Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/450

 

 

 

 

 

 

      2024              4            18                                         2024/ДШМ/450

 

А.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч А.Аы өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Ад холбогдох 2302007200449 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Молк овгийн А.А, 1988 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын банк санхүүгийн нягтлан бодогч мэргэжилтэй, “Сухайт-Хайрхан” ХХК-д тавилга угсрагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны, 75 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЧИ88030819/,

А.А нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн оршин суух Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 14 дүгээр байрны 75 тоот дахь орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ 55.3 граммын цэвэр жинтэй, олсны ургамал буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Молк овогт А.Аыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 01 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгөтэй, уутны хамт 72.6 грамм буюу 55.3 цэвэр жинтэй олсны ургамалыг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн холбогдсон хэргийн гэм буруу, буруутай үйлдлийн хувьд маргаагүй бөгөөд хэргийг анх шалгасан үеэс эхлэн болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Би өөрийн болчимгүй үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Иймд миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны буюу 3 настай хүүхэд болон, эхнэр маань хүүхдээ хардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан, надад боломж олгон надад оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч А.Аы өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн,  мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгана” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд зорчих эрх хязгаарлах болон хорих ялын сонгох санкцитай. Эрүүгийн хариуцлага ногдуулах эрх хэмжээний хувьд шүүх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хувьд ялыг сонгон хэрэглэх эрхтэй боловч шүүх сонгон хэрэглэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, бусдад төлөх төлбөртэй эсэх зэрэг бусад нөхцөл байдлуудад нийцсэн байх ёстой бөгөөд шүүх энэ талаараа шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой талаар хуульчилсан.

Гэтэл шийтгэх тогтоолд А.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгон хэрэглэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлж, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, Монгол улсад түгээмэл тархацтай, хуулиар хориглосон олсны ургамал буюу өвс гэх нэршилтэй бодисыг хадгалсан үйлдлийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж, гэмшиж байгаагаа илэрхийлсэн, энэхүү хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, түүний хувьд анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр бага насны хүүхдийн хамт амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээ тэтгэдэг, цаашид засарч хүмүүжих боломжтой нөхцөл байдлыг харгалзан, залуу хүний хувьд хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх”  гэсэн зорилгод нийцүүлж зорчих эрхийг хязгаарлах, Улаанбаатар хот, эсхүл шүүгдэгчийн амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа дүүргийн хэмжээгээр хязгаарлалт тогтоох талаар ялын санал, дүгнэлтийг гаргасан байдаг.

Гэтэл шүүхийн шийдвэрт өмгөөлөгчөөс гаргасан санал, дүгнэлтийн талаар, тухайн саналыг хүлээн авахгүй талаар шийтгэх тогтоолд тусгаагүй, дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Түүнчлэн, шүүгдэгч А.Ад холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан  хорих ял  оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын  аль  алины хэрэглэх боломжтой боловч энэ гагцхүү шүүхэд олгогдсон бүрэн эрх байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хувьд нийгмийн хор аюул ихтэй боловч тус гэмт хэрэгт холбогдсон этгээд тус бүрийн үйлдэл, үйлдлийн шинж, хор уршиг нь харилцан адилгүй байх бөгөөд миний үйлчлүүлэгч А.Аы дээрх хувийн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй талаараа илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан, түүнд өөрийн хийсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийх, засарч төлөвших, нийгэмших, бага насны хүүхэд, гэр бүлтэйгээ хамт байх боломжоор хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хорих ялыг өөрчилж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол буюу гэм буруутайд тооцогдсон этгээдэд оногдуулж буй эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийнг 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн шинж, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээ, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг хууль тогтоогч зааж өгсөн байна. Үүний дагуу улсын яллагчийн зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч А.Аы үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн. Түүнчлэн, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 1 жилээс 5 жил хүртэлх хорих ялаас 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар улсын яллагчийн дүгнэлт үйлдэж, ялын санал гаргасан. Энэ хүрээнд шийтгэх тогтоол буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлээс 36.8 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуульд нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн санал, дүгнэлттэй байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч А.А нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн оршин суух Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 14 дүгээр байрны 75 тоот дахь орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ 55.3 граммын цэвэр жинтэй, олсны ургамал буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

          Яллагдагчаар А.Аы “ ...Гэрт хүмүүс хүрч ирээд “нэгжлэг хийнэ, сайн дураараа гаргаж өгөх мансууруулах бодис байгаа юу” гэхээр нь би “байгаа” гээд гаргаж өгсөн.  Тухайн өдөр би 3, 4 дүгээр хорооллын “Жүр Үр” гээд торт зардаг газар явж байхад зүс таньдаг Бааяа гэх залуутай таарсан. Надтай мэндлээд “би яарч явж байна, баярт явж байна, чи энийг түр авч байгаач маргааш, нөгөөдрөөс би чам руу залгаад авъя” гээд ууттай юм өгсөн. Би тухайн өгсөн зүйлийг гэртээ хадгалж байсан. ...” /хх 62-63/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5124 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. ...”2023.10.19” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...жин 72.6 грамм, цэвэр жин 55.3 грамм байна. ...” /хх 32-34/,

 

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5134 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “А.А 41/1:88030819 2023.10.19” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “А.А ЧИ88030819 2023.10.19” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрсэн. Тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н 2 дугаар жагсаалтад хамаарна. ...” /хх 38-40/,

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 890 дугаартай “...А.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...мансууруулах сэтгэцид идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. ...хэрэг хариуцах чадвартай байна. ...” /хх 45-46/ гэсэн дүгнэлтүүд,

          нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-11, 12-14/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15, 16-18/, хүний биеэс биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 19, 20/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

          Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нараас “...гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байгаа, хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ял эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

 

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдэл юм. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог. 

          Түүнчлэн, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

          Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.А нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн орон сууцад Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ 55.3 граммын цэвэр жинтэй, олсны ургамал буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

         

          Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилсан.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Аы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/123 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аы 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ