Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/277

 

 

 

 

 

 

      2024            3            5                                         2024/ДШМ/277

 

Т.О-, Б.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Т.О-, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, 

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.О-, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.О-, Б.Б- нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Б-гийн Б-, 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД: 00000000/,

2. С овгийн Т-ын О-, 1987 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “-” ХХК-д ажилладаг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, /РД:0000000 /,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийгэх ял шийтгүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. 

ШүүгдэгчБ.Б-, Т.О- нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2023 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 03 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” амралтын газрын 322 тоот гэрт нэвтэрч, Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн..., ... нарын 1,445,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Зэт Филл3, Самсунг Галакси Эс9, Самсунг Галакси эс5, загварын 3 ширхэг гар утас, 2,430,708 төгрөгтэй дүйцэх хэмжээний 700 америк доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Т.О-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-, Т.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-, Т.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Б.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Т.О-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилж, Б.Б-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гүйцэтгэгчээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.О-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Т.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди, 1 ширхэг флаш дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Б-, Т.О- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өдрийг хүртэл хэргээ үнэн зөвөөр хүлээж гэм буруугаа ойлгож байгаа. Гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял хөнгөрүүлж өгнө үү. Би бага насны буюу 10-13 насны хоёр хүүхэдтэй, миний хоёр охиныг асран хамгаалах хүн байхгүй тул маш хүнд нөхцөлд байна. Иймд ар гэрийн минь нөхцөлийг харгалзан үзнэ үү. ... ” гэв.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Уг гэмт хэргийг үйлдэхдээ маш их харамсаж гэмшиж байна. Мөн мөрөөрөө явсан Т.О-ыг энэ гэмт хэрэгт холбогдуулж хорих ялаар шийтгүүлсэн байдалд хувийн зүгээс маш их гэмшиж байна. Би эхийн хамт хоёулаа амьдардаг. Эцэг маань өөд болсон. Миний эх цус харавсан өвчтэй, гэртээ байдаг бөгөөд хүний асаргаанд байх зайлшгүй шаардлагатай. Би эхийнхээ цор ганц асран хамгаалагч нь юм. Энэ талаарх баримтаа мөн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Бид хоёр айлын хашаа түрээслэж амьдардаг. Би их сургууль төгсөж, ажил, хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авч явах хариуцлагатай үедээ ийм том алдаа гаргасандаа, эхийгээ хүнд байдалд үлдээж байгаадаа үнэхээр гэмшиж байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.О-ын өмгөөлөгч Б.Жаргалсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б-ийг гүйцэтгэгчээр, шүүгдэгч Т.О-ыг хамжигчаар тус тус оролцон өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүссэн гарах үр дагаврыг мэдсэн байх гэм буруугийн санаатай шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн, бүлэглэн бусдын эзэмшлийн эд хөрөнгийг нууцаар хууль бус аргаар авч өөрсдийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулан бодит бололцоо олгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Шүүгдэгч Т.О- нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны орой Б.Б-ийг амралтанд найзууд байгаа хүргээд өгөөч гэж гуйсан, найзуудтайгаа уулзаж чадалгүй буцаад хот руу хүргүүлсэн тэгэхдээ амралтаас юм авсан гэж гэрийнхээ гадаа буухын өмнө хэлсэн. Б.Б- би өөрөө мэдэж байгаа танд ямар ч хамаагүй гэж хэлээд буусан тухайгаа мэдүүлсэн байна. Мөн шүүгдэгч Б.Б- намайг амралтаас юм хулгайлж байхыг Т.О- ах мэдээгүй гэж яллагдагчаар өгсөн мэдүүлэгт мэдүүлсэн. Шүүгдэгч Т.О- нь “-” компанид жолооч, туслах ажилтан хийдэг, хувиараа хүмүүсийн гуйлтаар такси үйлчилгээнд явж амьдрал ахуйгаа залгуулдаг. Тухайн өдөр Б.Б-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг огт мэдээгүй нь Т.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Б.Б-ийн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Т.О- нь хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, амралтын газрын гадна авто машины зогсоолд авто машин дотор байсан, амралтын газарт хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлах санаа зорилго байгаагүй. Шүүгдэгч Т.О-ыг өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргасан, шүүгдэгч Б.Б-ийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээс өмнө мэдсэн байдал нь шүүгдэгч Б.Б-ийг ганцаараа амралтын газар руу явганаар хашаа давуулж оруулахаар зориуд машинаа байрлуулсан, хулгайлж авсан эд зүйлүүдээс  паспорт бүхий цүнх, эд зүйлийг буцааж оруулахад нь машинтайгаа хүлээн зогсож байгаад хамтдаа явсан үйл баримтаар шүүгдэгчийн үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь няцаагдаж байх ба өмгөөлөгчийн хөнгөрүүлэн зүйлчлэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь мөн хэргийн бодит байдалт нийцээгүй дүрс бичлэгт хаана, ямар тээврийн хэрэгсэл хашаа давуулж оруулахаар зориуд зогссон зэрэг нь мэдэгдэхгүй, хэн хаана байгаа нь мэдэгдэхгүй бичлэг байхад дан ганц дүрс бичлэгээр шүүгдэгч Т.О-ын мэдүүлгийг няцаагдаж байна гэж шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Харин гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж түүнээс авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж өмгөөлөгч үзэж байна. Иймд шүүгдэгч Т.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр, оногдуулах ялын хэмжээ нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны зарчим болон энэрэнгүй ёсны зарчим, шудрага ёсны зарчмуудыг баримталж яллах болон цагаатгах нотлох баримтыг тэнцүү хэмжээнд үнэлж шийдвэр гаргах ёстой. Б.Б-ийн хувьд анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо анхнаасаа мэдүүлдэг бөгөөд алдагдсан эд зүйлийг олоход мөн тусалсан байдаг. Гэтэл шийтгэх тогтоолд Б.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэжээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалтыг хэрэглээгүй бөгөөд энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход тусалсан” зэрэг хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх шинжүүд тогтоогдож байна. Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь хууль ёсны шийдвэр. Гэвч түүний хувийн байдал, амьдралын нөхцөл байдал нь түүнд ногдуулах ялыг хөнгөрүүлөх нөхцөл байдал болох ёстой гэж үзэж байна. Б.Б- нь хувийн байдлын хувьд 2019 онд Батлан хамгаалах их сургуулийг төгссөн жил нь аав нь автын ослоор гэнэт нас барж түүнээс хойш ээж нь удалгүй цус харваж бусдын асаргаанд орж ганц хүү болох Б.Б- өвчтэй ээжийгээ одоог хүртэл асран тэтгэдэг. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлагын зорилгыг гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заажээ. Гэмт хэрэг үйлдсэн хүн эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй боловч оногдуулах ялын төрөл хэмжээг топгоохдоо энэрэнгүй ёсны зарчмыг баримлах нь төрийг бодлого юм. Тэр дундаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулах нь маш хатуу цээрлэл юм. Гэвч хууль тогтоогч нараас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг буруушаах боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн бол 2-8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5 дах заалтуудад заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна ” гэсэн тул түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Б-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны явцад өөр өөр байр суурьтай мэдүүлэг өгсөн тул анхан шатны шүүхээс түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Б.Б- ч байр сууриа илэрхийлж байсан. Шүүгдэгч Т.О-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Б- хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй, дараа нь мэдсэн гэдэг байдлаар мэдүүлэг өгч, түүний өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж маргаж оролцсон байдаг. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.О-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

                 Шүүгдэгч Б.Б-, Т.О- нар бүлэглэн 2023 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 03 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” амралтын газрын 322 тоот гэрт нэвтэрч, Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн... , .... нарын 1,445,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Зэт Филл3, Самсунг Галакси Эс9, Самсунг Галакси эс5, загварын 3 ширхэг гар утас, 2,430,708 төгрөгтэй дүйцэх хэмжээний 700 америк доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч  Я-ийн “...2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 17 цагт би Монгол улсад 6 хоногийн хугацаатай аялах зорилгоор ирсэн. Налайх дүүргийн “-” гэх газарт байрлалтай амралтын газрын 322 тоот монгол гэрт гурвуулаа ороод орой хоолондоо ороод 00 цагийн орчимд амрахаар унтсан. Унтахдаа бид нар гэрийнхээ хаалгыг хаагаад, түгжилгүй унтчихсан. Өглөө 06 цагийн үед сэрээд өнгийн гар утсаа алдагдсан болохыг мэдсэн, миний өөр юм алдагдаагүй. ...” /1хх 23/,

 

хохирогч К-ийн “...Өглөө 06 цагийн үед сэрээд гар утсаа алдсан байснаа мэдсэн. Мөн үүн дээр нэмээд 700 ам.доллар алдсан байсан. Тухайн амралтын хяналтын камерыг үзэхэд шөнө 03 цагийн үед хүн яваад хулгай хийсэн байсан. ...” /1хх 28/,

            Б.Б-ийн яллагдагчаар “...2023 оны 8 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед би Т.О- ахтай ... гадаа уулзаад түүний цагаан өнгөтэй Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд нь суугаад Тэрэлж рүү явсан. Ингээд Т.О- ах бид хоёр 03 цагийн үед л байх Тэрэлж рүү орсон. Тэрэлжийн гүүр даваад холгүйхэн байдаг шинээр баригдсан том Монгол гэртээ амралтын гадаа ирсэн. Тэгээд би Т.О- ахад “ахаа манай найзуудын утас нь болохгүй байна, энд л байгаа байх би буугаад шалгаад ирье” гэж хэлээд ганцаараа машинаас нь буугаад амралтын газрын хашааг даваад дотогш ороод монгол гэрүүдийн дундуур явсан. Тэгэхэд нэг монгол гэрийн хаалга онгорхой байхаар нь дотогшоо нь ороод ширээн дээр нь байсан 3 ширхэг гар утас, жижиг гар цүнх байхаар нь аваад гарсан. Гарч байхдаа цүнхийг нь үзэхэд дотор нь 700 доллар, бас бичиг баримтууд байхаар нь мөнгийг нь аваад цүнхийг нь бичиг баримттай нь үлдээгээд Т.О- ахын машинд суусан. Тэгэхэд Т.О- ах надаас “за чи яав” гэхэд нь би түүнд “манай найзууд байхгүй байна” гэж хэлээд түүнд өөрт байсан бэлэн 100.000 төгрөгөө өгөөд гэр рүүгээ хүргүүлсэн. Маргааш нь би Т.О- ахтай уулзаад бид хоёр 700 доллараа солиулаад 2.400.000 төгрөг болгосон, харин гар утаснуудаа Тэди төвийн гадаа “гар утас авна” гэсэн хүнд 150.000 төгрөгөөр өгчихсөн. ...” /хх 92-93/,

            Т.О-ын яллагдагчаар “...Би 2023 оны 8 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн үед Тэрэлж рүү явж байх замд Б.Б- “...манай найзууд утсаа авахгүй байна. Согтоод унтацгаачихсан юм байх даа, та энэ амралтын газрын гадаа зогсож байгаач, би найзуудыг энд байна уу, үгүй юу, гэдгийг нь шалгая” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний зааж өгсөн амралтын газрынх нь гадаа нь зогссон. Б.Б- машинаас буугаад тэр амралтын газар руу орчихсон. Ингээд 10-15 минутын дараа Б.Б- буцаж гарч ирээд машинд суугаад “энд байхгүй байна явъя ахаа” гэхээр нь би буцаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд замд Улаанбаатар хот руу орж байх замд Б.Б- надад “ахаа түрүүн зогссон амралтын газраас гар утас, бэлэн мөнгө авчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “чи яаж байгаа юм ингэж болохгүй ш дээ” гэж хэлээд машинаа зогсоосон чинь Б.Б- “би өөрөө мэдэж байгаа, танд хамаагүй" гэж хэлээд гэр рүүгээ орчихсон юм. Маргааш өглөө 10 цагийн орчимд би Б-тэй уулзсан. Тэгэхэд Б- надад “та намайг Найман шарга руу хүргээд өг” гэхээр нь би түүнийг хүргэж өгчхөөд цаашаагаа явсан. Би түүнийг хулгай хийх гэж байна гэж ерөөсөө мэдээгүй. ...” /хх 82-83/ гэсэн мэдүүлгүүд,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 2-3, 4/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-7, 8-10/, дүрс, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14, 16/, “Дамно” хөрөнгө, үнэлгээний тайлан /1хх 37-39, 42-46/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2922, 08/33 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх 55-56, 60-61/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарын “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Б.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Т.О-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Б-, Т.О-, өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нар нь гэм буруугийн хувьд маргахгүй хуульд заасан ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Т.О-ын хулгайлах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон үйл баримтад маргаж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаарх өмгөөлөгч Б.Жаргалсайханы давж заалдах гомдлыг хэн хэн нь дэмжиж оролцсон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. ...” гэж хуульчилсан тул шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргасан тохиолдолд хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзнэ.  

Нөгөө талаар анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шүүгдэгч Б.Б-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих буюу хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Мөн өмгөөлөгч Б.Жаргалсайхан “...шүүгдэгч Т.О- нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, харин гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж түүнээс авсан үйлдэл нь  Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулсан...” гэх агуулгаар шүүгдэгч Т.О-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх давж заалдах гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Б.Б-ийг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгч Т.О- мэдээгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн бусад баримтаар тогтоогдоогүй ба шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ талаар өөр, өөрөөр мэдүүлсэн байх тул тэдгээрийн аль нэг мэдүүлгийг бусдаас нь үнэн зөв гэж ялган үнэлэх боломжгүй.

Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тухайн гэмт хэрэг шөнийн 03 цаг 31 минут 40 секундээс 03 цаг 37 минут 38 секундын хугацаанд 6 минутын хугацаанд үйлдэгдсэн байх ба энэ хооронд шүүгдэгч Б.Б- амралтын газрын хашааг 2 удаа даван орж, ... тоот монгол гэрт нэвтэрсэн, шүүгдэгч Т.О- өөрийн тээврийн хэрэгслээр үйлчилж, амралтын газрын гадна талд автомашиныхаа гэрэл тусган хүлээж байсан, мөн хулгайн эд зүйлийг хоёул зарж борлуулан мөнгийг нь хувааж авсан нь тогтоогдсон.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж зааснаар шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна.   

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-, Т.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хрэгийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нь утга, найруулгын хувьд алдаатай байх тул зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд дээрх үндэслэлээр ял хөнгөрүүлэх, зүйлчлэлийг өөрчлүүлэхээр гаргасан шүүгдэгч Т.О-, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.О-, Б.Б- нарын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “...Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-, Т.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч С овогт Т-ын О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
  2. Шүүгдэгч Т.О-, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-, Б.Б- нарын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА