Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/451

 

 

 

 

 

2024                4            18                                       2024/ДШМ/451                        

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

хохирогч Н.Э,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2303000640297 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Сумчин овгийн Б.Б, 1983 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Буянт-Ухаа” Олон Улсын нисэх буудалд Санхүү төлөвлөлтийн хэлтэст хангамжийн мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 42-46 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХБ83050778/,

Б.Б нь 2022 оны 8 дугаар сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын ажилтнуудад Санхүү төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Эыг “наад хүн чинь эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдээд одоо цагдаа болон авлига дээр шалгагдаж байгаа одоо удахгүй шорондоо явна, эмнэлгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон, одоо шүүхээр орж ял авна, тэр хуурамч бичиг баримт үйлдсэн эмчтэйгээ хамт ял авна, Эрдэнэбат бараг буцаж ажилдаа орохгүй байх, эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гээд эмнэлгийн ажилчидтай хамт шалгагдаж байгаа, тэр хүмүүстэй хамт ял аваад явна, шинжилгээний бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэхчлэн хүний нэр төр, алдар хүндэд халдсан илтэд худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сумчин овгийн Б.Быг “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сумчин овгийн Б.Быг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 3,360,000 /гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эад олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогч Н.Эын нэр төрд санаатайгаар халдаж худал мэдээлэл тараасан гэж үзэхгүй байна. Учир нь Н.Э нь Ковид туссан гэх бичгийг хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэсэн үүднээс шалгуулахаар гомдол гаргасан. Би Н.Эыг “хуурамчаар баримт бичиг үйлдсэн, удахгүй шорондоо явна” гэж огт хэлээгүй. Намайг худал мэдээлэл тараасан гэж шалгасан бөгөөд Тээврийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байдаг. /1хх 122-126/

Мөн прокурорын тогтоолд хохирогчийн зүгээс гомдол гаргасан бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор мөн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. /1хх 133-135/ Энэ тогтоолыг үндэслэлтэй гэж үздэг.

Миний бие хуурамч мэдээллийг зориуд бусдыг төөрөгдүүлэх санаатайгаар тухайн хүнийг нэр хүндэд халдах зорилгоор мэдээлэл тараагүй. Б.Б миний ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр зорилтын хүрээнд 1.4-т “Нэгжийн ажилтнуудын цаг ашиглалтад хяналт тавих”, 2 дугаар зорилтын хүрээнд 2.4-т “Хөдөлмөрийн сахилга батыг бэхжүүлэх ажлын цаг ашиглалт”, 4 дүгээр зорилтын хүрээнд 4.4-т “Эрх зүйн маргаантай асуудлыг хууль хяналтын байгууллагаар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлүүлэх” гэсэн миний ажлын тодорхойлолтод тодорхой тусгасан /1хх 92-93/ байдаг бөгөөд Н.Э нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өглөө 08 цаг 14 минутад ажилдаа ирсэн байдаг бөгөөд 16:59 цагт ажпаас явсан байдаг. Гэтэл шинжилгээ өгсөн огноо нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 17 цаг 17 минутад шинжилгээ өгсөн баримт байдаг. /1хх 13/

 Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас төрийн албан хаагчийн нэгдсэн эмнэлэг хүртэл 15-16 километр газар байдаг, мөн ажпын цаг тарах оргил ачаалалтай байсан үед ийм богино хугацаанд очиж шинжилгээ өгөх боломжгүй гэж үзсэн учраас дарга Л.Отгонжаргалд мэдэгдээд “холбогдох байгууллагаар шалгуул” гэсэн тул гомдол гаргаж холбогдох байгууллага руу албан тоотоор явуулсан. /1хх-11-12/

Хэрэгт авагдсан гэрч Ч.Отгонжаргалын мэдүүлэгт “...Батчулуун намайг дуудаад Эрдэнэбатын бүрдүүлсэн эмнэлгийн магадлагаа хууль бус байна. Тийм учраас чи гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгийг өөрөө нэрээр бичээд Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст хүргүүл гэхээр нь би энэ асуудлыг мэдэхгүй тул чадахгүй гэсэн. “Батчулуун дарга Оюунсувд, Эрдэнэбат хоёр гарч яваад өвчтэй гэсэн бичгийг Эрдэнэбат Оюунсувдын эмч эгчээр хийлгэсэн” гэж захиргаа хуулийн хэлтсийн бүх мэргэжилтэн нарын дунд хэлсэн” гэж мэдүүлсэн байна. /1хх 47-48/

Гэтэл яг ийм байдлаар хэлсэн эсэх талаар бусад хүмүүсээс нэг ч мэдүүлэг аваагүй. Манай захиргаа хуулийн хэлтэст нийтдээ 7 хүн ажилладаг. Гэтэл эдгээр хүмүүсээс нэгнээс ч мэдүүлэг аваагүй. Эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтэй байна.

Гэрч Б.Ганбаатарын 2022 оны 9 дүгээр сарын орчим ажил дээрээ байж байтал Захиргаа хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ч.Отгонжаргал нь надад манай байгууллагын ажилтан Н.Эыг ковид өвчин туссан гэж хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй талаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан бичгийг надаар хянуулах гээд оруулж ирэхээр нь би “Батчулууныг дуудаад явуулах гэж байгаа албан бичгийнхээ утга найруулга дээр анхаар” гэж хэлэхэд Батчулуун надад “наад Эрдэнэбат чинь хуурамч эмнэлгийн бичиг баримт бүрдүүлсэн асуудал нь тогтоогдсон, ийм учраас Авлигатай тэмцэх газарт хандаж тогтоолгох гэж байгаа” гэхээр нь “танилцсан дээр нь гарын үсэг зуръя, явуулах эсэх нь Л.Отгонжаргал дарга мэднэ биз” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. /1хх-50-51/

Хуурамч баримт бичиг үйлдсэн байж болзошгүй талаар албан бичиг төсөл явж байхад “...хуурамч баримт бичиг үйлдсэн нь тогтоогдсон...” гэж намайг илтэд гүтгэж байгаад гомдолтой байна.

Гэрч С.Наранбаатарын “...манай буудлын дарга Л.Отгонжаргал нь манай хэлтсийн алба хаагч нартай уулзаж байхдаа эхнээсээ зарим ажилчид хуурамчаар акт үйлдсэн нь тогтоогдсон, тэр хүн ч бараг ирэхгүй байх...” гэх мэдүүлэг өгсөн байдаг. /1хх-53-54/

Гэтэл Л.Отгонжаргал даргаас нэг ч удаа энэ талаар асууж мэдүүлэг аваагүй. Тухайн хэлтсийн бусад ажилчдаас мөн нэг ч мэдүүлэг аваагүй хэт нэг талыг барьж зөвхөн намайг буруутгах гэсэн баримтууд гэрчүүдээс мэдүүлэг авсан гэж үздэг.

Гэрч Г.Алтантуяагийн “...Батчулуун нь өнгөрсөн жилийн 8 дугаар сарын орчим надад танай ахлах мэргэжилтэн Эрдэнэбат чинь эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, одоо ажпаас нь хална гэж надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг өгсөн. /1хх-56-57/

 Миний бие Г.Алтантуяа гэдэг хүнтэй ажлын харилцаатай бөгөөд хүний амьдрал яриад явах хэмжээний харилцаатай биш. Миний ажил үүргийн хуваарьт хүнийг ажлаас халдаг эрх хэмжээтэй хүн биш юм. Мөн Г.Аптантуяа 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажил дээрээ байгаагүй. Энэ талаарх баримтыг шүүхэд өгөх гэсэн боловч шүүх хүлээж аваагүй. Мөн Г.Алтантуяа нь худал яриад байгаа талаар хэлэхэд Тээврийн Цагдаагийн албанд гаргасан гомдол нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ний өдөр байдаг бөгөөд энэ хугацаанд Г.Алтантуяа нь ажил дээрээ байгаагүй болох нь манай байгууллагын ажлын цаг бүртгэлийн программаас харагддаг.

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 293 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэхдээ “...ямар байдлаар буюу аргаар ажилтнуудад худал мэдээлэл тараасан гэж буруутгаж байгаа үндэслэл нь тодорхойгүй. ...” гэж буцаасан. Гэтэл энэ талаар нэмэлт ажиллагаа хийхдээ энэ хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгөх боломжтой Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүд, буудлын дарга Л.Отгонжаргал нараас мэдүүлгүүд аваагүй нь хэт нэг талыг барьсан зөвхөн намайг буруутгах зорилготой байна гэж үзэж байна.

Түүнчлэн надад холбогдуулан шалгаж байгаа хэргийг Тээврийн цагдаагийн албаны иргэний агаарын тээврийн цагдаагийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Отгонбаяр нь энэ хэргийг анхнаасаа шалгасан бөгөөд бид хоёрын дунд хувийн таарамжгүй харьцаа үүссэн байсан. Учир нь би Б.Отгонбаярын ёс зүйн зөрчлийн талаар дээд шатны байгууллагад гомдол гаргаж шалгуулж байсан. Иймд анхнаасаа хэт нэг талыг барьж шалгасан гэж би үздэг.

Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гэмт этгээд нь хохирогч руу шууд чиглэн түүний хувийн болон ёс зүй, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан илт худал мэдээллийг санаатайгаар олон нийт буюу бусдад тарааж ярьснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэж заасан байна. Харин миний хувьд тухайн хүнтэй ямар ч өш хонзон, хувийн таарамжгүй харьцаа байгаагүй. Би зөвхөн ажил үүргийнхээ дагуу л ажпаа хийсэн гэж үздэг.

Энэ гэмт хэргийн үндсэн объектив шинжид илт худал мэдээллийг тараасан гэх шинжийг тусгасан байна. Илт худал мэдээлэл гэдэг нь ор үндэслэлгүй, хуулиар хамгаалагдсан хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг унагаах, гутаан доромжлох, гүтгэх зорилготой санаатай үйлдэл байна гэж заасан байна. Харин эдгээр шинжүүд нь миний үйлдэлтэй холбогдохгүй байна гэж үзэж байна. Иймд хэргийг буцааж дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэжээ.

 хохирогч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б надад өс хонзон байхгүй гэж байна. Өс хонзон байсан гэж үзэж байна. Тухайн үед манай байгууллага 300-аас 400 ажилтан бараг бүгд ковид тусаж байхад ганцхан намайг Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт хүргүүлсэн. Бусад хүмүүсийг шалгуулсан тохиолдол байхгүй. Үүнээс үзвэл энэ хүн өс хонзон байхгүй гэж ямар агуулгаар хэлж байгааг ойлгохгүй байна. ...” гэв.  

Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор мөрдөгч хангалттай ажиллагаа хийж гүйцэтгэсэн. Б.Баас гаргаж байгаа дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай гомдол үндэслэлгүй байна. Гэмт хэргийн субъектив шинжийн хувьд гэмт хэрэг үйлдэгч этгээд нь тухайн худал мэдээлэл хохирогчид хор уршиг учруулахыг мэдсээр байж, эсхүл болзошгүй хохирлыг үл тоомсорлож мэдээлэл тараасан байдаг. Б.Б ажилчдадаа хуурамч бичиг баримт үйлдсэн нь шат шатны байгууллагаар шалгаж тогтоогдсон мэт хүний нэр төр алдар хүндэд халдсан мэдээлэл тараасан. Энэ үйлдлийн улмаас Н.Эын нэр төр, алдар хүнд, сэтгэцэд нь хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын ажилтнуудад Санхүү төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Эыг “наад хүн чинь эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдээд одоо цагдаа болон авлига дээр шалгагдаж байгаа, одоо удахгүй шорондоо явна, эмнэлгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон, одоо шүүхээр орж ял авна, тэр хуурамч бичиг баримт үйлдсэн эмчтэйгээ хамт ял авна, Эрдэнэбат бараг буцаж ажилдаа орохгүй байх, эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гээд эмнэлгийн ажилчидтай хамт шалгагдаж байгаа, тэр хүмүүстэй хамт ял аваад явна, шинжилгээний бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэхчлэн хүний нэр төр, алдар хүндэд халдсан илтэд худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь:

хохирогч Н.Эын “...Тэгтэл манай байгууллагын Захиргаа хууль эрх зүйн хэлтсийн дарга Батчулуун нь намайг “эмнэлгийн бичиг хуурамчаар үйлдсэн байна. Яармагийн түгжрэлд тийм хурдан Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж шинжилгээ өгөх боломжгүй” гэж өөрөө дүгнэлт хийнэ, Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад хандаж намайг шалгуулсан. Хуулийн байгууллагаас намайг энэ талаар шалгаад намайг эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон. Тэгтэл Батчулуун дарга нь намайг хуурамчаар эмнэлгийн бичиг баримт үйлдсэн, гэмт хэрэгтэн мэт ажлын хамт олонд илт худал мэдээлэл тараасан. Мөн би тухайн үед ажлынхаа газрыг Оюунсувд гэх эмэгтэйг машиндаа суулгаж явсны төлөө түүний эмч эгчээр нь хуурамч эмнэлгийн бичиг үйлдсэн мэт цуурхал тараасан. Мөн манай ажлын хамт олонд намайг ээлжийн амралттай байх үед “наад хүн чинь эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдээд одоо цагдаа болон авлига дээр шалгагдаж байгаа, одоо удахгүй шорондоо явна” гэж миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг тараасан байсан. ...Б.Б дарга бид хоёрын дунд ямар нэгэн урьдын өр авлага, өш хонзон байхгүй. ...Батчулуун дарга намайг эмнэлгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон, одоо цагдаа авлига дээр шалгагдаад шоронд явна гэж худал мэдээлэл тарааснаас болоод байгууллага ажил дээр миний нэр хүнд унасан, ажлаа ч тайван хийж чадахгүй болсон. Миний сэтгэл санаанд маш их хохирол учруулсан. Батчулуун даргын энэ үйлдэлд, миний нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг тараасанд гомдолтой байна. ...” /1хх 41-42/,

гэрч Ч.Отгонжаргалын “...2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай хэлтсийн дарга Б.Б намайг дуудаад “Эрдэнэбатын бүрдүүлсэн эмнэлгийн магадалгаа хууль бус байна. Тийм учраас чи гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хүрүүлэх тухай албан бичгийг өөрийн нэрээр бичээд Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэст хүргүүл” гэхээр нь “би энэ асуудлыг мэдэхгүй тул чадахгүй” гэж хэлэхэд “чи хуулийн ахлах хүн байж ийм юм бичиж чадахгүй юу, өмнө нь ийм юм бичиж байгаагүй юу, ийм ч хуулийн ахлах байх гэж” гэхээр нь “би түүнд болсон үйл явдлыг мэдэхгүй тул би бичихгүй” гэж хэлсэн. Тэр үед Батчулуун дарга надад “Оюунсувд, Эрдэнэбат хоёр гарч яваад өвчтэй гэсэн бичгийг Эрдэнэбат Оюунсувдын эмч эгчээр хийлгэсэн” гэж хэлсэн. Үүнийг Батчулуун дарга манай захиргаа хуулийн хэлтсийн бүх мэргэжилтэн нарын дунд хэлсэн. ...” /1хх 47-48/,

гэрч Б.Ганбаатарын “...2022 оны 9 дүгээр сарын орчимд би ажил дээрээ байж байтал Захиргаа хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Отгонжаргал нь надад манай байгууллагын ажилтан Н.Эыг өвчин туссан гэж хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй талаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан бичгийг надаар хянуулах гээд оруулж ирэхээр нь би Батчулууныг дуудаад “явуулах гэж байгаа албан бичгийнхээ утга найруулга дээр анхаар” гэж хэлэхэд Батчулуун надад “наад Эрдэнэбат чинь хуурамч эмнэлгийн бичиг баримт бүрдүүлсэн асуудал нь тогтоогдсон, ийм учраас Авлигатай тэмцэх газарт хандаж тогтоолгох гэж байгаа” гэхээр нь би түүнд з”а тэгвэл би танилцсан дээр нь гарын үсэг зуръя, явуулах эсэхийг нь Отгонжаргал дарга шийднэ биз” гээд гаргасан. ...Батчулуун нь надад хэлэхдээ “Эрдэнэбатын тухайн эмнэлгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон, одоо нөгөө гаргаж өгсөн эмчтэйгээ хамт хоёулаа будаа болно” гэж хэлж байсан. ...” /1хх 50-51/,

гэрч С.Наранбаатарын “...2022 оны 9 дүгээр сарын орчим манай хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Эыг ээлжийн амралттай байх үед Батчулуун дарга намайг дуудаж уулзаад “танай хэлтэс хоёр ахлах байх хэрэг байна уу, нэг ахлахынхаа оронд нэг мэргэжилтэн авмаар байна” гээд “чи саналаа бичээд өгчих” гэхээр нь би “Эрдэнэбат ахлах яасан юм бэ” гэхэд “Эрдэнэбат бараг буцаж ажилдаа орохгүй байх, эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гээд эмнэлгийн ажилчидтай хамт шалгагдаж байгаа, тэр хүмүүстэй хамт ял аваад явна, шинжилгээний бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэж хэлсэн. Мөн “манай буудлын дарга Л.Отгонжаргал нь манай хэлтсийн алба хаагч нартай уулзаж байхдаа эхнээсээ зарим ажилчид хуурамчаар акт үйлдсэн нь тогтоогдсон, тэр хүн ч бараг ирэхгүй байх, та нар хэнийг ярьж байгааг мэдэж байгаа байх” гэж хэлж байсан. Ер нь бол Батчулуун дарга манай хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Эыг эмнэлгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, одоо цаашид бараг ажиллахгүй, ял шийтгүүлнэ гэсэн яриаг байгууллага дотор тараасан, үүний улмаас ахлах менежер Эрдэнэбатын нэр хүнд нэлээд их унасан. ...” /1хх 53-54/,

гэрч Г.Алтантуяагийн “...Манай байгууллагын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Батчулуун нь өнгөрсөн жилийн 8 дугаар сарын орчим надад “танай ахлах мэргэжилтэн Эрдэнэбат чинь эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, одоо ажлаас нь хална” гэж надад хэлж байсан. Тухайн үед нь би Батчулуун даргад “Эрдэнэбат ахлахын бие нь нэлээд муу байсан, би хуурамч эмнэлгийн бичиг баримт үйлдсэн гэдэгт нь итгэхгүй байна” гэж хэлэхэд “шалгаад тогтоогдчихсон” гэж хэлж байсан. Дараа нь би санаа зовоод Эрдэнэбат ахлахаас таныг ингэж хэлж байсан гэж асуухад “би тийм юм юу гэж хийх вэ дээ” гэж хэлж байсан. /1хх 56-57/,

гэрч Б.Маралмаагийн “...Тухайн өдөр намайг ээлжтэй байхад Эрдэнэбат гэх хүн ирж үзүүлсэн бөгөөд түргэвчилсэн тестээр шалгахад эерэг гарсан ба “ХӨСҮТ-д очиж үзүүлээрэй” гээд явуулсан. Тухайн өдрөөс хойш би олон хүнтэй харьцаж эмчилгээ хийнэ, мөн урт хугацаа өнгөрсөн тул яг ямар хүн ямар байдалтай байсныг санахгүй байна. Ямар ч байсан тухайн хүнд түргэвчилсэн тест тавьсан, хариу нь эерэг гарсан талаар би өвчний оношлуурын дэвтэртээ гараар бичиж бүртгээд сувилагч Хонгорзулын эрхээр сайтад шивсэн. ...” /1хх 109-110/,

гэрч Б.Эрдэнэтулгын “...2022 оны намар байхаа ахлах мэргэжилтэн Н.Эыг “Ковидын бичиг баримт хуурамчаар үйлдсэн” гэсэн яриа буудлын ажилчдын дунд яригдаж эхэлсэн. Энэ яриаг хэн гаргасныг мэдэхгүй. Би Эрдэнэбатыг 2012 оноос хойш хамт ажиллаад мэдэх ба тэр ярианаас хойш нэлээд дуу муутай сэтгэл санаагаар унасан байдалтай явдаг болсон. ...” /1хх 233-234/,

Б.Бы яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын эхний өдөр би 17.00 цагт ажлаа тараад явсан. Хэлтсийн групп дээр Н.Э нь Ковид 19 өвчний шинжилгээ өгч хариу нь эерэг гарсан талаар Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн цахим мэдээллийг тавьсан байсан. Ингээд би маргааш нь ажил дээрээ очоод нисэх буудлын дарга Отгонжаргалд “Н.Э нь 17 цаг 17 минутад Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгөөд түүнээс биш 3 минутын дараа хариу гарсан талаар мэдээлэл тавьсан байна. Энэ нь цаг хугацааны хувьд тухайн эмнэлэгт очиж шинжилгээ өгөх боломжгүй байна. Тухайн өдөр нүхэн гарц хийгээд Яармагийн зам нарийссан байсан үе таарч байна” гэж хэлэхэд Отгонжаргал дарга наадахаа зохих журмын дагуу шалгуул гэж хэлсэн тул энэ талаар Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар явуулсан. ...Түүнээс миний хувьд Эрдэнэбатыг хуурамч эмнэлгийн баримт бичиг үйлдсэн гэж илт худал мэдээлэл байгууллага дотор болон ажилтан алба хаагчдад тараасан асуудал байхгүй. Энэ хүмүүсийг ямар учраас ийм мэдүүлэг өгснийг би мэдэхгүй байна. /1хх 167/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 213 дугаартай “...Яллагдагч Б.Б нь 2022 оны 8 дугаар сард Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянт Ухаа” Олон улсын нисэх буудлын Захиргаа, хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус нисэх буудлын ахлах мэргэжилтэн Н.Эыг “Ковид-19” өвчний шинжилгээг өгсөн гэж хуурамч эмнэлгийн бичиг баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон, удалгүй шүүхээр шийдвэрлэгдэнэ гэж хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэргийн улмаас хохирогч Н.Эад гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд хор уршиг учирсан байна. Н.Эын сэтгэцэд сэтгэл түгшилт, ажлаас халшрах хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зуйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай. ...” шинжээчийн дүгнэлт,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, Н.Эын шинжилгээний хариу /1хх 36/, бичиг баримтал үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-15/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б ямар буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр заажээ.

 

Шүүгдэгч Б.Б нь Н.Эыг “наад хүн чинь эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдээд одоо цагдаа болон авлига дээр шалгагдаж байгаа одоо удахгүй шорондоо явна, эмнэлгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон, одоо шүүхээр орж ял авна, тэр хуурамч бичиг баримт үйлдсэн эмчтэйгээ хамт ял авна, Эрдэнэбат бараг буцаж ажилдаа орохгүй байх, эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гээд эмнэлгийн ажилчидтай хамт шалгагдаж байгаа, тэр хүмүүстэй хамт ял аваад явна, шинжилгээний бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэхчлэн хүний нэр төр, алдар хүндэд халдсан илтэд худал мэдээллийг олон нийтэд түгээжээ.

Б.Бы бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Б нь “...Илт худал мэдээлэл гэдэг нь ор үндэслэлгүй, хуулиар хамгаалагдсан хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг унагаах, гутаан доромжлох, гүтгэх зорилготой санаатай үйлдэл байна гэж заасан байна. Харин эдгээр шинжүүд нь миний үйлдэлтэй холбогдохгүй байна гэж үзэж байна. Иймд хэргийг буцааж дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах нь иргэн бүрийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг болохыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д хуульчилжээ.

 

Хүний нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бол алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж юм.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан бөгөөд энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын шинжээр нь тодорхойлогдсон, “илт худал мэдээлэл” гэсэн ойлголтод зарим тохиолдолд тодорхой үйл баримт, болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, тодорхой үндэслэл бүхий боловч ингэх явцдаа нэр хүндийг гутаасан, түүнд халдсан, бодит баримтыг бүрэн гүйцэд бус, алдаатай мэдээлэл тараасныг хамруулан ойлгоно.

Илт худал мэдээллийг нийтэд тараасан гэм буруу нь үг, үйлдэл, бичгээр, дохио зангаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ болон дуу, дүрс бичлэгийн хэлбэрээр илэрдэг.

Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д заасан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхтэй хэдий ч Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй;. ...”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. ...: а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх” үүрэгтэй, нөгөө талаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд “Хэний ч ... нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж тус тус заажээ.

Эдгээр олон улсын хэм хэмжээг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дугаар хэсэгт “...Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”, мөн хуулийн Арван долдугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэсэн үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж баталгаажуулан хуульчилсан байна.

Иймд бүх хууль тогтоомж, ялангуяа нэр төр гутаахтай холбоотой Эрүүгийн хууль нь үнэнийг хамгаалах хамгаалалтыг багтаасан байх бөгөөд мөн чанарын болон нотолгооны субъектын хувьд илэрхийллийн хэлбэрүүдтэй холбоотойгоор хэрэглэгдэх ёсгүй юм.

Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан эсхүл муучилсан илт худал мэдээллийг тарааснаар тухайн гэмт хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Б.Б нь Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан нь тодорхой хувь хүний нэр төр, алдар хүндийг гутаахад чиглэгдсэн, бодит байдалд нийцээгүй илт худал болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул “...гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг буцааж дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Бодит мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг илт худал мэдээлэл гэж үзэхгүй бөгөөд дээрх Б.Бы хэлсэн үг нь илт худал мэдээлэл болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож, үнэн зөв мэдээллийн хүртээмжтэй байдлыг зөв илэрхийлээгүйгээс уг гэмт хэрэг нь хохирогчийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүн төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэмээн үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Мөн шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ