| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/07451/И |
| Дугаар | 191/ШШ2025/05593 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05593
| 2025 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 191/ШШ2025/05593 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Л.Золзаяа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, Боржигин овогт Дамдинсүрэнгийн ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, Дамбий овогт ******* ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, байр, тоот хягт оршин суух, овогт /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 42 дугаар хороо, байр, тоот хягт оршин суух, Боржигон овогт /РД:/ нарт холбогдох,
Гэм хорын төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, Б.*******, хариуцагч Э., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.******* нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд байрны 2 дугаар орцонд Б.т зодуулж, улмаар гэмтэл авч одоо зүүн чихний хэнгэрэг хагарсан, хамарын хугарал зэрэг гэмтэл авсан. Дээр гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн дүгнэлт болон хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа.
Хүүхдийнхээ эмчилгээний зардалд нийт 1,500,000 төгрөг нэхэмжилсэн.
Томограф хийлгэсэн 250,000 төгрөг, Эм Жи Жи эмнэлэгт үзүүлсэн нэг удаагийн үзлэгийн төлбөр 50,000 төгрөг, болон эм тарианы мөнгө 500,000 төгрөг болсон. Хүүгээ чихний хагалгаанд оруулаагүй байгаа. Учир нь чихний хагалгаанд ороход 2,000,000 орчим төгрөгийн зардал гарна гэсэн боловч мөнгөний бололцоогүй хагалгаанд оруулж чадаагүй. Харин шүүхэд хагалгааны зардлын тал хувь болох 1,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Илүү зардал нэхэмжлээгүй тул хариуцагчаас 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмнө нь Б.тай маргаантай байсан. Маргалдаанаас болж зодоон болж байсан. Харин сая орцонд Б.тай таарахад үгийн зөрөөгүй миний чих рүү цохиод, хамар луу мөргөсөн. Юу ч ярихгүйгээр зодсон. Цохиулснаас хойш хамраараа сайн үнэрлэхгүй, чих юм сайн сонсохгүй байгаа. Нэлээн хэдэн удаа эмнэлгээр явж эм уусан. Одоо хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн гэв.
3.Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн тодорхойгүй байгаа тул эцсийн байдлаар хэдэн төгрөгийг эмийн эмчилгээнд зарцуулсан нь тодорхойгүй байгаа тул төлөх боломжгүй байна.
Хүүхдүүд хоорондоо муудалцаад хоёр ч удаа харилцан зодоон болсон тул цаашид ийм зүйл битгий болоосой л гэж бодож байна. Хүүхдүүд өмнө нь хөөрхөн найзууд байсан. Тэгээд муудалцаад манай хүүхэд зураг авалтанд оролцох гэж байхад нь роликоор толгой түрийгүй цохиод хүү маань сэтэрхий уруултай болсон.
Эх хүний хувьд нэхэмжлэгчийг ойлгож байгаа ч гэсэн эмчилгээний зардалд яг хэдэн төгрөг гарсан нь тодорхойгүй байна. Эрүүл мэндэд гэмтэл учруулсантай маргахгүй. Хүүхдийн эмчилгээний зардалд зарцуулсан талаарх баримт нь бодитой бол гарсан зардлыг өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
4.Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б.*******ий хамаатны дүү нь байдаг. Тэр хүүхэдтэй нь би найз байсан. Мөн ******* ах нь байсан тул хамт найзалж байсан. Тэгээд нэг өдөр Сайханаатай маргалдсан. Уг маргаанаас болж Сайханаа намайг цохиод миний уруул сэтэрсэн. Сая хичээлээсээ тараад ирж байхад нь орцонд таараад чих рүү нь алгадсан, хамар луу нь мөргөсөн нь үнэн. Гэхдээ харилцан зодоон байсан. Намайг бас зодсон гэв.
5.Хэрэгт авагдсан баримтууд:
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэх, Б.*******ий төрсний бүртгэлийн лавлагаа, ЭМЖЖ эмнэлэгийн үзлэгийн баримт, төлбөрийн баримт, Тавин-Ус ХХК, Эрдэн фарм ХХК, Адист дари мед ХХК-ийн төлбөрийн баримтууд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 8 сарын 28-ны өдрийн 41 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 сарын 27-ны өдрийн 6927 дугаартай Шинжээчийн дүгнэлт, лабораторын үйлчилгээний төлбөрийн баримт, эмнэлэгийн магадлагаа баримтуудыг шүүхэд гаргасан,
хариуцагчаас хүү Б.ын төрсний бүртгэлийн лавлагаа баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдааны үед гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******, Б.******* нар нь хариуцагч Э., Б. нарт холбогдуулан, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгааны зардалд 1,000,000 төгрөг, эм тарианы үнэ 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон ба хариуцагч нараас баримтаар нотлогдох эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б. нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 86а байрны орцонд насанд хүрээгүй Н.*******ийг урьдын таарамжгүй харилцаанаас шалтгаалан толгойн тус газар нь гараараа цохиж биед нь зүүн талын хэнгэргэн хальсны цоорол, хамрын ясын хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор Б.т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх гэмт хэргийн улмаас, нэхэмжлэгч Б.*******ий зүүн талын хэнгэрэн хальсны цоорол, хамрын ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6927 дугаартай Шинжээчийн дүгнэлт, ЭМЖЖ ХХК-ийн эмнэлэгийн үзлэгийн хуудас, дүрслэл оношлогооны хариу зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагчаас, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд буюу түүний сонсголын эрхтэнд гэмтэл учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч, хагалгаанд орох төлбөрийн хэмжээ тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүн, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Иймд хариуцагчид хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар учруулсан хохиролыг тодорхойлохдоо, хохирол бодитой учирсан буюу нотлогдсон байх, тухайн хохирлыг гэм буруутай этгээд учруулсан байх шинжүүдэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.*******ий сонсголын эрхтэнд учруулсан гэмтэл нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
4.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй холбоотой адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
Хэргийн 19-28, 31 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтуудаар нэхэмжлэгчээс эмийн болон үзлэгийн төлбөрт 663,340 төгрөгийн зардал гаргасан болох нь нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас эм, тариа үзлэгийн төлбөрт 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгчээс чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгааны зардалд 1,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлд Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг гэж, мөн 3.1.9-д эмчлэх гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ гэж, түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгоно хэмээн тус тус заажээ.
Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ үр дагаварыг арилгах үүргийг хариуцагч хүлээх үүрэгтэй тул хохирогчийн эрүүл мэндийг хэвийн байдалд оруулахтай холбоотойгоо мэс засал хийлгэх нь ирээдүйд гарах зайлшгүй зардал мөн юм. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйд өнгөрсөнд бий болсон хариуцлагыг хүлээлгэдэг ч гэм хорын хариуцлагын хувьд ирээдүйд гарах зайлшгүй зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон
Хэрэгт авагдсан ЭМЖЖ ХХК-ийн үзлэгийн баримтад ...хэнгэргэн хальс цоорхой, зүүн, цаашид ASSR хийлгэх, мэс заслын эмчид үзүүлэх гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь хүү Б.*******ий хагалгааны зардлыг 2,000,000 төгрөг болсон. Дээрх төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй тул чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд оруулаагүй байгаа гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Б.*******ий хэнгэргэн хальс цоорсон, мэс засал хийлгэх шаардлагатай талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт, эмийн эмчилгээний жор зэрэг нотлох баримтуудаар ирээдүйд хагалгаа хийлгэхтэй холбоотой зардал гарах нь зайлшгүй гэж үзэх үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан.
Иймд насанд хүрээгүй хариуцагч Б.аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй бөгөөд Б.ын захиран зарцуулах эрхэд байгаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд хариуцагч Э.ээс тус мөнгийг гаргуулж нөхөх хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
7.Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Талуудаас иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 503 дугаар зүйлийн 503.5., 505 дугаар зүйлийн 505.1.-д тус тус зааснаар хариуцагч Б.аас 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, Б.******* нарт олгож, Б.ын захиран зарцуулах эрхэд байгаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд хариуцагч Э.ээс тус мөнгийг гаргуулж нөхөх хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б., Э. нараас 98,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, Б.******* нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 503 дугаар зүйлийн 503.5., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг тус тус баримтлан, хариуцагч Б.аас 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, Б.******* нарт олгож, Б.ын захиран зарцуулах эрхэд байгаа хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд хариуцагч Э.ээс 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нөхөх хариуцлага хүлээлгэсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Б., Э. нараас 98,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, Б.******* нарт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧИД Л.ЗОЛЗАЯА
Л.ЭНХЖАРГАЛ