| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04891/И |
| Дугаар | 192/ШШ2025/03748 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/03748
2*******5 05 05 192/ШШ2*******5/03748
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, “Ремикон” үйлдвэрийн байранд байрлах “Ремикон” ХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хэсэг, Их Монгол гудамж, Ривер гарден хотхон, 406 дугаар байр, ******* тоот хаягт байрлах “Дирүүф” ХХК (РД:*******)-нд холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 14,841,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Үндэслэлгүй шилжүүлсэн 6,106,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
Нэхэмжлэлийг 2*******3 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 14,841,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:
1.1.“Дирууф” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЗБНГ-01/04-01 тоот Зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ болон 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн ХАГ-01/12 тоот орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулж, гэрээний дагуу бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухайд нь тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн. “Дирууф” ХХК нь зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт төлбөрийг бэлэн мөнгө болон бартерийн хэлбэрээр төлж барагдуулахаар тохиролцсон ба бартерт 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн ХАГ-01/12 дугаартай орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус хотхон, 2******* дугаар байр, 14 дүгээр давхар, В тоот хаягт байрлах, 61.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,650,000 төгрөгөөр тооцож, нийт 100,798,500 төгрөгт тооцохоор тохиролцож, орон сууцыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон юм. Гэсэн хэдий боловч “Дируүф” ХХК нь тохиролцсон хугацаандаа дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд энэ нь бидний үйл ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдлыг учруулсаар байна.
1.2.”Дирууф” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 125 м.куб буюу 16,000,000 төгрөгийн бетон зуурмагийг манай компаниас худалдан авч үүнээс 6,106,000 төгрөгийг төлж үлдэгдэл 9,894,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. бетон зуурмаг нийлүүлсэн үлдэгдэл төлбөр болох 9,894,000 төгрөг, алданги 4,947,000 төгрөг, нийт 14,841,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.
2.Хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Манай компани “Ремикон” ХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗБНГ-01/04- 01 дугаар “Зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” болон 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдөр ХАГ-01/12 тоот орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээг тус тус байгуулсан.
2.2.Манай компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус хотхоны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус хотхон, 2******* дугаар байр, 14 дүгээр давхар, В тоот хаягт байрлах, 61.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг “Ремикон” ХХК-нд шилжүүлж өгснөөр дээрх гэрээ дуусгавар болсон. Уг орон сууцыг 100,798,500 төгрөгт тооцон нэхэмжлэгч компанид шилжүүлж, нэхэмжлэгч компани нь захиалагч компанитай гэрээ хийж, орон сууцандаа орсон тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ манай компанид хамаагүй буюу захиалагч компанийн асуудал болно.
2.3.Нэхэмжлэгч компанитай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 125 м.куб буюу 16,000,000 төгрөгийн бетон зуурмагийг худалдан авах гэрээ байгуулаагүй учир 14,841,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
3.Хариуцагч компани нэхэмжлэгч компанид холбогдуулан 6,106,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу бид 2,000 м.куб бетон зуурмагийг авахаар тохиролцсон боловч нийт 1,933.5 м.куб бетон зуурмаг авсан. Үүний төлбөрт 1 м.куб бетон зуурмагийг 155,000 төгрөгөөр тооцож, нийт 299,692,500 төгрөгийг төлөх ёстой байсан боловч 6,106,000 төгрөгийг илүү төлжээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буман залуус орон сууцны 2******* орц, 14 давхар, В тоот хаягт байршилтай, 61,09 мк.в талбайтай, 2 өрөө орон сууцыг 100,798,500 төгрөгт тооцон арилжаа хэлбэрээр нэхэмжлэгчид шилжүүлсэн. Мөн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 35,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 90,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 305,798,500 төгрөгийг “Ремикон” ХК-нд төлжээ. Иймд манай компанийн илүү төлсөн 6,106,000 төгрөгийг нэхэмжлэгч “Ремикон” ХК-аас гаргуулж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч компани сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.“Дирууф” ХХК-нд 16,000,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн бөгөөд үүнээс хариуцагч нь 6,106,000 төгрөгийг суутган тооцож, үлдэгдэл төлбөр болох 9,894,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Иймд “Дирууф” ХХК-ийн гаргасан 6,106,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “Ремикон” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Дрүүф” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “Зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Дирууф” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Дирууф” ХХК болон нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 14,841,000 төгрөгийн нэхэмжлэх, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэх “Ремикон” ХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий баримт, бетон зуурмаг хүлээлгэж өгсөн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар,
Хариуцагчаас хавтаст хэрэгт “Дирууф” ХХК-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, Хаан банк дахь “Дирууф” ХХК-ийн эзэмшлийн 5212*******9637 дугаар дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Пирамид-Орд” ХХК болон “Дирууф” ХХК-ийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах тухай гэрээ”, “Пирамид-Орд” ХХК болон “Дирууф” ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, “Дирууф” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий тооцоо нийлсэн актыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкнаас “Ремикон” ХК-ийн эзэмшдэг дансанд “Дирууф” ХХК-аас орлого шилжүүлсэн эсэх лавлагаа, дансны хуулгыг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг тус тус гаргуулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 14,841,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч компанитай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗБНГ-01/04-01 дугаартай “Зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж, хариуцагч нь уг гэрээний төлбөрийг бэлэн мөнгө болон бартер хэлбэрээр төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн ХАГ-01/12 дугаартай орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус хотхон, 2******* дугаар байр, 14 дүгээр давхар, В тоот хаягт байрлах, 61.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,650,000 төгрөгөөр тооцож, нийт 100,798,500 төгрөгт тооцож хүлээлгэж өгсөн боловч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар байна. Мөн хариуцагч компани нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 125 м.куб буюу 16,000,000 төгрөгийн бетон зуурмагийг манай компаниас худалдан авсан боловч 6,106,000 төгрөгийг төлж үлдэгдэл 9,894,000 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч компанитай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗБНГ-01/04-01 дугаартай “Зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулсан, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн буюу гэрээний дагуу нийт 299,692,500 төгрөг төлөх байснаас 100,798,500 төгрөгт Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буман залуус орон сууцны 2******* орц, 14 давхар, В тоот хаягт байршилтай, 61,09 мк.в талбайтай, 2 өрөө орон сууцыг арилжаа хэлбэрээр нэхэмжлэгчид шилжүүлж, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 5 удаагийн гүйлгээгээр нийт 205,000,000 төгрөгийг төлсөн. Уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ манай компанид хамаагүй буюу захиалагч “Пирамид-Орд” ХХК-ийн асуудал гэж тайлбарлаж байна.
4.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан илүү төлсөн 6,106,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч компанитай байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЗБНГ-01/04-01 дугаартай “Зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний дагуу нийт 299,692,500 төгрөгийг төлөх байтал 305,798,500 төгрөг төлж, 6,106,000 төгрөгийг илүү төлсөн байна гэж тодорхойлж байна.
5.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хариуцагч компани нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 125 м.куб буюу 16,000,000 төгрөгийн бетон зуурмагийг манай компаниас худалдан авч, 6,106,000 төгрөгийг төлсөн, 9,894,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа гэж тайлбарлаж байна.
6.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Зохигч талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗБНГ-01/04-01 дугаартай “Зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 8-17 дахь тал)
6.2.Зохигч талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдөр “Буман залуус” орон сууцны цогцолборын 2******* орцны 14 дүгээр давхар, В дугаар, 61.09 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,650,000 төгрөгөөр тооцож барьж хүлээлгэж өгөх нөхцөл бүхий ХАГ-01/12 дугаартай “Орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 19-22 дахь тал)
6.3.Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч компанид 205,000,000 төгрөг төлж, 100,798,500 төгрөгт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус хотхон, 2******* дугаар байр, 14 дүгээр давхар, В тоот хаягт байрлах, 61.09 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тооцон шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч талууд маргаангүй. (хавтаст хэргийн 19-22, 76 дахь тал)
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай шаардлагын хувьд:
7.Зохигч талууд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан, гэрээний дагуу нэг талаас бүтээгдэхүүн нийлүүлсэн, нөгөө талаас нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг мөнгөн хөрөнгөөр болон үл хөдлөх эд хөрөнгөөр төлж барагдуулсан үйл баримтын хувьд маргаангүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээсэн эсэх, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтын хувьд маргаантай байна.
7.1.Иймд шүүх зохигч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн “Буман залуус” орон сууцны цогцолборын 2******* орцны 14 дүгээр давхар, В дугаар, 61.09 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,650,000 төгрөгөөр тооцож барьж хүлээлгэж өгөх нөхцөл бүхий ХАГ-01/12 дугаартай “Орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээ”-г тайлбарлах шаардлагатай.
7.2.Тодруулбал, зохигч талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан ЗБНГ-01/04-01 дугаартай “Зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний гол нөхцөл нь нэг талаас бетон зуурмагийг захиалагч талд нийлүүлэх, нөгөө тал нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг тодорхой хуваарийн дагуу төлөх нөхцөл байх бөгөөд гэрээнд төлбөрийг хүүгийн хамт төлнө гэж заасан боловч хүүгийн хэмжээг гэрээнд тодорхой тусгаагүй байх тул уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх ба хариуцагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлээгүй байна.
7.3.Энэ тохиолдолд хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхдээ өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэхийг тогтоох шаардлагатай.
8.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заажээ.
8.1.Хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар хариуцагч компани нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буман залуус орон сууцны 2******* орц, 14 давхар, В тоот хаягт байршилтай, 61,09 мк.в талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч биш атлаа нэхэмжлэгч компанид уг орон сууцыг шилжүүлсэн.
8.2.Хариуцагч нь “Буман залуус” орон сууцны цогцолбор барилгын барилга угсралтын ажлыг “Пирамид-Орд” ХХК-ийн захиалгаар хийж гүйцэтгэж, ажлын төлбөрт нь уг орон сууцыг шилжүүлэн авахаар тохиролцсон гэж тайлбарлаж орон сууц захиалгын гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн орон сууц захиалгын гэрээнд “Буман залуус орон сууцны 2******* орц, 14 давхар, В тоот хаягт байршилтай, 61,09 мк.в талбайтай, 2 өрөө орон сууц” гэж тодорхой заагаагүй байна.
8.3.Эндээс үзэхэд зохигч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн ХАГ-01/12 дугаартай “Орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээ” нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”, 123.2 дахь хэсэгт “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж зааснаар “шаардах эрх шилжүүлэх” хэлцэл гэж үзэхээр байна.
8.4.Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн ХАГ-01/12 дугаартай “Орон сууцны барилга захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буман залуус орон сууцны 2******* орц, 14 давхар, В тоот хаягт байршилтай, 61,09 мк.в талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах хариуцагч компанид даалгахаар шаардах эрхгүй байна.
8.5.Өөрөөр хэлбэл, хариуцагч компанийн өмнө Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буман залуус орон сууцны 2******* орц, 14 давхар, В тоот хаягт байршилтай, 61,09 мк.в талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн этгээдээс шаардах эрхтэй юм.
Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт 14,841,000 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 6,106,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
9.Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн, үүнээс 6,106,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч талаас 16,000,000 төгрөгийн бетон зуурмаг аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
9.1.Нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор “Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт”-ыг гаргаж өгсөн боловч тус баримтын “хүлээн авсан” хэсэгт хүлээн авсан этгээдийн талаар ямар нэг тэмдэглэл хийгдээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар хариуцагч компанид бетон зуурмаг хүлээлгэж өгсөн гэж үзэх боломжгүй юм.
9.2.Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар нэхэмжлэгч компанийг 6,106,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
10.Хавтаст хэрэгт хариуцагч талаас “Пирамид-Орд” ХХК-тай байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч шүүх уг баримтуудыг үндэслэж хариуцагч компани болон “Пирамид-Орд” ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан эсэх талаар үнэлэлт дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
*******.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компанид холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 14,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч компаниас 6,106,000 төгрөг гаргуулж хариуцагч компанид олгож шийдвэрлэлээ.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 3*******,355 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн *******2,646 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч компаниас *******2,646 төгрөгийг гаргуулж, хариуцагч компанид олгохоор хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3, *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.1, 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Дирууф” ХХК-нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах, зээлээр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 14,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ремикон” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Ремикон” ХК-аас 6,106,000 төгрөг гаргуулж хариуцагч “Дирууф” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ремикон” ХК-ийн урьдчилан төлсөн 3*******,355 төгрөг, хариуцагч “Дирууф” ХХК-ийн урьдчилан төлсөн *******2,646 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ремикон” ХК-аас *******2,646 төгрөг гаргуулж, хариуцагч “Дирууф” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД