Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/452

 

 

 

    2024             4             18                                        2024/ДШМ/452

Б.Нид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан  даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

насанд хүрээгүй хохирогч Н.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болормаа,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Д.Гансүх,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж, шүүгч Б.Батсайхан, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Н.Н, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Нид холбогдох 2309000001030 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Бүрд овгийн Б.Н, 1984 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 32 дугаар гудамжны 1-6 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:НТ84111215/,

Б.Н 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Бэлхийн 32-1 дүгээр гудамжны 26 тоотод өөрийн төрсөн охин 12 нас 10 сар 25 хоногтой буюу бага насны Н.Номин-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бүрд овогтой Б.Нийг үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нид оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн цагдан хоригдсон 252 /хоёр зуун тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогч Н.Н давж заалдах гомдолдоо: “...Би 108 дугаарт аавыгаа гүтгэсэн гэсэндээ айгаад зурвас бичээд буцаагаад блок хийчихсэн. 5 дугаар сарын 05-ны орой над руу нийгмийн ажилтан залгаад “ээж чинь ирчихсэн байна” гээд 16 дугаар хороон дээр худал хэлж дуудсан байсан. Хүүхэд хамгааллын ажилтан Болортунгалаг анхнаасаа ямар зорилготой байсныг мэдэхгүй. Байцаалт болгон дээр ээж рүү минь залгаад “ажил дээрээс ирээд ав” гээд залгаж, ээж авдаг байсан. Сүүлийн шүүх хуралдаан дээр бас ээжийг “ирээд ав” гээд ээж очиж аваагүй ба ирээд ээж рүү муухай хараад байсан. Ээж минь хүргэлтийн ажил хийж байгаагүй. Манай ах ажил хийдэггүй ба хичээлд явдаг. Хичээл нь 10 цаг 40 минутаас эхлээд 17 цаг 40 минутад тардаг. Болортунгалаг эгч надад нэг ч удаа анхаарал халамж тавиагүй байж зөвлөгөө авахаас татгалзсан гэсэн. Би шүүх хурал дээр үнэн хэлээд байхад хэн ч миний үгэнд итгээгүй, ийм шийдвэр гарсанд гомдолтой байна. Аав минь надад гарч хүрч байгаагүй, миний худал хэлснээс болж аав маань шийтгүүлэх ёсгүй, би аавынхаа өмнө буруутай. Би аавыгаа маш их санаж байгаа бөгөөд гэмгүй аавыг минь гаргаж өгнө үү. ...” гэжээ. 

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Д.Буянбат нь өөрийн давуу байдлаа миний эсрэг ашиглаж, өөрийн таньдаг өмгөөлөгчийг санал болгон яллагдагчаар мэдүүлэг авсан. Алтанчулуу өмгөөлөгч надад туслалцаа үзүүлж чадаагүй. Мөрдөгч нь надаас авсан мэдүүлгээ надад уншуулаагүй, танилцуулалгүй гарын үсэг зуруулсан. Би хуулийн мэдлэггүйгээс болж өмгөөлөгчдөө найдан гарын үсгээ зурсан. Мөн намайг эрүүдэн шүүсэн талаар би Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан. Уг гомдлын хариу ирээгүй байхад надад ял оногдуулсанд гомдолтой байна. Би өөрийнхөө төрсөн охиноо загнаж, зэмлэж интернет орчинд нь хяналт тавьж байснаас болж миний эсрэг гомдол гаргасан. Би өөрийн охиноо хүчиндээгүй, мөн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... “ гэжээ.

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.Н нь бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг бүрэн нотолж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогч Н.Н нь анх 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон /мөрдөгчийн тогтоолоор/ гэх А.Оюунчимэгтэй мэдүүлэг өгсөн байдаг.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунчимэгийг Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс томилоогүй байхад мэдүүлэгт оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 2 дах заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр талд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.Нямбаярын Сүхбаатар дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хандсан албан тоот байдаг. Энэхүү албан тоотод хууль ёсны төлөөлөгчөөр томилсон мэргэжилтэн Э.Энхболдыг өөр ажил албан тушаалд томилсон учраас дахин хууль ёсны төлөөлөгчийг томилохыг хүссэн байдаг.

Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт Э.Энхболд гэдэг хүн хууль ёсны төлөөлөгчөөр огт оролцоогүй байдаг. Дээрх баримтуудаас дүгнэхэд насанд хүрээгүй Н.Номин-Эрдэнийн анхны өгсөн 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй хууль зөрчсөн гэж үзэж нотлох баримтаас хасах боломжтой байсан.

Б.Нид холбогдох хэргийг анхнаасаа харьяалал зөрчиж дүүргийн цагдаагийн газар шалгасан гэж үзэж байна. Мөн хэргийг нэг талыг барьж зөвхөн яллах талыг баримталж шалгасан гэж үзэж байна. 1хх 234 дүгээр талд Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас авагдсан байдаг. Энэхүү 89938118 дугаартай хуудсанд “Н.Н гэх хүүхдийг аав нь дарамталж дээрэлхдэг” гэх дуудлагыг Оюунчимэг гэх хүн 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг 20 минут 56 секундэд өгчээ. Гэтэл 1хх 14 дүгээр талд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл авагджээ.

Энэхүү 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ахлах мөрдөгч Д.Буянбатын 3304 дугаартай тэмдэглэлд Б.Н нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 09 цагийн орчим насанд хүрээгүй бага насны буюу 12 настай Н.Номин-Эрдэнийг хүчиндсэн гэх гомдол мэдээллийг 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 00 минутад тэмдэглэл үйлджээ. Дээрх баримтаас үзэхэд урьдчилан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байдлаар тэмдэглэл үйлдсэн нь харагдаж байна. Мөн цагдаагийн шуурхай удирдлагын тасагт Оюуичимэг гэх хүн 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 17 цаг 20 минут 56 секундэд дуудлага өгсөн байдлыг онцгойлон анхаарч үзнэ үү.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд насан хүрээгүй хохирогч Н.Н нь нийт 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс шүүх 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өгсөн түүний 2 дахь мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 25.3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн. Б.Нид холбогдох хэрэг нь урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2263 тоот захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэх болсон. Энэхүү 2263 дугаартай захирамжид насанд хүрээгүй хохирогчийн анхны мэдүүлэгт оролцсон А.Оюунчимэг нь хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтан эсэх нь тодорхойгүй байна.

А.Оюунчимэг нь хэрэв хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтан биш бол ямар үндэслэлээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд насан хүрээгүй хохирогчийн анхны мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл гэрч, хууль ёсны төлөөлөгч хоёр бол хэргийн 2 өөр оролцогч бөгөөд эрх, үүрэг нь тус тусдаа хуульчлагдсан байдаг.

Тухайлбал анхны мэдүүлэгт суусан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг сүүлд гэрчээр асууж хэргийг нотлуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Насанд хүрээгүй хохирогч 2 дахь мэдүүлгээ хууль ёсны төлөөлөгч гэх Д.Болортунгалагтай хамт өгсөн байдаг. Энэ мэдүүлэгтээ “худлаа ярьсан юман дээр юугаа нэмэхэв дээ гэж хэлсэн шдээ. Аав дургүй хүргээд байсан болохоор аавыг шийтгүүлмээр санагдаад тэгэж хэлсэн юм” гэж ээ. Насанд хүрээгүй хохирогч Н.Н нь 2021 онд “Хүүхдэд садар самуун сурталчилсан зураг, кино, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн” гэх эрүүгийн хэргийн хохирогч болсон байдаг. Энэ хэргийн хохирогч болсноос хойш аав цагдах, загнах, аливаа зүйл хийхэд хорих болсон гэж мэдүүлдэг.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугар сарын 19-ний өдрийн 6086 дугаартай дүгнэлтээр Н.Номин-Эрдэнийн биед түүний охин хальсанд шинэ хуучин урагдал гэмтэл тогтоогдоогүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н нь энэ гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй байна.

Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.Нид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгуулъя гэх саналыг дэмжиж байна. Тодруулбал, тус хэрэг нь агуулгаараа хохирогчгүй хэрэг болчих гээд байна. Н.Нэс анх хохирогчоор мэдүүлэг авахдаа түүнийг хохирогчоор тогтоосон тэмдэглэл үйлдээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд зөрчсөн. н.Оюунчимэг гэдэг хүн хүүхэд хамгаалах байрны ээлжийн ажилтан. Тэр хүнийг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авсан. Өмгөөлөгч Д.Батбаярын зүгээс албан ёсоор тухайн байгууллагын захиргаанаас мэргэжлийн бус ээлжинд гарч байгаа нийгмийн ажилтныг томилохгүй арай өөр мэргэжлийн хүн томилох ёстой байсан тухай хэлдэг. Тус үндэслэлүүдээр Н.Нэс авсан 2023 оны 5 дугаар сарын 06-ны мэдүүлэг нь хуульд заасан арга, журмаар бүрдүүлсэн нотлох баримт буюу баримтат мэдээлэл болж чадахгүй байна гэж үзэж байна. Н.Номин-Эрдэнийн хоёр дахь мэдүүлэгт “аавыгаа чадах гээд худлаа мэдүүлэг өгчихсөн” гээд анхны өгсөн хууль бус мэдүүлгээ үгүйсгэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэснийг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болохгүй учраас хохирогч байхгүй нөхцөл байдал үүсэж байна. Хохирогчгүй хүчиндэх гэмт хэрэг байж болохгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн байдаг. Хоёрдугаарт, шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Тухайлбал, Н.Номин-Эрдэнийн сэтгэцийн талаар шинжээчийн гаргасан дүгнэлтэд “бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсний улмаас түүнийг хүчтэй стресст үзүүлэх хариу урвал бүхий сэтгэцийн эмгэгтэй болгосон”, мөн “Н.Н гэмт хэрэгт холбогдсоны улмаас стрессийн шалтгаан, сэтгэл зүйн хариу урвал үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг үндэслэж шүүх Б.Нийг гэм буруутай, түүний үйлдлээс шалтгаалан хор уршиг учирсан байна гэж дүгнэсэн. Үүнийг ингэж дүгнэх боломжгүй нөхцөл байдал хэргийн бусад нотлох баримтуудыг харьцуулан судлахад харагддаг. Нөхцөл байдлыг нэлээн сайн тодруулж, шалгуулж байж дүгнэлт гаргах ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Б.Нийн үйлдлээс болж Н.Номин-Эрдэнийн сэтгэл зүйд стресс, гэмтэл үүсэв үү, эсхүл шилжилтийн насны өөрчлөлт байсан уу гэдэг эргэлзээтэй байна. Практикаас үзвэл шилжилтийн насны хүүхдүүд худал, үнэн ярих тохиолдол анзаарагддаг. Худал мэдээлэл өгчихөөд тэрнээсээ улбаалж сэтгэл зүйн гутрал үүсэж үүнтэй холбоотой стресс бий болж болно. Эсхүл Н.Н өмнө нь садар самуун сурталчилсан хэргийн хохирогч болж байсан үйл явдлаас үүдэлтэй Н.Номин-Эрдэнийн сэтгэцэд гэмтэл учирсан уу гэх зэргийг ялгаж, салгаж шинжээч эмчээс нэмэлт дүгнэлт гаргуулж нөхцөл байдлыг тодруулж дүгнэлгүйгээр Б.Нийг гэм буруутай гэж дүгнэсэн. Гуравдугаарт, нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй байна. Н.Номин-Эрдэнийг 14 хоногийн турш сэтгэцийн эмнэлэгт байлгаж түүний сэтгэл зүйн байдалд дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргах явцад эмч тухайн хүүхэдтэй харьцах, уулзах, түүний ээжтэй уулзаж ярилцсан зэргийг шүүх үнэлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн тогтоолд мөн тусгагдаагүй. Үнэлгээний ярилцлага хийсэн тэмдэглэлүүдийг үзвэл Н.Н өөрийн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх нөхцөл байдал байхгүй. Харин аавыгаа шоронд оруулсан гээд уйлсан тухай үйл баримт байдаг. Үүнд ч мөн үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, байцаагдаж өгсөн мэдүүлгээс илүү эмчтэй хийж байгаа ярилцлага нь насанд хүрээгүй хүүхдийн хувьд маш чөлөөтэй байдаг учраас энэ ярилцлагын тэмдэглэл хэрэгт ач холбогдолтой. Мөн гэрч н.Лонжидмаа гэх Н.Номин-Эрдэнийн эмээгээс мэдүүлэг авсан байдаг. Шүүх н.Лонжидмаагийн мэдүүлгийг мөн олигтой үнэлээгүй. н.Лонжидмаагийн мэдүүлэгт Н.Н аавдаа хүчирхийлүүлсэн гэж үзэхээргүй мэдүүлгийг өгсөн байдаг. Эдгээр баримтууд бүрэн гүйцэт шинжлэгдээгүй. Иймээс тус хэргийг нэмж шалгуулах, эсхүл хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Тус хэрэг гэм буруугийн хувьд эргэлзээтэй, хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй байх учир хуульд нийцүүлж шийдэх шаардлагатай. Бүх нотлох баримт яллах талдаа бүрдэлтэй байна гэж үзвэл зүйлчлэлийн хувьд тохирохгүй байна. Б.Н Авлигатай тэмцэх газар гомдол өгсөн. Түүний гаргасан гомдлыг шалгасан, шалгаагүй нь мэдэгддэггүй. Б.Нийг дарамталж мэдүүлэг авсныг Б.Н ярьдаг. Б.Нийн өгсөн мэдүүлгээс үзвэл үнэхээр охинтойгоо зүй бусаар харьцсан, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн үү гэмээр мэдүүлэг харагддаг. Гэвч яллагдагчийн өгсөн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж үзвэл тус мэдүүлэг үгүйсгэгдэнэ. Н.Номин-Эрдэнийн бэлэг эрхтэн ямар нэг гэмтэлгүй. Эдгээр зүйлсийг харьцуулж үзвэл Б.Нийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж үзэх боломж байхгүй байна. Гэм буруутай гэж үзэхэд зүйлчлэл тохироогүй байна. Иймд зохих зүйлчлэлээр шийтгэх боломжтой. Ер нь хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл ахиж шалгах нь тохиромжтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянах эрх хэмжээтэй учир хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Н.Номин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мэдээлэл анх 108 дугаарт очсон цагаас анхан шатны нэгж буюу хорооны хамтарсан багийн хэсгийн байцаагч аюулын зэргийн үнэлгээ хийхэд, мөн хорооны нийгмийн ажилтан н.Уламбаяр нөхцөл байдлын үнэлгээ хийхэд Н.Н “ийм зүйл тохиолдсон нь үнэн” гэх нэг л байр суурьтай байсан. Н.Номин-Эрдэнийг аюултай нөхцөл байдалтай байна гэж үзэж аюулгүй байдлын хамгаалалт буюу шуурхай тусламжийн арга хэмжээг авч түр хамгаалах байранд 24 цаг байрлуулж мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн. н.Оюунчимэг ээлжийн нийгмийн ажилтан хойшлуулашгүй ажиллагаа хийж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг. н.Оюунчимэг гурван удаагийн мэдүүлэг, байцаалтад оролцсон. Манай байгууллагаас Н.Номин-Эрдэнийг эрүүл мэндийн үйлчилгээ буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж оношилгоо, эмчилгээнд хамруулсан. Сэтгэл зүйн болоод эрүүл мэндийн бусад үйлчилгээнүүдэд удаа дараа цаг товлож асран хамгаалагч болон өөрт нь санал тавьсан боловч хамрагдахаас татгалзсан. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр үйлчилгээ үзүүлдэг учир эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад үйлчилгээг үзүүлэх боломж бүрдээгүй. Хүүхдийн сэтгэл зүйн хувьд тогтворгүй, түгшүүртэй байсан. 2 дахь мэдүүлгээс хойш уулзахаас татгалзсан, харилцахаас зайлсхийсэн нөхцөл байдал үүссэн учир миний зүгээс тус хүүхэдтэй мэдрэмжтэй, болгоомжтой харьцах нь зөв гэж бодож, түүнийг хүчилж харилцаа үүсгэхийг хүсээгүй. Н.Номин-Эрдэнийн асран хамгаалагчтай нь холбогдож сэтгэл зүйн байдал ямар байна, боловсролын асуудал ямар байна, хүүхдийн эрүүл мэнд бусад асуудал ямар байгааг тандаж, холбогдож байсан. ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Н.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас оролцсон. Н.Н надтай анх уулзах үеэсээ шүүхэд хандаж өгч байгаа мэдүүлгээ ярьж байсан. Энэ мэдүүлгүүдээ шүүхийн хэлэлцүүлгийн шат болон мөрдөн байцаалтын шатанд ч тогтвортой өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Н.Номин-Эрдэнийн гаргасан мэдүүлгийг дэмжиж байна. Хохирогчоос ганцаарчлан түүний ар гэрээс нөлөөлөл байгаа эсэхийг асууж, тодруулахад “хэлж ярьж байгаа зүйлээ өөрөө мэдэж байна, надад нөлөөлсөн зүйлгүй” гэх тайлбарыг өгдөг. Шүүхэд гаргаж буй гомдлыг прокурорын шатанд 2 удаа гаргасан. Н.Номин-Эрдэнийн сургууль, Сүхбаатар дүүргийн прокурорын байгууллага ойролцоо байдаг. Н.Н Сүхбаатар дүүргийн прокурорын газар 2 удаа очсон байсан. Иймд, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг шүүх бодитой талаас нь эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд яригдаж буй асуудал анхан шатны шүүх хуралдаанд ч мөн шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс яригдсан. Урьдчилсан хэлэлцүүлэг 2 удаа, шүүх хуралдаан 1 удаа болж өнгөрсөн. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээнд үндэслэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Нийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Энэ мэдээллийг хэн нэгэн өгөөгүй байхад цагдаагийн байгууллага сайн дураараа Б.Нийг яллаж, шийтгэж, эрүүдэн шүүе гэж дуудлага мэдээлэл авагдаагүй. Насанд хүрээгүй хохирогч Н.Н хүүхэд хамгааллын төвийн фэйсбүүк хаяг, мессенжер чатад 4 дүгээр сард хандсан. Энэ мэдээллийн дагуу 108 төвийнхөн түүнийг хэн болохыг тогтоохыг оролдсон. Цахим хаягийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас шалгаж Баянзүрх дүүрэгт оршин суудаг хүн байж болно гэж үзсэн боловч төөрөгдөж, улмаар 5 дугаар сард Сүхбаатар дүүрэгт амьдардаг хүн байна гэдгийг тогтоосон. н.Уламбаяр гэдэг нийгмийн ажилтан анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шалтгаан нь энэ гэмт хэрэг бүртгэгдэхээс өмнө буюу 5 дугаар сарын 04-ний өдөр 108 төвд ирсэн мэдээллийн дагуу н.Уламбаяр өөрөө Н.Нтэй уулзсан. Уулзалт, ярилцлагын явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлын талаар Н.Н ярьсан. Үүнийг баталгаажуулах, лавлах, тодруулах зорилгоор маргааш нь дахин уулзалт хийх цаг товлосон. Дахин уулзахад Н.Н н.Уламбаярт “өнөөдөр өглөө дахиад аав оролдоод” гэдэг асуудлыг ярьдаг. Үүнтэй холбогдуулж нийгмийн ажилтан өөрийн эрх, үүргийн дагуу цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллага тус мэдээллийн дагуу насанд хүрээгүй хохирогч Н.Номин-Эрдэнийг түр саатуулах байранд байрлуулж, түр саатуулах байрны ээлжийн ажилтан н.Оюунчимэгийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилж мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах үед ямар нэг дарамт шахалт учруулсан зүйлгүй Н.Н өөрт тохиолдсон асуудлын талаар ярьж байсан гэдгийг н.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүх Н.Номин-Эрдэнийн эхний мэдүүлгийг үндэслэл бүхий байна гэж үнэлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ мэдүүлгээс хойш 7 дугаар сард 2 удаа мэдүүлэг авсан. Тус мэдүүлгүүдэд насанд хүрээгүй хохирогч Н.Н өмнөх мэдүүлгүүдээсээ эрс зөрүүтэй мэдүүлгүүдийг өгч эхэлдэг. Мөн энэ хэргийн хувьд насанд хүрээгүй хохирогч Н.Номин-Эрдэнийг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тодруулахаар шүүх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн дагуу насанд хүрээгүй хохирогчийн ээж н.Өлзийнарантай хамт Н.Номин-Эрдэнийг үзүүлэхэд эмч “энэ хүүхдийг хэвтэн эмчлүүлж, ажиглалтдаа байлгахгүй бол дүгнэлт хийх боломжгүй байна” гэсэн нөхцөл байдлын улмаас мөрдөн байцаалтын хугацааг сунгаж, хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж, дүгнэлт гаргуулж байсан. Түр саатуулах байрнаас Н.Номин-Эрдэнийг ээж нь авч явснаас хойш Н.Н мэдүүлгүүдээ үгүйсгэж эхэлсэн. Энэ талаараа Н.Н шүүх хуралдаанд илэрхийлсэн, мөн хүүхэд хамгааллын төвийн нийгмийн ажилтан буюу Н.Номин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны явцад ижил зүйл мэдүүлсэн. Насанд хүрээгүй хохирогчийн бэлэг эрхтэн, бэлэг эрхтний орчимд ямар нэг гэмтэл шарх учраагүй, онгон хальс урагдаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Гэвч хохирогчийн биеийн аль нэг хэсэгт хохирогчийн бэлэг эрхтэн болон бусад эрхтэнд гар хүрсэн байх нөхцөл байдал тогтоогдсон. Учир нь тухайн гэмт хэрэг гарсан 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогчийг түр саатуулах байранд оруулан цагдаагийн байгууллага Б.Ноос сэжигтний мэдүүлгийг хууль зөрчиж өмгөөлөгчгүй авсан нь үнэн боловч тухайн мэдүүлэгт сэжигтэн “охинтойгоо харилцахад охин эцэг хоорондын харилцаа байхгүй, өөр мэдрэмжийг өгдөг байсан”, мөн “бэлэг эрхтнээрээ биед нь хүрдэг байсан” тухай мэдүүлэг өгсөн байдаг. Өмгөөлөгч н.Алтанчулууныг мөрдөгч томилж өгсөн гэж яриад байна. Өмгөөлөгч н.Алтанчулуун анх ар гэрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж байсан. Б.Нид яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж цахим мэдүүлэг авахад Б.Н өмгөөлөгчийнхөө дэргэд мөн дээр дурдсан зүйлсийг мэдүүлдэг. Өмгөөлөгч нарын аль нэг мөрдөгчтэй хувийн сонирхлоор гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцоно гэдэг ёс зүйн хувьд ч, өмгөөлөгчийн мэргэжлийн хувьд ч байх боломжгүй гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогчийн ээж түүний хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралд оролцоогүй шалтгаан нь нэгдүгээрт, насанд хүрээгүй хохирогчийн ээж н.Өлзийнаран нь шүүгдэгч Б.Нид өмгөөлөгч олж өгсөн. Хоёрдугаарт, Н.Номин-Эрдэнийг түүний ээж түр хамгаалах байрнаас авч явснаас хойш Н.Номин-Эрдэнийн мэдүүлэг өөрчлөгддөг. Мөн н.Өлзийнаран энэ хэрэгт нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхэд хамгааллын байгууллагаас Н.Нд хууль ёсны төлөөлөгч томилох нь зүйтэй гэж тогтоосон. Өмгөөлөгчийн зүгээс Н.Номин-Эрдэнийн эмээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө “манай гэрт хоносон” гэх мэдүүлэг өгсөн гэж гомдолдоо дурдсан байна. Тус мэдүүлэг нь хэрэг гарснаас хойш бүтэн хагас жилийн дараа шүүгдэгчийн хүсэлтийн дагуу авагдсан байдаг. Энэ үед Б.Нийн ар гэрийнхэн, хохирогч нар ижил байр суурьтай болсон байсан. Иймд тухайн мэдүүлгийг үнэн, зөв гэж үнэлж дүгнэх боломжгүй учраас яллах дүгнэлтдээ оруулаагүй, үнэлээгүй. Хэрэгт холбогдогчдын хувийн байдлуудыг харгалзаж үзвэл шүүгдэгч Б.Н 4 хүүхэд, эхнэрээ тэжээдэг, өрхийн тэргүүн. Нөгөөтээгүүр, тухайн гэрийн төсвийг бүрдүүлдэг, ажил эрхэлдэг ганц хүн. Үүнээс үзвэл тухайн хүний эрхшээлд түүний эхнэр болон хүүхдүүд байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн н.Өлзийнаранг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй, тогтоох боломжгүй байсан. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ....” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Н 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Бэлхийн 32-1 дүгээр гудамжны 26 тоотод өөрийн төрсөн охин 12 нас 10 сар 25 хоногтой буюу бага насны Н.Номин-Эрдэнийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Н.Номин-Эрдэнийн “...Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлх 32- 1-26 тоотод төрсөн эцэг Б.Н, төрсөн эх Дэлгэрхүүгийн Өлзийням 1 ах, 2 дүүгийнхээ хамтаар оршин суудаг. Манай гэр 5 өрөөтэй ба гал тогоо, зочны өрөө тэгээд 3 унтлагын өрөөтэй байдаг. Манай төрсөн эцэг Б.Н нь намайг өнгөрсөн 2022 оны 1, 2 дугаар сараас эхлэн миний хөх цээжинд хүрч, мөн өгзөг базах, гэдэс илэх зэргээр оролдож тэгээд сүүлдээ бүр миний эмзэг эрхтэнд гараа, бэлэг эрхтнээ хүргэдэг болсон. Хамгийн эхэлж 2022 оны 01 дүгээр сарын орчим, хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ийм зүйл болсон. Ер нь анх гар хүрч эхэлсэн өдрөөс хойш янз бүр 7 хоногт 1, сардаа 1 гэх зэргээр олон удаа ийм байдлаар хүрсэн би тоолоогүй тул яг хэзээ, хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй байна. Хамгийн сүүлд буюу 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 09 цагийн орчим би өөрийнхөө унтлагын өрөөнд ганцаараа унтаж байсан, гэтэл аав Б.Н миний өвөрт нүцгэн дотуур өмднөөс өөр хувцасгүйгээр ороод ирсэн. Тэгээд намайг тэврээд миний 2 хөхийг базаад, өөрийнхөө дотуур өмдийг доош нь шувтлаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд хөдлөөд байсан ба тэгээд гараад явсан би араас нь босоод хувцсаа өмсөөд хичээлдээ явсан, тэгээд байж байгаад 16 дугаар хорооны нийгмийн ажилтан Олонбаяр гэдэг хүнийг олж очиж уулзаад энэ талаар хэлсэн тэгээд хамгаалах байранд очсон. Б.Н өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэнд олон удаа хийж байгаа, яг тоолж мэдэхгүй тоог нь мэдэхгүй байна. ...Хамгийн сүүлд бол өчигдөр өглөө буюу 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн өглөө байсан. Түүний өмнө 4 дүгээр сарын сүүлээр байхаа би буйдан дээрээ унтаж байхад бас миний өвөрт орж ирсэн. Тэгээд миний бэлэг эрхтнээр гараараа оролдож эхлэхээр нь би хөлөөрөө жийгээд босоод ирэхэд яваад өгсөн. Бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийж байгаа нь мэдэгдэж байсан, мөн миний дээр нүцгэн гараад их аймар санагдаж байсан, загатнаж байгаа ч юм шиг өвдөөд байсан, би түлхсэн, ээж өглөө байгаагүй 2 дүү байсан. Ер нь бол манай ээжийг байхгүй эсвэл унтаж байхад л ийм зүйл хийгээд байдаг юм. Энэ талаар би ээждээ хэлж байсан удаа байхгүй, хэнд ч хэлээгүй хамгийн анх нийгмийн ажилтанд хэлсэн энэ...” /1хх 29-30 / гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлууд, өөрийн биед халдсан этгээдийн талаар мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 520 дугаар “...Н.Н нь хүчтэй стресст үзүүлэх хариу урвалтай байна. Н.Номин-Эрдэнийн хариу урвал стрессийн улмаас үүсэх олдмол сэтгэл зүйн түр зуурын хариу урвал юм. Н.Номин- Эрдэнэ нь гэмт хэрэгт холбогдсоны улмаас стрессийн шалтгаант сэтгэл зүйн хариу урвал үүссэн байх боломжтой байна. Н.Н нь өөрийн сэтгэлийн түвшинд хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /1хх 51-65/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 450 дугаар “... Б.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй ... хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ... хэрэг хариуцах чадвартай. ...” /1хх 71-72/ гэх дүгнэлтүүд,

Гэрч Б.Олонбаярын “...Уг хүүхэд нь гэр бүлийн гишүүний зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл өгсөн байсан энэ талаар 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Номин Номин” гэх фейсбүүк хаягаас 12 настай Номин-Эрдэнэ холбогдож “хавьталд орсны дараа сарын тэмдэг ирсэн бол зүгээр гэсэн үг үү” гэх мэдээлэл өгсөн байсан. Тухайн хүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Чат бокс үйлчилгээнд холбогдсон. 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дуудлагын агуулга нь “би 10 сард хүсээгүй хавьталд орсноос хойш санаа зовоод байна. 1 сард сарын тэмдэг ирсэн хэдий ч сүүлийн гурван сар ирэхгүй болохоор яахаа мэдэхгүй байна. Хүчирхийлэл үйлдсэн хүн манай гэр бүлийн гишүүн учир хүнд хэлэхийг хүсэхгүй байна” гэх мэдээлэл өгсөн байсан. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дахин уг утсанд “би хүчирхийлэлд өртсөнөө хэнд ч хэлээгүй, айгаад байна. Би энэ тухай ээжийг мэдээсэй гэж хүсэхгүй байна. Жирэмсэн байх магадлалтай гэж зөвлөгөө авсан юм. Би холимог тулааны спортоор хичээллэдэг болохоор дахин хүчирхийлэх гэж оролдвол өөрийгөө хамгаалж чадна гэж бодож байна. Би ээжид хэлнэ гэж сүрдүүлснээс хойш хүчирхийлэл үйлдээгүй. Манай ам бүл зургаа. Би дээрээ нэг ахтай, хоёр дүүтэй” гэх мэдээлэл өгсөн. Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд нууж болохгүй талаар тухайн хүүхдэд зөвлөгөө өгөөд хэний зүгээс хүчирхийлэлд өртсөн талаар 108 ажилтан асууж холбоо барих утасны дугаар бусад мэдээллээ өгөхийг хүсэж чат бичихэд “ээждээ мэдэгдэхийг хүсэхгүй байна. Одоо зүгээр байгаа” гэх мэдээлэл өгөөд татгалзаж чатанд хариу өгөөгүй. Тухайн хүүхэд рүү дахин чат бичиж үлдээгээд 4 дүгээр сарын 14-ний оройн 22 цаг 35 минут хүртэл хүлээсэн боловч хариу ирүүлээгүй тул тухайн хүүхдийн хаягийг тодруулах зорилгоор Цагдаагийн байгууллагын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү тухайн хүүхдийн мэдээллийг тодруулахаар илтгэх хуудас илгээсэн, уг илтгэх хуудасны хариу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “хүүхдийн аав Б.Н /рд:НТ84011215/, ээж Д. Өлзийномин /рд:88060602/., Гэрийн хаяг: БЗД 16-р хороо Бэлхийн 32-1-26 тоот” гэсний дагуу уг хүүхдийн сургууль болох Спортын төв ордон орж уг хүүхдийг дуудаж уулзсан. Эхний өдөр хүүхэдтэй 42 минут ярилцаж ерөнхий мэдээлэл авсан гэхдээ хүүхэд би аав, ээж хоёртоо хэлмээргүй байна гэдэг үгийг дахин, дахин хэлээд байсан. Мөн энэ талаар хүнд хэлдэггүй ярихыг хүсдэггүй гэж хэлж байсан. “Чамайг хэзээнээс оролдож эхэлсэн бэ?” гэж асуухад “намайг 11 настай байх үед байх гэж бодож байна” гэж хариулж байсан. “Ямар үед ийм харилцаанд ордог бэ, байнга ороод байдаг юм уу” гэхэд “байнга биш хаяа нэг удаа” гэж хэлж байсан. “Хаяа нэг гэдэг хугацаа нь ямар хугацаа юм бэ?” гэж асуухад “2-3 сар болоод нэг удаа гэсэн үг” гэж хэлсэн. Тэгээд охин өөрөө хичээл рүүгээ яараад байсан. Тэгэхээр нь би “маргааш уулзъя” гэж тохироход хүүхэд зөвшөөрсөн. “Чи өглөө гэрээсээ хэд гээд гардаг бэ?” гэж асуухад “би 7 цаг өнгөрөөд гардаг хичээл 13:30 цагт ордог” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи дундуур нь надтай уулзах боломж байна уу” гэж асуухад “11:30 цагаас 13:30 цаг хүртэл би завтай” гэж хэлсэн. ...Маргааш нь би яг цагтаа очоод бид хоёр Берлин зоогийн газарт орж хоол идэнгээ ярилцаад би түүнийг ээжид нь хэлэхийг зөвшөөрүүлээд мөн хамгаалах байрны талаар зөвлөгөө өгч нэлээд ярилцаж байж зөвшөөрүүлсэн. Тэгээд орой хичээл тарах үеэр нь ээжид нь хэлээд манай хорооны хамтарсан багийн хурлаар хэлэлцэх талаар би охинд хэлсэн. Охин зөвшөөрөөд хичээлээ тараад надтай уулзахаар болоод хичээлдээ орсон. Гэтэл охин “сүүлийн хоёр цаг хичээлгүй болсон” гэж над руу ярьсан ба “ажил дээр хүрээд ир” гэж охинд хэлээд ээж рүү нь залгатал “би ажилтай хөдөө Төв аймгийн Баянчандманьд явж байна, хэзээ очихоо хэлмээргүй байна” гээд утас нь сүлжээ унаад тасраад байсан. Хорооны хамтарсан баг хуралдаж хүүхдийг түр хамгаалах байранд өгөхөөр шийдвэрлэсэн. ...Охин надтай маргааш нь уулзахаар болсон өдрөө “өглөө 07:30 цагт гардаг” гэж хэлж байсан. Гэтэл тэр өглөө 07:30 цагт яваагүй, бэлтгэл нь ороогүй 09 цаг хүртэл гэртээ байсан, гэтэл “аав нь бас хүчирхийлсэн” гэж надад хэлсэн.  Энэ өдөр нь 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байсан гэсэн. ...” /1хх 37-39/,

Б.Нийн яллагдагчаар “...Эхний 2 удаа бол эрхлүүлж илсэн. Тэгээд сүүлдээ илэхээр арай өөр гоё санагддаг болсон. ...2023 оны 01 дүгээр сард санаж байна дотоожны нь гаднаас нэг удаа илсэн. Тэгэхэд миний охин унтаж байсан сэрэхээр нь больсон. Солонгос явж ирээд 4 дүгээр сард буйдан дээр унтаж байхад дотоожны гаднаас “бос” гэж хэлээд бэлэг эрхтнийг нь илсэн. Гэтэл “бослоо шүү дээ” гэж хэлээд хөлөөрөө миний гэдэс рүү жийгээд уурлаж босож ирээд тайвшраад би хичээлд нь хүргэж өгсөн. ...” /1хх 10-11/ гэх мэдүүлгүүд,

насанд хүрээгүй хохирогч Н.Номин-Эрдэнийн нас тоолсон тухай тэмдэглэл /1хх 118/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 14/, хүүхэд хамгаалах 108 дугаарын утасны цахим хаягт бичсэн зурвас /1хх 16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-23/, Б.Нийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 80-81/, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /1хх 110-114/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хамтарсан багийн хурлын шийдвэр /1хх 119/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Нийг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Насанд хүрээгүй хохирогч Н.Н, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нараас “...аав намайг хүчиндээгүй, ...өөрийн төрсөн охиныхоо эсрэг бэлгийн харидлцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй, ...Б.Нийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримтууд эргэлзээтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар бага насны хохирогч Н.Н нь хүчирхийлэлд өртсөн талаараа нэр, гэрийн хаягаа нууцалж эрх бүхий байгууллагад удаа дараа хандаж зөвөлгөө авсан бөгөөд эрх бүхий байгууллагын ажилтан хуульд заасан эрх үүргийн дагуу хохирогчийг тогтоох ажиллагаа явуулж тухайн хорооны нийгмийн ажилтан бага насны хохирогчтой уулзаж ярилцжээ. Улмаар бага насны хохирогчоос хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон талаар мэдээлэл өгсөн үйл баримт тогтоогджээ.

Хэдийгээр бага насны хохирогч Н.Н нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ анхан шатны шүүх хуралдаанд зөрүүтэйгээр мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Б.Н нь бага насны хохирогч болох өөрийн төрсөн охиноо хүчиндээгүй хэмээн маргасан боловч хохирогч Н.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн анхны мэдүүлэгтээ шүүгдэгчид хүчирхийлүүлсэн талаар тогтвортой мэдүүлсэн, түүний мэдүүлгийг гэрч Б.Олонбаярын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно.” гэж  хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны хохирогч Н.Номин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэний улмаас мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор Сүхбаатар дүүргийн хүүхэд хамгаалах түр байрны ээлжийн нийгмийн ажилтан А.Оюунчимэгийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй болжээ.

Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 276 дугаартай албан бичгээр мэргэжилтэн Э.Энхболдыг өөр ажилд шилжин томилогдсон үндэслэлээр тус байгууллагын Хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Д.Болортунгалагыг бага насны хохирогч Н.Номин-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцсэн. 

Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл ...” хэмээн тодорхойлоод, уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол онцгойлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчилсан. Мөн зүйлийн тайлбарт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэж заасан.

Хууль тогтоогч бага насны хүн гэдэгт насны хязгаар тогтоож, тэдний бие махбод, оюун ухаан гүйцэт хөгжөөгүй, үйл явдлыг бодитой үнэлж, үр дагавар учир холбогдлыг зөвөөр ойлгон ухамсарлах, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байдалд онцгой анхаарч, бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлыг бусад насны хүмүүсийнхээс илүү өндөр түвшинд  хамгаалах зорилгоор хүчиндэх гэмт хэргийг бага насны буюу 14 насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, ямар нэгэн байдлаар эрхшээлд нь байгааг далимдуулсан зэрэг тухайн хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжид хуульчилсан аргыг хэрэглэсэн байхыг шаардахгүй байхаар хуульчилсан.

Мөн “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэдгийг хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, түүний бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан байхыг ойлгоно” гэж хуульчлан тайлбарлажээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Н нь өөрийн төрсөн охин болох хохирогч Н.Номин-Эрдэнийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан түүний хөх цээжинд хүрч, мөн өгзөг базах, гэдэс илэх, бэлэг эрхтэнд гараа, бэлэг эрхтнээ хүргэх зэргээр бэлгийн халдашгүй байдалд нь халдаж хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр насанд хүрээгүй хохирогч Н.Н, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Нийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч Н.Н, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ