| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0037/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.А-д холбогдох эрүүгийн 1820000540034 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүрэгт төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 21 дүгээр хороонд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Х овогт Б.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х овогт Б.А нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн төрсөн дүү болох Б.Б-н дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х овогт Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Гашуунсухайтын боомт руу том тэрэг барих гэж явсан юм. Гэтэл дүү маань надаас түрүүлээд том тэрэг барих гээд явсан байсан. Тэгээд очтол цаашаа хилээр гарсан байсан. Цаанаа машин байхгүй байна ганц, хоёр машин байна чи очерлоод ороод ир гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл хот руу буцлаа гээд байж байтал орой нь Бичигтийн боомт руу таван жолооч авч явна гэж хүн ярьж байсан. Би тухайн үед дүүгийнхээ жижиг цүнхэнд гадаад паспортоо цуг хийсэн. Тэгээд өглөө нь 5 жолооч явахаар болоод дүүгийнхээ цүнхнээс гадаад паспортоо аваад Соната-6 маркийн машинтай хэдүүлээ Бичигтийн боомтруу явсан, явах замдаа жолооч маань 2 хоног төөрч Хөвсгөл суман дээр ирсэн. Тэгээд Хөвсгөл суманд явж байтал машин эвдэрч Д гэх залуу Өвөрмонгол залуу руу ярьж та хэд Сайншанд сумаар ороод буцаж эргээд яваарай гэж хэлсэн. Тэгээд тэнд явж байгаад 2 хоног саатаж хоорондоо ярилцаад хэдүүлээ буцах уу? яах уу? гэж ярилцаад байж байгаад Д гэх залуу Өвөрмонгол хүн рүүгээ ярихад та хэд Замын-Үүд сумын хилээр гараад Эрээн хотоос автобусанд суугаад хүрээд ир би тухайн үед нь замыг чинь зааж өгье гэж хэлсэн юм. Тэгээд Замын-Үүд сумын хил дээр ирээд 1000 төгрөгний тасалбараа аваад штамба даруулах хэсэг дээр очиж очерлож зогсож байгаад паспортоо хартал манай дүүгийн паспорт байсан за тэгээд яах уу? гээд бодож байгаад за ямар ч байсан очоод үзье очоод болохгүй бол эргээд буцаах байлгүй гэж бодоод паспортоо үзүүлсэн юм. Тухайн үед цуг явж байсан хүмүүсээсээ хоцорчих байх гэж бодсон юм гэв.
Гэрч Д овогт Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ..тухайн өдөр 15-16 цагийн хооронд нэг эрэгтэй бичиг баримтаа шалгуулж улсын хилээр нэвтрэхээр ирсэн. Тэгээд түүний гадаад паспортыг авч шалгахад тухайн паспортын эзэмшигчийн төрх байдал нь гадаад паспорт дээрх зурагтай тохиргүй байсан...түүнээс регситрийн дугаараа хэлнэ үү гэхэд авч яваа гадаад паспорт дээр регистрийн дугаарыг хэлж байсан. Мөн гадаад паспорт дээрх зурган дээр мэнгэтэй байсан учир ямар учиртай болохыг асуухад “юм гарчихсан байж байгаад арилсан юм..” гэжээ. /хх-ийн 44 хуудас/
2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2006 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...шинжилгээнд ирүүлсэн Б.Б-н дугаартай үндэсний гадаад паспорт нь жинхэнэ байна. Уг гадаад паспортанд засварласан шинж тэмдэгүүд илрэхгүй байна...” гэжээ. /хх-ийн 52 хуудас/
2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2007 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн дугаартай үндэсний гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загварт ирүүлсэн регистрийн дугаартай Б.А-н гэрэл зурагтай тохирохгүй, регистрийн дугаартай Б.Б-н гэрэл зурагтай тохирно...” гэжээ. /хх-ийн 57 хуудас/
Хилийн зөрчлийн материал шалгасан баримт /хх-ийн 2-16 хуудас/
Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 35-36 хуудас/
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 37 хуудас/
Гэрч Х овогт Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-42 хуудас/
Гэрч А овогт Б.О-н мэдүүлэг /хх-ийн 45-47 хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуудас/
Шүүгдэгч Б.А-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 71 хуудас/
Шүүгдэгч Б.А-н оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 73 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х овогт Б.А нь 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн төрсөн дүү болох Б.Б-н дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Л.Э “..тухайн өдөр 15-16 цагийн хооронд нэг эрэгтэй бичиг баримтаа шалгуулж улсын хилээр нэвтрэхээр ирсэн. Тэгээд түүний гадаад паспортыг авч шалгахад тухайн паспортын эзэмшигчийн төрх байдал нь гадаад паспорт дээрх зурагтай тохиргүй байсан. ...түүнээс регистрийн дугаараа хэлнэ үү гэхэд авч яваа гадаад паспорт дээр регистрийн дугаарыг хэлж байсан. Мөн гадаад паспорт дээрх зурган дээр мэнгэтэй байсан учир ямар учиртай болохыг асуухад юм гарчихсан байж байгаад арилсан юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/, хойшлуулашгүй ажиллагаа явуулсан материал /хх-ийн 2-16/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 35-36 хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2006 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...шинжилгээнд ирүүлсэн Б.Б-н дугаартай үндэсний гадаад паспорт нь жинхэнэ байна. Уг гадаад паспортанд засварласан шинж тэмдэгүүд илрэхгүй байна...” /хх-ийн 52 хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2007 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн дугаартай үндэсний гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загварт ирүүлсэн регистрийн дугаартай Б.А-н гэрэл зурагтай тохирохгүй, регистрийн дугаартай Б.Б-н гэрэл зурагтай тохирно...” /хх-ийн 57 хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.А нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, бусдын гадаад паспортыг ашиглах аргаар үйлджээ.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхээс шүүгдэгчийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан байх бөгөөд Б.Б-н дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Прокуророос санал болгосон 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 / нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Б.А-н орлого олох боломжийг харгалзан 1500000 / нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацааны дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Б-н дугаартай гадаад паспорт 1 ширхэгийг эзэмшигчид буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц