Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/398

 

  2024           04            02                                           2024/ДШМ/398

 

Л.Д, Г.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Т.Баясгалан,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/0086 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Т.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Д, Г.А нарт холбогдох 2208 02826 0941 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. ............ овогт Л.Д, .... оны .. дугаар сарын ..-ний өдөр ....... төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......................................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ................../;  

2. ……………. овогт Г.А, …. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................. төрсөн, ..  настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................тоотод оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 914 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, /РД: ………………./;   

Шүүгдэгч Л.Д нь  2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Улаанчулуутын эцэст автобуснаас буухдаа иргэн О.О-гийн гээгдүүлсэн “Самсунг А53” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

шүүгдэгч Г.А нь гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогч О.О-гийн өмчлөлийн “Самсунг А53” загварын гар утсыг  Л.Д-ээс өөртөө шилжүүлэн авч, улмаар өөрийн нэр дээр бүртгэлтэй ........... дугаарыг хийж 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завших, шүүгдэгч Г.А-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.А-г 6 сарын хугацаанд оршин сууж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.А-д мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Т.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Т.Баясгалангийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна.

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай:

1.1. Анхан шатны шүүхээс “... Хэдийгээр шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн замаар олсон эд зүйл болохыг мэдсэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн боловч түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй”, ... “ гэж дүгнэсэн нь алдаатай, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагч ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасантай нийцэхгүй буюу яллагдагч болон шүүгдэгчийн эрхийг хязгаарласан дүгнэлт болсон байна. Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, 35.8 дугаар зүйл /Шүүхийн хэлэлцүүлэг/-ийн 5-д заасан “шүүгдэгчээс мэдүүлэг өгөх эсэхийг асууж, хэрэв зөвшөөрвөл түүний мэдүүлгийг сонсоно” гэж, 35.9 дүгээр зүйл /Шүүгдэгчийн мэдүүлэг/-д заасан бөгөөд мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлгээсээ буцах, зөрүүтэй мэдүүлэг өгөх, шинээр мэдүүлэг өгөх зэрэг онцгой эрхтэй субъект билээ.

1.2. Шүүгдэгч Г.А нь “Малчин удмын хийморь” ХХК-ийн харьяа Малчин телевизэд Радио холбоо мэдээллийн технологийн инженерээр ажилладаг бөгөөд ажлын байрны чиг үүрэг нь шууд дамжуулах эфирийн хэвийн, тасралтгүй байдлыг ханган ажиллах үүргийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээж ажилладаг ба харин шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгчийн биеийн байцаалт гэсэн хэсэгт “хувиараа хөдөлмөр эрхэлдэг” гэж дурдагджээ. Түүний энэхүү хөдөлмөр эрхлэлтийн байдал нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд хамаарах чухал ач холбогдолтой мэдээлэл бөгөөд шүүхээс түүнд “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг ч оногдуулахгүй байхад нөлөөлөх нь гарцаагүй байсан гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Г.А нь 2024 оны хавраас эхлээд зун, намрын улиралд хөдөө, орон нутагт очиж ажиллахаар төлөвлөсөн байгааг дурдахыг хүсч байна. /Ажлын газрын тодорхойлолт, хөдөө орон нутагт ажиллах хуваарь, НДШ төлөлтийн лавлагааг хавсаргав/

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай: Анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн заалт буюу шүүгдэгч Г.А-г 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн атал 2022 оны 9 дүгээр сард дахин санаатай гэмт хэрэгт холбогдсон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэхгүй гэж шүүх дүгнэлээ гэсэн нь Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан “... ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн”-тэй адилтгасан дүгнэлт хийснээрээ Эрүүгийн хуулийн заалтыг буруугаар тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.6 “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах нөхцөл байдал тогтоогдож байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Учир нь, Г.А-гийн Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн тухай асуудал нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн тухай харилцаа бөгөөд өмнө нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн хүнийг дахин гэмт хэрэг үйлдсэн гэдэг агуулга шүүхийн дүгнэлтээс харагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Түүнчлэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “... учруулсан хохирлыг төлсөн” буюу хохирогчийн гар утсыг биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн атал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглээгүйд гомдолтой байна. Давж заалдах гомдлын шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/0086 дугаар шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би “Малчин” телевизэд холбооны инженерээр ажилладаг. Телевизийн байнгын, тасралтгүй, хэвийн ажиллагааг хангаж, мөн хөдөө орон нутгийн шууд дамжуулалтад тоног төхөөрөмжийн холболт хийж ажилладаг тул зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхэд хэцүү байна. Мөн манай эхнэр ажлын хувцасны оёдлын үйлдвэр ажиллуулдаг бөгөөд би давхар эхнэрийнхээ ажилд тусалдаг. Тухайн компани нь 10 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.А-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.  Шүүгдэгч Г.А нь 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сард дахин гэм буруугийн санаатай хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Л.Д, Г.А нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Л.Д нь  2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Улаанчулуутын эцэст автобуснаас буухдаа иргэн О.О-гийн гээгдүүлсэн “Самсунг А53” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

шүүгдэгч Г.А нь гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогч О.Одонтуяагийн өмчлөлийн “Самсунг А53” загварын гар утсыг  Л.Д-ээс өөртөө шилжүүлэн авч, улмаар өөрийн нэр дээр бүртгэлтэй 88137696 дугаарыг хийж 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч О.О-гийн “...Би тухайн автобусанд гар утсаа гартаа бариад буухынхаа өмнө халаасандаа хийсэн. Автобусанд анх суухдаа суудал дээр суусан юм. Тэгээд халаасандаа хийгээд буудал дээрээ буусан бөгөөд буугаад утсаа үзтэл байхгүй болчихсон байсан. ...” /хх 15/,

гэрч Л.О-гийн “... Л.Д эгч тухайн гар утсыг надад өгөхөөсөө сар гаруйн өмнө олсон байсан ба ... Д эгч надад өгөхдөө “800.000 төгрөгөөр аваарай, кодыг нь гаргахгүй бол болохгүй юм шиг байна лээ шүү” гэж хэлсэн. Тухайн үед би гэрт нь нөхөр хүүхдийн хамт очиж авсан ба манай нөхөр түгжээг нь тайлж, хүүхдэдээ сим хийж тухайн А-53 маркийн гар утсыг бариулсан. ...” /хх 66/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Д-гийн яллагдагчаар өгсөн “... Тухайн гар утсыг олоод өөртөө хэд хоног байлгасан. ... Би тухайн үед О-гийн оёдлын цехэд эсгүүр хийлцэж, цалин авдаг байсан ба гар утас олсон тухайгаа хэлсэн. ... Нэг орой гэртээ байж байтал О, А нар тухайн гар утсыг хамт ирж авсан... Анх О, А нар ирж үзэхдээ миний олсон утсыг үнэтэй утас байна, танд 1 сая төгрөг өгье гэж хэлэхээр нь тэр арай дэндэнэ гэж хэлсэн. Тэгээд 800.000 төгрөг мөнгөтэй болохоороо өгнө гэж хэлсэн...” /хх 36, 70/ гэсэн мэдүүлгүүд,

“Юнител” ХХК-ийн “...357518810457598 имэй кодтой утсанд Г.А-гийн 88137696 дугаарыг хийж ашигласан байна...” гэсэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05-01/1337 дугаартай албан бичиг /хх 43/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1643 дугаартай, “Самсунг А-53” загварын гар утсыг 800.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25-26/, эд зүйл буюу гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 50-51/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Л.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.А-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байхаас гадна шүүгдэгч Л.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин шүүх шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг “2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан атал 2022 оны 9 дүгээр сард дахин санаатай гэмт хэрэгт холбогдсон” гэх байдлаар гэмт хэрэг гарсан цаг хугацааны талаар логикийн хувьд ойлгомжгүй дүгнэлт хийж, түүний хувийн байдлыг тогтоосон нь үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон. 

Шүүгдэгч Г.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “Оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Т.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт болон нэмэлт заалтуудыг тус тус оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/0086 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилж,   

            - шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн,

            “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.А-д мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР