Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/01464

 

Т.Солонгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/0486 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1706 дугаар магадлалтай,

Т.Солонгын нэхэмжлэлтэй

“Говь Инфрастракчер партнерс” ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 5.578.432 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллагад 2015 оны 12 дугаар сард хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтнаар хөдөлмөрийн нэг сарын хугацаатай гэрээ байгуулан туршилтаар ажилд ороод 2016 оны 1 дүгээр сараас үндсэн ажилтнаар ажиллах болсон. Ингээд ажлаа хийж байтал Хүний нөөцийн ажилтан Хатантуул, Саруул нар уулзаад, туршилтын хугацаа дууссан, мөн манай шаардлагад та нийцээгүй гэсэн тайлбар хэлсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн тушаал өгсөн. Миний бие туршилтын хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Гэтэл ажлаас халсан тушаал шийдвэрээ буцааж авсан боловч эргүүлж өгөөгүй. Нэхэхээр манайх тушаалаа буруу гаргасан байна, ажлаа хий гэсэн боловч ажиллах нөхцөл боломжоор хангахгүй зөвхөн амаар хэлээд байгаагаас гадна ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг өгөхгүй гэж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажиллаагүй байсан хугацааны цалинд 5.578.432 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Говь Инфрастракчер партнерс” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жонон шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Солонготой манай компани 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ажилтны албан тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ерөнхий захирлын GIP-0-16-044 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэвч уг тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн авах тушаал 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр танилцуулсан боловч Т.Солонго ажилдаа орохгүй гэж амаар мэдэгдсэн. Ажил олгогч ажилд эгүүлэн авч ажил үүргээр хангасаар атал ажил үүргээ гүйцэтгээгүй. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ороорой гэсэн боловч ажилдаа ирэхгүй байгаа, түүний оронд хүн аваагүй, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд дуудсан тул түүнд одоогоор цалин олгоогүй тул ажлаас халсан гэж үзэхгүй. Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосныг уулзалтын үед танилцуулсан, энэ тухай бичлэг хийж байгааг түүнд хэлсэн, энэ баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Т.Солонготой дахин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, манай компани сар бүрийн 5, 25-ны өдөр цалингаа тавьдаг учраас дараа сарын 05-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/0486 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Говь инфрастракчер партнерс" ХХК-иас нийт 2.070.917 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Солонгод олгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, цалин олговрын 3.507.515 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг “Говь инфрастракчер партнерс” ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 48.085 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1706 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/0486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт “...хэргийн оролцогчоос гаргаж өгсөн аливаа дуу, дүрс бичлэгийг үзлэг хийх. уг нотлох баримт нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодруулах, хэрэв нотлох баримтым шаардлага хангахгүй нөхцөлд хэргийн оролцогчид зохих журмын дагуу буцааж өгөх, эсхүл хасах, энэ тохиолдолд хэргийн оролцогч гомдол гаргах болон дахин нотлох баримт гаргаж мэтгэлцэх эрхээр хангахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ” гэжээ.

2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр болсон шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч, хариуцагч талаас Сиди бичлэг ирүүлсэн бөгөөд нэг үйл явдлыг хоёр тал хоёул бичсэн Сиди-нд шүүхээс үзлэг хийж агуулгын зөрчилгүй байх тул нотлох баримтаар авсан бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүйг шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсан байдаг. Иймээс хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Монгол улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дах хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.

Магадлалын хянавал хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг мөн хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон ажил олгох журамтай бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон атлаа олговор гаргуулсан нь зөрчилтэй юм” гэжээ. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны өмнө нь эрхэлж байсан ажил. албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэжээ.

Т.Солонгыг ажилд эгүүлэн авах шүүхийн ямар нэг шийдвэр хүчин төгөлдөр болоогүй бөгөөд Т.Солонгыг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн шийдвэрийг сайн дураар 2016 оны 04 дүгээр сарын 20-нд хүчингүйд тооцож ажилд эгүүлэн авсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн цалин дээр олгох байсан боловч Т.Солонго нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор нэхэмжилсэн тул цалин хөлсний үнийн дүн тодорхойгүй болсон байдаг.

Энэ талаар анхан шатны шүүх хурал дээр талууд хангалттай мэтгэлцсэн бөгөөд Т.Солонго нь тус өдрөөс хойш ажил эрхэлж байгааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нотолдог.

Хариуцагч Т.Солонгыг ажлаас чөлөөлөөгүй, удаа дараа ажилдаа ирэхийг сануулсан боловч Т.Солонго ажилдаа эргэн орохгүй гэдгээ мэдэгдсэн.

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бичигдсэн хуралдааны бичлэг. хуралдааны тэмдэглэл зэргээс нотлогдоно. Шүүх нотлох баримтанд үзлэг хийн агуулгын зөрчил байхгүй байгааг шүүх хуралдааны тэмдэглэлээс уншиж болох юм.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/0486 тоот шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Т.Солонгыг 2016 оны 03 дугаар сарын 31 -ны өдрөөс ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар хүчингүй болгож, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 16 хоног байх бөгөөд шүүхийн шийдвэрт 1 сар гэж алдаатай тоолон ажилгүй байсан хугацааны цалин 2.070.917 төгрөгөөр тооцож илт техникийн алдаа гаргасан байх тул ажилгүй байсан хугацааны цалинг 883.721 төгрөгөөр тооцуулан гаргаж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т.Солонго нь хариуцагч “Говь инфрастракчер партнерс” ХХК-д холбогдуулан “...урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах...” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...нэхэмжлэгч ажилдаа орохгүй гэж амаар мэдэгдсэн...” гэсэн тайлбар гаргаж, уулзалтын тэмдэглэлийг /CD бичлэг/ шүүхэд гаргаж өгчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

“Говь инфрастракчер партнерс” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн GIP-0-16-059 дүгээр тушаалаар Т.Солонгыг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны ажилтны албан тушаалд  томилсон бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ /хавтаст хэргийн 1, 47 дугаар тал/.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангах эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд уг шаардлагын үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх учиртай. Нэхэмжлэгч ямар шаардлага гаргаж буй нь тодорхой бус байхад шүүх уг асуудлыг тодруулаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй атлаа ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулах бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн сиди бичлэгийг энэхүү журмын дагуу үзлэг хийж бэхжүүлээгүй нь нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийг дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1706 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ