Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/387

 

  2024            03            28                                          2024/ДШМ/387

 

Л.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнхболд,

хохирогч Х.Ч-гийн өмгөөлөгч Г.Ганбат,

шүүгдэгч Л.З-гийн өмгөөлөгч Д.Амаржаргал,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.З-ын өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Л.З-д холбогдох 2309 00000 2819 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

.............. овгийн Л.З, .... оны .. дугаар ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 1, ......... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .............;  

Шүүгдэгч Л.З нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө ........ дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” нэртэй ...-д хохирогч Х.Ч-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Л.З-с 2.489.136 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ч-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Ч нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.З-н өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. ... Анхан шатны шүүх шүүгдэгч Л.З-г 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Хохирогч Х.Ч-с эмчилгээний зардалд нийт 3.989.136 төгрөг нэхэмжилсэн ба эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан 89.736 төгрөг, хамрын таславч тэгшлэх мэс засалд орох зардалд 3.899.400 төгрөг тус тус нэхэмжилсэн. Шүүх хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд 1-4 хүртэл дугаарлагдсан 89.736 төгрөгийн баримт, 22 дугаар хуудсанд авагдсан “ЭМЖЖ” эмнэлгийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Л.З-с 3.989.136 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Л.З нь хохирогч Х.Ч-т хохирлын төлбөр гэж 1.500.000 төгрөг төлж барагдуулсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар үлдэгдэл 2.489.136 төгрөгийг шүүгдэгч Л.З-с гаргуулж хохирогч Х.Ч-т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хавтаст хэргийн 22 дугаар хуудаст авагдсан “ЭМЖЖ” эмнэлгийн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлснийг үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, хохирогчийн гаргаж өгсөн “ЭМЖЖ” эмнэлгийн тодорхойлолт нь ирээдүйд бий болох төлбөрийг нэхэмжилж гаргасан баримт байхад, шууд бодитой гарсан зардал гэж тооцсон нь үндэслэлгүй байна. Харин хохирогч эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн нь хохирогчийн эрх ашгийг хамгаалсан заалт байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар үлдэгдэл 2.489.136 төгрөгийг шүүгдэгч Л.З-с гаргуулж хохирогч Х.Ч-т олгох”-оор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.Ч-н өмгөөлөгч Г.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтаст хэргийн 22 дугаар талд “ЭМЖЖ” эмнэлгийн тодорхойлолт авагдсан. Мөн Х.Ч-г зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай, хагалгааны зардал 3.899.400 төгрөг гэж тодорхойлсон баримт хэрэгт байгаа. Шүүгдэгчээс 1.500.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Хамрын хагалгаанд орж чадаагүй байгаа. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байгаа. ...” гэв.

Прокурор Э.Мөнхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогчоос 89.736 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Мөн хамрын хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай бөгөөд хагалгааны зардал 3.899.400 төгрөг гэсэн баримтыг “ЭМЖЖ” эмнэлгээс гаргасныг хэрэгт хавсаргасан. Шүүгдэгчээс 1.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн тул 2.489.136 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Шүүгдэгчээс зайлшгүй нэмж гаргуулах шаардлагатай төлбөр нь 3.899.400 төгрөг юм. Хохирогчийн эрүүл мэндэд нь хүндрэл бий болж, дахин эрүүл мэндийн үйлчилгээ авсан бол ирээдүйд гарах зардал гэж ойлгоно. Прокурорын зүгээс үүнийг зайлшгүй гарах зардал мөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.     

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

      Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Л.З нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө .......... дүүргийн . дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” нэртэй ...-д хохирогч Х.Ч-н нүүрэн тус газарт нэг удаа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Ч-н “... Үл таних залуу А.Б-тэй маргалдаад зогсож байсан тэр үед нь би очоод учир байдлаа хэлээд “хамт ажилладаг хүмүүс юм аа, янз бүрийн юм битгий бод оо...” гэж хэлээд өөрийн сууж байсан ширээн дээрээ ирээд суусан. Тэгсэн миний ардаас дагаж ирээд хоолой боогоод, тэгэхээр би боолтын тавиулаад “учраа ольё” гэж хэлээд суудлаасаа өндийгөөд бостол тэр залуу миний зүүн талын нүд рүү цохиж, хаяад зугтаасан....” /хх 5/,

гэрч А.Б-н “... Л.З бид хоёр гадаа гарч маргалдсан чинь Л.З уурлаад буцаад нөгөө ... руу орсон. Би гадаа хэсэг хүлээж байгаад араас нь ортол зөөгч нар нь ирсэн, дарга Х.Ч-ийн хамраас цус гарсан байдалтай сууж байсан. Тэгсэн Л.З гараад явсан. ...” /хх 12-13/,

гэрч А.М-ын “... А.Б дээр ирсэн залуу буцаж орж ирээд Х.Ч ах руу дайраад боогоод авсан. ... Х.Ч ах тэр залууд хандаж “чи яаж байгаа юм бэ, ямар учиртай юм бэ” гэтэл гэнэт нөгөө залуу Х.Ч ахын нүүрэн тус газарт нь цохиод авсан. Тэгсэн нүд нь хавдаад хамраас нь цус гарсан. ...” /хх 15-16/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Х.Ч-ийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алим, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 14189 дугаартай дүгнэлт /хх 28-29/,

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “ЭМЖЖ” эмнэлгийн дүрс оношлогоо /хх 21-23/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Л.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.З-г хохирогч Х.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн шүүхээс шүүгдэгч Л.З-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Л.З-ын өмгөөлөгч Д.А-аас “... “ЭМЖЖ” эмнэлгийн тодорхойлолт нь ирээдүйд бий болох төлбөрийг нэхэмжилж гаргасан баримт байхад, шууд бодит гарсан зардал гэж тооцсон нь үндэслэлгүй тул 2.489.136 төгрөгийг шүүгдэгч Л.З-аас гаргуулж хохирогч Х.Ч-т олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан “ЭМЖЖ” эмнэлгийн тодорхойлолтод “Х.Ч ... гэмтэл авснаас хойш 2-3 сарын дараа хамар ясны хугарал засах, таславч тэгшлэх мэс засалд орж хамрын амьсгалыг засах шаардлагатай, ... хамрын хугарал засах мэс заслын төлбөр 3.899.400 төгрөг ба мэс заслын өмнөх багц шинжилгээ өгөх бөгөөд мэс заслын дараа гэрээр эм авч ууна. ...” /хх 22/ гэснээс үзэхэд хохирогчид учирсан хамрын ясны хугарал гэмтлийг засах мэс засал хийлгэн, амьсгалын замыг чөлөөлөх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

Дээрх байдлыг харгалзан, анхан шатны шүүх зайлшгүй мэс засал хийлгэх 3.899.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж, үүн дээр хохирогчийн эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан 89.736 төгрөгийг нэмж, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид төлсөн 1.500.000 төгрөгийг хасаж, шүүгдэгчээс гаргуулах нийт хохирол төлбөрийн хэмжээг 2.489.136 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч Л.З-ын өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/49 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.З-ын өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР