| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0066/э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Орчуулагч: С.Жанибек,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа,
Шүүгдэгч: Ш.Даулет нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төлек овгийн Шаймуратын Даулетад холбогдох эрүүгийн 1813000050022 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, охин, аав, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багт оршин суудаг, регистрийн дугаар БЗ91042712, Төлек овгийн Шаймуратын Даулет.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ш.Даулет нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2-р багийн нутаг дэвсгэр Хотгорын уурхайн хажууд байрлах гуанзны гадна байсан Хилийн цэргийн 0165 дугаар ангийн Фав маркийн 13-65 ХЦА улсын дугаартай том оврын ачааны автомашины урд шилийг чулуугаар хагалж устгасаны улмаас 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ш.Даулетыг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Даулет нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт нутаг дэвсгэр Хотгорын уурхайн хажууд байрлах гуанзны гадна байсан Хилийн цэргийн 0165 дугаар ангийн Фав маркийн 13-65 ХЦА улсын дугаартай том оврын ачааны автомашины урд шилийг чулуугаар хагалсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Тодруулбал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-13, 14-16 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Амантайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 13-65 ХЦА улсын дугаартай автомашины салхины урд шил хагарсан талаар жолооч Хонай бид нарт өөрийн биеэр ирж мэдэгдсэн. Би Хотгорын уурхайд газар дээр нь очиж автомашины шил хагарсан байдлыг өөрийн биеэр үзсэн, ...дахин янзалж ашиглах боломжгүй болж хагарч устсан болно. Машины хагарсан шилийг авч хаясан. Уг шилийг 800.000 төгрөгөөр үнэлсэн. Манай хилийн цэргийн 0165 дугаар ангид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл Ш.Даулет машины урд салхины шилийг өөрөө худалдан авч манай байгууллагад хүргэж өгсөн. Одоо өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно” /хх-ийн 90-92 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Х.Хонайгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Миний бие 0165 дугаар ангийн 13-65 ХЦА улсын дугаартай FAW маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж жолоодож явдаг. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би албаны 13-65 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, жолооч Н.Дашдаваа, Н.Болатбек нар Н.Дашдаваагийн JAC маркийн албаны тээврийн хэрэгсэлтэй цэргийн ангид нүүрс татахаар Хотгорын уурхайд очсон. Бид нар үдийн цайны үеэр очсон байсан тул уурхайн бүх ажилчид цайнд орсон байсан. Бид гурав ч гэсэн уурхайн гадна байрлах эсгий гэр барьсан гуанзнаас хоол идэхээр гуанзны урд талд машинаа байрлуулж, гуанзанд орсон. Гуанзны эзэн болох эмэгтэйд хоол захиалж, хоол гарахыг хүлээж цай уугаад сууж байтал гаднаас үл таних гурван залуу орж ирсэн. Уг 3 залуугийн 2 залуу нь нэг удалгүй буцаж гараад явсан. Харин нэг залуу нь бид нарын сууж байсан ширээнд юм ярьж байснаа бид нарыг хараагаад, дараа нь салаавч гаргаснаа ширээн дээр байсан аягыг над руу шидсэн. Тухайн аяга миний хажуугаар зөрөөд намайг оноогүй. Дараа нь халуун савыг аваад шидэх гэж байхад Дашдаваа босож ирээд түүний гарыг бариад авсан. Тэгээд тухайн залууг Болатбек чирж гэрээс гаргаад гарыг тавихад тухайн залуу газраас чулуу аваад миний машины урд салхины шилийн жолооч талын хэсэгт оносон бөгөөд машины шил цуурч хагарсан. Тэгээд Дашдаваа бид хоёр уг залууг барьж аваад урагдсан цамцаар нь гарыг нь хойшоо болгож уячихсан. Өмнө Болатбек тухайн залууг гэрээс чирж гарах үед түүний өмсөж явсан цамц нь урагдсан байсан. ...Тухайн үед бид нар Хотгорын цагдаа нарт мэдэгдэх гэсэн боловч цагдаа нар нь байхгүй байсан. Увс аймгийн Цагдаагийн газар луу утасдаж дуудлага өгөх гэсэн боловч машины шилийг хагалсан залуугийн эхнэр нь уйлж гуйгаад төлж өгье гэж надад бичиг бичиж өгсөн болохоор цагдаад мэдэгдээгүй. Машины шил хагалсан залуу архи уусан байсан бөгөөд нилээн согтуу байсан” /хх-ийн 29-30 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ч.Дашдаваагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Гаднаас үл таних согтуу хүн орж ирээд бидэнд агсам тавих аятай байхаар нь бид аргалаад гадаа гаргасан байсан. Гэтэл тэр хүн гадаа гарч ирээд Хонайгийн машины шилийг чулуугаар цохиж хагалсан. Тухайн залуугийн шидсэн чулуу машины урд салхины шилийн жолооч талын хэсэгт онож машины шил цуурч хагарчихсан. Тухайн залуугийн эхнэр нь өмнө гуанзанд хамт орж ирсэн залуутай хамт ирээд машины шилийг хагалсан залууг аваад явсан. Ш.Даулет машины шилийг хагалах үед нилээн согтуу байсан... ” /хх-ийн 31-32 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Дөрбетханы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “ 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 цаг өнгөрч байхад уурхайн гадна талд Даулеттэй таарсан. Энэ үед Даулет архи уусан халамцуу байсан. Тэгээд бид хоёр зогсож байтал Сембихан уурхайгаас гараад ирсэн. Даулет Сембиханд архи авч өгөхийг хүссэн. Тэгээд Сембихан яваад нэг дэлгүүрээс 0,5 л Улаанбатар нэртэй нэг шил, Ерөөл нэртэй нэг шил архийг тус тус авч ирсэн. Бид гурав уурхайн гадна талд сууж байгаад хувааж уусан. Дараа нь бид гурав хоол идэхээр Кирисханы гуанзанд очсон. Тэнд цэргийн ангид ажилладаг Болатбек гэдэг залуу, хажуудаа үл таних 2 залуугийн хамт сууж байсан. Тэгж байхад намайг гэрээс залгаад дуудахаар гуанзнаас гараад явсан. Би гарч явахад Сембихан ч гэсэн гараад явсан. Харин Даулет тухайн гуанзанд үлдсэн. Би гэртээ ирээд 1 цаг болж байхад Даулетийн эхнэр хоч нэр Баху манайд ирсэн бөгөөд Даулет гуанзны хажуу талд зогсож байсан нэг машины шилийг хагалчихсан байна, хамт яваад ирье гэж хэлсэн. Тэгээд Баху бид хоёр Кирисханы гуанзны хажуу талд ирэхэд цэргийн ангийн хоёр ачааны машины хажуу талд Болатбек хамт явж байсан 2 залуугийн хамт зогсож байсан. Тухайн газарт байсан FAW маркийн 13-65 ХЦА улсын дугаартай бор ногоон алаг өнгийн машины урд салхины жолооч тал нь цуурч хагарчихсан байсан. Тухайн үед Даулет гуанзны дээд талд гадаа байхаар нь би Даулетийг дагуулж гэрт нь хүргэж өгөөд явсан. Энэ үед Даулет нилээн согтуу байсан. Харин Даулетийн эхнэр нь тухайн шил нь хагарсан машины жолоочид цагдаад битгий мэдэгдээч гэж гуйгаад тэнд үлдсэн” /хх-ийн 35-36 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Сархадын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Миний бие Хотгорын уурхайн гадна талд гуанз ажиллуулдаг. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг өнгөрч байхад миний гуанзанд Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 3 жолооч ирж хоол захиалж хийлгэж байсан. Тухайн 3 жолооч хоол болох хүртэл цай уугаад хүлээгээд сууж байтал гаднаас Ш.Даулет, Дөрбетхан, Сембихан гурав орж ирсэн. Тэд орж ирээд нэг их удаагүй Дөрбетхан, Сембихан хоёр гараад явсан. Даулет нэлээн согтуу байсан бөгөөд цэргийн ангийн 3 жолоочийн хажууд очиж суугаад тэд нарыг хараагаад, дараа нь салаавч гаргаж байснаа ширээн дээр байсан аягыг аваад цэргийн ангийн нэг жолооч руу шидсэн. Дараа нь халуун савыг аваад шийдэх гэж байхад машины шил нь хагарсан жолооч Даулетийн гараас нь барьж аваад гуанзнаас чирч гаргасан. Энэ үед би ч гэсэн араас нь дагаж гарсан. Даулетийг гуанзнаас дагуулж гараад гарыг тавихад газраас чулуу аваад гуанзны гадна талд байсан FAW маркийн 13-65 ХЦА улсын дугаартай тээврийн хэрэгсэл руу шидсэн. Энэ үед Даулетийн шидсэн чулуу тухайн машины урд салхины шилийн баруун талын хэсэгт оносон ба машины шил цуурч хагарчихсан. Энэ үед цэргийн ангийн жолооч Даулетийг барьж аваад гарыг нь хойшоо болгож уячихсан. Тэгж байхад Дөрбетхан болон Даулетийн эхнэр Бахуг дагуулж ирсэн. Дараа нь Дөрбетхан Даулетийг дагуул явсан ба Даулетийн эхнэр шил нь хагарсан машины жолоочид төлж өгөхөөр болж бичиг хийж өгч байсан...” /хх-ийн 39-40 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.Бахадгүлын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед гэртээ байж байхад Кирисхан гэдэг хүний эхнэр Сархад над руу танай нөхөр гуанзанд ирж агсам тавьж, гуанзны хажууд байсан машины шилийг хагалчихсан гэж хэлсэн. Би Дөрбетханыг дагуулж Кирисханы гуанзанд ирсэн. Цэргийн ангийн Хонай гэх жолооч танай нөхөр чулуугаар цохиж машины шилийг хагалчихсан гэж машинаа үзүүлсэн. Нэг ачааны машины урд шилний жолооч талын хэсэг нь цуурч хагарчихсан байсан. Би гуйж цагдаа дуудуулаагүй бөгөөд машины шилийг төлж өгөхөөр болж тухайн жолоочтой тохиролцоод бичиг хийж өгсөн. Мөнгөний боломж гарахгүй төлж чадаагүй. Манай нөхөр бид хоёр нэг хүүхэдтэй, хадам аав, хадам дүү нарын хамт Хотгорын уурхайд оршин суудаг. Би ажилгүй. Нөхөр маань ч гэсэн тодорхой эрхэлсэн ажилгүй, уурхайд нүүрс ачихаар ирсэн жолооч нарт тусалж, хэдэн төгрөг олж гэр бүлээ тэжээдэг. Төлөв даруу зантай, дуу цөөнтэй, хүнд тусархаг, цайлган сэтгэлтэй, эхнэр, хүүхдээ халамжтай хань байгаа юм. Бага боловсролтой, цэргийн алба хааж байгаагүй. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Илүү муу зуршилгүй хүн юм” /хх-ийн 41-42 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ш.Даулетын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 1991 онд Баян-Өлгий аймагт төрсөн, эхээс тавуулаа. Одоогоор эхнэр, охин, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар баг Хотгор гэх газарт амьдардаг. Манайх 100 гаруй толгой малтай. Нутгийн заншлын дагуу би аавынхаа гэрт байгаа. Манай ёсонд миний дүү эхнэр авч гэртээ ирэхээр би тусдаа гардаг ёс заншилтай юм. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би 4 шил архийг гуравуулаа хувааж уусан согтуу байсан бөгөөд цэргийн 0165 дугаар ангийн албаны тээврийн хэрэгслийн урд шилийг чулуугаар цохиж хагалчихсан байсан. Маргааш өглөө нь миний эхнэр надад чи өчигдөр машины салхины шил хагалсан гэж хэлсэн. Би өөрийнхөө хийсэн хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 13-65 ХЦА улсын дугаартай автомашины салхины шилийг 800.000 төгрөгөөр шинээр авч өгсөн.” /хх-ийн 57, 98-99 тал/ гэх мэдүүлэг, баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ш.Даулетын газраас чулуу авч шидсэн үйлдлийн улмаас хохирогч Хилийн цэргийн 0165 дугаар ангийн эзэмшлийн 13-65 ХЦА улсын дугаартай FAW загварын автомашины урд салхины шил хагарч, дахин ашиглагдах боломжгүй болсон байх ба хохирогч Хилийн цэргийн 0165 ангид 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 47 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үнэлгээний комиссын гишүүн, тус сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырышийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “...Хятад улсад үйлдвэрлэгдсэн FAW маркийн урд салхины шил нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 500.000-700.000 төгрөгийн үнэ ханштай байна” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3-д “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч Ш.Даулетын хохирогч Хилийн цэргийн 0165 дугаар ангид бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Төлек овогт Шаймуратын Даулетийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
2. Шүүгдэгч Ш.Даулетэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Даулет нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Хилийн цэргийн 0165 дугаар ангид учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Ш.Даулет нь төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн М.Амантайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ш.Даулет машины урд салхины шилийг өөрөө худалдан авч манай байгууллагад хүргэж өгсөн. Одоо өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно”, шүүгдэгч Ш.Даулетын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хилийн цэргийн машины урд салхины шилийг 800.000 төгрөгөөр авч өгч хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар гэрч Б.Бахадгүлын мэдүүлэг, Баян-Өлгий Өлгий сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 01 сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 41-42, 58, 66, 69, тал/ нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Даулет нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7-р баг Хотгорын уурхайд ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суудаг, тодорхой эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа нүүрс ачихаар ирсэн жолооч нарт тусалж амьдардаг, хувьдаа адуу-6, үхэр-6, хонь-30, ямаа 77 бүгд 119 толгой малтай, урьд ял шийтгүүлж байгаагүй байна.
Иймд шүүгдэгч Ш.Даулетын анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж, түүнийг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ш.Даулетэд хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учруулсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Ш.Даулет нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнтэй холбогдуулаад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төлек овгийн Шаймуратын Даулетыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төлек овгийн Шаймуратын Даулетад 850 /найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000/ найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Даулет нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ш.Даулет нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Даулетэд өмнө авсан хувийн баталгаа гаргах тасла сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА