Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/425

 

  2024           04            10                                          2024/ДШМ/425

 

Ө.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

яллагдагч Ө.У-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/259 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Онолтын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр прокурорын эсэргүүцлээр Ө.У-д холбогдох 2202 00302 0467 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт Ө-н У, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  ................ ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: .........../;  

Яллагдагч Ө.У нь ..................... ажиллаж байхдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4-д “... ...” гэж хуулиар олгогдсон .......... бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Ш.Б-с “...гар утсаа гээгдүүлсэн...” гэж гаргасан гэмт хэргийн талаарх 8647 дугаартай гомдолд ..... ажиллагаа явуулах үедээ “...гар утас олж өгсөн хүнд 10 хувийн шагналын мөнгө шилжүүлэх ёстой...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ......... дансаар 100.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л.М-н эзэмшдэг Төрийн банкны ........ дансаар 100.000 төгрөг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ө.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ө.У нь .......... мөрдөгчөөр ажиллаж байхдаа хохирогч Ш.Б-ны гар утсаа гээгдүүлсэн гэх Г-8647 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгаж байхдаа хохирогч Ш.Б-с “утсыг чинь олж өгсөн хүн шагналаа авъя гэнэ” гэж хэлж Ө.У өөрийн дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэх шинжид хамааруулан зүйлчилсэн нь үндэслэл бүхий байж болохоор байна. Харин эрүүгийн мөрдөгч Ө.У нь өөр гэмт хэрэгт шалгагдаж байсан Л.М-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа түүнд албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, түүгээр дамжуулан хохирогч Ш.Б руу утсаар яриулж, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л.М-н эзэмшдэг Төрийн банкны ..........дансаар 100.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинжид хамаарах эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах,...”, мөн хуулийн 7.1.5 хэсэгт заасан албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж хуульчилсан байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ. Тодруулбал, Ө.У нь өөрт олгогдсон албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдэл хийсэн эсэхэд хяналтын прокурор хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай;

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлд хамаарна гэж үзэж яллагдагч Ө.У-д холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлт гомдлоо гаргах эрхийнхээ дагуу мөрдөгч, хяналтын прокурорт хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдэж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ө.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт хураагдсан Huawei, LG загварын 2 ширхэг гар утас, сиди нэг ширхэг, ............. хэлтсийн мэдээллээр хуурч төөрөгдүүлэх идэвхтэй арга хэмжээний төлөвлөгөө 1 хавтас 14 хуудас баримт зэргийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Онолт бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар ........ .......... мөрдөгчөөр ажиллаж байсан Ө.У нь иргэн Ш.Б-с тус цагдаагийн хэлтэст хандаж гаргасан “гар утсаа гээгдүүлсэн” гэх гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогч Ш.Б-г “...гар утас олж өгсөн хүнд 10 хувийн шагналын мөнгө өгөх ёстой, ...тухайн хүн шагналын мөнгө бага байна гэж хэллээ...” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдүүлж, 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны өөрийн эзэмшлийн ........... дансаар 100.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л.М-н эзэмшдэг Төрийн банкны .......... дансаар 100.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд прокуророос түүний дээрх үйлдлийг “Албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг болон 17.3 дугаар зүйлд 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэргүүд нь гэмт этгээдийн эрхэлж байсан ажил, албан тушаалын байдал нь тухайн хууль бус үйлдлийг хийх боломж нөхцөлийг түүнд бүрдүүлсэн, гэмт үйлдлийн үр дүнд түүнд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон байдаг зэрэг шинжүүдээр нийтлэг боловч залилах гэмт хэргийн хувьд тухайн ашигтай байдал нь бусдыг төөрөгдүүлсэн, хуурсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон идэвхтэй үйлдлийн үр дүнд бий болсон байхыг шаарддаг.

Яллагдагч Ө.У нь хохирогч Ш.Б-с 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Л.М-н эзэмшдэг Төрийн банкны ............ дансаар дамжуулан 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийн тухайд тэрээр хохирогчийн эд хөрөнгийн шилжүүлэн авах зорилгоор буюу шунахайн сэдлээр “гар утас олсон гэх хүн шагнал нэмж өг гээд байна, хэл амтай хүн тул мөнгийг нь өгөөд салсан нь дээр шүү” гэх зэргээр хуурч, төөрөгдүүлсэн, мөн өөрийн гэмт үйлдлийг хэрэгжүүлэх зорилгоор Л.М гэгчийг татан оролцуулж, түүний дансаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.М-н гэрчээр өгсөн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, арилжааны банкны дансны хуулга зэрэг баримтуудаар Л.М нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй байсан бөгөөд яллагдагч Ө.У нь мөрдөгчийн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдэхэд түүнийг ашигласан үйл баримт тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, Ө.У нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг удаа дараагийн үйлдлээр хуурч мэхлэн эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан, хохирогч нь төөрөгдөлд орсны улмаас тухайн хөрөнгийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Мөн шүүхээс хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх бол” гэсэн үндэслэлийг удирдлага болгожээ. Гэвч хэрэв шүүхээс яллагдагчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл, хэсэг тохирохгүй буюу түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх, нийлмэл гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн тохиолдолд 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэлээр 60 хүртэл хоног хуралдааныг хойшлуулах боломжтой байхад уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь мөн хэргийн бодит байдалтай нийцээгүйн зэрэгцээ прокурор хэргийг хүлээн авсан тохиолдолд хуульд заасан ямар шийдвэр, үйл ажиллагаа явуулах нь ойлгомжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 259 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Ө.У-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Ө.У-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг дүгнэх шаардлагатай гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар эрэн сурвалжлагдаж буй олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэх хуульд нийцсэн ямар дүрэм, журам, заавар байдаг болох, тухайн гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөө нь заавал цаг хугацааны хувьд мөнгө авахаас өмнө үйлдэгдэх ёстой юу, эсвэл мөнгө авсны дараа гүйцэтгэх ажилтай нь холбогдуулан хийх ёстой юу гэдэг талаар хяналт тавьж буй удирдах албан тушаалтан, цагдаагийн албан хаагчдаас мэдүүлэг авах ажиллагааг хийхгүйгээр энэ ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх, ямар нөхцөл байдалд төлөвлөгөөг баталсан эсэх асуудлуудыг шалгах шаардлагатай гэж үзэж байна. Энэ төлөвлөгөөг эрүүгийн ахлах төлөөлөгч, эрүүгийн албаны тасгийн дарга гэсэн 2 хүн баталдаг. Прокуророос албан тушаалын гэмт хэрэг, залилах гэмт хэрэг нь төөрөгдөлд оруулах шинжээр ялгагдана гэж байна. Гэтэл яллагдагч “төөрөгдөлд оруулж байгаа нь хууль ёсны дагуу, гүйцэтгэх ажиллагааны идэвхтэй арга хэмжээ байсан” гэж мэдүүлдэг. Дээрх байдлаар шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Албан тушаалын гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх тухайд прокурорын саналыг дэмжиж байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт                   “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.

Яллагдагч Ө.У-д холбогдох хэрэгт нотолбол зохих бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, мөн хэсгийн 1.3 дахь заалтад заасан “... гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” зэрэг нотолбол зохих байдлуудыг нэг мөр, зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Ө.У-г өөрт олгогдсон албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдэл хийсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан үндэслэл бүхий болжээ.

Үүнээс гадна, яллагдагч Ө.У нь гүйцэтгэх ажиллагааны зардалд байгууллагын санхүүгээс 100.000 төгрөгийг авсан талаар баримт хэрэгт авагдсан ба гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөний дагуу авсан гэх дээрх мөнгийг хэрхэн, ямар үндэслэлээр гаргуулан авсан талаар санхүүгийн баримтуудыг авч хэрэгт хавсаргах, мөн энэ ажиллагаатай холбоотойгоор санхүүгийн албаны болон холбогдох албан тушаалтнуудаас гэрчээр мэдүүлэг авах зэрэг ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Иймд яллагдагч Ө.У-д холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Онолтын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/259 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Онолтын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                  Ц.ОЧ      

                         ШҮҮГЧ                                                                  Т.ӨСӨХБАЯР

                       ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР