Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2021/00064

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2021/00064

 

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00429/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 629 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

4.634.288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь иргэн *******тэй дулааны эрчим хүчээр хангах гэрээг байгуулан дулааны эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангаж ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Хэрэглэгч ******* нь гэрээнд заасан дулааны төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй удаа дараа шаардуулж, төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, манай байцаагч нар удаа дараа шаардлага тавихад биелүүлэхгүй байна. ******* нь хувийн хаустай, хажуудаа 8 нэрийн хүнсний дэлгүүртэй, төлөхгүй байх эдийн засгийн боломжгүй хүн биш, боломжтой хүн байгаа. Өөрөө төлөх сонирхолгүй байна. ******* нь хувь хүн байж ийм өндөр төлбөр үүстэл төлбөрөө төлөхгүй яваад байгааг гайхаж байна. Эсвэл Дулааны сүлжээнд ямар нэгэн эрх мэдэлтэй хүн таньдаг байх гэж бодож байна. Тийм учраас хэрэглэгч *******гээс 2018-2021 онуудын дулааны дулааны төлбөр 4.634.288 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******гээс 4.634.288 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 89.098 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 89.098 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дарханы Дулааны сүлжээ ТӨХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Би *******-д өр төлбөртэй байгаа нь үнэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага болох 4.634.288 төгрөгийн зарим хэсгийг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дулааны төлбөр дээр үндэслэлгүйгээр 600.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна. Би энэ талаар байцаагч нарт удаа дараа хэлсэн. 4.034.288 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үндэслэлгүй нэхэмжилсэн 600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК хариуцагч Дархан сумын 15 дугаар багийн иргэн *******д холбогдуулж дулааны эрчим хүчээр хангасны төлбөр 4.634.288,65 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* нэхэмжлэлийг хүлээн авсан боловч татгалзсан болон хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй, нотлох баримт гаргаж шүүхэд мэтгэлцээгүй байна.

Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш 3 сар 25 хоногийн дараа хариуцагч *******г шүүх хуралдаанд оролцож, өөрийн эрх ашгаа хамгаалж мэтгэлцэх боломжоор хангахын тулд шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулсны эцэст хэргийг шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч ******* нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй тул шүүх мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй хэргийг хуульд зааснаар зөв шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хангагч, хэрэглэгчийн харилцааг зохицуулсан.

Дулааны эрчим хүчээр хангах гэрээ 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлж, хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байснаа нотлох дулааны эрчим хүчээр хангах гэрээний хавсралт,хэрэглэгчийн дулааны эрчим хүчээр хангагдсаныг нотлох 2018-2021 оны харилцагчийн дэлгэрэнгүй тайланг шүүхэд ирүүлсэн байна. Хэрэглэгч буюу хариуцагч ******* Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ биелүүлсэн эсэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ талаар шүүхэд мэтгэлцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагчид хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

Иймд хариуцагч *******гийн нэхэмжлэлээр шаардсан дулааны төлбөрөөс 4.034.288,65 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үндэслэлгүй илүү нэхэмжилсэн 600.000 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******гээс 4.634.288,65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-нд олгосугай гэснийг

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч *******гээс 4.634.288,65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-нд олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                 ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                                     Л.АМАРСАНАА