Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Г.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э,

Шүүгдэгч Ө.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө.Д-д холбогдох эрүүгийн 1720001730012 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суудаг гэх хаягтай боловч Дорноговь аймгийн Улаанбадрах сум Б гэх газар мал малладаг, урьд 1995 онд Эрїїгийн хуулийн 123 дугаар зїйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн  хорих ялаар, 1996 онд Эрїїгийн хуулийн 239 дїгээр зїйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар, 1999 оны 12 сарын 06-ны єдрийн Дорноговь аймгийн Сум дундын 2-р шїїхийн 76 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрїїгийн хуулийн 125 дугаар зїйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ялаар, 2007 оны 05 сарын 07-ны єдрийн Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шїїхийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн 145 дугаар зїйлийн 145.2, 261 дїгээр зїйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2008 оны 10 сарын 24-ний єдрийн Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шїїхийн 80 тоот шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн 145 дугаар зїйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар, 2010 оны 10 сарын 05-ны єдрийн Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шїїхийн 106 тоот шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн 145 дугаар зїйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгїїлж  байсан Б овогт Ө.Д,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ө.Д нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух иргэн С.А-н байшингийн цонхоор нэвтэрч 20 кг хонины мах хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ө.Д мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Улаанбадрах сумын 1 дүгээр багт айлын мал маллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Замын-Үүд суманд ганцаараа замын унаанд суугаад ирсэн. Би ирсэн өдрөө найз Ц.Ш-н гэрт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл архи уусан. Тэгээд 10 дугаар сарын 21-ний үдээс хойш 16 цагийн орчимд өөрийн төрсөн эх болох С.А-н Замын-Үүд сумын 2-р багт байрлах байшингийн цонхоор орж юм идэх санаатай орсон. Тухайн үед ээжийгээ Сэлэнгэ аймаг руу явсан байсныг мэдсэн ба гэрт нь цонхоор дамжин орж хөргөгчнөөс нь 3, 4 хавирга авч чанаж идсэн ба гарахдаа хөргөгчинд байсан хонины бүтэн махыг торонд хийж, гал тогооны өрөөнд нь байсан ширээн дээрээс архи аягалдаг жижиг мөнгөн аягыг зарах санаатай хамт авч цонхоор нь гарсан. Тэгээд би хулгайлсан мах, мөнгөн аягаа зарах санаатай ээжийнхээ хашаанд байдаг шар өнгийн амбаарт нууж үлдээгээд хашаанаас гараад О гэх эгчийнд очиж архи ууж байгаад орой 22 цагийн орчимд амбаар дотор нуусан мах, мөнгөн аягаа аваад Ц.Ш-н гэрт нь очиход Т эгч, Ш нар архи ууж байхад нь архинаас нь уусан. Архиа ууж дуусаад би Т эгчийг мах зараад ир гээд хулгайлсан махаа бүгдийг нь өгөөд явуулсан. Тэгээд удаагүй байж байтал Т эгч гаднаас 4 шил улаан бөглөөт гэх архи аваад ирэхээр нь хувааж уугаад унтацгаасан. Тэгээд маргааш өглөө унтаж байхад 11 цагийн үед манай дүү Ө.Б ирж ээжийн гэрээс авсан мөнгөн аягыг аваад явсан. Тэгээд би Ш-н гэрт байж байхад дүү Ө.Б орж ирээд намайг дагуулаад явсан ба гудамжинд явж байхад өөдөөс Ш ирж таараад бид хоёрыг ээжийн гэр рүү хулгай хийх гэж цуг орсон гээд бид хоёрыг дагуулан цагдаад барьж өгсөн. Тухайн үед би ганцаараа ээж С.А-н гэрийн цонхоор орж хулгай хийсэн. Хамт ямар нэг хүн яваагүй. Би тухайн үед архи уугаад нэлээд согтсон байсан учир сайн мэдэхгүй байна. Т эгч борлуулсан байх, яг хаана зарсан талаар мэдэхгүй байна. Мөнгөн аягыг маргааш өглөө төрсөн дүү Ө.Б, Ц.Ш-н гэрт унтаж байхад ирээд аваад явсан. Би тухайн айлыг эзэнгүй байгаа талаар мэдэж байсан болохоор гэрт нь орж хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял оноож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

- Хохирогч  С.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2017 оны 10 дугаар сарын 20-нд болох грүппийн хуралд оролцох гээд нөхөр Ж.Ч-н хамт Эрдэнэт хот руу явсан. Тэгээд нөхөр бид 2 гэрээ эргэж тойрч байгаарай гэсэн. Г гэх залуу Эрдэнэтэд байх хугацаанд залгаад танай гэрт хулгай орсон юм шиг байна, танай хөргөгчнөөс мах алга болсон юм байна гэхээр нь цагдаа дуудаад цагдаад мэдэгдчих гэсэн. Би нөхрийнхөө хамт 10 сарын сүүлээр Замын-Үүдэд ирж гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд хөргөгчинд байсан 20 гаран кг-ийн бүтэн хонины мах алга байсан. Өөр зүйл алдагдаагүй байсан. Тухайн үед манай гэрт миний том хүү болох Ө.Д, түүний найз Ц.Ш нар хулгай хийхээр орсон гэж бодож байна. Хулгай орсон гэх үед миний 3 дахь хүү Ө.Б гэрт ирж үзсэн ба ах нь болох Ө.Д гэрийн цонхоор орж мах, жижиг архи хийх зориулалттай мөнгөн аягыг хулгайлсан болохыг мэдээд Ц.Ш гэгчийн гэрээс очиж ахынхаа өврөөс нь олж авсан гэж хэлж байсан. Одоо тэр мөнгөн аяга нь манай гэрт байгаа. Манай хүү болох Ө.И хөдөө гэрээсээ авч ирж өгч байсан. Тухайн алдагдсан мах нь ойролцоогоор 20 орчим кг жинтэй байсан ба тухайн үеийн ханшаар 1 кг-ийг 6000 төгрөгөөр болоход 120,000 төгрөг болж байсан. Одоо хонины мах 1 кг нь 4,500 төгрөгтэй байгаа. Би өөрийн алдсан 20кг махыг одооны ханш буюу 90,000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөн аягаа олсон учраас үнэлүүлэхгүй. Би өөрийн том хүү түүний найз Ц.Ш нарыг хулгай хийсэн гэж бодож байна. Мөнгөн аяга нь Ө.Д-с гарсан учраас хулгай хийсэн гэдэгт нь итгэж байгаа. Манай хүү гэрээсээ 1 удаа хулгай хийж түүнийхээ улмаас шүүхээр орж ял авч хоригдож байсан. Өмнө нь 3 удаа ял шийтгэгдэж байсан. Манай хүү Ө.Д Улаанбадрах суманд сумын төвөөсөө 20 орчим км газарт айлын мал маллаж байгаа. Би хэнийд гэдгийг нь мэдэхгүй байна. Надад хэлээгүй. Харин дүүдээ хэлсэн байж магадгүй. Саяхан Замын-Үүдэд ирээд явсан байсан. Айгаад манайхаар ороогүй буцсан байна лээ. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Өөрийн төрсөн хүүгээ шоронд явуулмааргүй байна. Манай хүү одоо хүнтэй танилцаад гэр бүл болох гэж байгаа сурагтай байсан. Ө.Д нь надтай цуг амьдардаггүй... Манай эд хөрөнгийг Ө.Д захиран зарцуулах эрх байхгүй. Манай гэр бүлд ямар нэг бүртгэл байхгүй, 4-5 жилийн өмнө Эрдэнэ суманд амьдрахаар шилжилж хөдөлгөөн хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 43/,

- Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай хуурай ах болох Ж.Ч ах, эхнэр С.А-н хамт грүппээ сунгуулах гээд Эрдэнэт хот явахаар болчихлоо гээд надтай утсаар яриад бид төвд уулзахад гэр эргэж тойрч байгаарай гээд гэрийнхээ түлхүүрийг надад үлдээгээд явсан. Тэдний гэр нь Замын-Үүд сум 2-р багт хаягтай. Тэгээд би тэр хоёрыг явснаас хойш өдөрт 2 удаа эргэж тойрдог байсан. Би маргааш нь буюу 22-нд гэрийг нь өглөө 08 цагийн орчимд шалгахад тэдний байшингийнх нь урд байдаг 3 дахь цонхны хамгаалалтын төмөр нь газар унасан, цонх нь онгорхой байхаар нь би түлхүүрээр нь хаалгыг нь онгойлгож дотогш ороход гал тогооны өрөөнд нь байсан хөргөгчний орчимд мах, өндөгнүүдийг гаргаад тавьсан байхаар нь хаалгыг нь буцаж түгжин цонхыг нь засалгүй Ж.Ч ах руу утас руу нь залгаж хэлэхэд надад хэлээд яахав дээ цагдаад хэл гэхээр нь тухайн үед би цагдаад мэдэгдсэн. Тухайн үед цагдаа ирж гэрэл зураг аваад, үзлэг хийж байтал С.А эгчийн хүүхэд болох Ө.Б ирээд 1 цагдаагийнх нь хамт Ц.Ш гэх хүний гэр рүү нь яваад Ж.Ч ахын гэрээс алдагдсан дунд гарын мөнгөн аягыг олж ирсэн. Тухайн үед Ө.Б цагдаатай явж ирэхдээ манай ах Ө.Д л орсон юм шиг байна, Ц.Ш-н гэрт нь алдагдсан аяга байхаар нь аваад ирлээ гэж байсан. Тэгээд тэр өдөр бид гэрийнх нь цонхыг засаад явсан байсан. Тухайн үед бүтэн хонины махны тал алга болсон байсан. Маргааш нь би өдөр 16:00 цаг өнгөрөөгөөд гэрийг нь дахиж эргэхэд анх хулгай орсон байсан цонх нь онгорхой байхаар нь Ж.Ч ах руу дахин ярьж хэлэхэд хүү рүүгээ ярьсан бололтой удалгүй хүү болох Ө.Б нь ирсэн ба түүнээс хойш юу болсныг нь би мэдэхгүй байна. 10 сарын 26-нд Ж.Ч ах ирэхээр нь гэрийнх нь түлхүүрийг буцаагаад өгсөн. Би Ж.Ч ахын хүү болох Ө.Б-с мэдсэн. Тухайн үед Ө.Б нь нэг цагдаагийн хамт Ц.Ш гэх хүнийд очиж ирээд манай ах Ө.Д орж хулгай хийсэн байна гэж хэлэхэд нь мэдсэн. Би эдгээр хүмүүсийг өмнө нь Замын-Үүд суманд харж байсан. Гэрийг нь мэдэхгүй. Миний мэдэхээр надаар явахаасаа өмнө янзлуулсан 1 хонины бүтэн мах тэр нь ойролцоогоор 20 орчим кг байсан ба 1 сетиг бор өндөг, 1 шампансаг алдагдсан байсан. Сүүлд Ө.Б 1 мөнгөн аяга аваад ирэхээр нь мөнгөн аяга алдагдсан байна гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч Ц.Ш мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2017 оны 10 дугаар сарын дундуур байх аа би яг өдрийг нь санахгүй байна орой ойролцоогоор 22:00 цагийн орчимд найз Ө.Д ганцаараа гялгар ууттай хонины мах аваад орж ирсэн ба тэр махаа хүн өгсөн гэж надад тухайн үед хэлсэн. Тэгээд хоёулаа энийг зараад архи авч ууя гэж хэлэн намайг гэрт үлдээгээд Ө.Д ууттай махаа аваад зарах гэж яваад нээх удалгүй ганцаараа 2 шил архитай ирсэн. Тэгээд бид 2 авсан архийг нь хувааж уусан ба ууж сууж байхад Ө.Д дээлнийхээ өврөөсөө жижиг мөнгөн аяга гаргаж ирээд манай хуурай ах өгсөн, хөдөө аваад явж байхад амар байдаг гээд гаргаж ирээд тэр аягандаа архи хийж уусан. Би Ө.Д-г ирэхэд согтуу байсан ба мөн Ө.Д ч бас халамцуу байсан, тэгээд бид 2 хоёр шил архи уугаад тасраад унтаад өгсөн. Маргааш өглөө нь Ө.Д-н дүү болох Ш гэж дууддаг залуу нэг цагдаагийн хамт ирээд ахыгаа сэрээгээд 2, 3 өшиглөөд яагаад гэр рүү орж байгаа юм, мөнгөн аяга, мах хаана байна гэхэд нь Ө.Д юм ярихгүй байхаар нь би өмнөөс нь Ө.Д манайд 1 мөнгөн аягатай ирсэн, хүн өгсөн гэж хэлсэн, аяга нь өөрийнх нь өвөрт нь байгаа гэж хэлэхэд өврийг нь ухаад аягыг нь авсан. Тэгээд тэр өдөр дүү нь ахыгаа хөдөө явуулна гээд Замын-Үүдээс нэлээд гаргаж өгсөн гэсэн. Тэгээд тэгж явснаас нь хойш Ө.Д мотоцикльтойгоо буцаж ирэн би явсангүй гээд манайд орой орж ирсэн. Тэгээд тэр өдрөө манайд хоноогүй ба мах хулгай хийсэн байшингийн хажуу талын шавар байшинд очиж хононо гэж явсан. Маргааш нь бил үү нөгөөдөр нь надтай таараад уулзахдаа би ээжийнхээ хажуу талын байшинд хоносон гэсэн ба би өөрийн гэрийн ард байдаг настай эгчтэй уулзахад Ө.Д гэх хүн бас нэг мах зарна гээд манай гэрт орж ирсэн, тухайн үед нь би авахгүй гэж хэлээд явуулсан. Манай гэрт орж ирэхдээ С гэж дууддаг архи уудаг хүний хамт орж ирсэн гэж надад хэлсэн. Би тэр эгчийг Ө.Д дахин мах зарна гэж орж ирсэн гэхээр нь өмнө манайд авч ирсэн ууттай махыг Ө.Д бас зарах гэж орсон байна гэж ойлгосон. Манай ард байдаг эгч тухайн үед 2 удаа мах зарна гэж орж ирэхээр нь аваагүй гэж байсан. Би тэр эгчийн утасны дугаарыг мэдэхгүй, түүнийг Э гэдэг ба гэр нь манай яг чанх арын гудамжинд байдаг. Би Ө.Д-н хамт ээжийнх нь гэр рүү орж мах хулгайлаагүй. Ө.Д манайд анх ирэхдээ 1 уут дүүрэн хонины махтай орж ирсэн, манай арын Э гэх хүнийд мах зарна гэж 2 удаа орсон гэсэн, цагдаагийн хэлтэс дээр 2017 оны 10 сарын 25-нд эрүүлжүүлэгдсэн ба маргааш өглөө нь архи гарсаны ар дээр Ө.Д-д хандан би энэ мах хулгай хийсэн асуудал дээр чинь ямар ч хамааралгүй биз дээ, мах зарахад чинь би хамт яваагүй, болсон асуудлын талаар үнэн зөвөөр нь чи өөрөө хэлээрэй гэж хэлэхэд Ө.Д за гэж байсныг бодоход Ө.Д ээжийнхээ гэрийн цонхоор орж хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух иргэн Ж.Ч, С.А нар нь группээ сунгуулахаар Орхон аймаг явсан хойгуур шүүгдэгч Ө.Д гэрийнх нь цонхны хамгаалалтын төмөрийг авч цонхоор орж хөргөгчинд нь байсан 20 кг хонины махыг авсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ө.Д-г 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух иргэн С.А-н байшингийн цонхоор нэвтэрч 20 кг хонины махыг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч Ө.Д нь иргэн С.А-н орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч 20 кг хонины мах хулгайлсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед ээжийгээ Сэлэнгэ аймаг руу явсан байсныг мэдсэн ба гэрт нь цонхоор дамжин орж хөргөгчнөөс нь 3, 4 хавирга авч чанаж идсэн ба гарахдаа хөргөгчинд байсан хонины бүтэн махыг торонд хийж, гал тогооны өрөөнд нь байсан ширээн дээрээс архи аягалдаг жижиг мөнгөн аягыг зарах санаатай хамт авч цонхоор нь гарсан...” гэсэн,  хохирогч С.А-н “...группийн хуралд оролцох гээд нөхөр Ж.Ч-н хамт Эрдэнэт хот руу явсан…Эрдэнэтэд байх хугацаанд залгаад танай гэрт хулгай орсон юм шиг байна, танай хөргөгчнөөс мах алга болсон юм байна гэхээр нь цагдаа дуудаад цагдаад мэдэгдчих гэсэн. Би нөхрийнхөө хамт 10 сарын сүүлээр Замын-Үүдэд ирж гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд хөргөгчинд байсан 20 гаран кг-ийн бүтэн хонины мах алга байсан… Хулгай орсон гэх үед миний 3 дахь хүү Ө.Б гэрт ирж үзсэн ба ах нь болох Ө.Д гэрийн цонхоор орж мах, жижиг архи хийх зориулалттай мөнгөн аягыг хулгайлсан болохыг мэдээд Ц.Ш гэгчийн гэрээс очиж ахынхаа өврөөс нь олж авсан гэж хэлж байсан... Манай хүү гэрээсээ 1 удаа хулгай хийж түүнийхээ улмаас шүүхээр орж ял авч хоригдож байсан… Ө.Д нь надтай цуг амьдардаггүй... Манай эд хөрөнгийг Ө.Д захиран зарцуулах эрх байхгүй. Манай гэр бүлд ямар нэг бүртгэл байхгүй...” гэсэн, гэрч Ч.Г-н “...Ж.Ч ах, эхнэр С.А-н хамт группээ сунгуулах гээд Эрдэнэт хот явахаар болчихлоо гээд надтай утсаар яриад бид төвд уулзахад гэр эргэж тойрч байгаарай гээд гэрийнхээ түлхүүрийг надад үлдээгээд явсан…Би маргааш нь буюу 22-нд гэрийг нь өглөө 08 цагийн орчимд шалгахад тэдний байшингийнх нь урд байдаг 3 дахь цонхны хамгаалалтын төмөр нь газар унасан, цонх нь онгорхой байхаар нь би түлхүүрээр нь хаалгыг нь онгойлгож дотогш ороход гал тогооны өрөөнд нь байсан хөргөгчний орчимд мах, өндөгнүүдийг гаргаад тавьсан байхаар нь хаалгыг нь буцаж түгжин цонхыг нь засалгүй Ж.Ч ах руу утас руу нь залгаж хэлэхэд надад хэлээд яахав дээ цагдаад хэл гэхээр нь тухайн үед би цагдаад мэдэгдсэн…Тухайн үед Ө.Б нь нэг цагдаагийн хамт Ц.Ш гэх хүнийд очиж ирээд манай ах Ө.Д орж хулгай хийсэн байна гэж хэлэхэд нь мэдсэн... Миний мэдэхээр надаар явахаасаа өмнө янзлуулсан 1 хонины бүтэн мах тэр нь ойролцоогоор 20 орчим кг байсан...” гэсэн, гэрч Ц.Ш-н “...Ө.Д ганцаараа гялгар ууттай хонины мах аваад орж ирсэн ба тэр махаа хүн өгсөн гэж надад тухайн үед хэлсэн. Тэгээд хоёулаа энийг зараад архи авч ууя гэж хэлэн намайг гэрт үлдээгээд Ө.Д ууттай махаа аваад зарах гэж яваад нээх удалгүй ганцаараа 2 шил архитай ирсэн…архийг нь хувааж уусан ба ууж сууж байхад Ө.Д дээлнийхээ өврөөсөө жижиг мөнгөн аяга гаргаж ирээд манай хуурай ах өгсөн, хөдөө аваад явж байхад амар байдаг гээд гаргаж ирээд тэр аягандаа архи хийж уусан...” гэсэн, мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Д-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...хохирогч гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ... тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж...” гэж, 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” –аар тус тус заасан. Шүүгдэгч Ө.Д нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр 5 удаа шийтгүүлж байсан мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэснийг хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Шүүгдэгч Ө.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Алтанцэцэг нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө.Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ө.Д-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ө.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.А нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Б.Н