Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01439

 

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01439

 

БНХАУ-ын иргэн ЗЖ /ZJ/-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01927 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн З Ж-г /Z J/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БНХАУ-ын иргэн Ч.М /Q M-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 168 680 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чинзориг, түүний өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн З Ж-г нь 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Эко констракшн ХХК-аас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Стадион оргил, Их монгол улсын гудамж 123 дугаар байр, 100/2 тоот хаягт байрлах 130 м.кв үйлчилгээний талбайг 390 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Ч.М нь ... гадаад улсын иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгох боломжгүй тул би 726 104 юанийг төлөөд хамтран өмчлөгчөөр орж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авъя гэхэд нь зөвшөөрсөн. Ч.М нь 290 000 юанийг төлсөн. 2019 онд үлдэгдэл 436 104 юанийг төлнө гэсэн боловч төлөөгүй тул Монгол банкны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ханшаар тооцон Ч.Маас 168 680 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Ч.М нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, маршал таун хотхон, Кинг тауэр 123 дугаар байрны 100/2 тоот үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг 726 104 юанаар худалдан авахаар тохиролцоогүй. Харин З Ж-г болон н.Сэлэнгэ буюу нар тухайн үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмшиж, үйл ажиллагааг 2015 оноос явуулахаар тохиролцсон. Үл хөдлөхийн гэрчилгээ гаргах үед нь н.Сэлэнгээ нь өөрийн хувийг хүү Ч.Мад шилжүүлсэн. Ч.Мын эх н.Сэлэнгэ нь З Ж-гтэй тохирсны дагуу барилга баригдаж байхад 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 45 400 ам.долларыг бартерт зориулан З Ж-гд, мөн 2017, 2018 онуудад үлдэгдэл 166 000 юанийг бартерын үнийг буцаан төлөх байдлаар шилжүүлсэн. Үл хөдлөхийн захиалгын үнэ 390 000 000 төгрөг боловч урьдчилгаанд 156 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 234 000 000 төгрөгт барилгын материал, плита чулуу зэргийг нийлүүлэхээр тохиролцсон.

2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн баримтад Ч.М гарын үсэг зураагүй. 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан боловч уг дүгнэлт эргэлзээтэй гарсан. Ч.М үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулах үед олон бичиг баримтад анзааралгүйгээр З Ж-г-н зур гэсэн газар нь гарын үсэг зурсан байх магадгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Мөнхбат /Qi.Мөнхбат/-аас 168 680 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЗЖ /ZJ/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 066 353 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх .... үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч З Ж-г нь үл хөдлөх хөрөнгийн үнэ болох 390 000 000 төгрөгийг төлсөн гэдэг нь тогтоогдоогүй байхаас гадна гэрч Ц.Оюунбат, н.Сэлэнгэ нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэ 390 000 000 төгрөгөөс 234 000 000 төгрөгийн үнэ бүхий материалыг Хан борх ХХК-д нийлүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой.

3ү Жиле нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг захиалгаар бариулах гэрээг 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан. Мөн Эко констракшн ХХК З Ж-гтэй 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 156 000 000 төгрөг төлсөн. 234 000 000 төгрөгийн төлбөрт барилгын материалыг авахаар гэрээг байгуулсан. Уг барилгын материалыг Хан борх ХХК-д З Ж-г нийлүүлсэн. н.Сэлэнгээ нь Хан борх ХХК-д 234 000 000 төгрөгийн бараа материалыг 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд бүрэн төлсөн. Ч.М уг үл хөдлөх эд хөрөнгйин 50 хувийг авах талаар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тохиролцсон. Ч.М 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 290 000 юань өгсөн. Үлдэгдэл 436 104 юань буюу 168 680 666 төгрөгийг 2019 онд өгөхөөр тохиролцсон.

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4014 дугаар дүгнэлтээр уг баримтад зурсан гарын үсэг нь Ч.Мынх мөн гэж тогтоосон. Эко констракшн ХХК нь З Ж-гтэй 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр тооцоо бүрэн дууссан баримтыг өгсөн. Мөн Хан борх ХХК нь Эко констракшн ХХК-тай харилцан тохиролцож З Ж-гтэй барилгын материал нийлүүлсэн болохыг зөвшөөрсөн. Гэтэл шүүх үндэслэлэгүйгээр энэ баримтыг үгүйсгэсэн. Шүүх гэрч Хан борх ХХК-ийн захирал Ц.Оюунбатын мэдүүлэг түүний гаргаж өгсөн зарлагын баримтыг шийдвэрийн гол үндэслэлэлээ болгосон. Гэрч Ц.Оюунбатын мэдүүлэг эргэлзээтэй. н.Сэлэнгээ нийлүүлсэн барааны төлбөрийг гаргасан гэж гэрчлээгүй. Шүүх үүнийг тодруулаагүй.

Хариуцагч 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлд тайлбар гаргахдаа зөвшөөрөхгүй гэх тайлбар өгсөн. Гэтэл хавтаст хэрэгт 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт тайлбар өгсөн ба нэхэмжлэл гаргаснаас хойш 1 жил 4 сарын дараа тайлбар өгсөн бөгөөд энэ тайлбартай нэхэмжлэгчийг танилцуулаагүй шүүх хурлыг хийсэнд гомдолтой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагт шүүх хуралдаан болно гэж мэдэгдсэн. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралд дуудахад Аав ковид тусаад эмнэлэгт байна. Одоо шууд яваад 30 минут дараа очно гэж хэлсэн. Гэтэл энэ тухай хуралд танилцуулаагүй шүүх хурал 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 03 минутад явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч ЗЖ /ZJ/ нь хариуцагч Ч.М /Q M-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 168 680 666 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэхээр зохицуулсан.

 

Анхан шатны шүүх шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 00 минутад явуулахаар товлосныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулагт 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байхад шүүх хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 03 минутад эхлэж 15 цаг 40 минут дууссан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон. /хх-208/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан товлогдсон цагтаа буюу талуудад мэдэгдсэн цагтаа явагдах учиртай.

 

Тиймээс анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Харин хариуцагчийн нэмэлт тайлбар, түүнд хавсаргасан баримттай танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч тал 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэмэлт тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдсэн байна. Өөрөөр хэлбэл, тэрээр 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон, мөн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хянан шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хугацаанд хэргийн материалтай танилцаж уг тайлбар болон баримтыг үгүйсгэсэн баримтаа гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01927 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 066 353 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.БАЙГАЛМАА