Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Н.А

Улсын яллагч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Н.Р-д холбогдох эрүүгийн 1820000560031 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, улс хооронд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2000 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 3/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 04/Б шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 7 сарын хорих ялаар, 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2016 оны 11 дүгээр сарын 02-н өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 94/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл О овогт Н.Р,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Н.Р нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух С.А-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гараараа толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О овогт Н.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн орчим байхад би өөрийн эзэмшлийн 88-50 ДГO улсын дугаартай “Уаз” 469 маркийн машинаар Эрээн хот руу 4 хүн аваад Эрээн хотод 11 цагийн үед очсон. Үдээс хойш буцахдаа 15 цагийн үед 4 хүн аваад Замын-Үүдэд 16 цагийн үед орж ирээд машинаа очерт тавьчихаад такси бариад хүргэн С.А-с 20,000 төгрөг авах авлагатай байсан болохоор байшингийнх нь үүдэнд буугаад хаалгыг нь тогшиход хэн бэ? гэхээр нь Р байна хаалгаа нээгээч гэхэд хаалгаа нээж өгөхдөө С.А ах согтуу том модон иштэй хутга бариад гараад ирэхээр нь би хутгыг нь булааж үүдний амбаар луу нь шидээд зөрүүлээд нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд С.А ах хажуу түцнээс надад 20,000 төгрөг авч өгсөнийг авсан. Удалгүй манай эхнэр С ирээд намайг аваад бид хоёр такси бариад гэртээ харьсан. С.А-н биед хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчим би гэрээсээ гараад дэлгүүр орж 0,75л “Ерөөл” архи 1 шилийг авч гэртээ очиж ганцаараа авсан архинаасаа 2 хундагийг уучихаад гэртээ хоол хийх гээд махаа татаж байхад манай байшингийн хаалга цонхийг нүдээд байхаар нь би хаалгаа нээж өгөхдөө мах хэрчиж байсан шар иштэй хутгаа баруун гартаа барьчихсан хаалгаа нээж өгсөн чинь Р орж ирээд миний хутгыг булааж аваад үүдний амбаар луу шидээд гэрт орж ирээд зээлүүлсэн 20,000 төгрөгийг өгсөнгүй гэж хэлээд нүүр лүү 4-5 удаа цохиход нь би шалан дээр унасан ба удалгүй босоод мөнгийг өгөх гээд гэрээсээ хамт гараад хажуу айлынхаа Э ахаас 20,000 төгрөг зээлж аваад Р-д өгсөн чинь миний мөнгийг удаалаа гээд толгой руу гараараа 2-3 удаа түлхсэн чинь Э ах бид хоёрыг дэлгүүрээсээ гар гэхээр нь бид хоёр гараад гадаа маргалдаад байхад Р-н эхнэр С ирээд аваад явсан. Би гэр лүүгээ ортол миний хамарнаас цус гараад толгой өвдөөд байхаар нь охин Н луу утсаар ярьсан чинь ирээд намайг аваад эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд аймаг яаралтай яв гэж хэлсэн учир Сайншандад очиж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Манай охин А.Н цагдаад хандаж өргөдөл өгсөн. Ийм л асуудал болсон...” гэв. /хх-ийн 7-8 хуудас/

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 сарын 05-ны өдөр 16 цагийн орчим гэртээ байж байхад танихгүй дугаараас Р надтай утсаар яриад Өгөөмөрийн гудамжинд хүрээд ир гэхээр нь би такси бариад С.А ахын гэрийн гадаа буусан. Тухайн үед Р, С.А гадаа хоёулаа маргалдаад зогсож байсан. Р надад хэлэхдээ С.А ах надад хажуу түцнээс 20,000 төгрөг зээлж өгч өгсөн гэж надад хэлэхээр нь хамаатан садан хүмүүс байж юундаа хэрэлдээд байгаа юм бэ? гэхэд Р би уур хүрээд С.А ахыг 2 удаа алгадсан гэж хэлсэн. С.А ахын зүүн талын шанаа хавдчихсан байсан. Би тэгээд Р-г таксинд суулгаад аваад явсан ба дахиж С.А-н гэрт бид хоёр очоогүй. Ийм л асуудал болсон юм…” гэжээ. /хх-ийн 16-17 хуудас/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/

2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/078 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. С.А-н биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын зүүн хэсэг, эрүүний баруун хэсэг, баруун мөр баруун бугалга хамарсан, баруун эгэм, цээжний баруун дээд хэсэг, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21-22 хуудас/

Хохирогч С.А-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 32 хуудас/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 хуудас/

Шүүгдэгч Н.Р-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 хуудас/

Шүүгдэгч Н.Р-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/

Хохирогч С.А-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 70 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О овогт Н.Р нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух хохирогч  С.А-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гараараа толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, уруулын зүүн хэсэг, эрүүний баруун хэсэг, баруун мөр баруун бугалга хамарсан, баруун эгэм, цээжний баруун дээд хэсэг, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “би хаалгаа нээж өгөхдөө мах хэрчиж байсан шар иштэй хутгаа баруун гартаа барьчихсан хаалгаа нээж өгсөн чинь Р орж ирээд миний хутгыг булааж аваад үүдний амбаар луу шидээд гэрт орж ирээд зээлүүлсэн 20,000 төгрөгийг өгсөнгүй гэж хэлээд нүүр лүү 4-5 удаа цохиход нь би шалан дээр унасан ба удалгүй босоод мөнгийг өгөх гээд гэрээсээ хамт гараад хажуу айлынхаа Э ахаас 20,000 төгрөг зээлж аваад Р-д өгсөн чинь миний мөнгийг удаалаа гээд толгой руу гараараа 2-3 удаа түлхсэн...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрч Д.С, Б.Э нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/078 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.  

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.Р нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч С.А нь шүүгдэгч Н.Р-с нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн ба шүүгдэгч Н.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгч Н.Р-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр  торгох ялыг санал болгосон ба шүүгдэгч Н.Р-г уг торгуулийн ялыг төлөх санхүүгийн боломжтой гэж шүүх үзлээ

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Н.Р-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Н.Р-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Р нь 500000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Н.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Р-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ