Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00552

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00552

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дүгээр гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 39,978,220 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч И.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 39,978,220 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* банкны Багануур салбараас ******* *******, түүний хамтран зээлдэгч ******* ******* нар нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр MN090034330001886628 тоот зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн хашаа, байшин барьцаалсан хэрэглээний зээл авсан. Уг зээлийн барьцаанд Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дүгээр гудамжны * тоотод байрлах 128 м.кв хувийн сууц болон тус хаягт байрлалтай 700 м.кв өмчлөх эрхтэй газар барьцаалсан. Зээлдэгч нийт 26,735,577 төгрөг төлснөөс үндсэн зээлэнд 11,211,618 төгрөг, зээлийн хүүнд 15,476,597 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 47,362 төгрөг нь тус тус төлөлт хийгдсэн.

Зээлдэгч И.******* нь зээл авах үедээ Улаанбаатар, Багануур дүүрэг * дугаар хороо, ** дугаар байранд гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулдаг ба гоо сайханчаар ажиллаж байсан. Одоо зээл төлүүлэхээр ажлын байранд очиход байдаггүй, гэрт нь очихоор хаалгаа нээдэггүй утсаа авдаггүй. 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 86 хоног хугацаа хэтэрч ангилал буураад байна. Иймд зээлдэгч И.*******, түүний хамтран зээлдэгч Б.******* нараас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн MN090034330001886628 тоот зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл үндсэн зээл 38,788,382 төгрөг, хуримтлагдсан хүү 1,179,606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,732 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг нийт 39,978,220 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дүгээр гудамжны * тоотод байрлах 128м.кв хувийн сууц болон тус хаягт байрлалтай 700 м.кв өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч И.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкны Багануур салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөр 39,978,220 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дүгээр гудамжны * тоотод байрлах 128м.кв хувийн сууц болон тус хаягт байрлалтай 700 м.кв өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч И.*******, Б.******* нар нь ******* банкны Багануур салбарын нэхэмжилсэн 39,978,220 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дүгээр гудамжны * тоотод байрлах 128 м.кв хувийн сууц болон тус хаягт байрлалтай 700 м.кв өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 39,978,220 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* * дүгээр гудамжны * тоотод байрлах 128 м.кв хувийн сууц болон тус хаягт байрлалтай 700 м.кв өмчлөх эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 214,020 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч И.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 214,020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ