүссэн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн засаг дарга, Газрын албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 5261 дүгээр захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилж, Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/113 дугаар захирамжаар Ц.Б-ад эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9228 м.кв газрыг эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж, газрыг чөлөөлүүлэх тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаар гүйцэтгэх хуудас олгосны дагуу гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Гүйцэтгэх баримт бичигт заасан газрыг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр сайн дураар чөлөөлөх мэдэгдлийг Б.Баянбилэгт, Г.И-, Э.Э, П.Т, Ш.Бнарт 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд газрыг сайн дураар чөлөөлөөгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр газар чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэсэн. Газрыг албадан чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Ц.Б-агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхсайхан, хөндлөнгийн гэрчээр Д.Тэмүүжин, Т.Мөнхбаяр, Г.И- нар оролцож төмөр каркас бүхий хөөсөн блокоор дүүргэсэн, дутуу өрлөгтэй барилгыг буулгасан. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудсыг үндэслэн газар чөлөөлөх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5261 дүгээр захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8354 дугаар захирамжаар хүчингүй болгосонтой холбогдуулан хохирол шаардсан байх боловч эрх бүхий байгууллагаас газар эзэмших эрх олгоогүй, хууль бусаар газар ашигласны улмаас учирсан хохирлыг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: П.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга А.Намсамандтай ижил тайлбар гаргаж байна. Нэмж өгөх тайлбар байхгүй гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу буюу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч тал байшинг зөвшөөрөлгүй газар барьсан байх ба уг байшинг нураасны дараа мэргэжлийн байгууллагаар үнэлүүлээгүй байна. Гуравдагч этгээдүүдийн байр суурийг дэмжиж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Оюунтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: П.Н-гийн 24 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч талд байшингаа буулгах хугацаа олгох саналыг нь хүлээн аваагүй учраас нэхэмжлэгчийг хохирсон гэж үзлээ. П.Н-гийн байшинг нураан хохирсон тул Засгийн газрын нөөц сангаас 24 500 000 төгрөгийг гаргуулах саналтай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Засгийн газрын нөөц сангаас 24 489 428 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Н-д олгож, нэхэмжлэгч П.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 10 572 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Н-гаас улсын тэмдэгтийн хураамжид 280 450 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Засгийн газрын нөөц сангаас 280 397 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Н-давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 137 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 160 дугаар тогтоолоор Ш.Баасанжаргал, П.Төмөрбаатар, Б.Баянбилэг, Г.И-, Э.Эрдэнэсүх нарын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ өөрчлөх тухай захирамжийн 9-д Ц.Б-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 18655307702751 нэгж талбарыг дугаар бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 241 дугаар захирамжаар Л.Хангайд олгосон гэх 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0012-11-005 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг зөвшөөрүүлэх, Баянзүрх дүүргиин Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжийн хавсралт 7-д заасан Ц.Б-ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын газар хүссэн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5261 дугаар захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамжилж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/113 дугаар захирамжаар Ц.Б-ад эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9228 м.кв талбай бүхий газрыг Ц.Б-ад эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж, газрыг чөлөөлүүлэх тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. Дээрх гүйцэтгэх баримт бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үүсгэж, маргаан бүхий газрыг сайн дураар чөлөөлөхийг Б.Баянбилэг, Г.И-, Э.Э, П.Т, Ш.Бнарт 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд нэр бүхий иргэд газрыг сайн дураар чөлөөлөөгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр газар чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэж, 2016 оны 741 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8354 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2016 оны 5261 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн хууль бус эзэмшлээс газар, уг газарт зөвшөөрөлгүй баригдсан төмөр каркас бүхий хөөсөн блокоор дүүргэсэн дутуу өрлөгтэй барилгыг чөлөөлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч П.Н- нь хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 24 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Засгийн газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Н-г Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т зааснаар Г.И-ы хууль ёсны өвлөгч тул нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь Г.И-, П.Н- нар 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэлтийн бүртгэлийн 2050 дугаар гэрчилгээгээр тогтоогджээ.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Баасанжаргал, П.Төмөрбаатар, Б.Баянбилэг, Г.И-, Э.Эрдэнэсүх нарын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан, 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжийн хавсралтын 9, 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 56 дугаар захирамжийн хавсралтын 7-д заасан Ц.Б-ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг Хөлийн голд байрлах 18655307702751 нэгж талбарын дугаар бүхий газрыг Л.Хангайд олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгч нарын газар хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн засаг дарга, газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хав-8-28-х/

 

Дээрх хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Ц.Б-а Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасныг үндэслэн тус шүүхийн шүүгчийн гаргасан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ...9228 м.кв газрыг Ц.Б-ад эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, уг газрыг чөлөөлөх гэсэн агуулгатай 110 дугаар гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 5261 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /1хав-29-30, 141-143/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 16261260 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, Ш.Баасанжаргал, П.Төмөрбаатар, Б.Баянбилэг, Г.И-, Э.Эрдэнэсүх нарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/113 дугаар захирамжаар Ц.Б-ад олгосон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг Хөлийн голд байрлах 9228 м.кв газрыг түүнд эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлж, уг газрыг чөлөөлөх, мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд албадан нүүлгэж, холбогдох зардлыг нөхөн төлүүлэхийг мэдэгджээ. /1хав-28-150/

 

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн газар, байр, орон сууцнаас албадан гаргасан тухай 164/10 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын зөрлөг, Хөлийн голд байрлах 9 228 м.кв талбай бүхий газрыг чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэсэн байна. /1хав-158-х/

 

Дээрх ажиллагааны үндэслэл болсон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 915 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5261 дугаар захирамжийг мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8354 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Иймд хуульд нийцсэн үндэслэл бүхий захирамжид үндэслээгүй гүйцэтгэх ажиллагааг зөвтгөх боломжгүй.

 

Түүнээс гадна шүүхийн шийдвэрийн дагуу газар чөлөөлөх ажиллагааны явцад Г.И- ...тухайн газарт баригдсан барилгаа зарж борлуулах хэрэгтэй байна. 1 сарын хугацаа олгоно уу. Зар мэдээ сонинд зараа өгсөн байгаа... гэх хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны тэмдэглэлд тусгасан байна. Гэвч уг хүсэлтийг харгалзахгүйгээр ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, Г.И-ы барилгыг буулгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 3 дугаар зүйлд заасан Хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд нийцээгүй байна. /1хав-160-162-х/

 

Газар эзэмших, ашиглах талаар иргэн, засаг даргын хооронд үүссэн маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх явцад маргаан үүсгэсэн Г.И-ы нэхэмжлэл үндэслэлгүйг шүүх тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, эрх бүхий этгээдийн зохих зөвшөөрөл, эрх олгогдоогүй байхад бусдын газарт барилга байгууламж барьсан нь тогтоогдсон боловч уг эд хөрөнгийг буулгах, газар чөлөөлөх ажиллагааг хуульд заасан журмын дагуу, эрх бүхий этгээдийн үндэслэл бүхий шийдвэрээр гүйцэтгэх ёстой. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу, үндэслэл бүхий шийдвэрээр гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад хохирол учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч П.Н- эд хөрөнгөд учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар арилгуулж, Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шаардсаныг шүүх хангасныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хохирлын хэмжээний тухайд Г.И- болон Ж.Жаргалсайхан нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр барилга буулгаж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн голын 3/25 тоот хаягт байрлах, хөнгөн блок үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийн барилгыг 40 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. /1хав-36-37-х/

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК дээрх хөнгөн блок үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийн барилгын үнийг 68 646 574 төгрөгөөр үнэлсэн, Мөн барилга байгууламжийн угсралт засварын ажлын мэргэшсэн төсөвчин Г.Цогзолмаа буулгасан барилгаас 17 төрлийн 15 510 572 төгрөгийн үнэ бүхий материалыг дахин ашиглах боломжтой болохыг тогтоожээ./1хав-40-59, 68-69-х/

 

Нэхэмжлэгч барилгыг бусдад 40 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар гэрээ байгуулсан байсан тул уг үнээс ашиглагдах боломжтой материалын үнэ 15 510 572 төгрөгийг хасаж 24 489 428 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээд Монгол улсын Засгийн газар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БАЙГАЛМАА