Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/276

 

  

 

 

 

 

   2024             3              5                                          2024/ДШМ/276                                 

 

      

У.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана,

шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлоор У.Б-д холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн У-гийн Б-, 1984 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, “-” ОНӨААТҮГ-т галч ажилтай, ам бүл 4, эх, эгч, хүргэн дүүгийн хамт Налайх дүүргийн ... тоотод түр оршин суух, /РД:000000000/,

Баганхангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 

Шүүгдэгч У.Б- нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн ... тоот хашаанд хохирогч Д.Б-тэй “согтуурч, зүй бус харьцсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: У.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс 162,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хамт хадгалж, хохирогч нь хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байхад түүний хувийн байдлын талаар өрөөсгөл дүгнэлт өгч шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, ар гэрийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Шүүх хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор заасан ялуудаас 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон шийдвэрлэсэн нь шүүгдэгч У.Б-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний нэхэмжлэгч Ганжаргалын нэхэмжилсэн 162.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, мөн Д.Б-ээс ирээдүйд шүд суулгах 2.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд У.Б- ирээдүйд гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зүйл байгаагүй.  Баянчандмань, Налайх гэдэг газар ээлжийн ажилтай байсан бөгөөд тухайн өдөр ажлын тодорхойлолтоо авч ирж өгсөн байдаг. Дээрх нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэрэг байдлуудыг харгалзан үзэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч У.Б- нь ээлжийн ажилтай тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч У.Б- нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн ... тоот хашаанд хохирогч Д.Б-тэй “согтуурч, зүй бус харьцсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-ийн “...Би 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн ... тоотод хамаатны дүү болох М-н гэрт 09 цагийн орчимд очсон. Тэгээд үдээс хойш М- болон түүний ах О бид 3 эхлээд 0.75 литрийн “Шар Чингис” нэртэй архийг уучихаад, дараа нь 0.5 литрийн архи уугаад байж байхад гаднаас Б- гэх залуу орж ирсэн. Удалгүй М-, О хоёр согтоод унтчихсан. Би ч нэлээн согтсон байхад Б- нь намайг зодчихоод, ална шүү гээд заналхийлээд явсан. Миний үүдэн 3 шүд хугарсан, хамар бас гэмтсэн юм шиг байна, их өвдөж байгаа. ...” /хх 6-7/,

гэрч С.М-н “...Нэг мэдэхэд орой 19 цагийн үед сэрэхэд бүгдээрээ яваад өгсөн байсан. Тэгтэл өчигдөр Б- ах манай эхнэртэй тааралдаад танай гэрт архи уухад Б- намайг зодсон гэдгийг хэлсэн байсан. Би өмнө нь энэ талаар огт мэдээгүй. ...” /хх 9/,

гэрч Д.Т-гийн “...2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр би 11 цагийн орчимд гэртээ хүүгийн хамтаар байж байтал манай хашааны хаалга түжигнэж дуугарсан би гараад хартал манай хашааны үүдэнд нэг улаан дээлтэй залуу манай хадам ах У.Б-ийг газарт унагаачихсан дээр гараад толгой руу цохиж байхаар нь би очиж салгаад “хөөе одоо боль” гэж салгаад У.Б-ийг босгож иртэл У.Б-ийн баруун нүдний ойролцоо цус болчихсон байсан. Тэгээд би У.Б-ийг гэрт нь хүргэж өгсөн. ...Шагайгийн хашаанд ортол гэрийн үүдэнд У.Б- нь улаан дээлтэй залуутай заамдалцаад зогсож байсан. Би очиж салгаж хадам ах У.Б-ийг аваад гэртээ орсон. ...” /хх 11/,

гэрч Б.О-ийн “...2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед манай эгч Өнөржаргал над руу залгаад “Б- ах чинь хүнтэй зодолдоод байна гэнээ чи очоод салгаад өг” гэсэн тэгээд би М- ахын гэрт нь очтол Б-, Б- нар нь хоорондоо барилцаж аваад зогсож байсан. Намайг очих үед Б- ахын хамраас цус гарчихсан байсан. Тэгээд би салгах гэж оролдож байх үед Б- нь Б- ахын хамар руу нь цохисон. Б- ахын хамраас бүр их цус гарч эхэлсэн энэ үед тэр хоёр салсан би ахын хамраас гарч байгаа цусыг нь тогтоох гэж оролдсон болов ч тогтохгүй байсан. ...Б- ах Б- зууралдаад зогсож байхаар нь салгах гэтэл Б- нь Б- ахын нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиж Б- ахын ам, хамраас нь цус гараад тэгээд би Ө эгчтэй хамт Б- ахыг эмнэлэгт хүргэж өгсөн. ...” /хх 76

гэрч С.Ө-ын “...2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг өнгөрч байхад манай хүүхэд над руу залгаад “Б- ах Б ахыг зодчихлоо” гэж залгахаар нь би О рүү залгаж “Манай гэрт Б-, Б- хоёр зодолдоод байна гэнээ, чи очоод салгачих" гэж хэлээд өөрөө бас гэртээ иртэл Б- явчихсан байсан харин Б- ахын хамраас нь цус гарчихсан тэрийгээ тогтоох гээд байж байсан. ...Би ч дахиад Оюун-Эрдэнэ рүү залгаж “Б- өөр хүмүүс дагуулаад хүрээд ирчихсэн байна гэнэ хурдан манай гэр рүү очоорой” гэж хэлчхээд өөрөө бас ажил дээрээсээ гараад гэртээ иртэл Б- ахын ам хамраас нь цус гарчихсан, гартаа шүдээ барьчихсан байж байсан. ...” /хх 78/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын “...Д.Б-ийн биед баруун гайморын хөндийн урд хана, баруун ухархайн хана, хамар яс, хамрын таславчын хугарал, таславчын мурийлт, зөөлөн эдийн няцрал баруун 1 /11/, зүүн 1 /21/, 2 /22/-р шүдний булгарал, баруун зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун 1 /11/ зүүн 1 /21/, 2 /22/-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-иар алдагдуулна. ...” гэсэн 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 10988 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 14-15/,

яаралтай тусламжийн хуудас /хх 13/, дүрс, оношилгооны хариу /хх 20/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 79-81/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч У.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс У.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайханаас: “...У.Б-ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч У.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Б-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                С.БОЛОРТУЯА