Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 109/ШШ2025/0039

 

 

 

 

 

 

 

 

                                            109/ШШ2025/0039

 

 

 

  Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Сү-н дүгнэлттэй, Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны усан зам тээврийн улсын байцаагч Т.О-т холбогдох захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.С шүүхэд гаргасан 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар дүгнэлтдээ: Усан зам тээврийн яамны харьяа Монгол улсын далайн захиргааны усан зам тээврийн хяналтын улсын байцаагч Т.О нь бүртгэлийн Зам тээвэр-04 дугаартай гомдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Г.С-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.11 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.5-д зааснаар 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 0664559 дугаартай шийтгэлийн хуудсаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Материалд эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай  /Улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, бүртгэлгүй тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэсэн/ гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч Г.С-ын “...Усан замын тээврийн тухай хууль дүрэм журмыг судлаагүй. Усан зам тээврийн жолоодох эрхийн үнэмлэхгүй тээвэрлэлт хийх боломжгүй гэдгийг мэднэ...” гэх мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай /... улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй. Тусгай зөвшөөрөл болон усан зам тээврийн жолоодох эрхийн үнэмлэх аваагүй болохоо хүлээн зөвшөөрч байна.../ гэх тэмдэглэл, Зөрчлийн тухай хуулийн 14.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.5.-д зааснаар 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 0664559 дугаартай шийтгэлийн хуудсаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийтгэлийн хуудас болон Г.С-н торгууль төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтууд авагджээ. Материалыг хянахад Монгол Улсын Далайн захиргааны усан замын тээврийн хяналтын улсын байцаагч Т.О нь 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0664559 дугаартай шийтгэлийн хуудсаар Г.С-т Зөрчлийн тухай хуулийн 14.11 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.5-д зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан боловч зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн. Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах тодорхой ажиллагааг дутуу явуулсан буюу нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж “Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор заасан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” зөрчил эсэхийг шалгаж тогтоолгүй, улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх тодорхойгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.5.-д зааснаар холбогдогчид шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хэргийн оролцогч нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр Зөрчлийн тухай хууль зөрчсөн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”-ийг тогтоосны үндсэнд шийтгэл оногдуулахаар заасан атал эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалгах ажиллагааг дутуу гүйцэтгэж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж дүгнэлт хийлгүй зөрчил үйлдсэн этгээдийн үйлдэлд хуулийн буруу зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсан гэж дүгнэлээ. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Зам тээврийн яамны харьяа Монгол улсын далайн захиргааны усан зам тээврийн хяналтын улсын байцаагч Т.О-н 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 0664559 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

2. Хариуцагч Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны усан зам тээврийн улсын байцаагч Т.О 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: ... Өгий нуурт завьт эргүүлийн хяналтыг гүйцэтгэх хугацаандаа иргэн Г.С-т Усан замын тээврийн тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгч, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах, завиа бүртгэлд хамруулж, зөрчлөө арилгах талаар удаа дараа хууль ёсны шаардлага тавин ажилласан. Гэтэл иргэн Г.С нь зөрчлөө арилгах талаар ямар нэгэн оролдлого хийлгүйгээр өдий хүрсэн тул Зам, тээврийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04/04 дүгээр удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, 04 дугаартай “Шалгалтын тэмдэглэл”-ээр Усан замын тээврийн тухай хууль тогтоомж болон холбогдох хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг тогтоож, улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Усан замын тээврийн үйлчилгээг зогсоох тухай” 04-13-04/125/11 дугаартай акт үйлдэн зогсоосон. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус аймгийн Прокурорын газраас гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” 2025 оны 08 дугаар сарын 26- ны өдрийн 52 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийтгэл оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

3. Хариуцагч Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны усан зам тээврийн улсын байцаагч Т.О 2025 оны 10 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Зам тээвэр 04 дугаартай гомдолд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, хялбаршуулсан журмаар холбогдогч Г.С-т Зөрчлийн тухай хуулийн 14.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.5 дахь заалтад зааснаар 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 0664559 дугаартай шийтгэлийн хуудсаар нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бөгөөд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус аймгийн Прокурорын газраас гаргасан "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Тус шүүх Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.С-с Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны усан зам тээврийн улсын байцаагч Т.О-т холбогдуулан гаргасан “... 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 0664559 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.

 

2. Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны усан зам тээврийн улсын байцаагч Т.О нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллагад хамаарна.

 

3. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.С-н Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны усан зам тээврийн улсын байцаагч Т.О-т холбогдуулан гаргасан дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчөөгүй, тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.

 

4. Маргаан бүхий актын тухайд, Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны усан зам тээврийн улсын байцаагч Т.О нь 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0664559 дүгээр шийтгэлийн хуудаст “... Г.С нь завь жолоодох эрхгүй этгээдээр завь жолоодуулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.11 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.5.-д зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэж тэмдэглэжээ.

 

5. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.С шүүхэд гаргасан дүгнэлтдээ “... Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Монгол улсын далайн захиргааны усан зам тээврийн хяналтын улсын байцаагч Т.О-н 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 0664559 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

6. Хариуцагч Зам тээврийн яамны харьяа Далайн захиргааны усан зам тээврийн улсын байцаагч Т.О шүүхэд анх 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гаргасан тайлбартаа прокурорын дээрх дүгнэлттэй маргаж, эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 52 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд холбогдох тайлбарыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байна.

 

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ” гэж, 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх,” гэж, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заажээ.

 

            8. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

   9. Хэргийн оролцогчдод хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.С-н 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Зам тээврийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны усан зам тээврийн хяналтын улсын байцаагч Т.О-н 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 0664559 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий 52 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Зам тээврийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны усан зам тээврийн хяналтын улсын байцаагч Т.Ол-н зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 А.ТҮВШИНТУЛГА