| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00365/И |
| Дугаар | 137/ШШ2025/00296 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 137/ШШ2025/00296
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.А-д холбогдох 771,427.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот Ч дүүрэг, 0-р хороо, Б 0/0 тоотод байрлах, Ж ХХК /ХХД: 9011......, РД:50....., утас:98....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.А нь 2022 оны 10 сарын 23-ны өдөр манай компанитай БҮГ-0377/22 тоот "Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ” байгуулан "Самсунг А32" загварын гар утас, 98...... дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2022 оны 10 сарын 30-ны өдрөөс 2023 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 97,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч П.А нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар зайлсхийж 514,285.02 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 514,285.02 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 257,142.51 төгрөг, нийт 771,427.53 төгрөгийг П.А-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ж ХХК нь хариуцагч П.А-д холбогдуулан 771,427.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг П.А нь бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч П.А-д холбогдуулан 771,427.53 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.А нь нэхэмжлэлийн шаардлага 771,427.53 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх төлбөр төлсөн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С-ын хүсэлтээр тус тус тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.А-д холбогдох 771,427.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,064 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 16,532 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 16,532 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б