Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

            Хохирогч: М.Ц,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа,

Шүүгдэгч: Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Я-ын Б холбогдох 1835000890085 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 09-08 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ОЖ82013028, Б овгийн Я-ын Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт хохирогч М.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Я.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт нутаг дэвсгэр, Барилгын хорооны 18-18 тоот хашаанд хохирогч М.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 180 дугаар дүгнэлт /хх-ийн 03-04, 06, 07, 09, 23 тал/, хохирогч М.Ц-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Аийн гэрийн хашаа руу ороод эхлээд Н А-ийн гэрлүү яваад орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг дуудаад би гэрт явж ороход Б, Н хоёр хэрэлдэж байсан. Тэгээд намайг ороход Б над руу дайрч хүний амгалан тайван байдал алдаглуулж хүний мууг хайлаа гэхээр нь би Б хэлэхдээ “чи айлын гэрт хонож байгаа биз дээ чи миний амьдралыг дуусгасан шиг энэ айлын эхнэр хүүхдийг нь салгаад энэ нөхөр лүү нь орчихсон байгаа биз” гэхэд Б над руу дайрч миний төмсөг рүү 4-5 удаа өшиглөж, мөн галын дэгээ төмөр аваад миний баруун гар луу 4-5 удаа цохиж мөн тэр дэгээ төмөрөөр миний баруун талын хөмсөгний дээд хэсэгт 1 удаа цохиж арьсыг нь язалсан юм. Миний толгой өвдөж байна. Мөн баруун хөмсөгний дээд талд язарсан шархнаас цус гарч эмнэлэг дээр очиж 3 оёдол тавиулсан. Мөн баруун гар хөндүүрлээд өвдөж, төмсөг рүү 2-3 удаа өшиглөсөн хөндүүртэй байна. Б надаас уучлалт гуйсан тул надад ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 11-13 тал/ гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бэй найз нөхөд шиг харилцаатай болоод 3-4 жил болж байна. Анх эмнэлэгт хэвтэж байгаад танилцсан. Би энэ хүнд зөндөө туслаж дэмжиж байсан. Би мөнгө төгрөг өгч эмчилгээнд явуулж байсан. Мөн рашаан сувилалд явуулж байсан. Миний сэтгэлд хүрэхгүй зүйл ярьж байна. Би шүүгдэгчээр 3 дахь удаагаа зодуулж байна. Би энэ хүний хэлсэн сурсан бүхнийг хүүхдүүдээсээ илүү өгдөг байсан. Намайг амгалан тайван байдал алдагдууллаа гээд галын төмөрөөр цохисон. Алтангэрэлийн эхнэр очоод хараад ир гэсэн тэрнээс болж ийм хэрэг гарсан. Би өөрийнхөө зардлаар эмчлүүлсэн. Өмгөөлөгчийн хөлс байхгүй гэхээр 150.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.А-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчим намайг гэртээ ганцаараа байтал Б гэдэг эмэгтэй над руу утсаар яриад намайг Ц гэдэг хүн мөнгө нэхээд миний араас дагаад байна, би танай гэрт очоод хоночих уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Б жоохон охинтойгоо манай гэрт өөрийнхөө машинаар ирээд бид нар нэг орон дээр хамт унтаж байтал 2018 оны 3 дугаар сарын 06-ны 01 цаг өнгөрч байхад гэнэт манай гэрт хүмүүс ороод ирсэн. Тухайн үед манай гэрийн хаалга түгжээгүй байсан бөгөөд манай эхнэр Н, Ц тэр хоёрын хажууд танихгүй эрэгтэй хүн байсан юм. Тэгээд орж ирээд манай эхнэр над руу хэл ам хийж дайраад харин Ц Б рүү дайраад хэрүүл маргаан үүсэж эхэлсэн. Тэд нарыг орж ирэхэд би гэрлээ асаагаад байж байтал Б босоод Ц-той маргалдаж байгаад Ц-гийн төмсөг рүү ямар ч байсан нэг удаа өшиглөсөн. Мөн манай гэрт байсан галын төмөр дэгээ аваад Ц-гийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж Ц-гийн нүүр нь цус болчихсон байсан. Ц гэдэг хүн Б-ийн араас дагаж яваад манай гэрт ирснийг мэдчихээд манай эхнэрийг дагуулж манай гэрт ирж Б бид хоёрыг хамт байхыг харуулах гэсэн гэж бодож байна...” /хх-ийн 14 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ш.Г-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Гашууны голын гүүрэн дээрээс суусан эмэгтэй гэр лүү ганцаараа яваад орсон. Хэсэг хугацааны дараа хүмүүс маргалдах шиг болоод манай машинд суусан хөгшин ах буюу Цг нөгөө эгч гэр дотроос дуудахад Ц ах гэр лүү орсон. Тэгж байтал нөгөө айлын хаалга онгойгоод нөгөө эгч намайг машиныхаа гэрэл асаачих гэхээр нь би машиныхаа гэрэл асаагаад зогсож байтал гэр дотор гашууны голын гүүрэн дээрээс суусан эгч нэг эрэгтэй хүнтэй маргалдаад түлхэлцээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёр хүнийг салгахаар гэр лүү ортол гэрийн эзэн ах намайг түлхээд гаргачихсан юм. Тэгээд машиныхаа гэрлийг унтраачихаад тэдгээр хүмүүс маргалдаад байхаар нь явья гэж хэлэх гээд гэрт ороход Ц ахтай маргалдаж хэрэлдэж байсан Б гэх эмэгтэй Ц ахын зүүн хөмсөгний орчим галын дэгээ төмрөөр 1 удаа цохиж Ц ахын хөмсөг язарч цус гарсан...” /хх-ийн 15-16 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Г.Н-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би машинаас ганцаараа буугаад Аийн гэр лүү яваад ороход гэрийн гэрэл унтраалттай байхаар нь Аийг гэрлээ асаа гэхэд А гэрлээ асаахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би Аийн унтаж байсан орон дээр очиход А босоод суучихсан, хажууд нь Б гэдэг эмэгтэй хүүхэдтэйгээ хамт унтаж байсан. Тэгээд би гэрэл асаах гэсэн боловч А гэрлээ цохиод унтраагаад байсан. Тэгэхээр нь би Ц ахыг дуудахад Ц ах орж ирэх үед Б босоод хувцасаа өмсөөд бид нар маргалдаж эхэлсэн юм. Б Ц хоёр нэг нэгнээ хэл амаар доромжилж Ц ах Бээс мөнгө нэхээд байсан. Би тэр мөнгийг ямар мөнгө болохыг нь мэдээгүй. Тэгээд бид нарын хооронд маргаан болж байтал Б уурлаад галын хөвөөнд байсан галын дэгээ төмөр аваад Ц ахын гар хөл рүү цохиод, мөн хөл гараараа Ц ахыг цохиод байсан. Тэгээд салгах хооронд Б нь Ц ахын зүүн хөмсөгний орчим нөгөө дэгээ төмрөөрөө нэг удаа цохиж арьсыг нь язлахад цус гараад Б өөрөө эхлээд цагдаад дуудлага өгсөн” /хх-ийн 17-18 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Я.Б-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалтын шатанд  өгсөн “Ц ах тэр өдөр над руу маш олон удаа залгаж чамтай уулзмаар байна, хаана байгаа юм гээд байсан. Би тантай уулзах зав алга гэж хэлсэн. 18 цаг болж байхад Ц ах утсаар залгаад байхаар нь утсаа аваад би таньтай уулзахгүй гэж хэлээд утсаа тасалсан тэгээд орой 20 цагийн орчим гэртээ очтол Ц ах манай хашааны үүдэн дээр байхаар нь гэртээ оролгүй хариу эргэж яваад миний танил болох А ах руу яриад тэдний гэрт хонохоор болоод охины хамт очсон юм. Бид нар А ахын гэрт очоод хоол унд хийж идээд шөнө 00 цаг өнгөрөөд унтахаар хэвтсэн. Тэгж байтал шөнө 02 цагийн орчим байх бид нар унтаж байтал гэнэт хаалга онгойгоод машины гэрэл тусаад Н орж ирээд араас нь Ц ах ороод ирсэн. Тэгээд Ц А рүү дайраад “чи Б-тэй асуудалгүй гэсэн яасан одоо ингээд баригдлаа, би энэ хүүхэнд их мөнгө зарцуулсан чи миний мөнгө өг” гээд дайрч доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Ц ахтай хэрэлдэж маргалдаж, хэл амаар доромжилсон нь үнэн. Тэгээд уурандаа Ц ахын салтаа руу 3-4 удаа өшиглөсөн юм. Тэгтэл Ц миний хоолойг боогоод орон дээр унагаасан. Тэгэхээр нь би арай хийж доороос нь босоод уурандаа галын хөвөөнд байсан дэгээ төмөр аваад Цгийн зүүн хөмсөгний орчим нэг удаа цохиход хөмсөгнийх нь дээд хэсэг язарч цус гарсан. ... Ц ах намайг бие өвдөөд хот руу эмчилгээнд явах гэж байтал 1.500.000 төгрөг өгсөн, мөн намайг хүнтэй суух гэж байна гээд 240.000 төгрөг өгсөн. Мөн манай хүүхдүүдэд ирэх тоолондоо чихэр авч ирдэг байсан. Түүнээс өөр надад Цгоос авсан мөнгө байхгүй. Ц надтай маргалдаж байхдаа 40 сая төгрөг надад зарцуулсан гэж хэлж байсан тэр бол худал асуудал юм.” /хх-ийн 28-29 тал/ гэх мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайд ирж хонож өнжинө гээд намайг мөрдөж мөшгөөд байхаар нь би тантай хувийн харилцаатай байж чадахгүй. Би өөрөө 4 охин хүүхэдтэй хүн. Та бид хоёр дотно харилцаатай байж болохгүй гэдгийг мэдэж байна уу? гэхэд мэдэж байна гэж хэлсэн. Тэгсэн мөртлөө манайд ирж хонохыг завдаж, намайг мөрдөж мөшгисөн. Тэгээд би аргагүйн эрхэнд айлд очиж хоносон. Миний хонож байсан айлд ирж маргаан үүсгэсэн. Тэгээд би Ц ахыг зодсон. Зөндөө олон удаа тайлбарлах гэж оролдсон. Надтай уулзаж, намайг харахаар ажил бүтдэг гэж ярьдаг. Та надад биш тэнгэр хангайдаа залбир гэж хэлдэг. Үнэхээр намайг харахаар ажил чинь бүтдэг юм бол намайг хар, би ирсэн үед чинь аяга цайгаа чанаж өгөөд хувцас чинь хиртэй байвал угаагаад өгий. Охидууд чинь хөдөө хол байгаа болохоор гээд санаа тавихаар энэ хүн намайг өөрт нь сайн болчихсон гэж ойлгоод хаа явсан газраа би Б сэтгэлтэй бид хоёр дотно харилцаатай мэтээр ярих болсон. Энэ яриаг манай ах дүү нар сонсоод намайг загнаж их ууралсан. Энэ хүн над руу хэдий ч хамаагүй, бүр шөнийн 4 цаг хүртэл залгадаг. Манайд хүн байна гэж хэлэхээр утас таслахгүй байж чаддаг. Энэ байдал нь надад маш хэцүү байна. Би энэ явдлаас хүнийг цохиж зодож болохгүй гэдгийг ойлгосон. Надад торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хэрэг болсон өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хохирогч М.Ц шүүгдэгч Я.Б-тэй уулзахаар удаа дараа залгасан, гэрт нь очсон, араас мөрдөж шөнийн 02 цагийн үед Н.А-ийн гэрт байхад очиж, шүүгдэгчтэй маргаан үүсгэсэн, улмаар хоорондоо үл ойлголцсон байдал нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Я.Б-ийн хохирогч М.Ц-гийн толгойн хэсэгт галын дэгээ төмрөөр цохисон үйлдлийн улмаас хохирогч М.Ц-гийн биед зүүн хөмсөгний дээр няцарсан шарх, зүүн хацар, баруун шанааны хэсгийн хуйханд зулгаралт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 180 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэлээ.  

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Я.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

 

      2. Шүүгдэгч Я.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Я.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Я.Э, М.Ц нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, авто тээврийн үндэсний төв 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаа, ял шалгах хуудас зэрэг нотлох баримтууд /хх-ийн 19, 20, 33, 37, 40, 43/–аар шүүгдэгч Я.Б нь 37-72 УВХ улсын дугаартай Raum загварын авто тээврийн хэрэгсэлтэй, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 09-08 тоотод ам бүл-5, хүүхдүүдийн хамт оршин суудаг байх ба анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна.

Хохирогч М.Ц нь хэргийн 47 дахь талд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа баримт үйлдэж хэрэгт хавсаргасан, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүй байхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Я.Б-ээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Я.Б-т хуулинд заасан ялаас торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Я.Б-т хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын төмөр дэгээ 1 ширхэг нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл болох нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйл байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнтэй холбогдуулаад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Я-ын Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Я-ын Б-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.   

4. Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Я.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА