| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2025/00232/И |
| Дугаар | 318/ШШ2025/00397 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 318/ШШ2025/00397
2025 06 04 318/ШШ2025/00397
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Агийн,
Хариуцагч: М.Бд холбогдох,
8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.А,
Хариуцагч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2018 онд иргэн М.Бтэй тохиролцож, Улаангом сумын 10 дугаар багийн ****** орон сууцанд 76.17 мкв байрыг худалдан авсан. Уг байрны урьдчилгаанд Улаангом сумын 7 дугаар багийн 12-27 тоот хашаа, байрыг 16,000,000 төгрөгөөр үнэлж нэрийг нь шилжүүлэн өгсөн. Мөн үлдэгдэл 13,500,000 төгрөгт **** улсын дугаартай, прадо жип машиныг манай найз авна, би зараад өгье гээд аваад явсан. Уг машиныг зарах эрх нь манай эхнэр О.Б байсан. 2019 онд Хас банкнаас манай байрыг султгах албан бичиг ирсний дагуу байраа судалж үзэхэд уг байрыг зарах эрх Хас банканд байсан. Энэ үед М.Б ипотекийн зээл гарахгүй байгаа, гарахаар нь зээлд хамруулна гээд хүлээлгэж байсан. Энэ учраа Хас банкны удирдлагад хэлэхэд М.Бд хамааралгүй, манайхаас худалдаж авах ёстой. Мөн танай хашаа байшинг М.Б 16,000,000 төгрөгийн зээлд тавьсныг манайх мэдээд битүүмжилчихсэн. Одоо үлдэгдэл мөнгөө хийгээд зээлд хамрагдаж байраа манайхаас худалдан авч болно гэсний дагуу Хас банктай 2019 онд гэрээ хийж, худалдан авсан. Үлдэгдэл мөнгийг цалингийн зээл авч төлсөн. Тухайн үед М.Бгээс машинаа нэхэмжлэх гэсэн боловч М.Б нь гадаад гарсан, хаашаа явсан нь тодорхойгүй байсан. Иймд одоог хүртэл дээрх автомашины мөнгийг гаргуулж авч чадаагүй тул анхан шатны шүүхэд хандаж байна” гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие О.Агийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Учир гэвэл О.А миний барьж гүйцэтгэсэн ******** орон сууцнаас гурван өрөө орон сууц худалдаж авахдаа хашаа байшин болон машинаа оролцуулж авах захиалгын гэрээгээр тохиролцож, тус орон сууцаа худалдан авсан. Одоо ч тэр орон сууцандаа амьдарч байгаа байх. Хас банкны барьцаанд тавьж би өөрийн үнээр худалдах эрхтэй гэрээний зохицуулалттай тохиролцоог энэ хүн 50 саяар худалдаж авах ёстой гэж андуураад яваа юм шиг байна. О.Атай анхны тохиролцсон нөхцөлөөр байраа худалдан борлуулж гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг нь хүлээн авах боломжгүй” гэжээ.
Нэхэмжлэгч талаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 150,950 төгрөг төлсөн баримт, төлбөрийн баримт, О.Б-ийн Хас банк дахь харилцах дансны хуулга, Увс аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаартай тогтоол, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1250031145 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 1250031145-01 дугаартай барьцааны гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Увс аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 153 дугаартай тогтоолын хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймгийн Прокурорын газраас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолтой материалаас гарч М.А-ийн мэдүүлэг, автотээврийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн бүртгэлийн карт, мөнгө шилжүүлсэн баримт, М.Бгийн бичсэн баталгаа зэргийг нотлох баримтаар гаргуулав.
Хариуцагч талаас 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, тус гэрээний 1,5,7 дугаар хавсралтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч О.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2018 онд миний эхнэр О.Б нь М.Б-гээс Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах ***** орон сууцанд 76,17 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг нийт 68,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг байрны урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах өөрийн хашаа байшинг 14,000,000 төгрөгөөр, өөрийн эзэмшлийн Прадо маркийн автомашиныг 13,500,000 төгрөгөөр тооцож өгсөн.
Ингээд уг орон сууцанд нүүж ороод амьдарч байсан бөгөөд 2018 онд ипотекийн зээл олгогдохгүй, хүлээж байсан. Гэтэл 2019 онд Хас банкнаас манайд байр суллах тухай мэдэгдэл ирсэн. Тус мэдэгдлийн дагуу тодруулахад бидний М.Бгээс худалдаж авахаар тохиролцсон орон сууцны өмчлөгч нь М.Б биш, Хас банк байсан.
Бид анх М.Бтэй орон сууцыг 68,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон боловч М.Б нь бодит байдал дээр байрны өмчлөгч биш байсан учраас бид Хас банктай гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийн зээл авч, байрны үнийг төлсөн.
Ийнхүү М.Б нь орон сууцны өмчлөгч биш атлаа манай эхнэр болон надтай орон сууцыг 68,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсоны улмаас бид М.Бд, 27,500,000 төгрөг, Хас банкинд 60,000,000 төгрөг нийт 87,500,000 төгрөг төлсөн байна.
М.Б нь бидэнд хашаа байшингийн үнэ 14,000,000 төгрөгийг буцаан өгсөн ба үлдэх 13,500,000 төгрөгийг буцааж өгөөгүй байна.
Иймд миний бие машины үнэ 13,500,000 төгрөг, Хас банкнаас зээллэсэн 60,000,000 төгрөг нийт 73,500,000 төгрөгөөс М.Бтэй анх орон сууц худалдаж авахаар тохирсон үнэ болох 68,500,000 төгрөгийг хасаад үлдэх 8,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
3. Хариуцагч М.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
Миний бие Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт 10 айлын орон сууц барьсан бөгөөд тус байрнаас 3 өрөө байрыг 68,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, орон сууцын захиалгын гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Үүний дагуу хашаа байшинг 14,000,000 төгрөгөөр тооцож, прадо маркийн тээврийн хэрэгслийг 13,500,000 төгрөгөөр тооцож нийт 27,500,000 төгрөг авсан болно. Тухайн үед Хас банктай байгуулсан зээлийн гэрээний улмаас 10 айлын орон сууцны байрны өмчлөх эрхийг Хас банкинд шилжүүлж нөхцөл тохирох гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу миний бие орон сууцнуудыг нөхцөл тохирох гэрээнд заасан үнээс өндөр дүнгээр худалдан борлуулсан тохиолдолд зөрүүг өөрөө авахаар тохиролцож гэрээ байгуулсан байсан. Үүний дагуу орон сууцыг О.Б болон түүний нөхөр О.А нарт худалдан борлуулсан. Нэхэмжлэгч нар одоо ч байрандаа амьдарч байгаа. Тухайн үед О.Б цалингийн зээлтэй байсан учраас ипотекийн зээл гарахгүй байсан бөгөөд 14,000,000 төгрөгөөр шилжүүлж авсан хашаа байшинг би 16,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, Хас банкид төлсөн. Машины үнэ болон хашаа байшингийн үнэ бүгд О.Б-ийн цалингийн зээл болон энэ айлын байрны урьдчилгаа төлбөрт төлөгдсөн тул 8,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч О.А, түүний эхнэр О.Б нар нь хариуцагч М.Бтэй 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах ****** орон сууцнаас 4 тоот хаягт байрлах 76.17 м.кв орон сууцыг 68,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч болон түүний эхнэр О.Б нар өөрсдийн өмчлөлийн хашаа байшинг 14,000,000 төгрөгөөр, Toyota land cruiser prado загварын тээврийн хэрэгслийг 13,500,000 төгрөгөөр үнэлж хариуцагч М.Бгийн эзэмшилд шилжүүлжээ.
Нэхэмжлэгч талаас 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч М.Бтэй худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан гэх тайлбар гаргасан бол хариуцагч талаас бичгээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэх тайлбар гаргадаг.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Увс аймгийн тойргийн нотариатч Ж.О-с хариуцагч М.Б болон нэхэмжлэгч О.А, түүний эхнэр О.Б нарын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан эсэхийг тодруулахад гэрээ байгуулагдаагүй гэх хариу ирүүлсэн.
Иймд талуудын хооронд бичгээр орон сууц захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
4.2. Шүүхийн журмаар Увс аймгийн Прокурорын газраас нотлох баримтаар гаргуулсан 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолтой материалаас хуулбарлан ирүүлсэн баримтаас үзвэл, зохигчдын худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах, ***** орон сууцны * тоот хаягт байрлах 76.17 м.кв талбай бүхий орон сууц нь хариуцагч М.Бгийн өмчлөлийн хөрөнгө бус Хас банк ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдсон тул талууд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч М.Б нь хашаа байшингийн үнэ 14,000,000 төгрөг, Toyota land cruiser prado загварын тээвсрийн хэрэгслийг нэхэмжлэгч болон түүний эхнэр О.Б-д буцаан шилжүүлэх нэхэмжлэгч тал орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцжээ.
Дээрх тохиролцооны агуулгаас үзвэл, талууд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүргийн биелэлтийг харилцан буцаахаар тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгч талаас маргаан бүхий Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, ***** тоот хаягт байрлах орон сууцыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Хас банк ХХК-ийн шаардсанаар чөлөөлж, тус банктай нэхэмжлэгч О.А, түүний эхнэр О.Б нар 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд тус гэрээгээр талууд Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, ***тоот хаягт байрлах 76,17 м.кв орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрийг Хас банк ХХК-д төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Улмаар нэхэмжлэгч болон түүний эхнэр О.Б нар Хас банктай ипотекийн зээлийн гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцны үнийг Хас банк ХХК-д бүрэн төлж барагдуулсан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1250031145 дугаартай зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Харин хариуцагч М.Б нь нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгчид хашаа байшингийн үнэ 14,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн боловч Toyota Land cruiser prado загварын тээврийн хэрэгслийн үнэ 13,500,000 төгрөгийг буцаан шилжүүлээгүй нь талуудын маргааны зүйл болжээ.
Хариуцагч талаас нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх талаар болон хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй. Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч болон түүний эхнэртэй гэрээ байгуулсан, гэрээний дагуу 27,500,000 төгрөгөөр үнэлж бүхий хашаа байшин, тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан, нэхэмжлэгч талаас 2018 оноос хойш удаа дараа хөрөнгөө шаардаж, шаардлага гаргаж байсан гэх тайлбар гаргасан.
Хариуцагч талаас Toyota land cruiser prado загварын тээврийн хэрэгслийг 13,500,000 төгрөгөөр үнэлж, орон сууцны урьдчилгаа төлбөрт оролцуулахаар тохиролцсон бөгөөд үүний дагуу урьдчилгаа төлбөртөө авсан, мөн нэхэмжлэгч болон түүний эхнэрт тухайн үед 13,500,000 төгрөгийг буцаан төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж маргаж байгаа боловч хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал, зохигчид 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс харилцан тохиролцож татгалзсанаар талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, тухайн гэрээ дуусгавар болсон ба гагцхүү Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах үүрэг талуудад үүсчээ.
Иймд хариуцагч М.Б нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 13,500,000 төгрөгөөр үнэлж шилжүүлэн авсан Toyota land cruiser prado загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй боловч хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан “...үүрэг хожим дуусгавар болсон...” үндэслэлээр Toyota land cruiser prado загварын тээврийн хэрэгслийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч талаас хариуцагч М.Б нь надаас шилжүүлэн авсан Toyota land cruiser prado загварын тээврийн хэрэгслийг зам тээврийн осолд оруулсан, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьсан учир үнийг гаргуулна гэх тайлбар гаргасан ба хариуцагч тал нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгээгүй.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь заалтад “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн” бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч М.Бгээс Toyota land cruiser prado загварын тээврийн хэрэгслийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэдийгээр нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 205.2.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнэ 13,500,000 төгрөгийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 8,500,000 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд буюу 8,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
4.3. Хариуцагч талаас Хас банк ХХК-тай байгуулсан нөхцөл тохирох гэрээний дагуу Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 10 дугаар байрны 04 тоот хаягт байрлах орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхтэй байсан, үүний дагуу О.А, О.Б нарт худалдан борлуулж урьдчилгаа төлбөрөө авсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч О.А, түүний эхнэр О.Б нар нь зөвхөн Хас банк ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, үүний дагуу урьдчилгаа төлбөр болон үлдэх төлбөрийг Х ХХК-д төлж барагдуулсан байх бөгөөд хариуцагч М.Б болон нэхэмжлэгч О.А нар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч нь нөхцөл тохирох гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулж, урьдчилгаа төлбөр авсан гэж дүгнэх үндэслэлгүй.
4.4. Түүнчлэн, хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг нэхэмжлэгчийн эхнэр О.Б-д шилжүүлсэн гэх тайлбар гаргасан боловч өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотолсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Шүүхээс хариуцагч М.Бд өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжит хугацаа олгож, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан боловч хариуцагч талаас өөрийн татгалзлын үндэслэл болгож байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч талаас 150,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бгээс 8,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА