Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 801

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар шаардлагыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ний гүйцэтгэх захирал М.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч Сангийн яамны Төрийн нарын бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С*******, Ш.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Уул уурхайн яам нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2016 оны улсын төсвийн хөрөнгөөр “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил”-ын 10 төсөл, Монгол орны “К” хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажлын 1 төсөл, агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажлыг-1 төсөл хэрэгжүүлэх төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгууллагуудын мэдүүлгийг хүлээн авах тухай зарласан юм. 

Манай компани Уул уурхайн яамны зарласан тендерийн баримт бичигт заасан бүхий болзол журмыг хангасны дагуу Тендерийн ялагч болон 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр захиалагчтай “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний №2016-2/10”, “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний №2016-2/12” тоот гэрээг байгуулсан болно.Гэтэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Гын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр “... өнөөг хүртэл холбогдох баримт, материалыг тус яаманд ирүүлээгүй байх бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу тухай гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т заасны дагуу тухайн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож байна. Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй” гэсэн хариу өгсөн байна. Төрийн нэг яам нөгөөгөөсөө баримт, материал шаардаад ирүүлээгүйн төлөө хүчин төгөлдөр гэрээ, хэлцэлтэй тендерийг хүчингүй болгох хууль болон журмын зохицуулалт хаана ч байхгүй, төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоогүйгээс болж хувийн хэвшил хохирох ёсгүй.

Сангийн яаманд гомдол гаргасан “Г” ХХК, “Ге*******” ХХК-нд нэг эзэнтэй толгой, охин компаниуд бөгөөд “Гео-Э*******” ХХК, “Л*******” ХХК-нууд хэдийгээр туршлагатай байж болно. Гэвч дээрх компаниуд тендерийн бичиг баримтын наад захын шаардлагыг хангаагүй, техникийн оноогоо ч авч чадаагүй ба Монгол төр дээрх компаниудад тийм их өртэй юм уу эсхүл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Г болон тус яамны Хууль, худалдан авах газрынхан дээрх компаниудад ямар өртэй болоод, юунд ач санаад хүчин төгөлдөр тендерийг хүчингүй болгохыг шаардсан албан бичиг хүргүүлээд байгааг ойлгохгүй байна. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Гын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичиг гарж буй цаг хугацааг харахад Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендерийн шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасан нөхцөл байдал бий болсны дараа гаргажээ.  Уг албан бичгийг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.М*******ын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгээр “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний №2016-2/10”, “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний №2016-2/12 тоот гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд тендер бүхэлдээ хүчингүй болсныг мэдэгдсэн юм. 

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42.1, 42.1.2, 42.1.3-т заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн гэж үзэн түүнчлэн Иргэний хуулийн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн харилцааг зохицуулсан 56 дугаар зүйлийн чухал алийг нь “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний №2016-2/10”, “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний №2016-2/12” тоот гэрээнүүд зөрчсөн нь ойлгомжгүй, хууль зүйн болон бодит байдлын хувьд үндэслэлгүй шийдвэр болсон байна. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Г хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах гэж байгаагийн хувьд тэдгээрийн төлөөллийг зайлшгүй байлцуулж тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргаж өгөх нөхцөл бололцоогоор огт хангаж ажиллаагүй ба 2016 оны 7 дугаар сарын 01-нээс хэрэгжсэн Захиргааны ерөнхий хуулийг мөрдөж ажилласангүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сангийн яамны 07 дугаар сарын 22-ны өдрийн акт дээр өнөөг хүртэл баримт бичгийг ирүүлээгүй байгаа учраас гомдлыг хэлэлцэх боломжгүй болсон гэсэн ба Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага нь гэрээ хэлэлцэхээс өмнөх гомдлыг авч үзнэ гэсэн. Гэтэл манайх гэрээ байгуулсан байсан. Гэрээ байгуулсны дараа ингэж хүчингүй болгож байгаа нь хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгомоор байна. Уул уурхайн яам нь уг актад үндэслээд гэрээг хүчингүй болгосон учраас манай эрхийг зөрчсөн. Иймд гэрээ хүчин төгөлдөр. Уг актын мөн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах нь зүйтэй.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх гэж заасны дагуу тендерт оролцогч нараас ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэдэг болно. 

Уул уурхайн яамнаас зарласан “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, “Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”-ын төсөл, Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил”-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “Г” ХХК, “Г*******” ТӨҮГ, “Ге*******” ХХК, “Н*******” ХХК” “Гео-Э*******” ХХК, “Ж” ХХК, “Л*******” ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргасныг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 5/4565 тоот гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан ба хариуцсан ажилтанд утсаар мэдэгдсэн байна. Түр түдгэлзүүлсэн хугацаанд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлгүй байдаг. 

Уул уурхайн яам нь тус тендер шалгаруулалтын баримт бичиг, холбогдох материалыг Сангийн яаманд ирүүлээгүй нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах нөхцөл бололцоогоор Сангийн яамыг хангаж ажиллаагүйн улмаас хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу дээрх гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болгосон тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны 5/4708 тоот албан бичгийн шаардлагыг хүчингүй болгуулах нь зөвхөн нэг хуулийн этгээдийн тухай эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй бусад хуулийн этгээдийн эрх ашиг, сонирхол зөрчигдөхөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э*******, Х.С******* нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлын гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай захиалагчийн байгуулсан зөвлөх үйлчилгээний №2016-2/10, №2016-2/12 дугаар гэрээг цуцалсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг судалж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Уул уурхай сайдын 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А/38 дугаар тушаалаар шинээр хэрэгжүүлэх 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 10,  Улсын геологийн 1:200000-ын масштабын иж бүрдэл зургийн нэгтгэлийн 1, 1:200000-ын масштабын агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны 1, нийт 12 төслийн төсөв, төлөвлөгөө батлагджээ. Шинээр 2016 оноос хэрэгжүүлэх 12 төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээ хороог Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэн. Сонгон шалгаруулах үнэлгээний хороо 12 төслийн гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шалгаруулж 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр захиалагчид гэрээ байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлсэн байна. Үнэлгээний хорооноос ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн захиалагч төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ байгуулах мэдэгдэл, тендерт шалгараагүй аж ахуйн нэгж, байгууллагад шалгараагүй үндэслэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлжээ. 

Уг сонгон шалгаруулалтын үнэлгээ, захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч “Г*******” ТӨҮГ, “Г” ХХК, “Ге*******” ХХК, “Ж” ХХК, “Л*******” ХХК, “Н*******” ХХК, “Гео-Э*******” ХХК-нууд тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдлыг захиалагч болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гаргасан байна. Дээрх аж ахуйн нэгж, байгууллагууд тендерийн хуульд заасны дагуу гомдол гаргахдаа нотлох баримтыг хавсаргаагүй бөгөөд гомдлын хариуг захиалагч талаас хянан үзээд хариуг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 3/1297 тоотоор мэдэгджээ. Дээрх аж ахуйн нэгж, байгууллага нь 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан байна. Сангийн яам тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д заасныг үндэслэн гүйцэтгэгчийг сонгох үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гомдлыг хянан үзэхэд шаардлагатай материалыг 7 дугаар сарын 8-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг 7 дугаар сарын 7-ны өдрийн 5/4565 тоотоор захиалагчид ирүүлжээ. 

Сангийн яамны 7 дугаар сарын 7-ны өдрийн 5/4565 тоот албан бичиг, Уул уурхайн яамны бичиг хэргийн цахим бүртгэлд 7 дугаар сарын 8-ны өдрийн 16 цаг 12 минутад бүртгэгдэж Төрийн нарийн бичгийн дарга Д.Артагт танилцуулагдсан байна. Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг “Гэрээг байгуулагдсан тул хуулийн дагуу дараагийн шатанд хандах нь зүйтэй гэсэн хариуг Сангийн яаманд уламжлах үүргийг холбогдох албан хаагчид өгсөн. Энэ хугацаанд буюу 7 дугаар сарын 8-ны өдөр захиалагч, гүйцэтгэгч тал тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээг байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээг байгуулна” гэж заасны дагуу гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Уул уурхайн яамнаас 7 дугаар сарын 22-ны өдрийн 3/1323 тоот албан бичгээр гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамнаас 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 тоот албан бичгээр геологийн судалгааны ажлын тендертэй холбоотой гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай материалыг захиалагч байгууллага заасан хугацаанд ирүүлээгүй нь шийдвэр гаргах боломжгүй нөхцөлийг бий болгосон тул тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-т заасны дагуу тендерийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргаж захиалагч болон гомдол гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдсэн байна. Сангийн яамнаас ирүүлсэн 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 тоот албан бичгийг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артагт танилцуулсан байна. Тус албан бичигт “манай яамнаас зохион байгуулсан сонгон шалгаруулалттай холбоотой гомдол гаргах этгээд нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу гомдлоо гаргах нь зүйтэй” гэсэн хариултыг өгөхөөр төлөвлөн албан бичгийн төсөл боловсруулан хүргүүлэх үед Засгийн газрын бүтэц өөрчлөгдөн Уул уурхайн яамны тамга, тэмдэг хураагдан хариу өгөх боломжгүй болсон. Сангийн яамны 8 дугаар сарын 3-ны өдрийн 5/4914 тоот албан бичгээр Уул уурхайн яамнаас 7 дугаар сарын 22-ны өдрийн 3/1323 албан тоотоор хүргүүлсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болохыг мэдэгдэж буцаасан. 

Сангийн яамнаас 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914, 8 дугаар сарын 9-ний өдрийн 5/5048 тоотоор тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, захиалагчийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болохыг мэдэгдсэн. Сангийн яамнаас ирүүлсэн дээрх албан бичиг, шийдвэрийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгож, энэ тухай мэдэгдлийг тендерт шалгарч гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагад 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгээр, Сангийн яаманд мөн өдрийн 4/64 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүх хуралдааны явцад “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 5/4708 , Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах ”гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж судлагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий хоёр актыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 5/4708 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 

Уул уурхайн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн “Геологийн судалгааны ажлын төлөвлөгөө, төсөв батлах тухай” А/38 дугаар тушаалаар  улсын төсвөөр 2016 онд хэрэгжүүлэх геологийн судалгааны ажлын төсөв, төлөвлөгөөг баталснаар уг ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах ажлыг тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар  томилогдсон тендерийн үнэлгээний хороо зохион байгуулжээ.

Үнэлгээний хорооны зөвлөмжид  дурдсанаар Уул уурхайн яамнаас зарласан “1:50000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил”-ын 10 төсөл, Монгол орны “К” хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил”-ын -1 төсөл, “УУЯ-2016/2”, “Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил”-1 төсөл хэрэгжүүлэх зөвлөхийн сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгаруулалтад нийт 28 тендер ирүүлснийг 12 багц тус бүрээр шалгаруулсан байна. Багц 10, 12 дугаартай ажлын гүйцэтгэгчээр “хамгийн сайн үнэлэгдсэн” тендер ирүүлсэн А” ХХК шалгарч, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсний дагуу Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 3/1257 , 3/1258  дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэн байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.” гэж тус тус заасан байх тул захиалагчаас тендерийн материал хүлээн авах, сонгон шалгаруулах ажлыг 2016 оны 05 дугаар сарын 18-наас 2016 оны 06 сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулж, тендерийн 2 багцад шалгарсан “А” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон талаар 07 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж, 07 дугаар сарын 08-ны өдөр “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний гэрээ / №2016-2/10, 2016-2/12/ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Тендер сонгон шалгаруулалттай холбогдуулан тендерт оролцсон зарим оролцогчдоос захиалагч болон Сангийн яаманд гомдол гаргаж, Уул уурхайн яамнаас гомдлыг хүлээн авах үндэслэлгүй талаар хариуг хүргүүлсэн бол Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, тендер сонгон шалгаруулалттай холбоотой баримт бичгүүдийн 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор буюу нэг хоногийн дотор ирүүлэх талаар 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 5/4565 албан бичгийг  Уул уурхайн яаманд  хүргүүлсэн байна. 

Уг албан бичгийг Уул уурхайн яам 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсны дараа хүлээн авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон албан бичгийг хүлээн авсан бүртгэл хяналтын картаар  нотлогдож байна гэж үзлээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх албан бичгийг захиалагчид хүргүүлэхээс өмнө утсаар мэдэгдсэн гэх боловч хэнд, хэзээ мэдэгдсэн талаар тайлбарлаж чадаагүй бөгөөд холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Сангийн яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх талаар хүргүүлсэн албан бичгийг Уул уурхайн яам 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 12 минутад  буюу нэхэмжлэгч “А” ХХК-тай гэрээ байгуулснаас хойш хүлээн авсан, 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрүүд таарч бүх нийтээр амарсан байх тул Уул уурхайн яамыг гэрээ байгуулахыг түдгэлзүүлж, холбогдох баримт бичгийг Сангийн яаманд тогтоосон хугацаанд хүргүүлээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлсэн байхад гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ . 

Сангийн яамнаас Уул уурхайн яамнаас холбогдох баримт, материалыг ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу тухайн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д зааснаар тендерийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Сангийн яам нь зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хүлээн авч 14 хоногт багтаан хянан шийдвэрлэхээр, 55.3-т гомдлыг авч хэлэлцээд энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл 55.3.1-55.3.3- д заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан байхад Сангийн яам нь гомдлыг авч хэлэлцээгүй буюу тендер сонгон шалгаруулалттай холбоотой баримт бичгүүдийг хянаж үзэж, гомдлын үндэслэлийг шалгах ажиллагааг явуулаагүй хирнээ  захиалагч нь холбогдох баримт бичгийг ирүүлээгүй нь хууль зөрчсөн гэж үзэж тендерийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул захиргааны байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа болон хуулинд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна .

Мөн Сангийн яамнаас гомдол ирсэн талаар болон тендерийг хүчингүй болгох шийдвэр гаргахаас өмнө, хүчингүй болгосны дараа нэхэмжлэгч “А” ХХК-д мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичиг нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нэг. Уул уурхайн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4/63 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: 

Уул уурхайн яам нь Сангийн яамнаас тендерийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэснийг үндэслэн “А” ХХК-тай байгуулсан геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/10, 2016-2/12 дугаар гэрээг тус бүр хүчин төгөлдөр бус болох талаар 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар  албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгджээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид худалдан авах гэрээ гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна.” гэж заасны дагуу Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/10, 2016-2/12 дугаар  гэрээг Иргэний хуулийн 3 дугаар хэсгийн 31 дүгээр бүлгийг үндэслэн талууд харилцан тохиролцож байгуулсан байна.

Тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны шийдвэр нь цаг хугацааны хувьд гэрээ байгуулсны дараа гарсан боловч тухайн үед гэрээг байгуулсан талаар захиалагчаас мэдэгдээгүй байсан гэх тул маргаан нь гэрээ байгуулахаас өмнөх буюу тендер шалгаруулалттай холбоотой байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”, 42..3-т “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохоор заасан байхад Сангийн яамнаас тендерийг ямар үндэслэлээр хүчингүй болгосноо тайлбарлаагүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байхад Уул уурхайн яамнаас уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн Сангийн яам нь гэрээ байгуулахаас өмнө гаргасан тендер шалгаруулалтад холбогдох гомдлыг хүлээн авснаас хойш гомдлыг хянан хэлэлцэхтэй холбоотой ажиллагааг шуурхай зохион байгуулах, захиалагч Уул уурхайн яам нь гомдол гарсныг мэдсэнээр гэрээ байгуулах хугацааг түр хойшлуулах, шаардлагатай бол тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой байсан ч хуульд заасан эрх, үүргээ бүрэн  хэрэгжүүлж ажиллаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-нийн Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 5/4708 дугаар “Тендер шалгаруулалтын тухай”, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 4/63 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг тус бүрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актуудын “А” ХХК-д холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас тус бүр 35100 төгрөгийг нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ОЮУНГЭРЭЛ