Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 225/МА2021/00021

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 225/МА2021/00021

 

 

 

 

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2021/00672 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* нарт холбогдох үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 5,312,060.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,668.88 төгрөг, нийт 11,173,729.75 (арван нэгэн сая нэг зуун далан гурван мянга долоон зуун хорин есэн төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гантогтох, А.Баттуяа, хариуцагч *******,*******, нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттуяа, Л.Гантогтох нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллахад банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд чанаргүй актив зээлүүд үлдсэн байдаг. Үүнд Ш.Зоригт,******* нарт олгосон зээл хамаарагдаж байгаа.

Иймд Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нар нь Хөвсгөл аймгийн Монгол шуудан банкны 110 дүгээр салбарын 17 дугаар төвтэй 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулсан байдаг. Ингэж байгуулахдаа 5,000,000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, жилийн 31.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч ашигласан байдаг. Зээлийн барьцаанд зээлдэгчид дундын өмчийн хэд хэдэн хөрөнгийг барьцаалсан байдаг боловч барьцаа хөрөнгө нь бодит байдал дээр байдаггүй. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй учир банкийг хохироож байна гэж үзэж байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 5,312,060.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 861,668.88 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ...2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан ... хариуцагч нар огт төлбөр хийгээгүй ... 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөр буюу нэхэмжлэл гаргах өдрөөр тооцож гаргасан мөнгөн дүн байгаа гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2008 онд Монгол шуудан банкнаас мөнгө зээлээгүй. Дараа нь хэдэн онд билээ зээлтэй байна гэж хэлж байсан. Манайх ямар ч зээл авч байгаагүй. Дахиж зээлтэй байна гэж банкнаас холбогдож байгаагүй гэв.

Хариуцагч Ш.Болормаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2008 онд манайх зээл авч байгаагүй. 2008 оноос хойш чимээгүй байснаа яагаад гэнэт зээлтэй гэж байгааг гайхаж байна. Сумын банкны хүн тухайн үед хэнд зээл өгснийг сайн мэдэхгүй байна. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2021/00672 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******,******* нарт холбогдох, үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 5,312,060.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 861,668.88 төгрөг, нийт 11,173,729.75 (арван нэгэн сая нэг зуун далан гурван мянга долоон зуун хорин есөн төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Энхтөр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс ... хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухайд буруу дүгнэлт гаргаж байна.

Учир нь Хадгаламж банк нь хэвийн үйл ажиллагаатай байх үед банкны системийн нийт хадгаламж эзэмшигчдийн 15.9 хувийг эзлэх системийн нөлөө бүхий банк байсан тул хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгөн хөрөнгөнд учрах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол банкнаас Хадгаламжийн Даатгалын Корпорациар дамжуулан Хадгаламж банкны актив, пассив хөрөнгийн зөрүүг (Хадгаламж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дутагдсан мөнгө) нөхөхөд зориулж 119.9 тэрбум төгрөгийг олгосон бөгөөд энэ хэмжээгээр төрд хохирол, зардал учирсан.

Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй зээл, авлагыг төлүүлсэн хөрөнгөөр төрд хохирол, зардлыг нөхөн төлүүлэх, түүн дээр нэмж Хадгаламж банкнаас татварын байгууллагад төлөх буюу ард иргэдэд зарцуулагдах ёстой 530.6 сая төгрөгийн татварын өрийг төлөх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь төрд учирсан хохирлын дүнд нэмэгдэх юм.

Нөгөө талаар Хадгаламж банкнаас зээл авч, зээлийг эргэн төлөхөөс санаатайгаар зайлсхийж байгаа этгээд нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгө болон төрөөс гарсан зардлаар хөлжих, Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах ажиллагааг дуусгасны дараа зээлийг эргэн төлөхгүй үлдэх нь шударга бус явдал юм.

Түүнчлэн хариуцагч нарт зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, утсаар ярьж, уулзаж, зээлийн өр төлбөрийг төлөх боломжит хугацааг тогтоон өгч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь *******,******* нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,173,729.75 (арван нэгэн сая нэг зуун далан гурван мянга долоон зуун хорин есөн төгрөг далан таван мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *******,******* нар төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэгт цугларсан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч *******,******* нар нь 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Монгол шуудан банкны 110 дугаар салбарын 17 дугаар төвөөс 163 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 2.6 хувь, жилийн 31.2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд машин, 135 толгой мал, хашаа байшин, өвөлжөө зэргийг барьцаалжээ. /хх-н 19-23 тал/

Гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний хугацаа 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дуусан байх ба 2009 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт зээлдэгч нар гарын үсэг зураагүй нь гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй ба анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна. /хх-н 29 тал/

Хариуцагч нарт зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, утсаар ярьж, уулзаж, зээлийн өр төлбөрийг төлөх боломжит хугацааг тогтоон өгч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй гэх давж заалдах гомдлын тухайд:

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь ....2021 оны 03 дугаар сарын 25-ны байдлаар... 11,173,729.75 төгрөгийн үлдэгдэлтэй байна.... гэж 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаартай зээлийн гэрээгээ цуцалж 12 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний доорх заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 4.2-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол банк гэрээний 5.1.5-д зээл түүний үндсэн хүүгийн төлөлтөд хуваарийн дагуу байнга хяналт тавьж зээл, хүүгийн төлбөр хүү хэтэрсэн тохиолдолд шалтгааныг тодорхойлж төлбөрийг нэн яаралтай төлөхийг зээлдэгчээс шаардаж хугацаатай мэдэгдэл хүргүүлэх...., мөн гэрээний 7.2.3-т гэрээний заалтуудыг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчил арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй.... гэх гэрээний зохицуулалтаас үзвэл банк дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, зээлдэгч нарт зээлээ төлөх талаар албан ёсоор мэдэгдэж байсан талаарх нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар: ....хариуцагч нараас зээл төлүүлэх нэхэмжлэл гаргах хугацааны хувьд бол маш олон чанаргүй зээл байдаг, тэдгээрийг нэгэн зэрэг шүүхэд өгөх боломжгүй учир график гаргаж түүний дагуу л шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.... гэж тайлбарлаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй, хууль зүйн үндэслэлгүй болно.

Зээлийн гэрээний 9.3-т гэрээний үүргийн биелэлтийн явцад гарах маргааныг талууд харилцан хэлэлцээр хийх замаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ. Зөвшилцөлд хүрч эс чадвал маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ, 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний 4.1-д гэрээтэй холбогдон үүсэх харилцаа нь Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдана гэж тус тус зааснаас дүгнэвэл гэрээний үүргээ биелүүлээгүй, маргаж байгаа тохиолдолд хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй байжээ.

Гэтэл Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн байх боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасныг зөрчсөн, 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дээрх гэрээний хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх тул нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах үед хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байх тул ....хариуцагч нарт зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, утсаар ярьж, уулзаж, зээлийн өр төлбөрийг төлөх боломжит хугацааг тогтоон өгч байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй.... гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2021/00672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


,