| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0068/э |
| Дугаар | 76 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ийн О-т холбогдох 1835000920083 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 02-03 тоотод оршин суудаг, Монгол Улсын харъяат, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ОО82040368, Т овогт Б-ийн О.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.О нь 2018 оны 1 дүгээр сарын 30-наас 31-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 1 дүгээр сарын 30-31-ний шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн нутаг дэвсгэр, 2-3 тоот хашаанд байх гэртээ хохирогч Р.Нг зодсон болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
хохирогч Р.Н-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хамаатны эгч Б.О над руу утасдаж манайд ирж цагаан сарын бууз хийлцэж өг гэж хэлсэн болохоор тэдний гэрт 16 цагийн үед очсон. ...Ц-ийн гэрт 0,75 граммын экс гэдэг задалсан архи байсан, уг задалсан архийг бид нар хувааж ууж байсан тэр үед Б.О манай төрсөн дүүгийн эхнэр эмнэлэгт төрөх гэж байгаа гээд эмнэлэг явсан. Архи дууссаны дараа Д.Ц хүүхдээ сургуулиас авч ирнэ гээд гэрээсээ гарч яваад нэг шил 0,75 л экс гэдэг архи ав ирж бид хувааж ууссан юм. Түүний дараа Ц.О гарч дэлгүүр ороод нэг шил 0,75 л экс нэртэй архи авч ирснийг бид нар мөн хувааж уусан юм. Тэгээд байж байтал О ирээд нөхөр Ц-ыг дүүгийн эхнэр төрөөгүй байна хамт явья гээд эмнэлэг рүү яваад цаг орчим болоод буцаж ирсэн. Намайг хүүхдүүдэд хоол хийж өг гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдэд нь бууз жигнэж өгсөн байж байсан. Удалгүй дахин О гэрээсээ эмнэлэг рүү дүүгийнхээ эхнэр төрөх гэж байгаа гээд буцаад явсан юм. Тэгээд найз нар ч явсан. Ц 0,33 л хэмжээтэй архи гэртээ авч ирээд уусан. Ц согтуу надад уг архинаас өгөхөд би нэг удаа уусан. Тэгээд тэдний хүүхдүүдийг унтуулаад би тэдний гэрийн баруун талын орон дээр хувцастайгаа унтсан. Би унтаж байгаад сэрээд хувцастай байсан учраас хувцасаа тайлах гээд сууж байтал гаднаас О гэнэт орж ирээд та хоёр муу янхан гээд үснээс чирээд миний толгой руу цохисон. Би ухаан алдсан нэг мэдэхэд тэдний гэрийн хувцасны шкафны өмнө хэвтэж байсан. Миний толгойноос цус гарсан байсан. Намайг тэр орой тэдний гэрийн галын зуухны таглаа халуун төмөрөөр миний зүүн талын гуян дээр түлсэн юм. Тэр орой тухайн үед Б.О-ийн төрсөн дүү Б.О, Б.А нар ирсэн байсан. Тэгээд би тэдний гэрт хоносон юм. Маргааш өглөө нь Б.О ирээд архи уусан юм. Удалгүй О нь М гэх залууг утсаар дуудаж тэр найз нь 0,5 хараа гэдэг архи авч ирснийг О М хоёр хувааж уусан юм. Тэгээд тэр найз Мгийн хажууд Б.О нь надтай маргалдаж М бид хоёрыг салгасан. Тэгээд би тэднийхээс явж төрсөн дүү Р.С гэрт очиж хэд хоног хэвтэж өөрийнхөө түлэнхий шархаа эмчилсэн юм. Тэгээд түүний дараа 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Б.О-ийн гэрт очиж урьд зодуулж байхад Б.О булааж авсан миний бичиг баримт, түрийвч, эрүүл мэндийн дэвтэр зэргийг авах гэж очиход намайг галын төмөрөөр миний гар хэсэгт цохисон. Намайг дахин зодох гээд хөөгөөд байхаар нь би зугтаасан юм. Тэгээд би дахин тэдний гэрт очоогүй. Миний толгой, хөл өвдөж, сэтгэл санааны дарамттай байна” /хх-ийн 26-27 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Д.Ц-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Оийн дүүгийн эхнэр нэгдсэн эмнэлэгт төрөх гэж байгаа гээд эхнэр О нэгдсэн эмнэлэг явсны хойно бид нар унтахаар хэвтсэн. Тэгээд Р.Н бид хоёр бэлгийн харцаанд орсон. Тэгээд дуусаж байтал манай эхнэр О төрсөн дүү А-ын хамт манай гэрт орж ирсэн. Тухайн үед манай гэрийн гэрэл унтраасан харанхуй байсан. Тэгээд манай эхнэр загнаж миний хөл рүү өшиглөсөн. Р.Н-г толгой руу нь гараараа цохиод үснээс нь татаж газар унагасан. Тэр үед О-ийн төрсөн дүү А нь салгаж авсан. Тэгээд манай эхнэр О явчихсан. Р.Н бид хоёр манай гэрт хамт хоноод би өглөө 7 цаг 30 минутад босоод ажилдаа явчихсан юм. Н хэзээ манай гэрээс явсныг мэдэхгүй. Би гэртээ эхнэр Оээс айгаад 3 хоноод очсон юм. Манай эхнэр Б.О жаахан огцом ууртай, гэр бүлдээ халамжтай, хүнд тусархуу зантай хүн юм. Бид хоёр гэр бүл болоод 13 жил болж байна” /хх-ийн 30-31 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Р.С-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манайд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 10 цагийн орчимд манай төрсөн эгч Р.Н ирсэн. Намайг Б.О зодож, төмрөөр түллээ гэж надад хэлсэн. Тухайн үед эгч Р.Н-гийн зүүн гуяны дунд хэсэгт нэлээн том хэмжээний түлэгдсэн шинэ шархтай мөн биед нь хөхөрсөн толботой байсан. Тэгээд манайд хоноод би маргааш нь эгч Р.Н-д шархны цэвэрлэгээ хийдэг шингэс уусмал, мөнгөжүүлсэн тос, боолт хийдэг вент зэргийг би хувиараа эмнэлэгийн эмийн сангаас авч ирж өгсөн юм. Манай эгч Н манайд өөрөө уг түлэнхий шархыг цэвэрлэж байсан. Би зүүн гуянд түлэгдсэн шарх харсан. Бусад биений түлэнхийг би сайн хараагүй. Би тэр үед цагдаад мэдэгдэе гэхэд одоо өнгөрсөн хойно нь яах юм бэ тухайн үед мэдэгдээгүй юм чинь гэж хэлсэн. Эмнэлэгт үзүүлье гэхэд би явж чадахгүй эм авч ирээд гэрээр хэрэглэчихье гэж хэлсэн.” /хх-ийн 32 тал/ гэх мэдүүлэг,
гэрч М.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр манай найз Б.О над руу утсаар ярьж хүүхдээ айлд хүргэж өгмөөр байна, чи хүрээд ирээч гэж надад хэлсэн. Тэгээд би такси бариад Б.О-ийн гэрт тээврийн хороонд өдөр 13 цагийн орчим очсон. Тэднийд би очихдоо 0,5 л хараа нэртэй архи авч очсон юм. Би уг авч очсон архи задалж О, Н бид гурав хувааж ууж байгаад би явсан юм. Намайг Б.О-ийн гэрт очиход Н, О нар хоорондоо аймаар хэрэлдэж маргалдсан байдалтай байсан юм. Намайг тэднийд байхад О, Н-г миний нөхөртэй унтсан, секс хийсэн, манай гэрийг бузарллаа гэж хэлж байсан. Тэгээд тэд хоорондоо маргалдаад нэг нэг рүүгээ дайраад зүтгээд байхаар нь би больцгоо гэж хэлж хоёр тийшээ түлхэж салгасан юм. Намайг тэдний гэрт байхад О, Н нар нэг нэгнээ зодож цохиогүй. Н урьд орой би архи уугаад ухаангүй болтолоо согтсон байна гэж хэлж байсан. Уг хоёр эмэгтэй урьд өмнө нь зодолдсон байж болзошгүй байдалтай хоорондоо ширүүн хэрэлдэж байсан” /хх-ийн 33 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.З-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2018 оны 1 сарын 30-ны орой 23 цагийн орчим над руу манай ахын эхнэр Б.О манай гэрийн гадаа ирж намайг ирж авсан. Тэгээд би тэр хүмүүстэй хамт гэрт нь яваад очиход нагац ах Ц гэртээ согтуу байдалтай байсан, хажууд нь Р.Н гэдэг эмэгтэй бас согтуу байсан. Бэргэн эгч Б.О танай нагац ах тань энэ авгайтай унтаж хэвтэж байна ингэж хүн доромжилж байна, заваарч байна, чи харж ав гэж хэлээд орилж нөхрөө хөл рүү нь өшиглөж байсан. Хажууд нь Р.Н ухаангүй шахам согтуу ямар нэгэн зүйл мэдэх шинжгүй дээгүүрээ хувцастай доогуур өмдтэй байсныг нь Б.О өмдийг нь хагас тайлж орхисон юм. Тэгээд намайг хар ахтай чинь ингэж заваарлаа гэж байсан, би тэдний гэрээс гараад явчихсан. Б.О нь манай нагац ах Д.Ц-ын эхнэр, гэр бүл болоод 13 жил болж байгаа, 3 хүүхэдтэй айл юм. Б.О нь орсон гарсан хүмүүст хоол цай хийж өгсөн тачганасан инээсэн зантай, аливаа зүйлийг шууд хэлчихдэг хүн юм” /хх-ийн 34 тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би эмнэлэг рүү 2 удаа яваад ирэхэд манай гэрийн баруун талын орон дээр Р.Н нь ягаан өнгийн фудволктай бүслүүрээс доош ямар ч хувцасгүй нүцгэн сууж байсан. Би Н-гээс чи яачихсан байгаа юм бэ? чиний хувцасыг чинь хэн тайлсан юм бэ? гэж асуухад огт дуграагүй юм. Би Н-г дугарахгүй болохоор нөхөртэй хардаж юу болсон юм бол гэж бодоод нөхөр Цийн хөнжилийг сөхөж үзэхэд манай нөхөр Ц ямар ч хувцасгүй нүцгэн байсан. Тэгээд Н сууж байсан орны гудсан дээр цагаан өнгийн шингэн зүйл байсан юм. Тэр үед надтай хамт манай дүү А, О хоёр хамт ирсэн юм. Манай нөхрийн эгчийн охин Золоог дуудаж ирж үзүүлсэн. Тэр үед манай нөхөр Ц согтуу байсан юм. Н бас архи уусан байсан юм. Тэгээд би Н-г манай нөхөртэй унтсан гэж хэлсэн. Тухайн үед Н нь уучлаарай миний буруу, би танай нөхөр Ц-тай бэлгийн харьцаанд орсон үнэн би дахиж ийм зүйл хийхгүй, танай амьдралд гай болохгүй би Улаангомд амьдрахгүй, та нар гурван хүүхдээ бодоод амьдарцгаа гэж хэлж байсан. Би энэ энэ гэрт байхгүй, манай гал бузартлаа гэж хэлэхэд Р.Н би зуух яндан авч өгнө гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр Д.Ц, Р.Н хоёр бэлгийн харьцаанд орсон гэдгээ хэлэхэд миний уур хүрээд би өөрийнхөө нөхөр Д.Ц-ын хөл рүү өшиглөөд би Н-г орноос үснээс татаж унагаад би алгадсан юм. Тэгээд Н манай гэрээс гараад зугтаах гэхэд би үснээс нь таттал Н нь манай нүүрс түлсэн байсан халуун зуухан дээр унаад түлэгдчихсэн. ...Би 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүүхдээ хичээлдээ хүргээд гэртээ ирэхэд Р.Н манай гэрт ирсэн галын дээд талд байдаг зурагтны тавиур нэгжиж байсан. Би чи яаж байгаа юм бэ? чи аль нүүрээрээ манайд ирдэг юм бэ, над руу ярьж зуух авч ирж өгнө гэсэн чинь яалаа гэж хэлсэн. Тэгэхэд би танай гал дээр танай нөхөртэй чинь унтаж хэвтсэн юм уу? гэж хэлээд надтай маргалдаад би яв гэхэд надаас бичиг баримтаа авмаар байна гэж хэлсэн. Би Р.Н-г айлгая гэж бодоод хоолны халбага зууханд хийж халааж байгаад түлнэ гээд Р.Н руу авч очоод биед нь ойртуулахад урдаас Н миний гар дээр цохиод унахад Н гэдэс орчимд түлэгдсэн юм. Би ямар ч тохиолдолд хүний биед халдаж болохгүй гэдгийг сайн ойлгосон. Дахин ийм зүйл хийхгүй” гэх мэдүүлэг,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоолны халбаганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зууханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 177 дугаар дүгнэлт, нотлох баримтууд хамаарна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.О-ийн 2018 оны 1 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө хохирогч Р.Н-г алгадаж, толгой рүү нь цохисон, үснээс татаж унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн гуяны гадна дунд талд 18*8 см түлэгдсэн шарх, толгойн оройн хэсгийн хуйханд няцарсан шарх бүхий гэмтэл үүссэн байх ба энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 177 дугаар дүгнэлт /хх-ийн 36 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хэргийн 53 дах талд хохирогч Р.Н нь “Молиний бие Б овогтой О-т гомдолгүй байгаа нь үнэн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тодорхойлолт гаргаж өгсөн байх тул уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.О-ээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Д.Ц, Б.З нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 802 дугаар тодорхойлолт, ял шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд /хх-ийн 31, 34, 57, 67 тал/-аар шүүгдэгч Б.О нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 02-003 тоотод ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Р.Н, нөхөр Д.Ц нарын зүй бус үйлдэл тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Б.О-ийн анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зохистой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчид хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5/48 тоот прокурорын зөвшөөрлөөр хураан авсан зуухны таг 1 ширхэг нь хүний өдөр тутмын хэрэгцээндээ ашигладаг зүйл байх тул шүүгдэгч буюу эзэмшигч Б.О-т буцаан олгох, эд мөрийн баримтаар тооцсон шүүгдэгчийн эзэмшлийн 38.5 сантиметр урттай хуучин хоолны халбага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ийн О-тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Б-ийн О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 38.5 см урттай хуучин хоолны халбага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт хураан авсан зуухны таг 1 ширхэгийг эзэмшигч буюу шүүгдэгч Б.О-т буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА