| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0650/З |
| Дугаар | 128/ШШ2025/0670 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2025/0670
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “********” /РД:*****/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,
Хариуцагч: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа,
Гуравдагч этгээд: “******” ХХК /РД:*****/ нарын хооронд үүссэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын ******* ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, “*******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу “*******” ХХК-д газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б*****, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*****/цахим/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас анх тус шүүхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “...“*******” ХХК-аас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 тоот эргэлтийн цэгт эргэлтийн цэгт өөрчлөлт оруулж талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэл, тус компанийн дээр дурдсан хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөлгүйгээр хүсэлт гаргасан талбайд давхцуулан газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын ******* ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тус тус тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
1.2. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШЗ2025/0416 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар “*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан “…“*******” ХХК-аас Горхи тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 тоот Эргэлтийн цэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэл ... хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
1.3. Харин тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШЗ2025/0854 дугаартай захирамжаар “*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан “…“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын ******* ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н*****аас “…“*******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу “*******” ХХК-д газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
1.5. Дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4619 дугаартай захирамжаар хүлээн авч шийдвэрлэсэн.
1.6. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан гаргасан “…“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын ******* ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, “*******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу “*******” ХХК-д газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/271 дугаар тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Горхийн баруун салаанд 39776 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшдэг.[1]
2.2. Тус газар эзэмших эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/321 дугаар тушаал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/697 тоот саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг 2028 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан.
2.3. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас эргэлтийн цэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээгээ нэмэгдүүлэхээр 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай “Хүсэлт гаргах тухай” хүсэлтийг[2] Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан бөгөөд уг хүсэлт нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдсэн.[3]
2.4. Дээрх хүсэлтийг хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шийдвэрлэж, хариу өгөхгүй байсан тул нэхэмжлэгчээс удаа дараа хүсэлт, гомдол гаргасан байдаг.[4]
2.5. Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 164 дугаартай албан бичгээр “...танай байгууллагаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2210 тоот албан бичгийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хүсэлттэй танилцаж судалж үзэн дараах хариуг хүргүүлж байна …тус хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 тоот албан бичгээр хариу өгсөн байх бөгөөд тус албан бичгийг хавсралтаар хүргүүлэв” гэх хариуг нэхэмжлэгч “*******” ХХК-д өгсөн.[5]
2.6. Тус албан бичгийн хавсралтад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай албан бичгээр “…Тус компаниас ирүүлсэн 28539,9 м.кв байршлыг шалгаж үзэхэд заагдсан координат бүхий газар нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын санал мөн хэсэгчлэн ойн сан бүхий газартай давхцалтай байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно” гэжээ.[6]
2.7. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 164 дугаартай албан бичгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н***** нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардан авч, танилцахдаа тус хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай албан бичигтэй танилцаж, гардан авсан болох нь тус газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байна.[7]
2.8. Харин гуравдагч этгээд “*******” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Газар ашиглах тухай” хүсэлтийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан.[8]
2.9. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/914 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “... “*******” ХХК-аас Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох Барууны салааны эхэд аялал жуулчлалын бааз байгуулахаар ирүүлсэн албан тоотыг хянаж үзэхэд солбилцол бүхий 64343 м.кв газар нь давхцалгүй байгаа болно” гэх хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байна.[9]
2.10. Гуравдагч этгээд “*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/575 дугаар тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Баруун салааны эхэд 64343 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшдэг.[10]
2.11. Нэхэмжлэгчийн зүгээс “...Газрын талбайн хэмжээ нэмэгдүүлэх хүсэлтэд 30 хоногт багтаан хариу өгөөгүй, Төрийн байгууллага газар ашиглах эрхийг хуулийн хүрээнд хэнд олгох нь өөрийн эрх хэмжээний асуудал боловч манай хүсэлт гаргасан талбайн хэмжээ болоод орон зайн хувьд “*******” ХХК-д олгосон талбайтай адилхан байгаа байдал, “*******” ХХК хүсэлт гаргасан цаг хугацаанаас хойш шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжид олгосон бодит байдал, хуулийн хугацаанд хариуг хүргүүлээгүй, шуудан холбооны зардал боломжгүй байсан бол хариу гарсан талаар цахим хаяг болон утсаар мэдэгдэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй, газрын нээлттэй мэдээллийн санд “*******” ХХК-д олгосон талаарх мэдээллийг нуун дарагдуулсан, иргэн хуулийн этгээд нээлттэй мэдээлэл олж авах боломж хаасан, энэ талаар гомдол гаргангуут мэдээллийг оруулсан цаг хугацааны давхцал гэх мэт үйл явдал, бодит баримтууд бидэнд эргэлзээ төрүүлж байх " гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.12. Хариуцагч нарын зүгээс “...Маргаан бүхий сайдын А/575 дугаартай тушаал нь гарахдаа харьяа хамгаалалтын захиргаа буюу Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгийг буюу саналыг үндэслэж гарсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашиг, сэргээгдэх эрх ашиг харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд 2022 онд хүсэлтээ гаргаж, 2024 онд хүсэлтийн хариуг авсан тухай тайлбарлав. Үүнээс харахад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна. 2022 онд хүсэлт гаргасан бол үүнээс хойш хүсэлттэй холбоотойгоор шүүхээс маргах эрх нь 2022 оноос хойш нээлттэй байсан. Гэтэл 2025 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг хамгаалалтын захиргаанаас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 22/796 тоот албан бичгээр бусад аж ахуй нэгж, ойн сан бүхий газартай давхцалтай шийдвэрлэх боломжгүй хариуг хүргүүлсэн. Хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг өгч ажилласан” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.13. Гуравдагч этгээдийн зүгээс “...Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, мөн шаардлага хэрхэн хангагдах боломжтой эсэх талаарх үндэслэл тайлбар гаргах ёстой байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар тухайн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргасан гэж маргаж байна. Хэрэгт нэхэмжлэгийн хүсэлтэд хариу өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг авагдсан. Тиймээс тухайн өдрөөс энэ агуулга хаагдсан гэж үзнэ. Харин тус өдрөөс 6 өдрийн дараа буюу 11 дүгээр сарын 28-ны өдөр манайх хүсэлт гаргаж, хүсэлт шийдвэрлэгдсэн байна. Горхи-Тэрэлжийн цогцолборт газар нь газар ашиглах эрх олгох эрхтэй байгууллага биш, хамгаалалтын захиргаа нь яамны салбар байгууллага бөгөөд сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгай хамгаалалттай газарт хяналт тавьдаг чиг үүрэгтэй байгууллага. Тухайн байгууллага нь хүсэлт ирүүлсэн газар нь давхцалтай эсэх, газар ашиглах эрх олгох боломжтой эсэх дээр саналаа ирүүлдэг. Газар ашиглах эрхтэй холбоотой эцсийн шийдвэрийг гаргадаг байгууллага биш. Эцсийн шийдвэрийг Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд заасны дагуу яамны сайд буюу Засгийн газрын гишүүн өөрт олгогдсон эрхийн хүрээнд гаргадаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс анхдагч санал авч байгаа процессын үед татгалзсан, зөвшөөрсөн бол газар ашиглах эрхтэй байх байсан гэх тайлбар нь үндэслэлгүй” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н***** шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “… “*******” ХХК-ийн хувьд 2022 онд тухайн аялал жуулчлалын төслийн бизнес моделийг дахин шинэчилж, байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндийн аялал жуулчлал буюу сувиллын үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажилласан. Энэхүү шинэ бизнес моделийн үндсэн дээр манай компани Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 08 сарын 26-ны өдрийн №22/10 тоот албан бичгээр эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг гаргасан байдаг.
Энэ төслийг хэрэгжүүлэх үүднээс манай компани зураг төслийн компанид хөрөнгө оруулалт хийж, 5 ажилтан (3) архитектур, зураг төслийн ажилтан, 1
(нэг) бизнес төлөвлөлт, санхүүч 1 хууль эрх зүйн ажилтан авч ажиллуулж, бизнес төсөл, зураг төслийн төлөвлөгөөг боловсруулж, үлэмж хэмжээний хөрөнгө зарцуулсан юм. Төслийн зураг төсөл ба бизнес төлөвлөгөө дээр үндэслээд талбайн хэмжээ томруулах хүсэлтийг 2022 оны 08 сарын 26-ны өдрийн №22/10 тоот албан бичгээр гаргасан. ******* ХХК-ийн хувьд хариуцлагатай эко аялал жуулчлал, эрүүл мэндийн сувиллын чиглэлээр бизнес модель боловсруулж, зураг төслийн ажлыг эхлүүлэхээр зорин, уг төсөлдөө тодорхой төсөв хөрөнгийг зарцуулан зардал гаргасан боловч бидний гаргасан эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлээгүйгээс шалтгаалан бидэнд эдийн засгийн ихээхэн хэмжээний хохирол учраад байна.
Дээрх 2022 оны 08 сарын 26-ны өдрийн №22/10 тоот хүсэлтэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас бидэнд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй учир бидний зүгээс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн №24/09 тоот "Хүсэлт гаргах тухай" албан бичгээр болон, тус оны 07 сарын 01-ний өдрийн №24/10 тоот "Албан бичгийн хариу хүсэх тухай" албан бичгүүдээр тус тус хариу хүсэж, цахимаар болон шуудангаар эсхүл биечлэн очиж хүсэлтийн хариугаа авах боломжтой талаараа удаа мэдэгдэж, хүсэлт гаргасан.
Гэтэл тус байгууллагаас бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй учир 2024 оны 11 сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэг Туулын гүүр, 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи- Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд очиж албан бичгээр хариугаа авсан болно.
Дээрх хүсэлтүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тус тус хариу ирүүлээгүй тул бидний зүгээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газарт 2024 оны 09 сарын 25-ны өдрийн №24/25 тоот "Гомдол гаргах тухай" албан бичгээр хандаж, тус 2022 оны 08 сарын 26-ны өдрийн №22/10 тоот албан бичигт хариу өгөхгүй байгаа асуудлыг шийдвэрлэн, хариу өгүүлэх талаар арга хэмжээ авахыг хүссэн байдаг.
2024 оны 11 сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэг Туулын гүүр, 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд очиж албан бичгээр хариугаа авсан болно.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газарт гаргасан 2024 оны 09 сарын 25-ны өдрийн №24/25 тоот гомдлын 2 дахь үндэслэл болох "******* ХХК-ийн 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 22/10 тоот хүсэлтэд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй боловч манай ******* нэгж талбарын дугаартай талбайн хажууд ******* дугаартай 6 га талбайг аж ахуйн нэгж, иргэнд олгосон байдаг. Энэхүү олгогдсон талбай нь ямар аж ахуйн нэгж, иргэнд олгогдсон талаарх мэдээлэл одоог хүртэл газрын нэгдсэн мэдээллийн санд гарч ирдэггүй, нээлттэй бус" талаар гомдол гаргасны 2 өдрийн дараа буюу 2024 оны 09 сарын 27-ны өдөр Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн ерөнхий газрын газрын нээлттэй мэдээллийн санд “*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2022 оны 12 сарын 16-ны өдрийн А/575 тоот тушаалын "*******" ХХК-д олгосон талаар мэдээлэл ил болсон. 9 Дээрх гомдлуудыг гаргасны маргааш буюу 2024 оны 09 сарын 26-ны өдөр Ж.Н*****ын 8**** дугаартай утас руу БОУАӨЯ-ны бичиг хэрэг хариуцсан албан тушаалтан А***** гэх хүн холбогдож, Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын дарга Э***** гэх хүний 8**** утсаар холбогдоорой гэсний дагуу холбогдож, энэ талбайг ямар компанид хэзээ олгосон талаарх мэдээлэл газрын мэдээллийн санд гарч ирдэггүй талаар аман байдлаар гомдол гаргаж байсан болно.
“*******” ХХК-ийн нэр, холбогдох бусад мэдээлэл газрын нээлттэй мэдээллийн сан дээр ил болсны дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллийн санд хайлт хийхэд “*******” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, шинээр байгуулагдсан компани болох нь тодорхой болсон.
“*******” ХХК нь “*******” ХХК байгуулагдахаас өмнө буюу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “*******” ХХК-д олгогдсон талбайд “*******” ХХК нь хүсэлт гаргасан байсан хэдий ч төрийн эрх бүхий байгууллага хуулийн хугацаанд хариу өгөөгүй юм. Төрийн байгууллага заавал манай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үүрэг байхгүй гэдгийг ойлгож байгаа хэдий ч тухайн хариу яаж гарахаас шалтгаалаад “*******” ХХК дахин хүсэлт гаргах бодит боломж байсан гэж бид үзэж байна. Тухайлбал дээрх хүсэлт гаргасан координат бүхий газар хэрвээ иргэн, аж ахуйн нэг, байгууллагын санал мөн хэсэгчлэн ойн сан бүхий газартай давхцалтай байсан бол бид хүсэлт гаргасан координат мэдээллээ дахин харах, нийцүүлэх замаар хүсэлт гаргах бодит боломж байсаар байтал санаатай байдлаар энэ талаар шийдвэрлэсэн хариуг бидэнд шуудан холбооны зардал байхгүй шалтгаанаар өгөөгүй үйлдэл, мөн газрын мэдээллийн санд тухайн олгогдсон газрын талаар мэдээллийг оруулахгүй хоосон мэдээлэлтэй байлгах, гомдол гаргамагц мэдээллийг оруулах гэх мэт идэвхтэй үйлдлүүд нь манай компанийн хувьд төрийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлоо хуулийн хугацаанд шийдүүлэх, төрийн нууцад авснаас бусад мэдээллийг олж авах, нээлттэй мэдээллийн сангаас мэдээлэл олж авах зэрэг эрхийг зөрчиж байсан.
2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай компаниас очиж авсан хариугаар 2022 оны 11 сарын 02- ны өдрийн 22/796 тоот албан бичгээр "тус компаниас ирүүлсэн 28539 м2 байршлыг шалгаж үзэхэд заагдсан координат бүхий газар нь иргэн, аж ахуйн нэг, байгууллагын санал мөн хэсэгчлэн ойн сан бүхий газартай давхцалтай байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно" гэсэн хариу өгөгдсөн талаар 2 жилийн дараа мэдсэн.
Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд болон Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газарт дээрх гомдол гаргасан хэдий ч иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ" гэж заасны дагуу 30 хоногт багтаан хариу өгөөгүй, Төрийн байгууллага газар ашиглах эрхийг хуулийн хүрээнд хэнд олгох нь өөрийн эрх хэмжээний асуудал боловч манай хүсэлт гаргасан талбайн хэмжээ болоод орон зайн хувьд “*******” ХХК-д олгосон талбайтай адилхан байгаа байдал, “*******” ХХК хүсэлт гаргасан цаг хугацаанаас хойш шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжид олгосон бодит байдал, хуулийн хугацаанд хариуг хүргүүлээгүй, шуудан холбооны зардал боломжгүй байсан бол хариу гарсан талаар цахим хаяг болон утсаар мэдэгдэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй, газрын нээлттэй мэдээллийн санд “*******” ХХК-д олгосон талаарх мэдээллийг нуун дарагдуулсан, иргэн хуулийн этгээд нээлттэй мэдээлэл олж авах боломж хаасан, энэ талаар гомдол гаргангуут мэдээллийг оруулсан цаг хугацааны давхцал гэх мэт үйл явдал, бодит баримтууд бидэнд эргэлзээ төрүүлж байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зүйл дээр асуудлыг тодруулж шийдвэрлүүлэхээр ийнхүү шүүхэд хандаж байна.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 46.1, 43.4-т заасныг тус тус үндэслэж байна. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалт буюу энэ хэрэгт хамааралтай зохицуулалтад өөрчлөлт орсон байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны “газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох. Яагаад хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр, Захиргааны ерөнхий хуулийн 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н***** хамгаалалтын захиргаанд өөрийн биеэр очиж гардаж авсан нь тогтоогддог. Тэгэхээр 2022 онд гарсан захиргааны актыг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдсэн байна. Эндээс үзвэл захиргааны байгууллага захиргааны актыг хуульд заасны дагуу мэдэгдэх ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй. Энэ хариуцлагыг тухайн хүсэлт гаргасан этгээд хариуцахгүй, захиргааны байгууллага өөрөө хариуцах ёстой.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Тэгэхээр “*******” ХХК-д газар олгохоос татгалзсан шийдвэрийн хувьд тухайн цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хамгаалалтын захиргаа өргөдлийг хянаж үзээд татгалзсан шийдвэр гаргасан. Гэвч энэ татгалзсан шийдвэр нь гарсан өдрөөс 2 жилийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр болжээ. Гэвч нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохоос татгалзсан шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө үүний дараа гарах захиргааны акт гараад улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдаас гуравдагч этгээд буюу “*******” ХХК-д газар ашиглах эрх олгох нөхцөл бүрдсэн байна гэж үзэж байна.
Захиргааны тухай татгалзсан шийдвэр, өргөдөл хэрхэн шийдвэрлэсэн гэдэг талаар 2023, 2024 онд холбогдох хүсэлтээ хамгаалалтын захиргаанд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд амаар болон бичгээр удаа дараа гаргасан байдаг. Энэ нь шүүхээс хамгаалалтын захиргаанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Хамгаалалтын захиргааны бичиг хэргийн ажилтан н.Ө***** нэхэмжлэгчийн төлөөлөгч удаа дараа очиж байсныг хүлээн зөвшөөрдөг. Мөн тухайн газрыг хүсэлт гаргасан этгээдээс өөр этгээдэд олгосон гэдгийг хамгаалалтын захиргааны бичиг хэргийн ажилтан мэдэж байсан. Энэ нь албаны чиг үүрэгтэй хамааралтай. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэрээ байгуулахаар очсон, нөхөн сэргээлтийн зардлаа төлөхөөр очсон, хүсэлтийг хариу авахаар очсон зэргийг хамгаалалтын захиргаанаас няцаадаггүй. Үүнийг мөн бичиг хэргийн ажилтан хүлээн зөвшөөрдөг. Төрийн байгууллагад газар ашиглах хүсэлт гаргасан иргэн хүсэлтийнхээ араас хөөцөлдөж явж байсан гэдгийг тус байгууллагын бичиг хэргийн ажилтан ойлгож байсан. Хариуцагч хамгаалалтын захиргаанаас хүсэлт шийдвэрлэсэн албан бичгийг гардуулаагүй байдлаа “ манайд бичиг хэргийн зардал байгаагүй” гэх байдлаар тайлбарладаг. Тийм учраас шуудангаар явуулах боломжгүй байсан гэдэг. Хэрэв шуудангаар явуулах боломжгүй байсан бол захиргааны актыг мэдэгдэх хэд хэдэн хэлбэр байдаг. Тухайн хэлбэрээс захиргааны байгууллага сонгож захиргааны актыг мэдэгдэх байсан. Хүсэлт гаргагчийн утасны дугаар луу нь залгаж хэлэх боломжтой байсан. Эсвэл цахим хаягаар нь явуулж болно. Захиргааны актыг мэдэгдэх бүх хэлбэр нээлттэй, энэ нь бичиг хэргийн зардлаас үл хамаарах асуудал. Тэгэхээр анхнаасаа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгох сонирхолтой байсан гэдэг нь харагдаж байна. Энэ зорилго гүйцэлдүүлэхийн тулд нэхэмжлэгчид хариу өгсөн, хүсэлтээс татгалзсан шийдвэрийг нуун дарагдуулсан гэж үзэж байна. Хэрэв тухайн үед мэдэгдсэн бол маргах боломжтой байсан. Хэрэв маргаан үүсвэл өөр этгээдэд тухайн газрыг олгох боломжгүй болчихно.
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгон шалгаруулалтын аргаар газар олгох процесс руу орчихно. Тийм учраас ямар нэгэн байдлаар нуун дарагдуулж байгаад хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө тухайн маргааны бүхий газрыг олгох ёстой гэх субьектив хүсэл зориг захиргааны байгууллагад байсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс 2 сарын зайтай газар ашиглах хүсэлтийг нэг байршилд гаргасан байдаг. Хэрэв өмнөх хүсэлтийг шийдвэрлээгүй байхад өөр этгээдээс тухай байршилд хүсэлт ирүүлсэн бол тухайн 2 этгээдийн хүсэлтийг үндэслэж Газрын тухай хуульд заасан нөхцөл, болзлыг аль нь илүү хангаж байна вэ гэдгээс хамаарч шийдвэр гаргах ёстойн байсан. Гэтэл татгалзсан шийдвэрийн үндэслэл нь “... ойн сан бүхий газартай давхцалтай, мөн бусад этгээдийн эзэмшиж байгаа газартай давхцалтай…” гэжээ. Хэрэгт нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хүсэлтэд хавсаргасан кадастрын зураг авагдсан. Энэ зургаас харахад гуравдагч этгээд болон нэхэмжлэгийн газар аль аль нь хэсэгчлэн давхцалтай буюу ялимгүй хэмжээгээр давхцалтай байдаг. Тэгэхээр нэг байгууллагад давхцалтай гэх үндэслэлээр газар олгохоос татгалзсан, нөгөө байгууллагад хүсэлтэд хавсаргасан зургийн дагуу газар олгочихсон. Энэ нь Газрын тухай хуулийн суурь зарчмыг зөрчиж байна. Мөн нэг үндэслэл нь “... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын саналтай давхцалтай…” гэдэг. Нэхэмжлэгчийн зүгээс хамгаалалтын захиргаанд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 22/10 дугаартай албан бичгээр хүсэлт гаргах цаг мөчид тухайн байршилд өөр этгээд газар ашиглах санал ирүүлсэнтэй холбоотой баримт байхгүй. Үүнийг хариуцагч нотолдоггүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны байгууллага шийдвэрийнхээ үндэслэлийг өөрөө нотлох, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй. Гуравдагч этгээд тухайн байршилд газар ашиглах хүсэлтээ нэхэмжлэгч хүсэлт гаргасны дараа буюу 2 сарын дараа гаргасан байдаг. Гуравдагч этгээд нь 2022 оны 09 дүгээр сард байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн компани байдаг. Гуравдагч этгээдэд газар олгосон шийдвэр нь хууль бус гэж үзэж байна. Яагаад гэхээр, ойн сан бүхий газартай давхцалтай гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэтэл давхцалтай газар олгосон шийдвэр нь өөрөө хууль бус байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна“ гэж заасан байдаг. Нийтийн эрх зүйд нотлох үүргийг хариуцагчид оногдуулсан байдаг. Нотлох үүргээ хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон тухайн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар хүсэлтийг урьдчилсан байдлаар шийдвэрлэх чиг үүрэгтэй байсан. Үүнийг хариуцагч тал нотолж чадаагүй. Цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргасан этгээдэд газар ашиглах эрх олгох зохицуулалттай байсан. Энэ зохицуулалтаа барьж хүсэлтийг шийдвэрлэнэ. Эсвэл давхцалтай гэж байгаа бол хүсэлтэд заасан татгалзсан үндэслэлийг залруулж, кадастрын зургаа дахин хийлгээд, дахин хүсэлт гаргах эрх нь нээлттэй. Энийг хуулиар хориглоогүй, хэдэн ч удаа хүсэлт гаргасан ч болно. Нэхэмжлэгчид эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байдаг. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдож байна.” гэжээ.
3.3. Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгчийн хувьд сүүлд нэхэмжлэлийн шаардлага тодруулж, 2 хариуцагчтай болсон. Яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/575 дугаартай тушаалын “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар байна. Маргаан бүхий сайдын А/575 дугаартай тушаалаар байгалийн цогцолбор газарт 64,343 м.кв газрыг Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэж “*******” ХХК-д аялал жуулчлалын зориулалтайгаар 5 жилийн хугацаагаар олгосон. Энэхүү тушаал нь гарахдаа харьяа хамгаалалтын захиргаа буюу Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгийг буюу саналыг үндэслэж гарсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашиг, сэргээгдэх эрх ашиг харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд 2022 онд хүсэлтээ гаргаж, 2024 онд хүсэлтийн хариуг авсан тухай тайлбарлав. Үүнээс харахад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна. 2022 онд хүсэлт гаргасан бол үүнээс хойш хүсэлттэй холбоотойгоор шүүхээс маргах эрх нь 2022 оноос хойш нээлттэй байсан. Гэтэл 2025 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4. Хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*****-ээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “…Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай хүсэлтээр ашиглалтын талбайг 28539.9 м.кв нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг хамгаалалтын захиргаанаас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 22/796 тоот албан бичгээр бусад аж ахуй нэгж, ойн сан бүхий газартай давхцалтай шийдвэрлэх боломжгүй хариуг хүргүүлсэн.
“*******” ХХК нь 2022 оны 11 сарын 28-ны өдөр №12/01 тоот газар ашиглах хүсэлт гаргасныг хамгаалалтын захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/914, 22/915 тоот саналыг тус тус гаргасан байна.
Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Иргэн аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 35.2 дахь хэсэгт заасан “Хамгаалалтын захиргаа буюу засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн саналыг үндэслэн гаргана” гэж заасан байдаг. Тус байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтүүдийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг өгч ажилласан байх тул хамгаалалтын захиргаанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.5. Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*****шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…“*******” ХХК нь анх Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр газар ашиглах хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийг хамгаалалтын захиргаанаас шийдвэрлэж, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр газар ашиглуулах санал гаргасан. Тухайн саналын хамт холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтийг гаргаснаар яамны сайдын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 575 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг олгож шийдвэрлэсэн. Тухайн тушаалаар зөвхөн гуравдагч этгээдэд бус өөр бусад иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах эрхийг олгож шийдвэрлэсэн байдаг.
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн тушаалыг хүчингүй болгуулах, 2022 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хууль бус үйлдлийг тогтоолгож, Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдад тухайн байршилд газар олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, мөн шаардлага хэрхэн хангагдах боломжтой эсэх талаарх үндэслэл тайлбар гаргах ёстой байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар тухайн нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээдийн газар ашиглах эрхтэй газарт мөн газар ашиглах эрхтэй байна. Тухайн байршил болон гуравдагч этгээдэд олгогдсон газрын байршил огт давхцалгүй байна. Гэтэл тухайн байршилд “*******” ХХК-д газар ашиглах эрх олгосон үйл баримт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргасан гэж маргаж байна. Хэрэгт нэхэмжлэгийн хүсэлтэд хариу өгсөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг авагдсан. Тиймээс тухайн өдрөөс энэ агуулга хаагдсан гэж үзнэ. Харин тус өдрөөс 6 өдрийн дараа буюу 11 дүгээр сарын 28-ны өдөр манайх хүсэлт гаргаж, хүсэлт шийдвэрлэгдсэн байна.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс захиргааны актыг мэдэгдээгүй, 2024 онд мэдсэн гэж байна. Гэхдээ Горхи-Тэрэлжийн газраас хариу өгсөн албан бичиг нь захиргааны акт мөн үү гэдгийг тодорхойлох нь зүйтэй. Захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон буюу тушаасан, захирамжилсан, заавал биелэгдэх шинжтэй зүйлийг захиргааны акт гэдэг. Гэтэл манай зүгээс тухайн тухайн албан бичиг нь захиргааны акт гэдэгт эргэлзэж байна. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг газар олгохоос татгалзсан гэдэг агуулгаар нэхэмжлэгч тайлбарлаж байна. Горхи-Тэрэлжийн цогцолборт газар нь газар ашиглах эрх олгох эрхтэй байгууллага биш, хамгаалалтын захиргаа нь яамны салбар байгууллага бөгөөд сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгай хамгаалалттай газарт хяналт тавьдаг чиг үүрэгтэй байгууллага. Тухайн байгууллага нь хүсэлт ирүүлсэн газар нь давхцалтай эсэх, газар ашиглах эрх олгох боломжтой эсэх дээр саналаа ирүүлдэг. Газар ашиглах эрхтэй холбоотой эцсийн шийдвэрийг гаргадаг байгууллага биш. Эцсийн шийдвэрийг Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд заасны дагуу яамны сайд буюу Засгийн газрын гишүүн өөрт олгогдсон эрхийн хүрээнд гаргадаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс анхдагч санал авч байгаа процессын үед татгалзсан, зөвшөөрсөн бол газар ашиглах эрхтэй байх байсан гэх агуулгаар тайлбарлаж байна.
Мөн гуравдагч этгээдийн хүсэлтийг шаардлага хангаагүй байсан гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан баримт, үзлэгээр бүрэн байсан нь тогтоогдсон. Харин нэхэмжлэгчийн шаардлага нь баримтын шаардлага хангаагүй. Хэрэгт авагдсан хүсэлтэд холбогдох кадастрын зураг, өөрсдийн газар ашиглах эрхийн гэрчилгээ, тушаал, шийдвэр, мөн өөрсдийн ашиглаж буй газрын зэргэлдээ байршилд газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт өгсөн байдаг. Энэхүү хүсэлтийн хамт тухайн нэмэгдүүлэх гэж буй газарт хэрэгжүүлэх төслөө ирүүлсэн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс төслөө хавсаргаж ирүүлээгүй бөгөөд хэрэгт холбогдох баримт байхгүй. Хариуцагчийн байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 31.3-д зааснаар шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс мөн 2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд зааснаар хүсэлтээ гаргасан, 2 дээш этгээд хүсэлт өгсөн бол сонгох ёстой гэж байна. Гэтэл цаг хугацааны хувьд тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийн хүсэлтэд 11 дүгээр сарын 22-ны өдөр хариу өгснөөр хаагдсан. 11 дүгээр сарын 28-ны өдөр манайх хүсэлт гаргахад давхацсан буюу давхар хүсэлт гаргасан байдал тогтоогдохгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2022 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтаар болон өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулийн зохицуулалтаар хангагдах боломжгүй. Нэхэмжлэгч хүсэлтээ 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргаж, хүсэлтийн хариу 11 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Хариу өгснөөс хойш нэхэмжлэгч хариугаа гардаж авсантай холбоотой үйл баримтыг гаргаж ирэх хүртэлх хугацаанд 2-3 жилийн хугацааны асуудал яригдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хугацаанд яагаад маргаан үүсгээгүй вэ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуульд заасны дагуу хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлээгүй бол эс үйлдэхүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Гэтэл ийм үйл баримт байхгүй. Тиймээс 2025 онд шүүхэд нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын “*******” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд дурдсан талбайн нэмэгдүүлсэн хэмжээтэй давхцалтай хэсэг, мөн “*******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг тус тус хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын ******* ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд дурдсан талбайн нэмэгдүүлсэн хэмжээтэй давхцалтай хэсэг болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын ******* ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, “*******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу “*******” ХХК-д газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан.
1.2. Юуны өмнө шүүх нэхэмжлэгчийн тодорхойлж маргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын ******* ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсэг болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын үндсэн шинжүүдийг бүхэлд нь хангасан захиргааны акт мөн гэж шүүх үзсэнийг тэмдэглэж байна.
1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дахин шинэ акт гаргах 3 сарын хугацаа тогтоон маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1.4. Шүүх ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.5. Захиргааны эрх зүйн онолд /захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд/, аливаа захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өөрчлөхүйц сөрөг үр дагавартай шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэл, нөхцөл байдлыг тогтоон нотолсон байх учиртай гэж үздэг.
1.6. Үүнийг онолын хувьд /нотлох үүргийн хуваарилалтын түвшинд/ захиргааны байгууллагын анхдагч нотлох үүрэг гэж үзнэ.
1.7. Энэ анхдагч үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус хуульчлан заажээ.
1.8. Мөн энэхүү маргаан бүхий үйл баримт болсон хугацаанд хамаарах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.”, 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.”, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэж тус тус зохицуулсан байжээ.
1.9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа иргэн, хуулийн этгээд нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх /талбайн хэмжээг нэмэгдүүлэх мөн адил хамаарна/ олж авахдаа хамгаалалтын захиргаа, хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргахаар, хамгаалалтын захиргаа, эсвэл Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжлахаар, төрийн захиргааны төв байгууллага буюу яам нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа эсхүл сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргахаар хуульчилсан байна.
1.10. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/271 дугаар тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Горхийн баруун салаанд 39776 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг.
1.11. Уг газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/321 дугаар тушаал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/697 тоот саналыг тус тус үндэслэн 2028 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан.
1.12. Улмаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас эргэлтийн цэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээгээ нэмэгдүүлэхээр 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай “Хүсэлт гаргах тухай” хүсэлтийг[11] Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан бөгөөд уг хүсэлт нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдсэн.[12]
1.13. Дээрх хүсэлтийг хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас шийдвэрлэж, хариу өгөхгүй байсан тул нэхэмжлэгчээс удаа дараа хүсэлт, гомдол гаргасан байдаг.[13]
1.14. Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 164 дугаартай албан бичгээр “...танай байгууллагаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 тоот албан бичгийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хүсэлттэй танилцаж судалж үзэн дараах хариуг хүргүүлж байна …тус хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 тоот албан бичгээр хариу өгсөн байх бөгөөд тус албан бичгийг хавсралтаар хүргүүлэв” гэх хариуг нэхэмжлэгч “*******” ХХК-д өгчээ.[14]
1.15. Тус албан бичгийн хавсралтад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай албан бичгээр “…Тус компаниас ирүүлсэн 28539,9 м.кв байршлыг шалгаж үзэхэд заагдсан координат бүхий газар нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын санал мөн хэсэгчлэн ойн сан бүхий газартай давхцалтай байгаа тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болно” гэжээ.
1.16. Дээрхээс үзвэл, маргаан бүхий Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай албан бичгээр “… заагдсан координат бүхий газар нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын санал мөн хэсэгчлэн ойн сан бүхий газартай давхцалтай байгаа ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн байна.
1.17. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс хийсэн баримт бичгийн болон газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн үзлэгээр нэхэмжлэгчийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 тоот албан бичгээр хүсэлт гаргах цаг мөчид заагдсан координат бүхий газар нь ямар иргэн, хуулийн этгээдийн газартай давхцалтай байсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, энэ талаарх үйл баримтыг хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа бүрэн дүүрэн тогтоогоогүй.
1.18. Мөн тухайн цаг мөчид гуравдагч этгээд “*******” ХХК нь газар ашиглах талаар хүсэлт гаргаагүй байхад[15] нэхэмжлэгчийн гаргасан талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан талбайд өөр ямар иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон, эсхүл олгох гэж байсан нь тодорхойгүй.
1.19. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэд хамаарах талбай нь аль хэсгээрээ, хэдэн м.кв талбайгаар ойн сан бүхий газартай давхцалтай болохыг хариуцагч бүрэн дүүрэн тогтоогоогүй атлаа “… заагдсан координат бүхий газар нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын санал мөн хэсэгчлэн ойн сан бүхий газартай давхцалтай байгаа ...” гэх үндэслэлээр татгалзсан нь хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй.
1.20. Эдгээр бодит нөхцөл байдлуудыг хариуцагч бүрэн дүүрэн тогтоогоогүй байхад шүүх тэдгээрийг нөхөн гүйцээх байдлаар эрх зүйн дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй үр дагаварт хүргэв.
1.21. Хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн “Газар ашиглах гэрээний дүгнэх хуудас”-ын[16] 3-т “Хэрэгжилт: 2022 он хүсэлт гаргасан боловч шийдвэрлэгдээгүй” гэж тэмдэглэснээс үзэхэд хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэгч компанийн гаргасан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 тоот албан бичиг буюу талбайн хэмжээ нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа гэж ойлгогдож байх тул хариуцагч энэ нөхцөл байдлыг мөн адил тодруулах ёстой.
1.22. Харин гуравдагч этгээд “*******” ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Газар ашиглах тухай” хүсэлтийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд гаргасан.
1.23. Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/914 дугаартай “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “... “*******” ХХК-аас Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох Барууны салааны эхэд аялал жуулчлалын бааз байгуулахаар ирүүлсэн албан тоотыг хянаж үзэхэд солбилцол бүхий 64343 м.кв газар нь давхцалгүй байгаа болно” гэх хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байна.[17]
1.24. Түүний дагуу гуравдагч этгээд “*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/575 дугаар тушаалаар Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Баруун салааны эхэд 64343 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болжээ.
1.25. Гэвч шүүхээс хийсэн газрын кадастрын мэдээллийн нэгдсэн сангийн үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл, өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 тоот албан бичгээр нэмэгдүүлэхийг хүссэн талбай нь гуравдагч этгээдийн ашиглаж буй талбайтай хэсэгчлэн давхцалтай[18] болсон байх тул хариуцагч нар нь энэ шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.17-1.21-д заасан нэмэлт ажиллагааг хийж дахин шинэ акт гаргахдаа гуравдагч этгээдийн ашиглах эрхтэй газрын нийт талбайн хэмжээнд нөлөөлөхгүйгээр /бүхэлд нь авч үзэх бус/ нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэвэл зохино.
1.26. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх хариуцагч нарыг энэ шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.17-1.21, 1.25-д заасны дагуу нэмэлт ажиллагааг хийж, дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзсэн тул маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын “*******” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд дурдсан талбайн нэмэгдүүлсэн хэмжээтэй давхцалтай хэсэг болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1.27. Шүүхээс тогтоосон дээрх хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолохыг тэмдэглэж байна.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын талаар:
2.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад зааснаар “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа талаар маргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн аваагүй. Тодруулахад:
2.2. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас анх тус шүүхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “******* ХХК-аас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 тоот эргэлтийн цэгт эргэлтийн цэгт өөрчлөлт оруулж талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэл, тус компанийн дээр дурдсан хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөлгүйгээр хүсэлт гаргасан талбайд давхцуулан газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын “*******” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тус тус тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2.3. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШЗ2025/0416 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар “*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан “…“*******” ХХК-аас Горхи тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 тоот Эргэлтийн цэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэл ... хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2.4. Харин тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШЗ2025/0854 дугаартай захирамжаар “*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан “…“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын ******* ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.
2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н*****аас “…“*******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд заасан хэмжээ, байршлын дагуу “*******” ХХК-д газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.
2.6. Дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4619 дугаартай захирамжаар хүлээн авч шийдвэрлэжээ.
2.7. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хүлээн авахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад заасан үндэслэл байгаа эсэхийг тодруулж, улмаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 164 дугаартай албан бичгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н***** нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гардан авч, танилцахдаа тус хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай албан бичигтэй танилцаж, гардан авсан болох нь тус газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байх тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авсан.
2.8. Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2025/0374 дугаартай тогтоолын[19] “Хянавал” хэсгийн 3.3-т “Захиргааны байгууллагад гаргасан өргөдөл хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж нь газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрт хамаарах үйл баримтыг дүгнэсэн шүүхийн шийдвэрт хамаарахгүй. Энэ тохиолдолд “... ашиглах газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж өгөх талаар удаа дараа хандсан, гэтэл газар ашиглах эрх олгохоос татгалзсан хариу өгснийг 2 жилийн дараа мэдэгдсэн” гэж тайлбарлаж маргасныг анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй.” гэсэн дүгнэлтийг хийсэн байх бөгөөд энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр тул түүнийг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэхдээ анхаарсныг тухайлан дурдах нь зүйтэй.
2.9. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс төсөөтэй байж болохуйц хэрэг маргааныг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0268 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2025/0496 дугаартай магадлал”-ыг[20] өгснийг шүүх үнэлэх боломжгүй гэж үзсэн.
2.10. Учир нь, дээрх шийдвэр, магадлалаар шийдвэрлэсэн маргаан нь нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон зарим үйл баримтын хувьд төсөөтэй боловч хариуцагчийн гаргасан татгалзсан шийдвэрийн агуулга өөр, хариуцагчийн бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгт /анхдагч нотлох үүрэгт/ хамаарах үйл баримтууд өөр, тэдгээрийн улмаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар нотлох баримтыг чөлөөтэй үнэлэх шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн зарчмын дагуу энэхүү захиргааны хэрэгт хамаарах үйл баримтыг энэ хэргийн хавтаст хэрэгт авагдсан үйл баримтад тулгуурлан үнэлэх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүхийн шийдвэр, магадлалыг үнэлээгүй болно.
2.11. Хариуцагч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*****-ээс “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын “*******” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг, мөн “*******” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 22/10 дугаартай Эргэлтийн цэг тэмдэгт өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг нэмэгдүүлэх агуулга бүхий хүсэлтийг хангахаас татгалзсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэрийг тус тус хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.26-д заасан тодруулах ажиллагаануудыг хийж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны А/575 дугаар тушаалын “*******” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд дурдсан талбайн нэмэгдүүлсэн хэмжээтэй давхцалтай хэсэг болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/796 дугаартай шийдвэр тус тус хүчингүй болохыг тогтоосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 21 дэх тал
[2] 1Хх 76 дахь тал
[3] 1Хх 75 дахь
[4] 1Хх 34-38 дахь
[5] 1Хх 50 дахь тал
[6] 1Хх 74 дэх
[7] 1Хх 16-17 дахь
[8] 1Хх 158 дахь
[9] 1Хх 168 дахь тал
[10] 1Хх 172 дахь тал
[11] 1Хх 76 дахь тал
[12] 1Хх 75 дахь
[13] 1Хх 34-38 дахь
[14] 1Хх 50 дахь тал
[15] Гуравдагч этгээд “Шидэт шамбала” ХХК нь газар ашиглах талаарх хүсэлтийг анх 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/01 тоот албан бичгээр гаргасан нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад бүртгэгдсэн, Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 21-22 дахь тал
[16] 1Хх 203 дахь тал
[17] 1Хх 168 дахь тал
[18] 2Хх 30, 32 дахь тал
[19] 2Хх 82 дахь тал
[20] 2Хх 190-198 дахь тал