Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/466

 

 

 

 

    2024           4             23                                        2024/ДШМ/466

 

И.С, Ц.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж хийсэн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.С, Ц.О нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Д.Хонгорзулын бичсэн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлээр И.С, Г.Отгонсайхан нарт холбогдох эрүүгийн 2305000002080 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн И.С, 1987 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 99 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 382 тоотод түр оршин суудаг, /РД:ЧО87031102/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Боржигон овгийн Ц.О, 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 32 дугаар гудамжны 50 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 362 тоотод түр оршин суудаг, /РД:УХ94122621/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 01 сарын хуацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 761 дугаартай шийтгэх тогтоолор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлйин 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 761 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял,

Дүүргйин Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 906 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял,

Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч И.С, Ц.О нар бүлэглэн үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр:

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Боззоло” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн С.Болормаагийн халааснаас түүний өмчийн “Samsung A-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 428.000    төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Боззоло” гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн М.Нарантуяагийн халааснаас түүний өмчийн “Samsung A-71” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 425.000    төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жүр үр” нарийн боовны газарт үйлчлүүлж байсан иргэн Д.Тайванжаргалын халааснаас түүний өмчийн “IPHONE 14 Pro Max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.550.000    төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас И.С, Ц.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн И.С,  шүүгдэгч Боржигон овгийн Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.С, Ц.О нарыг 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С, Ц.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Сгийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, шүүгдэгч И.С, Ц.О нарын холбогдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарын 3 ширхэг гар утсыг мөрдөн байцаалтын шатанд биет байдлаар төлж барагдуулсан байх ба тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сгийн хүүхдүүд болох С.Сод-Эрдэнэ, С.Учрал, С.Марлаа, С.Мөнхбаатар нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Баянгол дүүргийн Засаг даргад, шүүгдэгч Ц.Оы хүүхдүүд болох Н.Пүрэвбаатар, Н.Өсөх-Ирээдүй, О.Сарнай, Б.Дөлгөөн нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.С давж заалдах гомдолдоо “...Миний бие 3-18 насны 5 хүүхдийн эх, өрх толгойлон амьдардаг. Амьдралын буруу хэв маяг, эрхэлсэн тодорхой ажилгүй байдлаасаа болж, гэмт хэрэгт холбогдсондоо туйлын ихээр харамсаж байна. Одоо тогтвортой ажилтай болж, хүүхдүүд өсч, амьдралын зорилготой болсон учир цаашид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй ажиллаж амьдрах чадвартай болсон байдлыг минь харгалзан надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хорихоос өөр хэлбэрээр оноож өгнө үү.

Мөн миний бага хүү 3 настай, эвэрхий өвчний хүнд хаалгаанд орох гэж байгаа тул хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгааг харгалзан үзэж, мөн өсвөр насны хүүхдүүдээ асран хамгаалах боломж олгож туслана уу. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй, сайн ээж байж, үр хүүхдүүдийхээ сайн сайхны төлөө хичээж, ажиллаж, амьдарч чадна гэдгээ илэрхийлж байгааг хүлээн авч, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан хөнгөрүүлэн, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдолдоо “...Би 1-ээс 9 насны 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Ээж минь зүрхний хүнд өвчтэй, мэс засалд орох шаардлагатай байсан боловч миний зүй бус үйлдлээс болж, эмчилгээгээ хойшлуулж, хүүхдүүдийг минь асарч, эрүүл мэнд нь эрсдэлд орж байгаад би маш их харамсаж байна. Хохирогч Нарантуяад 425.000 төгрөг, Болормаад 428.000 төгрөг, Тайванжаргалд 3.550.000 төгрөгийн хохирол учруулснаа төлж барагдуулсан. Надад итгэл үзүүлж, үр хүүхдүүдтэйгээ хамт байх боломжыг олгож, сүүлийн удаа итгэл үзүүлж өгнө үү. Иймд дээрх хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Д.Хонгорзул бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2024 оны 3 сарын 14-ний өдөр хүлээж авч танилцаалд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, эс зөшөөрч байна. Учир нь шүүгдэгч И.С, Ц.О нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хохирогч С.Болормаа, М.Нарантуяа, Д.Тайванжаргал нарын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч И.С, Ц.О нарын үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж зөв тодорхойлсон атлаа тэдний 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэгт үйлдсэн асуудалд дүгнэлт хийгээгүй. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарын бүлэглэн, үргэлжилсэн үйлдлийг тодорхойлж өгөөгүй ба хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхад хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүгдэгч эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол цагаатгагдсан эсхүл ял шийтгүүлсэн зүйл, хэсэг заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Боржигон овогт И.Сг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хээгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Боржигон овгийн Ц.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцсугай” гэж өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч И.Сгийн өмгөөлөгч Д.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч И.С хувийн байдалтай холбоотойгоор ял шийтгэлийг хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах тухай хүсэлтийг гаргасан. Хавтаст хэргийн 43-49 дүгээр хуудсанд хүүхдүүдийнх нь төрсний гэрчилгээний хуулбар авагдсан. Манай үйлчлүүлэгч хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм буруугаа ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн. Ямар нэгэн байдлаар гэм буруу дээр маргах асуудал байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч нарт эд зүйл буцаан олгогдсон мөн анхан шатны шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн. Түүний хувийн байдал, ар гэрийн байдал болон гэм буруугаа ойлгосон, хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг эдгээр нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж хохирохоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэв давж заалдах шатны шүүхээс хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзвэл түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Оы өмгөөлөгч Т.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.О өөрийн үйлдсэн гэм буруу дээр маш их гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрүүдийг бүгдийг нь биет байдлаар буцааж олгосон. Мөн 1 нас 6 сартайгаас 10 настай хүүхдүүдийн хамт амьдардаг. Шүүгдэгч Ц.Отгонсүрэнгийн гаргасан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг дэмжиж байна. Хэрэв давж заалдах шатны шүүхээс хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзвэл түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч И.С, Ц.О нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

          Прокуророос шүүгдэгч И.С, Ц.О нарыг бүлэглэн үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.550.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэд хэдэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршиг зэрэгт дүгнэлт хийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн ямар шинжүүдийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж гэм буруутай эсэхэд тооцох учиртай.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч И.С, Ц.О нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...шүүгдэгч И.С, Ц.О нарыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд монгол хэл бичгийн утга найруулгийн хувьд алдаатай бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ...” зэргийг тогтоох хэсэгт тусгана гэснийг зөрчжээ. 

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр; ...”-ийг тусгана гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч И.С, Ц.О нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоогоор “тус бүрт” нь ял шийтгэл оногдуулах ёстой атал анхан шатны шүүх дээрх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан байна. 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.С, Ц.О нарын гаргасан давж заалдах гомдлууд, прокурор Д.Хонгорзулын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч И.С, Ц.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч И.С, Ц.О нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

     ШҮҮГЧ                                                                  Т.ШИНЭБАЯР

 

                 ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ