Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/424

 

  2024            04            10                                          2024/ДШМ/424

 

Д.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Д.Ө-н өмгөөлөгч Б.Балжидмаа,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ө-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2031 00230 0320 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т овогт Д-н Ө, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ................ тоотод оршин суух хаягтай, /РД: ........./,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 702 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 488 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн;  

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд “Солонгос улсын виз гаргана” гэсэн зарыг интернэт орчинд байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нэр бүхий 89 хүнээс нийт 39.469.950 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, хохирогч нарыг хуурч “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ө-г 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-н цагдан хоригдсон 142 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ө-с 5.613.110 төгрөг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтын дагуу нэр бүхий хохирогч нарт олгуулж, шүүгдэгч Д.Ө-с хохирол төлөхөөр тус шүүхийн төрийн сангийн 100900005407 дансанд байршуулсан 10.000.000 төгрөгийг шийтгэх тогтоолын хавсралтын дагуу нэр бүхий хохирогч нарт хохирол төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ө тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан дараах гомдлыг гаргаж байна. Би анхнаасаа буруугаа хүлээн зөвшөөрч хохирол, төлбөрийн 90 хувийг шүүх хурлаас өмнө барагдуулсан ба шүүх хурлаас хойш хохирол, төлбөрийг бүрэн барагдуулж дуусгаад байна. Шүүх хуралдаанд миний бие өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутуугийн улмаас гэмт хэргийн зүйлчлэлийн учир холбогдлыг бүрэн ойлгоогүй байсан. Харин шүүхийн дүгнэлтийг уншаад гэмт хэрэг үйлдсэндээ бүрэн ухамсарлаж өөртөө гэмшиж, харамсаж байна. Мөн цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх, хүний хувьд шударгаар ажиллаж хөдөлмөрлөж явах талаар хоригдож байх хугацаандаа байнга бодож, өөрийн өмнө гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн миний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялын хэмжээг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад эрүүгийн хариуцлагын талаар санал гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү гэсэн. Хохирлыг ерөнхийдөө төлсөн гэж үзэж байгаа. Зарим хохирогч нарт давхардуулж хохирол төлсөн асуудал гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 5 сая төгрөгөөс давхардаж төлөгдсөн мөнгө нь хасагдана гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Д.Ө-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Ө-г 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд “Солонгос улсын виз гаргана” гэсэн зарыг интернэт орчинд байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нэр бүхий 89 хүнээс нийт 39.469.950 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүнд анхан шатны шүүхээс 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Д.Ө-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Д.Ө-н гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Ө-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд “Солонгос улсын виз гаргана” гэсэн зарыг интернэт орчинд байршуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Орхон-Уул, Увс, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймгууд болон Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт оршин суух нэр бүхий 89 хүнээс нийт 39.469.950 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь:

хохирогч Л.Э-н “... “Би 2019 оны 7 дугаар сарын 01, 02-ны хавьд Ө гэх хүнтэй “гэрээгээр нас харгалзахгүй 6 сарын виз гаргана” гэж фэйсбүүк хаягаар холбогдсон. Хүүтэйгээ хамт явья гэж санал тавихад “болно, нэг хүний 150.000 төгрөг болно, 6 сарын хугацаатай ажлын виз зуучилж өгнө” гэхэд нь би итгэсэн. ... Тэгээд “5270687712 данс руу визний материал бүрдүүлэхэд зарцуулах мөнгө 300.000 төгрөг шилжүүлчих” гэхэд нь би өөрийн мобайл банкаар шилжүүлсэн. ...” /1 хх 10/,

хохирогч Э.О-н “... Би мэдээлэл авъя гэж чат бичихэд хариу Д.Ө-с виз гаргах хугацаа 10 хоног зөрчилтэй бол 1 сар 25 хоног болно, би Солонгост амьдардаг, найдвартай ажилд зуучилна” гэж хэлсэн. Бичиг баримт зуучилсан, илгээмжийн материалд орчуулга хийнэ гэх мэт төлбөрт 1 хүний 150.000 төгрөг болно гэсэн. ...” /1 хх 54/,

хохирогч Э.С-н “...  “Би өөрийн фэйсбүүк хаягаас Д.Ө гэх фэйсбүүк хаягтай Солонгосын виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу харилцаа тогтоож виз гаргаж өгөх  хүн байна гэж итгэсэн. ... Би Д.Ө-д шилжүүлж залилуулсан 726.000 төгрөгөө буцаан авмаар байна ...” /1 хх 57/,

хохирогч Б.Д-н “... Д.Ө над руу чатаар 150.000 төгрөгийг илгээмжийн газрын ажилтан Баттүшигийн 5270512106 данс руу шилжүүлчих гэхэд нь би итгээд өөрийн нөхрийн данснаас шилжүүлсэн. ...” /1 хх 62-63/,

хохирогч Л.Ж-н “... 150.000 төгрөгийг анкет бөглөөд виз мэдүүлэхэд Хаан банкны дансаар одоо дансыг санахгүй байна, дараа нь 8 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны 5270687712 тоот данс руу 50.000 төгрөгийг баглаа боолтны мөнгө гэж авсан. Дээрх мөнгийг авахдаа Д.Ө гэсэн чатаар холбогдож байсан. ...” /1 хх 96-97/,

хохирогч Б.У-н “... Анх манай нөхөртэй Д.Ө гэсэн хаягаар фэйсбүүкийн чатаар холбогдож солонгосын виз гаргаж өгдөг, би өөрөө солонгос улсад байдаг, манай дүү Монголд байдаг юм гэж хэлж итгүүлээд 5280687712 гэсэн данс явуулаад гүйлгээний утга дээр нь илгээмж гээд нэрээ бичээрэй гэсэн. ...” /1 хх 102-103/,

хохирогч С.Г-н “... Фэйсбүүк дээр Д.Ө гэдэг хаягаас “Солонгос улс руу виз гаргаж өгнө” гэсэн байхаар нь чат бичиж мэдээлэл авсан... М.Баттүшиг гэсэн 5270512106 гэсэн хүний данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1 хх 113/,

хохирогч Ц.З-н “... 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк дээр Д.Ө гэдэг хаягаас Солонгос улс руу виз гаргаж өгнө гэсэн зарлал байхаар нь би чат бичсэн. Би шилжүүлсэн 150.000 эргүүлж авч чадаагүй. ...” /1 хх 119/,

хохирогч Б.М-н “... Надад илгээмж даатгалын төлбөр болох 92.500 төгрөг шилжүүл гэхээр нь би данс болох 5270512106 гэсэн данс руу мобайлаар шилжүүлсэн.  ...” /1 хх 124/,

хохирогч С.Ц-н “... Найз Нармандахтай өгсөн Д.Ө гэсэн фэйсбүүк хаягаар холбогдож ярихад “Солонгос улс руу явах виз гаргана, оюутнууд компанид ажиллах хүсэлт гадаад паспорт зэрэг бичиг баримт бүрдүүлнэ, дансанд 2 хүн 600.000 төгрөг урьдчилгаа хий” гэсэн. ...” /1 хх 133/,

хохирогч М.О-н “... Солонгос улсын виз гаргана, ажилд зуучилна гэсэн зар байхаар нь тэр зарын дагуу Д.Ө гэх хүнтэй фэйсбүүк чатаар холбоо тогтоож мэдээлэл авахад материал бүрдүүлж өгөх шаардлагатай гэсэн. ... 586.300 төгрөг шилжүүлсэн. ...” /1 хх 150/,

хохирогч С.Б-н “... Тэгээд надаас ... урьдчилгаа гээд 150.000 төгрөгийг шилжүүл гээд Хаан банкны Гүр гэсэн хүний данс надад өгсөн. Би уг данс руу өөрийн Хаан банкны данснаас 150.000 шилжүүлсэн. ...” /1 хх 152/,

хохирогч Д.О-н “... Би мэдээлэл авъя гээд Д.Ө гэх хүний хаяг руу чат бичсэн. Тэгээд харилцаж байгаад Хаан банкны 5170687712 дугаарын Гүр гэх хүний данс руу өөрийн дансаар 150.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1 хх 158/,

хохирогч Б.Б-н “... Би уг хүнтэй мессежээр анх холбогдоод визний талаар асуусан... Би өөрийн данснаас Гүр гэх хүний данс руу шилжүүлсэн. ... нийт 900.000 төгрөг авсан. ...” /1 хх 170/,

 хохирогч Н.Ж-н “... Би фэйсбүүк үзэж байтал Д.Ө гэх хаягтай хэрэглэгч виз гаргаж өгнө, оюутны виз, аяллын виз, гэрээний виз гаргаж өгнө гэсэн зар тавьсан байхаар нь холбогдсон. ...” /1 хх 187/,

хохирогч Э.Э-н “... би чатаар холбогдоод ярихад виз гаргаж өгнө 6 сарын хугацаатай солонгос улсад ирсний дараа ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэй холбогдоход орчуулгын мөнгө 150.000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлсэн. ...” /1 хх 194/,

хохирогч Д.Г “... Би чатаар холбогдоод ярихад виз гаргана, ажилд оруулж өгнө гэж хэлсэн. ... Д.Ө надаас нийт 3 удаа гүйлгээгээр мөнгө авсан. ...” /1 хх 201/,

хохирогч Э.О-н “... Д.Ө гэсэн хаягтай хүн Солонгос улс руу 6 сарын хугацаатай виз гаргаж өгнө гэсэн. Д.Ө чатаар илгээмжийн мөнгө гэж 5270512106 данс руу хүн тус бүрийн 150.000 төгрөг шилжүүл гэсэн. ...” /1 хх 207/,

хохирогч Д.Д-н “...Би бүртгэлийн мөнгө гэж 150.000 төгрөг, урьдчилгаа ажлын хөлс гэж 200.000 төгрөгийг Гүр гэдэг нэртэй хүний данс руу шилжүүлсэн. ...” /1 хх 211/,

хохирогч М.А-н “... эхний ээлжид орчуулгын мөнгө гээд Гүр гэх хүний данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа Д.Ө гэх хүний хаягаас Монгол руу илгээмж явуулах гээд байна гээд Гүр гэх хүний данс руу 70.000 төгрөг явуулсан. ...” /1 хх 221/,

хохирогч Э.Ж-н “... Д.Ө гэдэг хаяг “Солонгосын виз түргэн шуурхай найдвартай гаргаж өгнө” гэсэн зарыг хараад холбогдсон. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр АТМ-ээс 150.000 төгрөг, түүний дараа хил дээрх ариутгал, даатгалын мөнгө гэж 91.500 төгрөг тус тус шилжүүлсэн. ...” /1 хх 227/,

хохирогч Б.А-н “... Би анх Д.Ө гэх фэйсбүүк хаягтай хүнтэй чатаар харилцаа тогтоосон бөгөөд намайг ямар нэгэн хүн зуучлаагүй. Мөн би 1 сая гаран төгрөг шилжүүлсэн. ...” /1 хх 233/,

хохирогч Ш.Б-н “...Би анх Д.Ө гэх хүнтэй чатаар тогтоосон бөгөөд намайг ямар нэгэн хүн зуучлаагүй, мөн би 180.000 төгрөгийг 5270512106 дугаарын дансанд шилжүүлсэн. ...” /1 хх 237/,

хохирогч Ж.Б-н “... Д.Ө фэйсбүүк чатаар илгээмжийн мөнгө гэж эхлээд би өөрийн Төрийн банкны 162000416816 данснаас 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 150.000 төгрөг, 5270687712 дугаартай Гүр гэх хүний данс руу хийлгэсэн. ...” /1 хх 247/,

хохирогч С.М-н “... Би Д.Ө гэх хүний фэйсбүүк хаягаар чат бичиж харьцсан. Эхний ээлжид 150.000 шилжүүлэх хэрэгтэй гэхээр өөрийн 5016069118 дугаарын данснаас шилжүүлсэн. ...” /2 хх 8/,

хохирогч Ц.П-н “... Эхний ээлжид нэг хүний зардал гэж 150.000 төгрөг шилжүүл гэснийг өөрийн 5059313135 дугаартай данснаас 5270687712 тоот данс руу шилжүүлсэн. ...” /2 хх 11/,

хохирогч Х.А-н “... .Д.Ө эхний ээлжид 150.000 төгрөг нэг хүний зардал гэхээр нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөгийг өөрийн 5026965805 дугаартай данснаас 5270687712 дансанд шилжүүлсэн. ...” /2 хх 15/,

хохирогч Б.Д-н “... Фэйсбүүкээр зар харж холбогдсон. ... нийт шилжүүлсэн 631.700 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /2 хх 26/,

хохирогч Б.З-н “... Солонгос улсад явуулж өгнө гэсэн зарыг хараад мессеж бичсэн. ... нийт шилжүүлсэн 181.500 төгрөгийг авмаар байна. ...” /2 хх 58/,

хохирогч Д.Б-н “... Баянхонгор аймгийн зарын групп дээр Солонгос улсад ажилд зуучилна, оюутан сурагчдад зуучилна зар хараад мэдээлэл авъя гэж бичсэн... Нийт шилжүүлсэн 631.700 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /2 хх 69-70/,

хохирогч С.Ц-н “... Би найз Бурмаагаар 150.000 төгрөг данс руу нь хийлгэсэн. 5270512106 данс руу 300.000 төгрөг өөрөө шилжүүлээд 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б.Дуламсүрэнгийн данс руу 60.000 төгрөг шилжүүлээд тухайн мөнгийг Дуламсүрэн 5270687712 данс руу шилжүүлсэн гэсэн. ...” /2 хх 102-103/,

хохирогч Б.Э-н “... би Солонгос улс руу гарч ажиллах гэсэн юм гэтэл болно эхлээд 150.000 төгрөгийг дансанд байршуулах ёстой гээд Гүрбазар гэсэн Хаан банкны данс өгсөн. ...” /2 хх 122/,

хохирогч Б.Т-н “... Хаан банкаар дамжуулан Дашдорж овогтой Д.Ө гэх хүний 5270687712 гэсэн данс руу 150.000 төгрөг хийсэн. Би өөрийн данснаасаа 5270687712 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2 хх 126/,

хохирогч С.Х-н “... Хүний тоо хязгаартай хурдан мөнгөө хий гэж шахамдуулж байгаад 150.000 төгрөг өөрийн 5935134232 тоот данснаас Д.Гүрийн эзэмшлийн Хаан банкны 5270667712 тоот дансаар нэг удаа шилжүүлж авсан. ...” /2 хх 137/,

хохирогч А.О-н “... “Манай хүргэн ах Дагдандорж 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Д.Гүрийн эзэмшлийн Хаан банкны 5270687712 дугаарын дансанд 87.521 төгрөг хийлгэсэн. ...” /2 хх 144/,

хохирогч Д.Г-н “...би Солонгосын виз гаргуулахаар 5270687712 дугаар дансанд өөрийн 5951015623 дугаар данснаас 63.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2 хх 153/,

хохирогч Ч.О-н “... Би анх 2019 оны 4 сард Д.Ө гэх хүнтэй харьцаа тогтоон эхлээд 150.000 төгрөг өгөөд дараа нь 280.000 вон монгол мөнгөөр 682.000 төгрөг Баттүшиг, Гүр гэх хоёр дансанд тус тус шилжүүлсэн. ...” /2 хх 157/,

хохирогч Б.Э-н “... Би анх Д.Ө гэх хүнтэй харилцаа тогтоосон. 2019 оны 11 сарын 06-ны өдөр 5001671686 данснаас Гүр гэх хүний 5270687712 данс руу өргөдөл илгээмж, орчуулгын мөнгө гэж 150.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2 хх 168/,

хохирогч Б.Н-н “... Би анх 2019 оны 01 дүгээр сард Д.Ө гэх хаягнаас оруулсан “найдвартай ажлын виз гаргаж өгнө” гэсэн мэдээллийн дагуу фэйсбүүк чатаар харилцан Гүр гэх хүний Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3 хх 175/,

хохирогч П.У-н “... Д.Ө гэх чатаас ирүүлсэн 5270687712 данс руу өөрийн 5011204983 данснаас 300.000 төгрөг илгээмж гэж явуулсан. ...” /3 хх 180/,

хохирогч Э.Э-н “... Хэнтий зар гэсэн фэйсбүүк групп дээр Солонгос руу явуулна гэсэн зар байхаар нь сонирхож чат бичсэн. Би Баттүшиг гэх хүний данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. ...” /3 хх 205/,

хохирогч Л.Д-н “... 2020 оны 01 сарын 22-ны өдөр М.Баттүшигийн эзэмшлийн 5270512106 дансанд өөрийн 5938041741 данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн. Виз гаргуулж чадаагүй, 300.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /3 хх 213/,

хохирогч Д.О-н “... Д.Ө гэх фэйсбүүк хаягаас Солонгос улс руу явах ажилчдын виз гаргана гэсэн чатаар холбогдсон. 2019 оны 12 сарын 11-ний өдөр Гүр гэх хүний 5270687712 данс руу 150.000 төгрөг, 12 дугаар сарын 14-ний өдөр 42.000 төгрөг нэмж шилжүүлсэн. Надад виз гаргаж өгөөгүй. ...” /3 хх 225/,

хохирогч М.Г-н “... Д.Ө гэсэн фэйсбүүк хаягаар Солонгос улс руу явж ажиллах ажилчдын виз гаргана гэхээр нь чатаар холбогдож мөнгө шилжүүлэх болох үед Гүр гэх данс руу миний мөнгийг авсан. ...” /3 хх 234/,

хохирогч Б.Л-ны “... 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 5270687712 данс руу 150.000 төгрөг, 2019 оны 9 сарын 05-ны өдөр 92.700 төгрөг дахиж шилжүүлээд нийт 242.700 шилжүүлсэн. ...” /3 хх 235/,

хохирогч О.Э-н “... Сүхбаатар аймгийн фэйсбүүк хаяг дээр виз гаргана гэж Д.Ө гэх хаягаас зар оруулсан байхаар нь чатаар холбогдож виз хөөцөлдөх мөнгө гэж 387.630 төгрөгийг 5103019180 дугаарын дансаар шилжүүлсэн. ...” /3 хх 240/,

хохирогч Н.С-н “...Д.Ө гэх хаягтай хүн рүү холбогдож 3 хүний 450.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. ...” /6 хх 21/,

хохирогч Д.Б-н “... Д.Ө гэх хүний чатаар холбогдон визээ хэзээ гарах талаар асуухад 1 сарын сүүлээр гарчихна гэж хэлсэн. Би 5908088059 дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сард 270.000 төгрөгийг Д.Ө гэдэг хүний Хаан банкны данс руу нь мобайлаар шилжүүлсэн. ...” /4 хх 3/,

хохирогч Ж.Б-н “... Надад Д.Ө нь 2019 оны 12 сард Гүр гэх хүний өгсөн данс руу 150.000 төгрөгийг өөрийн гар утасны мобайл банкаар өөрийн данснаас шилжүүлсэн. ...” /4 хх 9/,

хохирогч Ц.Э-н “... Солонгос улс руу виз гаргана гэсэн зарын дагуу Д.Ө гэх хүнтэй холбогдсон. 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр илгээмжийн мөнгө гэж 150.000 төгрөг 5270687712 данс руу шилжүүлсэн. ...” /4 хх 148/,

хохирогч Ө.С-н “... Д.Ө гэх хүний хувь чатаар харьцсан. Эхний ээлжид бичиг баримт бүрдүүлэхэд 150.000 хэрэгтэй гэхээр 5898024182 данснаас 5270687712 дансанд 150.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хийсэн. ...” /4 хх 19/,

хохирогч Ш.Н-н “... Би зарын дагуу холбогдоход эхний ээлжид 150.000 шилжүүлчих гээд 5270687712 дансанд 2019 оны 11 дүгээр сарын 06-нд 5892054055 дугаарын данснаас шилжүүлсэн. ...” /4 хх 26/,

хохирогч Э.Ц-н “... Д.Ө гэх хүний фэйсбүүк рүү чат бичиж харилцаа тогтоосон. Энэ хүн нэг данс өгөөд өөрийн 5055484220 дугаарын данснаас Гүр гэх 5270687712 данс руу 200.000 төгрөг хийсэн. ...” /4 хх 40/,

хохирогч Н.Н-н “... Дарханы хамгийн том зар гэсэн зарын групп дээр 6 солонгос руу виз гаргана гэсэн зар байсан. ... Д.Ө гэх хүнээс 650.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. ...” /4 хх 44/,

хохирогч Н.Ц-н “... Д.Ө гэсэн фэйсбүүк хаягаар чат бичиж харилцаа тогтоосон. Би 164.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн. ...” /4 хх 50/,

хохирогч Б.О-н “... Солонгос улс руу виз гаргана гэсэн зарын дагуу Д.Ө гэх хүнтэй харилцаа тогтоож 78.000 төгрөгийг Хаан банкны 5270687712 дансанд шилжүүлж байсан. ...” /4 хх 54/,

хохирогч Ц.Ч-н “... Манай нөхөр дээрх хүмүүстэй фэйсбүүкээр харилцаа тогтоосон. Манай нөхөр 150.000 төгрөг виз гаргахад хэрэгтэй байна гээд миний данснаас авсан. ...” /4 хх 58/,

хохирогч Ж.Э-н “... Би тухайн үед 5071291830 дугаарын данснаасаа 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа Дэлгэрцэцэг байрлах байрны мөнгө хэрэг болчихлоо гээд 250.000 төгрөг, амь даатгалын мөнгө хэрэг боллоо гээд би Гүр гэх хүний данс руу өөрийн 5077157311 данснаас 64.300 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4 хх 63/,

хохирогч Н.А-н “... Солонгос улс руу эмчилгээний журмаар явуулж өгдөг гэж сонсоод 150.000 төгрөг, мөн энэ өдөр 63.400 төгрөгийг хийж байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ...” /4 хх 73/,

хохирогч П.М-н “... Д.Ө гэх фэйсбүүк хаягаас Солонгос улс руу явуулж өгнө гэсэн зар явж байхаар нь би өөрийн хаягаар харилцсан. Бичиг баримтад зарцуулах мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн Хаан банкны данснаас Гүр гэх хүний 5270687712 данс руу 200 гаруй мянган төгрөг, урилганд хэрэгтэй болно гээд 80.000 төгрөгийг дээр дурдсан дансаар авсан. ...” /4 хх 77/,

хохирогч Э.Г-н “... өргөдлийн орчуулгын мөнгө гэж 150.000 төгрөг, материал тээвэрлэлтийн мөнгө гэж 98.700 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн. ...” /4 хх 104/,

хохирогч Э.Ж-н “... Зарын дагуу чатаар харилцсан. Өөрийн данснаас Гүр гэх хүний дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4 хх 108/,

хохирогч Б.А-н “... Д.Ө гэсэн хаягтай фэйсбүүк хаягаас Солонгос улсын виз гаргана гэсэн зар тавьсан байхаар нь “Солонгос улс руу яаж гаргаж байгаа вэ, мэдээлэл авах гэсэн юм” гэсэн чат бичээд мэдээлэл авсан. Тэгээд Д.Ө гэсэн хаягтай хүн эхний ээлжид бүртгэлийн мөнгө гээд 150.000 мянган төгрөгийг Дашдоржийн Гүр гэдэг хүний нэртэй дансанд шилжүүлсэн. ...” /4 хх 126/,

хохирогч М.О-н “... Д.Ө гэх фэйсбүүк хаягнаас Солонгос улс руу 6 сарын хугацаатай урилгаар виз гаргаж өгнө гээд зар тавьсан байсан тул фэйсбүүк чат ашиглан холбогдсон. 650.000 төгрөгийг дансаар өгсөн. ...” /4 хх 137/,

хохирогч Ө.Д-н “... фэйсбүүк чат ашиглан холбогдож 150.000 төгрөг дансаар өгсөн. Би виз гаргуулан авч чадаагүй. ...” /4 хх 142/,

хохирогч Ч.Ц-н “... Д.Ө гэх фэйсбүүк хаягаас Солонгос улс руу 6 сарын хугацаатай урилгаар виз гаргаж өгнө гээд зар тавьсан байсан тул фэйсбүүк чат ашиглан холбогдсон. 150.000 төгрөгийг дансаар өгсөн. ...” /4 хх 147/,

хохирогч Г.У-н “... Д.Ө гэх фэйсбүүк хаягаас Солонгос улс руу 6 сарын хугацаатай урилгаар виз гаргаж өгнө гээд зар тавьсан байсан тул фэйсбүүк чат ашиглан холбогдсон. 650.000 төгрөгийг дансаар өгсөн. ...” /4 хх 153/,

хохирогч С.О-н “... Фэйсбүүк дээр “Солонгос улс руу гаргаж өгнө” гэсэн зар явж байхаар нь би зарын дагуу тухайн хаяг руу чат бичиж холбогдоод Хаан банкны Д.Гүр гэсэн нэртэй данс руу 150.000 төгрөг, дараа нь 41.500 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ...”  /4 хх 158/,

хохирогч Б.О-н “... Фэйсбүүк дээрх зарын дагуу Д.Ө гэдэг хүнтэй чатаар холбогдож визний материал бүрдүүлэлтийн мөнгө гэж шилжүүлж байсан. Визээ гаргуулж чадаагүй, мөнгөө ч буцааж аваагүй. ...” /4 хх 168/,

хохирогч Б.Б-н “... Д.Ө гэсэн цахим хаягаас “Солонгос улс руу зуучилж виз гаргаж өгнө” гэсэн зар оруулсан байсан. ... Нийт 2 удаагийн гүйлгээгээр 840.000 төгрөг шилжүүлснээс нэг ч төгрөг аваагүй. ...” /4 хх 177/,

хохирогч Л.Я-н “... Гүр гэх хүний данс руу 60.000 төгрөгийг мөн гэрээсээ шилжүүлсэн. Ингээд 2 удаагийн гүйлгээгээр 176.400 төгрөгийн шилжүүлэг хийсэн. ...” /4 хх 201/,

хохирогч Б.Ш-н “... Сэлэнгэ зар гэсэн фэйсбүүк хуудас руу ороод “Солонгос явуулна гэсэн зарын дагуу” нөхөр Алтангэрэл холбогдож илгээмж, орчуулга, материал засварын мөнгө гэж 150.000 төгрөг болно гэхээр нь 300.000 төгрөгийг Гүр гэх хүний данс руу шилжүүлсэн. ... Нийт 320.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4 хх 212/,

хохирогч Г.Х-н “... Чатаар холбогдож байгаад интернэт банкаар Гүр гэх хүний данс нөхөр бид хоёр 300.000 төгрөгийг 2019 оны 5 сард явуулсан. Тэгээд дараа нь 2019 оны 7 дугаар сард каргоны мөнгө гэж 176.000 мөнгийг Гүр гэх хүний данс руу интернэт банкаар шилжүүлсэн. ...” /4 хх 218/,

хохирогч М.Б-н “... Солонгос улсын виз гаргана гэсэн зарыг Д.Ө гэх хүн тавьсан байсан. 2019 оны 8 сард 242.670 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4 хх 230/,

хохирогч Д.О-н “... Д.Ө гэх хүний өгсөн Д.Гүр гэх Хаан банкны данс руу 300.000 төгрөг нөхөр А.Алтанхүүгийн картыг ашиглан АТМ-с шилжүүлсэн. ...” /4 хх 238/,

хохирогч А.Б-н “... 2019 онд өөрийн 5029539385 дугаартай данснаас эхний 82.500 төгрөг, 2020 оны 2 сард 198.500 төгрөгийг шилжүүлсэн мөнгөө аваагүй. ...” /5 хх 12/,

хохирогч Д.Б-ны “... Би анх Д.Ө гэх фэйсбүүк хаягтай чатаар холбогдсон, 2020 оны 2 сарын 21-ний өдөр 150.000 төгрөгийг 5280687712, 91.300 төгрөгийг 5270512106 данс руу шилжүүлсэн. ...” /5 хх 20/,

хохирогч М.Г-н “... Мобайл банкаар 110.000 төгрөг тодорхойлолт шуудангийн мөнгө, дараа 120.000 төгрөгийг ажлын газрын тодорхойлолт, 2019 оны 11 сард батлан даах баримт бичгийн үнэ гэж 500.000 төгрөг аваад алга болсон. Би нийт 3 удаагийн үйлдлээр 730.000 төгрөг шилжүүлсэн. ...” /5 хх 28/,

хохирогч Э.Б-н “... Орчуулгын хөлс гэж 82.500 төгрөгийг шилжүүлсэн. Дахиад холбогдох гэтэл блок хийсэн байсан. ...” /5 хх 218/,

хохирогч Б.Ж-н “... би 450.000 төгрөгийг Гүр гэх залуугийн данс руу шилжүүлсэн. Уг данс руу 5 хүний 1.125.000 төгрөгийг хийсэн. Нийт 1.575.000 төгрөг болсон. /5 хх 61/,

хохирогч Б.О-н “... Д.Ө гэх хүн Ховд аймгийн нэгдсэн сайтад пост оруулсан байсан. ... нийт 342.500 төгрөгийг надаас авсан. ...” /5 хх 71/,

хохирогч Ц.Б-н “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Д.Ө гэдэг хаягаас явуулсан Гүр гэсэн 5270687712 дансанд 150.000 төгрөг шилжүүлсэн. ...” /5 хх 78/,

хохирогч Л.Т-н “... Гүр гэх данс руу шилжүүлчих гэхээр шилжүүлсэн, нийт 222.500 төгрөг өгчихсөн. ...” /5 хх 85/,

хохирогч Н.Ж-н “... Гүр гэх хүний 5270687712 данс руу ... нийт 789.510 төгрөг шилжүүлсэн. ...” /5 хх 95/,

хохирогч Г.Б-н “... 5064115069 дугаарын данснаасаа 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Хохирлоо авмаар байна. ...” /5 хх 102/,

хохирогч Г.С-н “... Д.Ө гэх хүн “Солонгос улс руу явуулах виз гаргаж өгнө ... орчуулгын 150.000 төгрөг хэрэгтэй” гэхээр нь өгсөн данс руу нь өөрийн 5064191426 данснаас шилжүүлсэн. ...” /5 хх 107/,

хохирогч Б.О-н “... Д.Ө гэдэг фэйсбүүк хаягтай хүнд 150.000 төгрөг, 30.000 төгрөг тус тус шилжүүлсэн. ...” /6 хх 224/,

хохирогч Г.Н-н “... Гүр гэх хүний 5270687712 дугаарын дансанд 3 удаагийн гүйлгээгээр 900.000 төгрөг шилжүүлж, залилуулсан. ...” /6 хх 230/,

хохирогч Н.П-н “... Д.Ө гэх хаягаас “Солонгос улс руу зуучилна” гэсэн зарыг харж 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 150.000 төгрөг, 09 дүгээр сарын 29-ний өдөр 92.670 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 350.000 төгрөг Гүр гэх данс руу шилжүүлж залилуулсан. ...” /7 хх 32/,

гэрч Д.Г-н “... Би Хаан банкны 5270687712 тоот дансыг нээлгэхдээ 2016 оны сонгуулийн өмнө 1072 хувьцааны 300.000 төгрөг тарааж байх үед нээлгээд 300.000 төгрөг авсан. Дахин орлого хийгээгүй, би виза карт аваагүй, тухайн үед мобайл банк, интернет банкийг өөрийн эзэмшлийн 95351123 дугаар дээр бүртгүүлсэн. Би Д.Ө миний төрсөн дүү байгаа юм. Би 5270687712 дугаарын дансаа 2020 оны 7 дугаар сарын 10-ны дундуур Булган аймаг, Булган сум дахь Хаан банкны салбарт хаалгаж байсан. ...” /1 хх 72/,

гэрч А.Т-н “... Би 2020 оны 04 сарын сүүлээр Багахангайд байсан юм. Над руу Д.Ө утсаар залгаад миний интернэт банк болохгүй байна, найздаа нууц үг нэвтрэх нэрээ өгчих гэхээр нь би 5421185453 дугаартай дансыг нээх их ашиглаад байдаггүй учраас нууц үгээ өгсөн юм. Тэгээд маргааш нэвтрэх нэр, нууц үгээ сольсон. Би Д.Ө-с мөнгө интернэтээр мөнгө авч өгдөг байсан. ...” /1 хх 81/,

шүүгдэгч Д.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн “... Залилах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ... Төрсөн ах Гүр, хуурай дүү Баттүшиг гэх хүүхдийн дансаар мөнгө авч байсан... Надтай хамтран оролцсон ямар ч хүн байхгүй. Би ганцаараа энэ хэргийг үйлдсэн, олсон мөнгөөрөө идэж уугаад хувцас авч өмсөөд байр түрээслээд хувийн хэрэгцээндээ зарцуулж, нэг хүний мөнгөөр нөгөө хүний мөнгийг төлөөд өөрийн үйлдлийн тоог нэмэгдүүлсэн. Би буруутай үйлдлээ ойлгож байна. ...” гэсэн мэдүүлгүүд /5 хх 169, 7 хх 79/,

хохирогч нартай фэйсбүүк хаягаар харилцаж байсан захидлын хуулбарууд /1 хх 13-29, 161-166, 174-178, 2 хх 65, 75-84, 108-109, 3 хх 184-197, 227, 4 хх 232-236, 249/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 63/, хохирогч нарын банкны дансны хуулбарууд /1 хх 48, 51, 127, 224, 230, 249-250, 2 хх 40, 64, 113, 139, 146, 154, 175, 3 хх 183, 215, 4 хх 15-17, 130, 241, 5 хх 88, 109, 201-202, 6 хх 83, гэрч Д.Гүр, М.Баттүшиг, А.Түшиг нарын банкны дансны хуулбарууд /2 хх 239-250, 3 хх 3 хх 1-12, 52, 62/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ө-г цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч нарыг хуурч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ө-с “...миний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад уг гэмт хэргийг үйлдсэн хүнд таваас дээш арван хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...” хорих ялыг хөнгөрүүлэхээр тус тус хуульчилжээ. 

Хэдийгээр шүүгдэгч Д.Ө нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Ө-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Ө нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ө-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ, 

              ШҮҮГЧ                                                       Ц.ОЧ

              ШҮҮГЧ                                                       Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                       М.АЛДАР