Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

 

 

 

 

      

 

 

 

 

 

 

      

 

  2024            04           08                                       2024/ДШМ/25

 

 

 

Г.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

прокурор: Б.Дашням,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, прокурор Б.Дашнямын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Б холбогдох эрүүгийн 2319004200006 дугаар хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

О овогт Г.Б , Монгол Улсын иргэн, * тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Д сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Минерал бааранд Б.М, Б.И нартай маргалдан тэдний биед халдаж улмаар тус баарнаас гарсны дараа өмнө нь үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас * ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Б.М, Б.И нарыг мөргөж, Б.Мөнхбаярын эрүүл мэндэд баруун дунд чөмгөний булууны няцрал, холбоосны суналт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, Б.И эрүүл мэндэд баруун өвдөгний үений холбоосны суналт гэмэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ...Шүүгдэгч О овогт Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн * ДГН улсын дугаартай, JZX1106057832 арлын дугаартай, Тоёота марк-2 Х110 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлого болгож,

хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг шийдвэрлэжээ.  

5. Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлалгүйгээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлах ёстой гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн * ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлого болгосугай гэсэн нь хэнд албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа нь тодорхойгүй байна, Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад Бүрэнтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан гэж, 6 дахь заалтад нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар улсын орлого болгох, албадлагын арга хэмжээ авах гэж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Дашнямын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж, шийдвэрлэлээ.

1. Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй байна.

2. Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 23 цагийн орчимд Д сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минерал бааранд Б.М, Б.И нартай маргалдан, тэдний биед халдаж, тус баарнаас гарсны дараа өмнө нь үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас * ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Б.М, Б.И нарыг мөргөж, хохирогч Б.Мөнхбаярын эрүүл мэндэд баруун дунд чөмгөний булууны няцрал, холбоосны суналт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч Б.И эрүүл мэндэд баруун өвдөгний үений холбоосны суналт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Г.Б * ДГН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, хохирогч Б.М, Б.И нарыг мөргөж, тэдгээрийн эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, гэмт хэрэг тус бүрд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг нэмж нэгтгэн, торгох ялыг 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр тогтоож, шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд нотолжээ. Түүнчлэн шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Б.М, Б.И нарт учруулсан хохирол төлбөрийг төлсөн, тэдгээрээс нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтийг ирүүлсэн, шүүгдэгч Г.Б гагнуурчнаар ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

            5. Харин шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Б гэм буруутайд тооцохдоо түүний үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан” шинжийг анхааралгүй зөвхөн мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх заалт нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд хамаарах ба  мөн хуульд “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэх үндэслэлийг “...гэмт хэрэг үйлдсэн хүний хөрөнгөөс албадан гаргуулна” гэжээ. Иймд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь заалтаас гадна 7.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэх нь зүйтэй учир шүүгдэгч Г.Б хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч, түүний өмчлөл/1хх41/-ийн * ДГН улсын дугаартай, JZX1106057832 арлын дугаартай, Тоёота марк-2 Х110 хар өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлого болгох” гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрлэхээр тогтоов.

Өөрөөр хэлбэл эдгээр дурдсан нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарах тул  прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4” гэж нэмж,

6 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч, түүний өмчлөлийн * ДГН улсын дугаартай, JZX1106057832 арлын дугаартай, Тоёота марк-2 Х110 хар өнгийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого  болгосугай” гэж нэмж, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД                                                     Б.НАРАНЧИМЭГ

Н.БОЛОРМАА