Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00548

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2025/00548

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн * дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн,

Гуравдагч этгээд: Багануур дүүргийн * дүгээр хороо, ** дугаар байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.*******,

Гуравдагч этгээд: Э.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суудаг Э.******* нь гудамж талбай олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэж ахуйн хүрээнд архидан согтуурч өөртөө болон бусдад аюултай эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон этгээдийг албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

1.Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн * дугаар хороо, ******* ******* ** дугаар гудамжны * тоотод оршин суудаг Э.******* нь гудамж талбай олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэж ахуйн хүрээнд архидан согтуурч байнга бүлэг бөөгнөрөл үүсгэж байгаа тул албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

2.Гуравдагч этгээд Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй, албадан эмчилгээнд хамрагдана гэв.

3.Хүсэлт гаргагч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь итгэмжлэл, Багануур дүүргийн * дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Багануур дүүргийн * дугаар хорооны Засаг даргын хүсэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эрүүл мэндийн дүгнэлт, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Э.*******ын биеийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнүүд, иргэн Э.*******ын тайлбар, гэрч М. мэдүүлэг илтгэх хуудас зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх дээрх баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн гуравдагч этгээд Э.******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн байгууллага нь Э.******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

3.Э.******* нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, өвчнөө сайн дураар эмчлүүлээгүй бөгөөд архины хамааралтай, цаашид зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болсон болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрч Багануур дүүргийн 5-р хорооны нийгмийн ажилтан М. Б.******* нь байнгын гудамж талбайд архи согтууруулах ундаа хэрэглэж, бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг, архи уусан үедээ гудамж талбайд унтаж байсантай хэд хэдэн удаа таарч байсан, долоо хоногийн 5-6 өдөр согтуу байдаг гэх мэдүүлэг, архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4.Архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг 2 эмчийн бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, Э.******* нь байнга архидан согтуурч мансуурдаг нь өөртөө болон бусдад ямар нэгэн байдлаар аюул учруулж болзошгүй болон түүний шүүхэд гаргасан хүсэлт зэргийг харгалзан Э.******* архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

5.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг журамлан ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр тогтоосугай.

2.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Э.******* албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Э.******* албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Э.*******ын албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.

5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Э.******* албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.*******ад үүрэг болгосугай.

6.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

8.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ