Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 55

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              М.Энхбаатар

 Хохирогч                                   Б.Гантулга

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттуяа

 Шүүгдэгч Б.Лаварын хууль ёсны төлөөлөгч Х.Сундуй,

 Шүүгдэгч Э.Шинэтулгын хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэбат

Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Э.Шинэтулга, Б.Лавар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831000170038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 01-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 17 натсай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эмээгийн хамт Булган аймаг Хангал сумын 3 дугаар баг 2 дугаар хэсэг 16 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Эрдэнэбаатарын Шинэтулга /РД:ФА-01210117/

Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 6, ээж дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг Ар нуга 4-125 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Атган цонгоол овогт Баттүшигийн Лавар /РД:МН-00282514/

        

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Лавар, Э.Шинэтулга нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд орших Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бие засах өрөөнд тус сургуулийн сурагч Б.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Шинэтулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 04-нд Үүрийнтуяа худлаа яриад, гантулгыг гэмтээх шалтгаан болсон юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Лаварын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 04-нд сургуулиа төгсөөд гэрчилгээгээ авах гэж байсан. Б.Гантулгыг бие засах өрөө руу дагуулан орж Шинэтулгатай нийлж зодсон нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг

Хохирогч Б.Гантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотоос вагоноор ирсэн. Толгойтын буудлаас Э.Түмэнцэцэг вагонд орж ирээд галт тэргэнд цуг ирсэн. 2018 оны 01 дүгээр сарын 04-нд сургуулиа төгсөөд гэрчилгээгээ авах гээд сургууль дээрээ байсан юм. 13 цагийн үед намайг Б.Лавар бие засах өрөө хамт орчихоод ирье гэхээр нь би хамт орсон, араас Э.Шинэтулга орж ирээд намайг цохиод зодоод байсан. Намайг Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт үзүүлж, дараа нь би эх нялхаст хамраа эмчлүүлсэн. Одоо цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна..” гэх мэдүүлэг

Гэрч Б.Гантулгын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын МСҮТ-д сурдаг байсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сургуулиа төгсөж байгаа учир мэргэжлийн үнэмлэхээ авах гэж байсан юм. Тэр өдөр намайг Сургуулийн хүлээлгийн танхимд байж байхад миний таньдаг Б.Лавар намайг дуудаж байгаад 2-лаа 00-н өрөө орчихоод ирье гэхээр нь би дагаж ортол бид хоёрын араас Э.Шинэтулга, А.Хангарьд 2 орж ирэх үед Б.Лавар 00-н өрөөний хаалгыг хаагаад түгжсэн ба Э.Шинэтулга над дээр ирээд чи хотод яасан гэнээ гээд миний хамар луу баруун гараараа цохисон тэр үед миний хамарнаас цус гарахаар нь хамараа гараараа дараад доош тонгойсон байх үед миний нүд нүүр лүү өвдөглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/

Гэрч Г.Үүрийнтуяагийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр МСҮТ-д сургууль дээрээ байж байгаад өөрийн таньдаг найз Э.Шинэтулгатай сургуулийн 2 давхарт таарсан юм. Тэгээд би Э.Шинэтулгад хэлэхдээ танай найз охин Э.Түмэнцэцэг Б.Гантулгатай хотод уулзаад цуг хоноод цуг шинэ оноо гаргасан юм байна лээ гээд худлаа тоглоод хэлсэн юм. Тэгээд яриандаа болоод тоглосон гэдгээ хэлэхээ мартсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

Гэрч Э.Түмэнцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багт байрлах МСҮТ-д сурдаг. Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны орой Улаанбаатар хотоос вагоноор ирж байгаад сургуулийнхаа Б.Гантулгатай тааралдаад хамт ирсэн юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай найз Э.Шинэтулга Б.Гантулгыг зодсон гэсэн. Ямар учраас зодсон болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

Гэрч А.Хангарьдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр найз Б.Лавартай цуг МСҮТ-ийн спорт зааланд байж байхад Э.Шинэтулга гаднаас орж ирээд Б.Лавар бид хоёрыг дуудахаар нь яваад очтол Э.Шинэтулга 3-лаа Б.Гантулгатай уулзъя гэж хэлсэн. Тэгээд Б.Лавар Б.Гантулгыг дуудаад бид 4 сургуулийн 00-д орсон.тэр үед эхлээд Б.Лавар Б.Гантулга 2 түрүүлж ороод яг араас нь Э.Шинэтулга бид хоёр орсон. Тэгээд Б.Лавар хаалга түгжээд эргэж хараад зогссон. Тэгээд Э.Шинэтулга Б.Гантулга дээр очоод хотод яасан яасан гэнээ гэж хэлсэн чинь Б.Гантулга би яасан юм бэ гэж хариулах үед нь Э.Шинэтулга нь Б.Гантулгын нүүр лүү нэг удаа цохисон. Тэр үед Б.Гантулга нүүрээ дараад доошоо тонгойхоор нь би Э.Шинэтулгыг тэврээд салгах үед Б.Лавар чи найзуудын хооронд яагаад байгаа юм гэж хэлээд Б.Гантулгын цээж хэсэг рүү нэг удаа өвдөглөөд нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр 2-ыг 00-оос гарагчихаад эргээд харахад Б.Гантулгын нүүрнээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

Гэрч С.Эрдэнэбатын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Шинэтулга нь төлөв томоотой хүнд тусархуу ямар нэгэн муу зуршилгүй хэдий эцэг эх нь тоохгүй ч гэсэн эмээгээ ганцаараа халамжилдаг мундаг хүүхэд байгаа юм. Миний мэдэж байгаагаар Э.Шинэтулга нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

Гэрч Л.Мөнхзулын 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Лавар гэх хүүхэд Түшиг сумын 2-р баг 4-125 тоотод ам бүл 6 амьдардаг. Б.Лавар болон түүний ээж Оюунчимэг нар эрхэлсэн тодорхой ажилгүй тул амжиргааны түвшингээс доогуур орлоготой айл өрхөд хамаардаг. Миний мэдэж байгаагаар Б.Лавар нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Манай нутгийн хүмүүс ярьж хэлэхдээ Б.Лавар нь хөдөлмөрч хичээл номондоо сайн ажилсаг хүүхэд гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/

Гэрч Б.Наранбатын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зодоон болсон өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг сургууль дээрээ байж байхад Б.Гантулга нь Б.Лавар Э.Шинэтулга нарт зодулсан гээд нүүрээ дарчихсан байсан. Тэгээд Э.Шинэтулга Б.Лавар Б.Гантулга нараас юу болсон талаар асуухад манай сургуульд суралцдаг Үүрээ гэх охин нь Э.Шинэтулгад танай найз охин Б.Гантулгатай вагоноор ирсэн гэж хэлснээс болсон юм шиг байна лээ. Миний бодлоор Э.Шинэтулга нь өөрийн найз охиноо Б.Гантулгатай хардаад зодчихсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/

Гэрч А.Цагаанхүүгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б.Лавар Э.Шинэтулга нартай найзалж нөхөрлөөд 3 жил болж байна.Миний мэдэж  байгаагаар Б.Лавар Э.Шинэтулга нар нь дөлгөөн зантай найз нөхөд анги хамт олноо гэсэн сэтгэлтэй сайн хүүхдүүд байгаа юм. Мөн ямар нэгэн муу муухай зуршилгүй гэмт хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36  дугаар тал/

Шинжээчийн 2018 он ы 01 сарын 15-ны өдрийн 56 дугаартай:

“1.Б.Гантулгын биед хамар ясны хугаралт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд хөхрөлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46дугаар тал/

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 58, 65 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-72 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 76 дугаар тал/

Булган аймгийн Хангал сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 78-80 дугаар тал/

Э.Шинэтулгын Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 84-85 дугаар тал/

Б.Лаварын Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 86-87 дугаар тал/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 88-89 дүгээр тал/

Түшиг сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 90 дүгээр тал/

Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр тал/

12а ангийн хамт олны тодорхойлолт /хх-ийн 92 дугаар тал/

Шүүгдэгч Б.Лаварын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/

Шүүгдэгч Э.Шинэтулгын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

         Шүүгдэгч Б.Лавар, Э.Шинэтулга нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд орших Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бие засах өрөөнд тус сургуулийн сурагч Б.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

         Үүнд: Шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Гантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 14-15/, гэрч Г.Үүрийнтуяагийн /хх-ийн 20-21/, Э.Түмэнцэцэгийн /хх-ийн 22-23/, А.Хангарьдын /хх-ийн 24-25/ мэдүүлгүүд болон шинжээчийн 56 тоот дүгнэлт /хх-ийн 46/ зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Гантулгын мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Шинэтулга, Б.Лавар нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “..бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.  

         Иймээс шүүгдэгч Э.Шинэтулга, Б.Лавар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “...Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуулинд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “...шүүгдэгч нар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэгт холбогдох үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

         Учир нь: Шүүгдэгч нар нь хэдийгээр 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч хохирогч Б.Гантулгын эрх чөлөөнд бүлэглэж халдсан, улмаар түүний эрүүл мэндэд учруулсан хохирлыг арилгахад идэвхтэй санаачлага гаргаагүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжилж байгаа зэрэг байдлыг харгалзан хуулинд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

         Шүүгдэгч  нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзэв.

         Хохирогч Б.Гантулга, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Баттуяа нарын зүгээс эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг нэхэмжилж байх боловч холбогдох баримтаа ирүүлээгүй байна.

         Харин хавтаст хэргийн 97 дугаар талд авагдсан замын зардлын баримтанд тулгуурлан 30.200 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу 15.100 төгрөг шүүгдэгч тус бүрээс гаргуулан хохирогчид олгохоор тогтов.

        Хохирогч Б.Гантулга нь энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.  

   Шүүгдэгч Э.Шинэтулга, Б.Лавар нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэбаатарын Шинэтулга, Атганцонгоол овогт Баттүшигийн Лавар нарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэбаатарын Шинэтулга, Атганцонгоол овогт Баттүшигийн Лавар нарт тус тус 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 8.3 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан Э.Шинэтулга, Б.Лавар нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Шинэтулга, Б.Лавар нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногтой тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Ялтан Э.Шинэтулга, Б.Лавар нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Э.Шинэтулгаас 15.100 төгрөг, Б.Лавараас 15.100 төгрөг тус тус гаргуулан хохирогч Б.Гантулга, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Баттуяад олгосугай.

7.Хохирогч нь цаашид эмчлэгдэх эмчилгээний зардал болон бусад баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Ялтан Э.Шинэтулга, Б.Лавар нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 ДАРГАЛАГЧ                                         Б.ЭРДЭНЭХИШИГ