Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/388

 

  2024            03            28                                         2024/ДШМ/388

 

Б.Х, П.А, П.У

М.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Батзаяа,

шүүгдэгч Б.Х, П.У,

шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарын өмгөөлөгч Д.Батбаяр, Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х, шүүгдэгч П.А, П.У, М.У, Б.Х нарын өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Х, П.А, П.У, М.У нарт холбогдох 2206 04819 3026 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. ........ овгийн Б.Х, .... оны ..  дугаар сарын .. -ны өдөр ........ төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........................................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ............./,  

2. ... овгийн П.А, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................/,

3. ............. овгийн П.У, .... оны .. дүгээр сарын .. -ний өдөр ............ төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт .............................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./,

4. ............ овгийн М.У, .... оны .. дүгээр сарын .. -ний өдөр........................  төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... гэх газар оршин суух хаягтай,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ......................../;

 Шүүгдэгч П.У, Б.Х, М.У, П.А нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс Хушны үр буюу самар 158.6 кг-ыг түүсэн үйлдлийн улмаас байгаль орчинд 84.026.280 төгрөгийн хохирол учирсан, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/282 дугаар тушаалын хавсралтаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-аар иргэн ахуйн зориулалтаар 1 удаа 50 кг Хуш модны үр болох самрыг түүж, бэлтгэхийг зөвшөөрсөн хэмжээнээс их 65 кг Хуш модны үр болох самрыг түүсэн, 09 сарын 20-ны өдрөөс дараа оны 02 сарын 01-ний өдрийн хооронд түүж бэлтгэхээр заасан хугацаанаас өмнө буюу 09 сарын 14-нөөс 16-ны өдрийн хооронд тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдөөгүй бүсээс түүж, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Х, П.А, П.У, М.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тэдгээрийн үр, эрхтэнийг түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд тус тус 1 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүрэг болон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 86.402.280 төгрөгөөр тооцож, шүүгдэгч нараас тус бүр 21.600.570 төгрөгийг тус тус 2 жилийн хугацаанд гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “Isuzu Bighorn” 30-52 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.200.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-гийн цагдан хоригдсон 16 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хүнсний самар түүж, тээвэрлэсэн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд хохирлыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөхөө илэрхийлж байна. Миний бие элэгний хавдар өвчний учраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэс засалд орж, элэгний 70% болон цөсөө авахуулсан. Мөн 2023 онд Солонгос улсад эмчилгээ хийлгэж ирсэн ба 2024 оны 5 дугаар сард дахин явж эмчилгээ хийлгэх юм. Иймд миний эрүүл мэнд болон ар гэрийн байдал, хувийн байдлыг харгалзан, надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.800.000 төгрөгөөс надад оногдох 1.200.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний төлөх 21.600.570 төгрөгийн хохирлоос хасаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч П.У, Б.Х, М.У, П.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ” гэж заасан байдаг. Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд “зөвшөөрөлгүйгээр” гэж адилхан зааж өгснөөс үүдэн самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэж, боловсруулсан тохиолдолд ямар хуулиар шийдвэрлэх нь эргэлзээтэй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх самрыг Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” хэмээн баталж, мөн Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор хушны үр идээг ховор ургамалд хамааруулан шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

2. П.У нарт холбогдох хэрэг учралд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 0220604819 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн ба хэрэг бүртгэлийн хугацаа сунгасан мөрдөгч болон прокурорын тогтоол байхгүй. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нэг сар сунгасан. Өөрөөр хэлбэл, 5 сараар хугацаа сунгаагүй. Ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 30.9 дүгээр зүйл, 30.13 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарын өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Х нь элэгний хавдартай бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд холбогдох баримтуудыг гаргаж өгч чадаагүй. Б.Х давж заалдах гомдолдоо Солонгос улсад эмчлүүлэх, хагалгаанд орох шаардлагатай талаараа бичсэн. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул тэрээр эмчилгээндээ явж чадахгүй, эрүүл мэндийн байдал нь дордох нөхцөл байдал үүссэн. Тэрээр гэм буруугийн талаар маргадаггүй. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор М.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлд “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна гэж заасан. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна.” гэж, мөн “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж тус тус хуульчилсан. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “самар нь ойн дагалт баялаг” гэж тодорхойлсон. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад ховор ургамлын жагсаалтын 355-т самрыг “Нарсны төрлийн модны үр” гээд, 2015 оны 410 дугаар тогтоолоор хушны үр идээг ховор ургамалд хамааруулахаар шийдвэрлэсэн. Дээр дурдсанаар самар нь хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамал юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршгийн хэмжээ шаарддаггүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч нарын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас бусад зорилгоор 158.6 кг хушны самар түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан байна. ... Тухайн хэрэг прокурорт ямар нэг саналтайгаар ирсэн бол хэрэг бүртгэлтийн хугацаа сунгалт хийхгүйгээр зогсдог. Энэ хэргийг прокурор Саруул-Ирээдүй хааж шийдвэрлэсэн боловч дээд шатны прокуророос хэргийг сэргээсэн тул хугацаа сунгах эсэх асуудал яригдахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч П.У, Б.Х, М.У, П.А нар нь бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Баянголын ам гэх газраас “Isuzu Bighorn” загварын 3052 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдөөгүй бүсээс ховор ургамал болох Сибирийн нарс /хуш/-ны үрийг /самар/ 158.6 килограммыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн, үүний улмаас байгаль орчинд 84.026.280 төгрөгийн хохирол учирсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-ийн “…Ойн дагалт баялагийг ашиглах мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 3 жилийн хугацаатайгаар шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдэд олгодог. Гэвч хориглосон бүсээс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хуш модны самар бэлтгэж болохгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ч нийслэлийн ногоон бүст хамаарах газраас бэлтгэхгүй. 2022 оны хувьд нийслэлийн ногоон бүсээс хуш модны самар бэлтгэхийг хориглосон, дээрх дурдсан сайдын тушаалд заасан байгаа. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тиймдээ ч уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ховор ургамлын үр, идээ болж байгаа юм. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. Ойн тухай хуулийн 3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг гэж заасан тул хуш модны самар нь энэ ойлголтод багтаж байна. … Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар “… нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцох”-оор журамлаж өгсөн. Мөн самар нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан монгол оронд ургаж байгаа Сибирь хушны үр идээ мөн. …” /1 хх 34-37/ гэсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нар гэмт хэрэг хэрхэн үйлдсэн талаараа гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1 хх 149-159/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “… Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Сибирь нарс хуш Pinus sibirian Du tour нь Засгийн газрын 1995.08.25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралт “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн “Хуш” модны самрыг түүж, бэлтгэсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. … Шинжилгээнд ирүүлсэн “Хуш” модны самрын таримал эсвэл байгалийн зэрлэг аль нь болохыг тодорхойлох боломжгүй. … Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 158.6 кг хуш модны хуурай самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 28.008.760 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 176.600х3х158.6кг=84.026.280 төгрөг байна. ...” гэсэн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2880 дугаар дүгнэлт /1 хх 56-59/,

Үнэлгээний тайлан “… 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Сибирь хуш модны үр идээ болох хуш модны цайруулсан 1 кг самрын үнэ зах зээлд дунджаар 5-10 мянган төгрөг байна. Хэрэгт хураан авсан 158,6 кг самрын зах зээлийн үнэлгээ 2023 оны 09 сарын 16-ны өдрийн байдлаар 1.110.200 төгрөг байна гэж тогтоолоо” /1 хх 237-242/, “Isuzu Bighorn” загварын 3052 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.800.000 төгрөгөөр үнэлсэн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023-8/02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 65-71/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 13/, илтгэх хуудас /1 хх 14/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 15-18/, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 22-25/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тэдгээрийн үр, эрхтэнийг түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих хүрээ, хязгаарыг тогтоогоогүй байх тул нутаг дэвсгэрийн хязгаарлалтын бүсийг шүүгдэгч нарын оршин суугаа газрын сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв. 

Мөн прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа зэрэг хэргийн нөхцөл байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шууд хуулбарлах байдлаар бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, найруулсан болохыг дурдаж байна.  

Шүүгдэгч Б.Х-ээс “...миний эрүүл мэндийн хүнд  нөхцөл байдлыг харгалзан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийн надад оногдох хэсэг болох 1.200.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний төлөх төлбөрөөс хасаж өгнө үү. …” гэсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Батбаяраас “...Анхан шатны шүүх самрыг Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д, мөн Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор хушны үр идээг ховор ургамалд хамааруулан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, … хэрэг бүртгэлийн хугацаа сунгаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн …” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан ба харин Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн: 3.1.1, 3.1.2, 3.1.11, 3.1.12-т ой, ойн сан, ойн баялаг, ойн дагалт баялгийн талаар тодорхойлсон байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “…Сибирь нарс /Хуш/ нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал” гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлт болон Ойн тухай хууль, Засгийн газрын тогтоол зэргийг үндэслэн анхан шатны шүүх хуш модны идээг ховор ургамлын төрөл гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тооцохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 86.402.280 төгрөгөөр тогтоон, уг төлбөрийг хувааж, шүүгдэгч тус бүрээс 21.600.570 төгрөгийг гаргуулахаар, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Үүнээс гадна, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын  шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарын өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/108 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Х-нийг Баянзүрх дүүргийн, шүүгдэгч П.А, П.У нарыг Чингэлтэй дүүргийн, шүүгдэгч М.У-г Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрээс гарахыг тус тус хориглох хязгаарлалт тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х болон шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарын өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР