Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/314

 

 

 

 

 

     2024           3             12                                        2024/ДШМ/314

                                                                 

Т.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

хохирогч О.М-,

шүүгдэгч Т.Э-,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/41 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Батзаяагийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлээр Т.Э-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Т-ийн Э-, 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:0000000000 /,

Т.Э- нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнийн 1-2 цагийн хооронд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааранд байхдаа хохирогч О.М-ийн “Айфпоне 12 про макс” загварын гар утсыг олоод бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Э-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Т.Э- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Батзаяа нь эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...Т.Э- 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнийн 01:00 цагаас 02:00 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “-” бааранд байхдаа хохирогч О.М-ийн “Айфоне 12 про макс” загварын гар утсыг олсон үйл баримт тогтоогдож байна. Харин тухайн гар утсыг бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2,200,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна...” гэж, дараагийн хэсэгт “...Т.Э-гийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн гар утсыг хамт явж байсан найзуудын маань нэгнийх нь гар утас гэж бодоод аваад явсан. Надад өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй байсан. ...Би тухайн үед гар утас дуугарч байхыг мэдээгүй. Анх бид нар ууж байхад Дн машины урд суучихсан харахад “Айфоне” маркийн гар утас барьчихсан байхаар нь Д-ых гэж бодоод тухайн гар утсыг аваад явсан. ...” гэх мэдүүлгээр эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн үйл баримтаар улсын яллагчийн яллаж буй үндэслэл няцаан үгүйсгэгдэж байна” гэж дүгнэн Т.Э-д холбогдох гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан хохирогч О.М-ийн мэдүүлэг, түүний уг мэдүүлгийн эх сурвалжийг бататгасан гэрч Н.Н, Н.О, Б.Д нарын мэдүүлгээр шүүгдэгч Т.Э-гийн найз Д-ы гар утсыг андуурч авсан, улмаар уг гар утсыг ашиглах, завших санаа зорилго байгаагүй гэх үйл баримт үгүйсгэгдсэн.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Э- нь бусдын мартаж орхисон эд хөрөнгийг хамт явсан найз н.Д-ы утастай андуурсан гэж мэдүүлж буй нь гэрч Б.Д-ы “...Э- гадуур хувцсаа өмсчихсөн бууж ирэхээр нь чи хаашаа явах гээ вэ” гэхэд “манай ээжийн бие өвдөөд байна гэнээ, би гэр лүүгээ явахгүй бол болохгүй байна” гэхээр нь “энэ баар угаасаа удахгүй хаах гэж байна, хамт жаахан суугаад явъя” гэж хэлээд буцаж суугаад хэсэг бүжиглэж байтал Э- явчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.М-ийн “...дуут дохио дуугарсан, гэрт ороход гэрт байсан хоёр залуугийн нэг залуугийнх нь гадуур хувцасны халаасанд миний утас байсныг авсан. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Н-ын “...Э- нь найзуудтайгаа үлдсэн би найзуудтай нь маргалдах гээд байхаар нь түрүүлээд ирлээ гэж хэлсэн. ..." гэсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байгаагийн зэрэгцээ Т.Э-гийн гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж найзынхаа утастай андуурч биш шунахайн сэдэлтээр авч, захиран зарцуулах боломжийг бий болгосон байна.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэсэн заалтад заасан нөхцөл байдал бодитой бий болсон буюу шүүгдэгч Т.Э-гийн эх сурвалжаа тодорхой зааж чадаагүй мэдүүлэг /нотлох баримт болохгүй/-ийг үндэслэн эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэсэн заалтад хамаарч байх ба шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс шинжлэн судалсан шүүгдэгч Т.Э-гийн гэм буруутай үйлдлийг нотолж буй хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан" нөхцөл байдлыг няцаан үгүйсгэж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.          

Хохирогч О.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Т.Э-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос Т.Э-г “хохирогч О.М-ийн “Айфпоне 12 про макс” загварын гар утсыг олоод бусдын өмч гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд заасан Т.Э-г буруутгаж буй гол нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнийн 1-2 цагийн хооронд Т.Э- хохирогч О.М-ийн айфоне про макс загварын гар утсыг олсон улмаар тухайн өдрийн өглөөний 6 цаг 30 минутад эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн үйл баримтаар улсын яллагчийн яллаж буй үндэслэл няцаан үгүйсгэгдэж байна...” гэсэн дүгнэлт нь хохирогчийн “...Би бааранд ороход миний зүүн талын урд талын халаасанд өөрийн айфоне 12 про макс маркийн гар утсаа хийгээд орсон. Бааранд ороод хэсэг сууж байгаад найзыгаа аваад гартал баарны үүдэнд очоод өөрийнхөө гар утсыг үзтэл байхгүй байсан. ...утасныхаа Find me phone асаасан байсан учраас найзынхаа утсаар ID кодоо хийгээд хайтал миний утас GPS нь тухайн бааранд зааж байсан. Энэ хугацаанд миний утас дуудаж байсан боловч огт аваагүй. Хэсэг хугацааны дараа шалгахад хороололоос хойшоогоо гэр хороолол руу өгсөөд явчихсан байсан. Цагдаа нар ирээд утасныхаа байршилаар нэг айлын хашаанд очсон. ...тухайн айл руу ороод дуут дохиог нь ашиглан дугаргахад гэрт байсан хоёр залуугийн нэг залуугийн куртикний халааснаас гарч ирсэн. Ингээд утсаа олсон...” /хх-06-07 тал/ гэх мэдүүлгийг няцаан үгүйсгээгүй байхаас гадна хохирол төлөгдсөн нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдлийг зөвтгөх, гэм бурууд эргэлзэх үндэслэл болохгүй болно.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн үндэслэлд хамаарах юм.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын тэгш эрх, мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд бүхий л ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэхийг хянаж шалгах, нотлох баримтуудыг үнэлэхдээ гэмт явдлыг бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталсны эцэст дүгнэлт хийж, шийдвэрлэх үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд оролцвол зохих тал болох хохирогч О.М-ийг байлцуулахгүйгээр хэргийг хянахдаа нөгөө талын буюу шүүгдэгч Т.Э-гийн мэдүүлэгт ач холбогдол өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг зөв тогтоох, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.

Шүүх аливаа этгээдийн өгсөн мэдүүлэг, гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах, гэм буруутай этгээдэд ял завшуулах үр дагаврыг үүсгэх тул хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэлт хийсний эцэст хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор Д.Батзаяагийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/41 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА