| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00364/И |
| Дугаар | 137/ШШ2025/00301 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2025/00301
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.И-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 29,273,711.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот С дүүрэг 0-р хороо, С гудамж 00, С оффист байрлах Х банк ХК /ХХД:9007000000, РД:2600000, утас:99000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.И нь Х банктай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг.
1. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн NoЗГ/55076205 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
2. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл 10,250.55 төгрөг дээр нэмж 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн NoЗГ/55107496 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж 25,000,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 25,010,520.55 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
3. Өмнөх зээлийн үлдэгдэл 25,010,520.55 төгрөг дээр нэмж 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн NoЗГ/55286166 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээг байгуулж, 900,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр NoБГХ/55286166 тоот Барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Э.И нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт 21,300,369.74 төгрөг, зээлийн хүү 788,001.59 төгрөг, нийт 22,088,371.33 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Э.И гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 315 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно." гэж, мөн хуулийн 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд "Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно" гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд зээлдэгч Э.И-өөс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 29,599,630.26 төгрөг, зээлийн хүү 4,493,744.41, нэмэгдүүлсэн хүү 180,337.28 төгрөг, нийт 29,273,711.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сумын 0-р баг, Э байр 0-0 тоотод оршин суух, Х овогт Э-ын И /РД: , утас:85000000/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Э-ын И миний бие нэхэмжлэгч Х банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Х банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 29,273,711.95 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.И-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 29,273,711.95 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.И нь зээлийн гэрээний үүрэгт 29,273,711.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.И-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 29,273,711.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.И нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304,319 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 152,159.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 152,159.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Э.И нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б