Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0663

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Э******/РД:********** / 

Хариуцагч: Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдох Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З****, С.Э****, гэрч Г.Э*****, П.А*****, Б.Э**** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Э.Э******нь анх тус шүүхэд хандан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан “…Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа , санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****-аас  “…Нийслэлийн Замын хөгжлийн газрын Дотоод хяналтын хэлтсийн дарга С.Э*****-ын үйлдсэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ноогдуулж, хариуцлага тооцох агуулгатай 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Замын хөгжлийн газрын Удирдлагын зөвлөлийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

1.3. Дээрх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг  тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2025/2435 дугаартай “Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

1.4. Дээрх захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221/ШТ2025/391 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2025/2435 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

1.5. Иймд, нэхэмжлэгчээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Э.Э****** нь 2016 оноос эхлэн  Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүү хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан. 

2.2. Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2023 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын хяналт, шалгалтыг хийхэд “… санхүүгийн тайлан мэдээг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй … аудит хийсэн санхүүгийн тайланг харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлээгүй … төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд шаардсан, мэдээлэл, баримт бичгийг бүрэн ирүүлээгүй” зэрэг зөрчил илэрсэн.

2.3. Дээрх зөрчлийг үндэслэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах аудитор М.У*****-гаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 127/А0260276 дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагаар “…тайлан мэдээг хоцроож, зөрчил гаргасан ахлах нягтлан бодогч Г.Э*****, тооцооны нягтлан бодогч С.У***** нарт хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж ... биелэлтийг тус газар ирүүлэхийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад даалгаж” шийдвэрлэсэн.[1]

2.4. Дээрх албан шаардлагын дагуу Нийслэлийн Замын Хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б*****-ы гарын үсэгтэй, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой, Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2023 оны Санхүүгийн тайланд хийгдсэн шалгалтын биелэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт хүргүүлсэн.[2]

2.5. Уг биелэлтийн 6 дахь хүснэгтэд “Албан шаардлага”,  “хугацаа” хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн огноотой, “биелэлт” хэсэгт “Нийслэлийн Замын хөгжлийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны Б/23 дугаартай тушаалаар сахилгын шийтгэлийн хүлээлгэсэн /сануулах арга хэмжээ/” гэж, хариуцсан албан тушаалтан хэсэгт “Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Э*****” гээд, тус “Г.Э*****, С.У***** нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хавсаргажээ.[3]

2.6. Тус Нийслэлийн Замын хөгжлийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 дугаартай “Г.Э******, С.У****** нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь тус газрын архивд хадгалагдаагүй, бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй, харин Нийслэлийн Замын хөгжлийн даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн огноотой, Б/23 дугаартай “Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал[4] нь архивд хадгалагдаж, бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байдаг.[5]

2.7. Дээрх 2 тушаал нь ижил дугаартай, огноо, агуулгын хувьд хувьд өөр өөр тушаалууд байдаг.

2.8. Мөн Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/46 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаалын 1 дэх заалтаар “…төрийн үйлчилгээний албан хаагчдыг хоёрдугаар хавсралтын дагуу урамшуулал олгож”, 3 дахь заалтаар тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Э******* д үүрэг болгосон.[6]

2.9. Уг тушаалын 2 хоёрдугаар хавсралтаар[7] “сахилгын шийтгэлтэй” гэх Г.Э******, С.У******нар нь 2024 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал авсан болох нь цалингийн картаар тус тус тогтоогддог.[8]

2.10. Улмаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2023 оны Санхүүгийн тайланд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдуулан дотоод хяналт шалгалт хийх үүрэг даалгаврыг тус газрын Дотоод хяналтын шалгалтын хэлтсийн дарга С.Э******-д өгч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн илтгэх хуудсаар хяналт шалгалтын үр дүнг танилцуулсан.[9]

2.11. Тус илтгэх хуудсаар “…Хяналт шалгалтаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Э******нь Нийслэл дэх төрийн Аудитын газраас ирүүлсэн албан шаардлагын биелэлтийн хүрээнд гаргасан тус газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/23 дугаар тушаалыг устгаж, уг үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор уг тушаалтай ижил дугаартай, утга, агуулга ондоо тушаал гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаас хойших бусад бүх тушаалууд алдаатай дугаарлагдах нөхцөлийг бүрдүүлсэн, уг асуудалд холбоотой байгууллагад архивлагдаж үлдэх ёстой байсан бусад бүх баримтуудыг цаасан болон цахим хэлбэрээр албан ёсоор бүртгэж авч үлдээгүй, архивлаагүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэх замаар сахилгын зөрчилтэй албан хаагчдад давуу байдал олгож, удаа дараа урамшуулал олгож, төрд хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн” зэрэг зөрчил гаргасан  байх тул холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцох саналтай байна” гэжээ.

2.12. Дээрх зөрчилтэй нь холбогдуулан тус газрын Дотоод хяналтын хэлтсийн дарга С.Э*****-аас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “...Э.Э*****-д холбогдох зөрчлийн асуудлыг тус газрын Ёс зүйн дэд хорооны хурлаар авч хэлэлцэн, хууль тогтоомжид заасны дагуу зохих арга хэмжээг авч өгнө үү” гэх хүсэлтийг тус газрын Ёс зүйн дэд хороонд гаргасан.[10]

2.13. Тус газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцэж “...Дотоод хяналтын хэлтсээс хийсэн хяналт шалгалтын хүрээнд холбогдох албан хаагчдаас авсан тайлбарууд, цугларсан бусад нотлох баримтууд болон үүсээд буй бодит нөхцөл байдлаас дүгнэхэд ... Э.Э*****-ы байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах, төсвийн шууд захирагчийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах зэрэг албан үүргээ биелүүлэхтэй холбоотой гаргасан үйлдэхүй, эс үйлдэхүй нь түүнийг холбогдох хууль тогтоомж зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан” гэж дүгнэсэн.[11]

2.14. Мөн тус Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр “…Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан Э.Э*****-д холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын хүрээнд хариуцлага тооцох нь зүйтэй ... Э.Э*****-ы албаны эрх мэдлээ хэтрүүлж, бусдад давуу байдал олгосон, төрд бодит хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдох бичиг баримт үйлдсэн, ашигласан, устгасан, гээгдүүлсэн, нуун дарагдуулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй тул харьяаллын дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх” санал гаргасан.

2.15. Дээрх асуудлын асуудлын хүрээнд Нийслэлийн Замын хөгжлийн газрын Удирдлагын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Э*****-д сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хэлэлцээд “…төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. [12]

2.16. Улмаар Нийслэлийн Замын хөгжлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Э.Э*****-ыг “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан.[13]

2.17. Дээрх маргаан бүхий тушаалын эрх зүйн голлох үндэслэлүүдэд Төрийн албаны тухай хуулийн 48 зүйлийн 48.1, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,  Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3, 3.6, 6.1, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дүрмийн 7.1.2, 8.1, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

2.18. Харин маргаж буй захиргааны актын бодит үндэслэл нь, Э.Э******нь байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах төсвийн шууд захирагчийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэх замаар төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдох бичиг баримт үйлдсэн, ашигласан устгасан, мөн сахилгын зөрчилтэй албан хаагчдад давуу байдал олгож, төрд мөнгөн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн, хууль бус үйлдлээ санаатайгаар нуун дарагдуулсан зэрэг сахилгын ноцтой зөрчлүүд гаргасан гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.

2.19. Нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04/218 дугаартай “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Төрийн албаны зөвлөлийн харьяалах асуудалд хамаарахгүй ... асуудлаа шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгсөн.[14]

2.20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газраас 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/10559 дугаартай албан бичгээр “…Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж  Э.Э******нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үйлдэлд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлийн 250200312 дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэх тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байдаг.[15]

2.21. Нэхэмжлэгчийн зүгээс “...Миний бие төрд бүх насаараа ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хууль тогтоомжийг чанд баримтлан, авлига, ашиг сонирхлоос үргэлжид ангид байж ирсэн. Тийм ч учраас өөрт олгогдсон эрх мэдлийг ашиглан төсвийн хөрөнгийг үрэн таран хийх, зориулалтын бусаар зарцуулах, өөрт аливаа давуу байдлыг үүсгэж төрөөс нэг ч төгрөг завшсан удаа байхгүй. Миний удирдлагад ажилладаг мэргэжилтнүүдийн ажлын үзүүлэлтийг "хангалттай" гэж үнэлсэн атлаа ганцхан миний ажлын үзүүлэлтийг "хангалтгүй" гэж үнэлж ялгаварлан гадуурхаж, шахалт үзүүлсэн. Гэтэл өөрийнх нь удирдлагад ажилладаг ажилтнуудын үнэлгээ, гүйцэтгэл сайн байгаа тохиолдолд тэднийг удирдан чиглүүлж, ажил үүргээ гүйцэтгэж буй хэлтсийн даргын үнэлгээ хангалтгүй байх боломжгүй. Хуурамч тушаал үйлдэж, сахилгын зөрчил авах байсан ажилчдад сахилгын зөрчил ногдуулахгүйгээр урамшуулал авах нөхцөл байдлыг үүсгэж, хохирол учруулсан гэх агуулгаар маргаан бүхий тушаал гаргасныг нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэх шийтгэх тогтоол гараагүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр тушаал гаргасанд гомдолтой байна. Гэмт хэргийн шинжтэй зүйл үйлдэж ажилдаа хариуцлагагүй хандаж, алдаа дутагдал гаргасан гэж тогтоосон бол дахиж эрх бүхий байгууллага болох цагдаа болон Авлигатай тэмцэх газраар шалгаж тогтоолгох үндэслэл байгаагүй. Үүнээс харахад хариуцагчийн зүгээс нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийг гүтгэх байдлаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.22. Хариуцагчийн зүгээс “...Нэхэмжлэгч нь байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах төсвийн шууд захирагчийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэх замаар төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдох бичиг баримт үйлдсэн, ашигласан устгасан, мөн сахилгын зөрчилтэй албан хаагчдад давуу байдал олгож, төрд мөнгөн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн, хууль бус үйлдлээ санаатайгаар нуун дарагдуулсан зэрэг сахилгын ноцтой зөрчлүүд гаргасан байх тул маргаан бүхий тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Э.Э*****-аас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Э.Э******миний бие 2004 оноос төрийн албанд ажиллахдаа төрийн албаны анхан шатны нэгж болох хорооны нийгмийн ажилтнаас эхлэн шат алгасалгүйгээр нийт 21 жил ажилласан бөгөөд үүнээс сүүлийн 8 жилд Нийслэлийн замын хөгжлийн газрын Захиргаа, санхүү хэлтсийн даргын албан тушаалыг хашиж, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн Тодруулбал, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн замын хөгжлийн газрын Захиргаа, санхүү хэлтсийн даргаар удирдах ажилтны сонгон шалгаруулалтаар томилогдон ажиллаж, 2018, 2019, 2020 онуудад байгууллагаа Нийслэлийн хэмжээнд "Бүрэн хангалттай үнэлүүлж, Улаанбаатар хотын захирагчийн шагналыг жил дараалан "Хангалттай" үнэлгээтэй үнэлүүлж ирсэн.

Миний бие төрд бүх насаараа ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хууль тогтоомжийг чанд баримтлан, авлига, ашиг сонирхлоос үргэлжид ангид байж ирсэн. Тийм ч учраас өөрт олгогдсон эрх мэдлийг ашиглан төсвийн хөрөнгийг үрэн таран хийх, зориулалтын бусаар зарцуулах, өөрт аливаа давуу байдлыг үүсгэж төрөөс нэг ч төгрөг завшсан удаа байхгүй билээ. Миний хувьд төрийн албан хаагчийн цалингаараа ажил амьдралаа залгуулж яваа жирийн нэгэн төрийн албан хаагч юм.

Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.О******нь томилогдсон цагаасаа эхлэн намайг өөрийн хүсэлтээр ажлаас гар" гэж дарамталж, ялгаварлан гадуурхаж, хууль бус шийдвэр тулгаж эхэлсэн. Б.О******нь миний хөдөлмөрийн нөхцөлийг дордуулж, миний сууж ажилладаг байсан өрөөг хураан авч өөр зориулалтаар ашиглахаар шийдвэрлэн, дарамт шахалт үзүүлсэн бөгөөд үүний улмаас сандал ширээ, компьютергүй болж сар орчим бусад мэргэжилтнүүдийн ширээг дамжин сууж, тэдний компьютерыг ашиглан системд нэвтэрч ажил үүргээ тасалдалгүй гүйцэтгэсэн байдаг. Үүнээс миний удирдлагад ажилладаг мэргэжилтнүүдийн ажлын үзүүлэлтийг "хангалттай" гэж үнэлсэн атлаа ганцхан миний ажлын үзүүлэлтийг "хангалтгүй" гэж үнэлж ялгаварлан гадуурхаж, шахалт үзүүлсэн. Гэтэл өөрийнх нь удирдлагад ажилладаг ажилтнуудын үнэлгээ, гүйцэтгэл сайн байгаа тохиолдолд тэднийг удирдан чиглүүлж, ажил үүргээ гүйцэтгэж буй хэлтсийн даргын үнэлгээ хангалтгүй байх боломжгүй билээ.

Үүнээс гадна Б.О******нь намайг "Өргөдлөө өгөх юу болсон бэ?", "Сурах, эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгөөд гар", "8 жил болсон хангалттай биз дээ, зүгээр л өргөдлөө өгчих" гэх зэргээр миний вайбер (viber) хаяг руу бичиж, үргэлжлүүлэн дарамталсан (энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэлд хавсаргасан) боловч миний бие тус хууль бус шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагчаас ирсэн дээрх дарамт шахалтуудыг тэсэж, төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаа нэр төртэй хаасаар ирсэн боловч Б.О******нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр маргаан бүхий акт болох Б/12 дугаар тушаалыг гаргаж, надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Тус актыг гаргахдаа "албаны эрх мэдлээ хэтрүүлэх замаар төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдох бичиг баримт үйлдсэн" гэх үндэслэлийг зааж намайг халсан боловч миний бие эрх мэдлээ хэтрүүлэх замаар баримт бичиг үйлдсэн зүйл огт байхгүй юм. Мөн тус актын үндэслэлд "... байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан" гэж тусгасан боловч миний бие мөн л дээрх байдлаар алдаа дутагдал гаргаагүй. Маргаан бүхий актад дээрх үндэслэлийг тусгах болсон шалтгаан нь тус газарт ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг байсан этгээд нь байгууллагын албан бланкыг хууль бусаар ашиглах замаар огноо дугаарын давхцал бүхий баримт бичиг үйлдэн аудитын байгууллагад илгээсэн бөгөөд энэхүү үйлдэлд намайг буруутгасан байдаг. Гэтэл нэгэнт надаас нууж, хууль бусаар баримт үйлдэж байгаа үйлдлийг би мэдэх боломжгүй тул үүнд намайг буруутгах үндэслэл огт байхгүй. Харин ч миний бие тус асуудал аудитын шалгалтаар илрэх үед аль тушаалын аль нь хуурамч аль нь жинхэнэ талаар үнэн зөв тайлбарыг өгч ажилласан байдаг.

Ажлаас халсан маргаан бүхий актад дурдсан "бусдад давуу байдал олгосон, төрд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгосон, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан" зэрэг үйл баримтуудыг би огт мэдэхгүй бөгөөд актын үндэслэлд дурдсан шиг хууль бус зүйлийг огт хийгээгүй тул дээрх үйл баримт нотлогдохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Маргаан бүхий актыг хариуцагчийн зүгээс гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй байдаг.

Хэрэв надад маргаан бүхий акт гарах болсонтой холбоотойгоор тайлбар, нотлох баримт авах боломжит хугацаа олгосон бол миний бие тус акттай холбоотой бүхий л бодит нөхцөл байдлыг тайлбарлаж, сахилгын шийтгэл авахгүй байх байсан. Гэвч хариуцагчийн зүгээс төрийн албанд шударгаар ажиллаж ирсэн намайг хохироох санаа зорилготой байсан тул сонсох ажиллагааг зохих ёсоор хийлгүйгээр шууд маргаан бүхий актыг гаргаж, миний хөдөлмөрлөх эрхэд ноцтойгоор халдсан. Иймд, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий актыг гаргахдаа хэд хэдэн үндэслэлээр Э.Э*****ыг буруутгаж түүнийг ажлаас чөлөөлсөн. Тодруулбал эрх мэдлээ хэтрүүлэх замаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох бичиг баримт үйлдсэн. Мөн байгууллагаас гарч байгаа тушаал шийдвэрийн төсөлд хяналт тавих, архив албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлүүдийг тусгасан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Б/23 дугаар тушаалыг хуурамчаар үйлдсэн байна. Иймд ажлаас чөлөөлж байна гэдэг байдлаар тус актыг гаргасан. Гэтэл Э.Э*****ы хувьд тухайн Б/23 тушаалыг хуурамчаар үйлдсэн зүйл огт байхгүй. Энэ нь Нийслэлийн Аудитын газраас Нийслэлийн Замын хөгжлийн газарт даалгавар хүргүүлсний дагуу тухайн байгууллагын цахим систем рүү илгээсэн баримтууд дунд Б/23 дугаар тушаал явсан байдаг. Э.Э****** тухайн систем рүү нэвтэрч орох, тайлан хүлээлгэж өгөх эрх хэмжээ байхгүй. Ийм байтал Э.Э****** дээрх зүйлийг үйлдсэн. Үүнтэй холбоотой хуурамч тушаал үйлдлээ сахилгын зөрчил авах байсан ажилчдад сахилгын зөрчил ногдуулахгүйгээр урамшуулал авах нөхцөл байдлыг үүсгэлээ буюу хохирол учрууллаа гэх агуулгаар тушаал гаргаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнтэй холбоотой Э.Э******ыг Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг байдлаар хандсан байдаг. Гомдлыг Э.Э******ыг халж чөлөөлсний дараа буюу 3, 4 сарын дараа Авлигатай тэмцэх газар гаргасан. Актын үндэслэх хэсэгт дурдаж байгаа үндэслэлүүд илт гэмт хэргийн шинж чанартай нөхцөл байдлыг тусгаж ажлаас чөлөөлсөн байлаг.

Гэм буруутай гэдгийг шүүхээр тогтоодог. Гэтэл тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх шийтгэх тогтоол гараагүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр тушаал гаргаж байгаад нь гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс тушаалыг өөрсдөө гаргачхаад дараа нь Авлигатай тэмцэх газарт хандаж энэ хүн гэмт хэрэг үйлдсэн юм биш үү? энэ хүнийг шалгаад өгөөч гэдэг байдлаар гомдол гаргаж байгаа нь логик алдаатай үйлдэл болж байна. Үнэхээр Э.Э****** гэмт хэргийн шинжтэй зүйл үйлдэж ажилдаа хариуцлагагүй хандаж алдаа дутагдал гаргасан гэж тогтоосон бол дахиж эрх бүхий байгууллага болох цагдаа болон Авлигатай тэмцэх газраар шалгаж тогтоолгох үндэслэл байгаагүй. Үүнээс харахад хариуцагчийн зүгээс нотлох баримт байхгүй. Э.Э*****ы гүтгэх байдлаар тушаалыг гаргасан гэдэг нь харагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаас маргаан бүхий Б/12 тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан. Тухайн тушаалд 5 төрлийн үндэслэл заасан. Тушаал шийдвэрт хяналт тавих, архив албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах, баримт бичиг хуурамчаар үйлдэж ашигласан, устгасан, сахилгын зөрчилтэй албан хаагчид давуу байдал олгож төрд хохирол учруулсан, хууль дүрэмд буюу ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ нөхцөл байдал яагаад үүсэх болсон бэ гэхээр Төрийн аудитын газраас 2023 оны Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьсан. М.У***** аудиторын гаргасан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаар сахилгын хариуцлага тооцуулах тухай буюу С.У******болон Г.Э****** нарын үйл ажиллагаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй, шаардлагатай тооцоолол хийгээгүй байна гэдэг агуулгатай байсан тул тус хүмүүст арга хэмжээ ав гэж 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр албан шаардлага хүргүүлдэг. Тус албан шаардлагатай холбогдуулж 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор сахилгын хариуцлага тооцсон тухай хариу хүргүүлэх ёстой байсан. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас Нийслэлийн аудитын газарт 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүргэгдсэн. Хүргэгдэхдээ 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүргүүлсэн байдаг. Үүгээр ахлах нягтлан бодогч Г.Э****** болон тооцооны нягтлан С.У******нарт сахилгын хариуцлага ногдууллаа гэдэг тушаалыг хүргүүлсэн. Нийслэлийн аудитын газрын тогтоосон зөрчилтэй холбоотой арга хэмжээ авч тухайн албан тушаалтанд хариуцлага тооцлоо гэдэг байдлаар хүргүүлсэн байдаг. Гэтэл Нийслэлийн Замын хөгжлийн газрын тушаалыг жагсаалтыг харахад тухайн Б/23 дугаар тушаал байдаггүй. Б/23 гэх тушаал дээр ажил хавсран гүйцэтгэх тухай гэж өөр тушаал бүртгэгдсэн буюу Нийслэлийн Аудитын газарт хүргэгдэж байгаа тушаал нь байдаггүй. Үүнтэй холбогдуулж Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.О*****аас Нийслэлийн аудитын газраас бичиг ирлээ. Үүнтэй холбогдуулж хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлж гэж дотоод аудитын газарт үүрэг болгосон. Үүнтэй холбоотой хяналт шалгалтын ажиллагаа хийж үзсэн. Г.Э******, С.У*****, П.А***** нар нь тушаалтай холбогдсон байж болно гэж үзсэн. Үүний дагуу П.Ачмаа, Э.Э*****, Г.Э****** нараас тайлбар мэдүүлэг авч, бусад арга хэмжээнүүдийг тооцож сахилгын арга хэмжээ авдаг.

Энэ нь яагаад чухал байсан бэ гэхээр Э.Э******Нийслэлийн Замын хөгжлийн газар захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаал эрхэлж байсан. Тус албан тушаалын тодорхойлолтыг үзэхэд албан тушаалын зорилт 1.2-т байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах гэж заасан. 3-д зааснаар байгууллага хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг тайлагнан хангах гэж байгаа. Энэ нь Г.Э******, С.У******нарын албан үүрэг дээр хэр хандаж байна, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хэр явагдаж байна. Хууль дүрэмд заасны дагуу явагдаж байна уу гэдгийг хянаж шалгах ёстой. Байгууллагын хүний нөөцийн бодлого гэдэг нь энэ этгээдүүдэд сахилгын зөрчил авагдсан бол сахилгын зөрчил авагдсантай холбогдуулж энэ хүмүүсийн хагас жил болон бүтэн жилийн урамшуулал олгогдохгүй байх ёстой. Энэ нөхцөл байдлыг авч хэрэгжүүлэх ёстой хүн нь Э.Э******гэж үзэж байна. Мөн 1 дүгээр зорилтын хүрээнд байгууллагын хэмжээнд дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах, хяналт тавих  ажлыг зохион байгуулах гэж байгаа . Нийслэлийн Аудитын газраас хийгдсэн шалгалтын хүрээнд зохих албан тушаалтан зөрчил гаргасан байна. Эдгээрт арга хэмжээ ав гэдэг дээд газрын тушаалыг хэрэгжүүлэх ёстой хүн нь Э.Э*****. Э.Э******энэ үүргээ хэрэгжүүлээгүй. 2 дугаар зорилтын хүрээнд байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа өмч хөрөнгийн ашиглалт хамгаалалтад хяналт тавьж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой. Эдгээр чиг үүрийг хэрэгжүүлж ажиллах ёстой байсан Э.Э*****ы хувьд би Нийслэлийн Аудитын газраас ирсэн тушаалыг мэдээгүй гэж тайлбарладаг. Халагдах хүртлээ мэдээгүй, над дээр арга хэмжээ авахад мэдсэн гэж хэлдэг. Э.Э******энэ чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Мөн Э.Э******хяналт тавьсны үүднээс байгууллагад энэ нөхцөл байдал үүсгэхгүй байх арга хэмжээ авах ёстой. Гэтэл өөрөө мэдээгүй гэж тайлбарлаад байдаг боловч Нийслэлийн аудитын газарт хүргэгдэж байгаа зөрчлийг арилгах төлөвлөгөө гэдэг зүйлийг Г.Б***** дарга баталж үүнийг нь Г.Э****** боловсруулж, Нийслэлийн аудитын газрын системд бүртгэгдэж байгаа нөхцөл байдлыг харахад тус арга хэмжээг зохион байгуулж гүйцэтгэх ёстой албан тушаалтан нь Э.Э******байдаг. Гэтэл Э.Э******үүнийг мэдээгүй гэж хэлдэг.

Мөн хяналт шалгалт хийхдээ гэрчүүдээс авсан мэдүүлэг байдаг. Гэрч нэрийн яригдаж байгаа агуулга дээр С.У****** байдаг, Г.Э****** байдаг. Бүгд Аудитын газраас ирүүлсэн албан шаардлагыг мэдэж байсан. Үүний биелэлтийг нь хэн хариуцаж илгээж байгаа вэ гэхэд бид бүгдээрээ ярилцаж байгаад илгээсэн гэдэг зүйл хэлдэг. П.А*****гийн зүгээс мэдүүлэхдээ энэ тушаалыг хэн хийсэн бэ гэхээр тушаалын төслийг би бэлдсэн. Намайг бэлдэхэд Э.Э******дарга хажууд зогсож байгаад зааварлаж бичсэн. Тус тушаалыг надаар бичүүлж аваад гарсан. Авч гараад хэн гарын үсэг зурж, дугаарлалт хийсэн талаар мэдэхгүй гэж хэлдэг. Э.Э******даргын зүгээс мэдээгүй гэдгийг энэ гэрчүүд мэдэж байсан талаар нь нотолж байна. Хэдий гэрч нар шүүх дээр ирэхээрээ мэдүүлгээ өөрчилж байгаа Г.Э******, С.У******гэдэг хүмүүс байгаа боловч өмнө нь бидний зүгээс гаргаж өгсөн байгаа бичлэгээр Э.Э******гэж хэлэхгүй байгаа боловч бид нар бүгд мэдэж байсан. Э.Э******дарга ч мэдэж байсан. Үүнтэй холбогдуулж чиглэл өгч хэрхэн, яаж албан шаардлагыг биелүүлэх талаар чиглэлийг өгч байсан хүн Э.Э******гэдгийг хэлдэг.

Энэ нөхцөл байдлаас бид нар Э.Э*****ы зөрчил дутагдал нь маргаан бүхий тушаалд дурдагдаж байгаа 5 төрлийн зөрчлийг гаргасан. Гаргасан гэдгийг нотолж байна. Үүнтэй холбогдуулж дараагийн үр дагавар нь энэ байгууллагад хохирол учруулж байна. Зөрчил гаргасан албан хаагч нар хагас жил болон бүтэн жилийн үр дүнгийн урамшуулал авах ёсгүй. Гэтэл энэ хүмүүс бүгд авсан. Энд байхгүй хүн гэдэг шиг хэн рүү зүглүүлээд байдаг вэ гэхээр Г.Б**** дарга шийдвэрлээд олгосон гэдэг. Гэтэл Г.Б***** дарга олгох чиг үүргийг хэнд олгох, олгохгүй, хэн сахилгын шийтгэлтэй вэ гэдгийг даргад мэдүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах ёстой хүн нь Э.Э******байдаг. Э.Э******өөрийн дор байгаа албан хаагч нарын сахилгын хариуцлагатай холбоотой ажил мэргэжилдээ хайнга хандсан асуудлыг мэдэхгүй байх боломжгүй. Мэдэхгүй гэж мэдүүлж байгаа зүйл нь өнөөдрийн нөхцөл байдлаар тогтоогдох болно. Иймд тус нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байгаа гэж үзэж байна.” гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Э****** өөрийн албан тушаалын тодорхойлолтод тодорхой заагдсан эрхэлж буй албан тушаалын үүрэг хариуцлагатай холбоотой хариуцлага алдсан, хариуцлагаа бусад руу няцааж хариуцлагаас зугтах гэж оролдож байгаа нь түүний аман байдлаар өгсөн тайлбараар нотлогдох болно. Мөн Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Э.Э****** албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх замаар холбогдох хуулиудыг зөрчиж төрийн албанд дур зоргоороо аашилсан. Албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, төрд мөнгөн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн нь хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдсон. Тэрээр өөрийн гэм бурууг хүлээхгүй Г.Э******д тус хариуцлагыг үүрүүлж түүний гаргасан гэм буруутай үйлдэлд хуулиар олгосон эрх үүргийнхээ хүрээнд төрийн нэрийн өмнөөс хариуцлага тооцсон Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.О*****ыг дарамталсан хууль бус шийдвэр гаргасан мэтээр гүтгэн хатгаж, өөрөө хохирогчийн дүрд орж шүүхийн байгууллагад хандсан байгаа нь тун харамсалтай байна. Тэрээр гаргасан зөрчилдөө дүн шинжилгээ хийж ухамсарлах нь битгий хэл бусад руугаа чихэж өөрөө хариуцлагаас мултрах гэж байгаа үйлдэл нь түүний өгсөн аман тайлбар болон сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааны хүрээнд авсан бичгийн тайлбараас харж болно. Түүнд сахилгын шийтгэл ногдуулах эцсийн шийдвэрийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.О****** гаргасан хэдий боловч тус шийдвэрийг гаргахаас өмнө хуулийн дагуу түүний зөрчлийн үйлдэл, эс үйлдэхүйг Дотоод хяналтын хэлтсийн хяналт шалгалтаар тогтоолгож Ёс зүйн дэд хорооны 5 гишүүн, Удирдлагын зөвлөлийн 5 гишүүн буюу давтагдаагүй тоогоор нийт 10 хүн хуралдаж хамтын шийдвэрээр бүгд санал нэг сахилгын шийтгэл ногдуулахыг дэмжсэн байдаг. Үүнээс юу харж болох вэ гэвэл 1 дүгээрт түүнийг хууль зөрчсөн үйлдэл ногдуулсан хариуцлага үндэслэлтэй. Хамт олных нь байр суурь болон хамтын шийдвэрийг харгалзан үзсэний үндсэн дээр хуулийг баримталсан захиргааны шийдвэр байсан нь үндэслэлтэй. 2 дугаарт үг хүний ёс зүйн хувьд хэн бэ, албан үүрэгтээ хэрхэн хариуцлагатай хандсан бэ гэдэг дээр тоон үзүүлэлт байх боломжтой. Хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газар буюу төрийн байгууллагыг төлөөлж ирсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэлэхэд ямар ч гэм буруутай үйлдэл хийсэн этгээд жам ёсны эрхийн дагуу хууль зүйн туслалцаа авч өмгөөлөх эрхтэй боловч төрийн хариуцлагатай албан тушаал эрхэлж буй Э.Э*****ы төрийн албанд дур зоргоороо аашилж хуулийг уландаа гишгэсэн, албан үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандсан хууль бус үйлдлүүдэд ногдуулсан хариуцлага шударга ёсны хэмжүүрээр хэмжигдэж үнэнд гүйцэгдэж гарсан хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Э*****ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Удирдлагын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Э*****д сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хэлэлцээд “…төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулахаар тогтжээ.

2. Улмаар маргаж буй Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Э.Э*****ыг “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан.[16]

3. Дээрх маргаан бүхий тушаалын эрх зүйн голлох үндэслэлүүдэд Төрийн албаны тухай хуулийн 48 зүйлийн 48.1, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,  Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3, 3.6, 6.1, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дүрмийн 7.1.2, 8.1, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

4. Харин маргаж буй захиргааны актын бодит үндэслэл нь, Э.Э******нь байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах, төсвийн шууд захирагчийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэх замаар төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдох бичиг баримт үйлдсэн, ашигласан устгасан, мөн сахилгын зөрчилтэй албан хаагчдад давуу байдал олгож, төрд мөнгөн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн, хууль бус үйлдлээ санаатайгаар нуун дарагдуулсан зэрэг сахилгын ноцтой зөрчлүүд гаргасан гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.

5. Шүүхээс дээрх зөрчлийн талаар дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг хийж байна. Тодруулахад:

6. Нэхэмжлэгч Э.Э*****ы “байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, сахилгын зөрчилтэй албан хаагчдад давуу байдал олгож, төрд мөнгөн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн” гэх зөрчлүүд нотлогдсон тухайд:

7. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Нийслэл дэх Төрийн аудитын газраас Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2023 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын хяналт, шалгалтыг хийхэд “… санхүүгийн тайлан мэдээг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй … аудит хийсэн санхүүгийн тайланг харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлээгүй … төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд шаардсан, мэдээлэл, баримт бичгийг бүрэн ирүүлээгүй” зэрэг зөрчил илэрчээ.

8. Эдгээр зөрчлийг үндэслэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын ахлах аудитор М.У*****гаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 127/А0260276 дугаартай “Сахилгын хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагаар “…тайлан мэдээг хоцроож, зөрчил гаргасан ахлах нягтлан бодогч Г.Э******, тооцооны нягтлан бодогч С.У******нарт хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж ... биелэлтийг тус газар ирүүлэхийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад даалгаж” шийдвэрлэсэн байна.[17]

9. Тус албан шаардлагын дагуу Нийслэлийн Замын Хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б*****ы гарын үсэгтэй, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн огноотой, Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2023 оны Санхүүгийн тайланд хийгдсэн шалгалтын биелэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт хүргүүлсэн.[18]

10. Уг биелэлтийн 6 дахь “Албан шаардлага”,  “хугацаа” хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн огноотой, “биелэлт” хэсэгт “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны Б/23 дугаартай тушаалаар сахилгын шийтгэлийн хүлээлгэсэн /сануулах арга хэмжээ/” гэж, хариуцсан албан тушаалтан хэсэгт “Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Э*****” гээд, тус “Г.Э******, С.У******нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хавсаргажээ.[19]

11. Тус Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны Б/23 дугаартай “Г.Э******, С.У******нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь тус газрын архивд хадгалагдаагүй, бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй,  харин Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн огноотой, Б/23 дугаартай “Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал[20] нь архивд хадгалагдаж, бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байна.[21]

12. Дээрх 2 тушаал нь ижил дугаартай атлаа огноо, агуулгын хувьд хувьд өөр өөр тушаалууд байдаг.

13. Мөн Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/46 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаалын 1 дэх заалтаар “…төрийн үйлчилгээний албан хаагчдыг хоёрдугаар хавсралтын дагуу урамшуулал олгож”, 3 дахь заалтаар тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Э*****д үүрэг болгосон.[22]

14. Уг тушаалын 2 хоёрдугаар хавсралтаар[23] “сахилгын шийтгэлтэй” Г.Э******, С.У******нар нь 2024 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал авсан болох нь цалингийн картаар тус тус тогтоогддог.[24]

15. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:” гээд, мөн зүйлийн 37.1.13 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гээд, 48.1.4 дэх заалтад “төрийн албанаас халах;” гэжээ.

16. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, төрийн жинхэнэ албан хаагч нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг өөртөө хүлээдэг бөгөөд тийнхүү хангаж ажиллаагүй нь тогтоогдож, түүнээс үүдэх эрх зүйн үр дагавар буюу зөрчлийн шинж байдал нь ноцтой тохиолдолд төрийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл оногдуулахаар зохицуулжээ.

17. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.Э*****ы албан тушаалын тодорхойлолтын[25] 1 дүгээр зорилтын 2-т “Байгууллагын хэмжээнд дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, хяналт тавих, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж тайлагнах” гэж, 2 дугаар зорилтын 1-д “Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах” гэж тус тус заажээ.

18. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Э****** нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүү хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсныхаа хувьд тус байгууллагын хэмжээнд дээд шатны захиргааны байгууллагаас тухайн байгууллагад хандан гаргасан аливаа шийдвэрийн биелэлтийг хангах, хяналт тавих, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж тайлагнах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үндсэн үүрэгтэй гэж үзнэ.

19. Гэтэл нэхэмжлэгч Э.Э******нь өөрийн чиг үүргийн хувьд хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны Б/23 дугаартай “Г.Э******, С.У******нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэх болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн огноотой, Б/23 дугаартай “Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” гэх ижил дугаартай (2024 оны 05 дугаар сарын 06-ны Б/23 дугаартай “Г.Э******, С.У******нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэх тушаал нь хуурамч) тушаалууд гарч, улмаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/46 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаалын 1 дэх заалтаар “…төрийн үйлчилгээний албан хаагчдыг хоёрдугаар хавсралтын дагуу урамшуулал олгож”, 2 хоёрдугаар хавсралтаар[26] “сахилгын шийтгэлтэй” Г.Э******, С.У******нарт 2024 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгох нөхцөл боломж бий болжээ.

20. Шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр[27] гэрч Г.Б****, П.А**** нарыг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр[28] гэрч М.У****, С.У*****, Б.Э***** нарыг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр[29] гэрч П.А****г, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр[30] гэрч Г.Э******г, мөн шүүх хуралдаан дээр гэрч Г.Э****** болон П.А***** нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан бөгөөд эдгээр гэрчүүдийн мэдүүлгээс тогтоогдсон үйл баримт бол “Э.Э*****ы шууд удирдлагад ажиллаж байсан Г.Э******, С.У****, П.А****нар нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны Б/23 дугаартай “Г.Э******, С.У****** нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэх тушаалын талаарх үйл баримтуудыг мэдэж байсан” байх бөгөөд үүнээс дүгнэхэд, өөрийн шууд удирдлагад ажиллаж байсан эдгээр албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчлийг илрүүлж тогтоох, таслан зогсоох боломж нэхэмжлэгч Э.Э*****д байсан болох нь тогтоогдов.

21. Тодруулбал, нэхэмжлэгч Э.Э******нь албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 2-т “Байгууллагын хэмжээнд дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, хяналт тавих, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж тайлагнах” гэж, 2 дугаар зорилтын 1-д “Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаагүй байна.

22. Тиймээс хариуцагчаас нэхэмжлэгч Э.Э*****ыг “байгууллагаас гарч буй тушаал, шийдвэрүүдийн төсөлд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, сахилгын зөрчилтэй албан хаагчдад давуу байдал олгож, төрд мөнгөн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн” зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

23. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

24. Нэхэмжлэгч Э.Э******ы “шууд захирагчийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлэх замаар төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдох бичиг баримт үйлдсэн, ашигласан устгасан, хууль бус үйлдлээ санаатайгаар нуун дарагдуулсан” гэх зөрчлүүд нотлогдоогүй тухайд:

25. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.

26. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа захиргааны байгууллага төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах тохиолдолд гаргасан зөрчлийг нотлох баримтуудаар тогтоосон байхыг шаардана.

27. Хэдийгээр нэхэмжлэгч Э.Э******нь албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 2-т “Байгууллагын хэмжээнд дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, хяналт тавих, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж тайлагнах” гэж, 2 дугаар зорилтын 1-д “Байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллах” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаагүй боловч Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны Б/23 дугаартай “Г.Э******, С.У******нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэх хуурамч тушаалыг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.

28. Учир нь, шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрч Г.Б****, П.А****нарыг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрч М.У*****, С.У*****, Б.Э***** нарыг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрч П.А*****, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрч Г.Э******г асуухад тус тушаалыг Г.Э****** үйлдсэн талаар Г.Э****** болон С.У******нарын мэдүүлэг хоорондоо тохирдог, харин гэрч П.А****нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Э.Э******шууд үүрэг өгөөд ширээний хажууд зогсож байсан. Төслийг би боловсруулсан. Албан бичгийн он сарыг харах шаардлагатай байсан учраас Г.Э******г файлыг явуулж өгсөн. Файл ирэхэд нь огноог харж байгаад төсөл боловсруулаад н.Ш**** рүү явуулсан. Намайг файлаа устга гэхээр нь устгасан.” гэж мэдүүлдэг.

29. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Г.Э****** болон П.А****нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад дээрх мэдүүлгийн зөрүүтэй байдал арилаагүй болно.

30. Иймд, гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо илтэд зөрүүтэй байх тул нэхэмжлэгч Э.Э*****ыг Нийслэлийн Замын хөгжлийн даргын 2024 оны 05 дугаар сарын 06-ны Б/23 дугаартай “Г.Э******, С.У******нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэх хуурамч тушаалыг үйлдсэн гэж буруутгах боломжгүй, мөн энэ талаарх үйл баримт бусад нотолгооны эх сурвалжаар тогтоогдсонгүй.

31. Түүнчлэн, төсвийн шууд захирагчийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, төрийн албаны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль бус үйлдлээ санаатайгаар нуун дарагдуулсан гэх үйлдлүүд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

32. Мөн шүүхээс гэрч Б.Э*****ийг хоёр удаа дуудан мэдүүлэг авсан бөгөөд гэрчийн мэдүүлэгт үйл баримтыг тодорхой яриагүй, мэдүүлгүүд зөрүүтэй байсан тул шүүх үнэлээгүй болохыг тухайлан тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Э*****аас гаргасан “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа , санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 


[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 198 дахь тал

[2] 1Хх 199-200 дахь тал

[3] 1Хх 201 дэх тал

[4] 1Хх 77 дахь тал

[5] 1Хх 78 дахь тал

[6] 1Хх 87 дахь тал

[7] 1Хх 90 дэх тал

[8] 1Хх 84-85 дахь тал

[9] 1Хх 64-67 дахь тал

[10] 1Хх 91 дэх тал

[11] 1Хх 92-93 дахь тал

[12] 1Хх 94-98 дахь тал

[13] 1Хх 5 дахь тал

[14] 1Хх 6 дахь тал

[15] 1Хх 195 дахь тал

[16] 1Хх 5 дахь тал

[17] 1Хх 198 дахь тал

[18] 1Хх 199-200 дахь тал

[19] 1Хх 201 дэх тал

[20] 1Хх 77 дахь тал

[21] 1Хх 78 дахь тал

[22] 1Хх 87 дахь тал

[23] 1Хх 90 дэх тал

[24] 1Хх 84-85 дахь тал

[25] 1Хх 58-63 дахь тал

[26] 1Хх 90 дэх тал

[27] 1Хх 124-130 дахь тал

[28] 1Хх 175-185 дахь тал

[29] 1Хх 212-214 дэх тал

[30] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 3-6 дахь тал