| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00227/И |
| Дугаар | 318/ШШ2025/00286 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 318/ШШ2025/00286
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагчБ.Ж
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар оролцов.
Хүсэлт гаргагч Б.Ж шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Ж эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 онд төрсөн, 56 настай. Би 1987 онд 10 дугаар анги төгсөөд нэгдэлд цэцэрлэгчнээр ажилд орсон. 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр болон аймгийн архиваас цалингийн хүснэгт гарсан. Харин тухайн үед ажилд орсон, гарсан тушаал олдохгүй бас нэрний зөрчил гарсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 333 дугаартай архивын лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 401 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, мөн өдрийн 400 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай зөвлөмжийн хуудас, гэрэл зураг, түүний 271151 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрч Ч.Д иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Н.Ө иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагч Б.Ж хүсэлтээр Ч.Д, Н.Ө нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Ж хаягийн хуудас №7, ХААТР №1 маягтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Ж хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч Б.Ж нь шүүхэд хандаж 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг тус тус баримтлан Б.Ж хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч Б.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Б.Ж нь 1969 онд төрсөн. 1987 онд 10 дугаар анги төгсөөд 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нэгдэлд цэцэрлэгчнээр ажилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор холбогдох баримт бичгийг бүрдүүлэхэд ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, мөн цалингийн баримтад миний нэрийг Ж гэж бичсэн байх тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар гаргуулсан Б.Жигзмаагийн ХААТР-1 маягтыг 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд тус баримтад Б.Ж 1987 онд нэгдэлд цэцэрлэгчин ажилтай гэж тэмдэглэжээ.
4.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 401 дугаартай цалингийн тодорхойлолтоор Б.Ж 1988 оны 5-11 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн нэгдэлд ажиллаж байх үеийн цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн тус архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 401 дугаартай цалингийн тодорхойлолтоор Б.Ж 1987 оны 9 дүгээр сараас 1988 оны 4 дүгээр сар дуустал, 1988 оны 12 дугаар сараас 1989 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.
Дээрх цалингийн баримтад Б.Ж гэж бичсэн байх боловч гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн Б.Ж холбогдох цалингийн баримтыг хүсэлт гаргагч Б.Ж цалингийн баримт гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.3. Гэрч Ч., Н.Ө нар нь хүсэлт гаргагч Б.Ж шүүхээр сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1987-1990 оны хооронд Увс аймгийн нэгдэлд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Иймд гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4.4. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн түүний 271151 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилттэй байх тул тухайн баримтад үндэслэн хүсэлт гаргагч Б.Ж ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох боломжгүй боловч хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.Ж нь 1987 оны 8 дугаар сараас 1989 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагч Б.Ж нь 1989 оны 7 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн нэгдэлд ажиллаж байсан гэх гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул зөвхөн гэрч нарын мэдүүлгээр хүсэлт гаргагчийн дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох боломжгүй байна.
5. Иймд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Б.Ж 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1989 оны 8 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Хүсэлт гаргагч Б.Ж хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар үйлийн 133.1.1 дэх заалт, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Б.Ж 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 7дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн нэгдэлд цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх 1989 оны 8 дугаар сараас 1990 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА