Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00522

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00522

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1965 онд Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, Багануур дүүргийн * дугаар хороо, **а байрны * тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч: И.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч И.******* нь 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Мах гурлын комбинатын Соёлын ордонд хөгжимчнөөр, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Залуучуудын соёлын төвд хөгжимчнөөр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч И.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: И.******* миний бие 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн улс эх орондоо нийт 30 гаруй жил ажиллаж хөдөлмөрлөж байна. Одоо тэтгэвэрт гарах болсон учир ажилласан жилүүдээ тулгаж үзэхэд дараах 2 бичилт архивын мэдээлэлд ороогүй байна. 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Мах, гурлын комбинатын ажилчны соёлын ордны Ажилчин хамтлагт хөгжимчнөөр орж ажилласныг Соёлын ордны даргын 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 59 тоот тушаалаар авч ажиллуулсан, мөн 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 66 тоот тушаалаар өөр ажилд шилжих болсон тул соёлын ордны хөгжимчны үүрэгт ажлаас чөлөөлсөн, Залуучуудын соёлын төвийн захирлын 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 тоот тушаалаар Залуучуудын соёлын төвд хөгжимчнөөр ажиллаж байгаад 1993 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 26 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ 2 албан тушаалд орсон гарсан цаг хугацаа, тушаалын дугаар нь хөдөлмөрийн дэвтэрт тодорхой бичигдсэн боловч Ү ндэсний төв архивын сан хөмрөгөөс шүүлгэж үзэхэд баримт гарч ирэхгүй байна. Иймд намайг 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Мах гурлын комбинатын Соёлын ордонд хөгжимчнөөр, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Залуучуудын соёлын төвд хөгжимчнөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын тодорхойлолт, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны Залуучуудын соёлын төвийн захирлын тушаалууд, гэрэл зургууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Ш.******* хүсэлтээр Р.*******, С.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-1 маягт, ХААТР-21 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх И.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.И.******* нь 1965 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр 59 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч И.******* хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан талаарх бичилт хийгдсэн боловч тушаалууд нь архиваас гарч ирээгүй тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх И.*******од үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Хүсэлт гаргагч И.******* нь 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Мах гурлын комбинатын Соёлын ордонд хөгжимчнөөр, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Залуучуудын соёлын төвд хөгжимчнөөр тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: овог: , нэр: *******, төрсөн он: 1964, боловсрол: дунд, мэргэжил: хөгжимчин, хөдөлмөрийн дэвтэр олгосон: МГК-ын Соёлын ордон, МГК-ын Соёлын ордны даргын 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 59 тоот тушаалаар Мах гурлын комбинатын ажилчны соёлын ордны Ажилчин хамтлагт хөгжимчнөөр авч ажиллуулав, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 66 тоот тушаалаар өөр ажилд шилжих болсон тул МГК-ын соёлын ордны хөгжимчний үүрэгт ажлаас чөлөөлөв, Залуучуудын соёлын төвийн захирлын 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 тоот тушаалаар Залуучуудын соёлын төвд 1989.01.03-ны өдрөөс хөгжимчнөөр авч ажиллуулав, 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 26 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр үндсэн ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 8 дугаар тал/

4.3.Үндэсний төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 366 дугаартай тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Мах гурлын комбинатын ажилчны соёлын ордон, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны Залуучуудын соёлын төв байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул овогтой *******од холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-ийн 7 дугаар тал/

4.4.Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төвийн захирлын 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай И.*******ыг хөгжимчнөөр ажиллуулах, Н.*******т хоёрдугаар гарын үсэг зурах эрх олгох тухай тушаалаар овогтой *******ыг хөгжимчнөөр ажиллуулав гэжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

4.5.1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай Хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулах тухай тушаалын хавсралтад ажилчдын нэрсийн жагсаалтын 3 дугаарт ******* гэж бичигдсэн. /хх-ийн 5 дугаар тал/

 

4.6.1986-1992 онд хамтлагаараа авахуулсан гэрэл зургууд /хх-ийн 9-11 дүгээр тал/

4.7.Гэрч Р.*******ын шүүхэд өгсөн: Миний бие 1987 оны 7 дугаар сараас Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны Залуучуудын соёлын төвийн дэргэдэх Страд дуу бүжгийн чуулгат анхны хөгжимчнөөр орж байсан. И.******* 1989 онд манайд бөмбөрчинөөр ажилд орсон, хөгжмийн ангийнхан дотроо Нэмэх хасах нэртэй хамтлагтай байсан. 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр манай хамтлаг тарж, бүгд ажлаас чөлөөлөгдсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/

4.8.Гэрч С.*******ийн шүүхэд өгсөн: Би 1986 онд Соёл урлагийн коллеж төгсөөд Мах гурилын комбинатын соёлын ордонд багшаар хуваарилагдаж ирэхэд И.******* Ажилчин хамтлагийн бөмбөрчнөөр ажиллаж байсан. Би багшаар ажиллахын хажуугаар тус хамтлагт дуулдаг байсан. 1988 онд Залуучуудын соёлын төв шинээр байгуулагдах үед би шилжсэн. И.******* миний дараа Залуучуудын соёлын төвд Нэмэх хасах хамтлагт бөмбөрчнөөр орж, миний бие тус хамтлагт даралтат хөгжимчин, дуучнаар ажиллаж байгаад 1990 онд Монголын хүүхдийн ордонд багшлахаар болж ажлаасаа гарсан. Намайг Мах гурилын комбинатад ажилд ороход ажиллаж байсан болохоор хэзээ ажилд орсныг нь мэдэхгүй, 1988 онд хамт Залуучуудын соёлын ордонд нэг хамтлагт ажиллаж байгаад би 1990 онд ажлаасаа гарсан болохоор цаашид хаана ажилласан талаар нь мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч И.*******ыг 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Мах гурлын комбинатын Соёлын ордонд хөгжимчнөөр, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Залуучуудын соёлын төвд хөгжимчнөөр тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* *******ыг 1985 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Мах гурлын комбинатын Соёлын ордонд хөгжимчнөөр, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Залуучуудын соёлын төвд хөгжимчнөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ