Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/386

 

   2024           03           28                                         2024/ДШМ/386

 

Д.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

яллагдагч Д.Д,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 398 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Д-д холбогдох 2408 00000 0032 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

..... овгийн Д. Д, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .........../;  

Яллагдагч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Өндөр настны автобусны буудал дээр хохирогч П.Б-г бусадтай андууран цохиж газарт унаган, гэдэс рүү нь өшиглөх, уруул хэсэгт хазах зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд зүүн 3-р хавирганы хоёрлосон, зүүн 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зовхины цус хуралт, зулгаралт, доод уруулд шарх, цээжинд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг иш татсан бөгөөд мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “онц харгис хэрцгийгээр” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хуульчилсан байна. Иймд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болох хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийн хувьд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах нөхцөл байдал байгаа эсэхийг заавал шалган тогтоосны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгч, гэмт хэргийн зүйлчлэл хийх шаардлагатай. Эрүүгийн эрх зүйн онол болон хууль хэрэглээний нэгэнт тогтсон шүүхийн практикт “Онц харгис хэрцгийгээр” гэдэгт хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан зэрэг үйлдлийг хамааруулдаг. Энэ хэргийн улмаас хохирогч П.Б-ы 5 хавирга хугарсан, нүдний ухархайн дотор хана хугарсан, мөн түүний уруулыг хазаж сэтэлсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх бөгөөд уг үйл баримтыг шүүгдэгч Д.Д нь хүлээн зөвшөөрч прокурортой эрүүгийн хариуцлагын талаар харилцан тохиролцжээ. Энэхүү үйл баримтаас үзвэл, хохирогчийн биед нийт 10 тооны буюу олон гэмтэл учирсан байх бөгөөд нэг хавирганы хоёр хугарал болон бусад дөрвөн хавирганы хугарлын улмаас хохирогчийг өвтгөн шаналгасан, зовж зүдрэхээр байдал бий болгосон гэж үзэхээр байгаа юм. Түүнчлэн, шүүгдэгч Д.Д нь гэртээ харихаар явж байсан хохирогчийг ямар ч шалтгаангүйгээр зодож олон тооны гэмтэл учруулахын зэрэгцээ доод уруулыг нь сэт хазаж догшин авирласан болох нь тогтоогдсон байна. Шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хянавал зохих нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь заалтад нэрлэн заасан бөгөөд тус зүйлийн 4.1 дэх заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;” хэмээн хуульчилсан болно. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх нөхцөл байдлыг шүүх хянахдаа хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нь хангалттай нотлогдон тогтоогдсон, тохирсон эсэхийг заавал шалгах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч шүүхээс өмнөх шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурортой ял тохиролцсон эсэхээс нь үл хамааран шүүх үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг тохирсон эсэхийг хянаж үзэх ёстой. Тодруулбал, гэмт хэргийн зүйлчлэл илтэд зөрүүтэй, эсвэл шалгавал зохих байдал бүрэн шалгагдаагүй тохиолдолд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй юм. Иймд гэмт хэргийн зүйлчлэл илтэд зөрүүтэй бөгөөд шүүхээс хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэн зөвтгөх боломжгүй байх тул шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчсөн. Шүүгдэгч Д.Д нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээний талаар санал гаргаж, саналыг шүүгдэгч Д.Д-ээс хүлээн зөвшөөрсөн тул гарын үсэг зуруулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан зарлан явуулсан. Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч П.Б-д нөхөн төлбөр төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгч Д.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүд нь нэг тал болж гэм буруугийн талаар маргаагүй, ялын талаар тохиролцсон, ямар нэгэн эсрэг санал гаргаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа явагддаг эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явуулсан атлаа “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна”, 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-г заахдаа энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс “Хэргийн зүйлчлэл илтэд зөрүүтэй” гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан явуулахгүйгээр, гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой юм. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан явуулж шийдвэр гаргасан атлаа шүүгчийн захирамж гаргаж, улмаар захирамжийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт /Урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргах шийдвэрийн заалт/-г удирдлага болгосон, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх талаар тодорхой заагаагүй “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлага, хууль ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 398 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хэрэг буцсаны дараа хохирогчид хохирол төлбөр бүрэн барагдуулсан.  Согтуугийн гайгаар алдсан алдаа бөгөөд миний хувьд анхны хэрэг юм. Хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Д.Д-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс “... Д.Д-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинж байгаа эсэхийг тодруулах...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлдэг.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 620 дугаартай дүгнэлтээр “... П.Б-гийн биед зүүн 3-р хавирганы хоёрлосон, зүүн 7,8,9,10-р хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, доод уруулд шарх, цээжинд зулгаралт бүхий...“ эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан талаар дүгнэлт гарчээ.

Хохирогчид учирсан дээрх гэмтлүүдийн улмаас хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, зовж зүдрэхээр байдалд хүргэсэн эсэхийг шалгаж, яллагдагчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх шинж байгаа эсэхийг тогтоосны эцэст Д.Д-ын үйлдлийг зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй.   

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Энхнямын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 398 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Энхнямын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Яллагдагч Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Т.ӨСӨХБАЯР

                         ШҮҮГЧ                                                                   Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР