2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03891

 

 

 

 

 

 

 

 

2025             05               06                               192/ШШ2025/03891

 

                                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хороолол, Париссын гудамж, *******, ******* давхарт байрлах “МИГ даатгал” ХХК (РД:2*******4894)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******, *******, 06 давхар, ******* тоот хаягт байрлах “Мост майнинг” ХХК (6*******1152)-нд холбогдох,

 

Хүнд даацын автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хураамжийн төлбөрт 15,766,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 06ы өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан хүнд даацын автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хураамжийн төлбөрт 15,766,200 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч компанитай 2022 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр 222*******/957 дугаар даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж хамтран ажилласан. Даатгалын гэрээнд тусгагдсанаар тухайн гэрээнд хураамжийн орлогыг жилд 5 удаа тэнцүү байдлаар хуваан төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу эхний төлөлт 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5,250,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,250,000 төгрөг төлж, үлдэх 15,675,200 төгрөгийг гэрээний хугацаа дуусах хүртэл төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

1.2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ нөхөн төлбөртэй холбоотой тайлбарлаж байна. Гэрээний хугацаанд нөхөн төлбөрийг олгох, олгохгүй талаар Даатгалын тухай хуулийн дагуу тухайн үедээ шийдвэр гараад явдаг. Энэ бол гэрээний хураамжтай ямар ч ач холбогдолгүй. Гэрээний хураамж төлөх үүрэг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд зааснаар хураамж төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болно, гэрээ байгуулагдсанаар даатгалын эрсдэлийг хамгаалах үүрэг үүсдэг. Нөхөн төлбөртэй холбоотой 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших баримтууд хэрэгт авагдсан байгаа. Гэрээний хугацаа дууссанаас хойш буюу гаргасан хүсэлт, өргөдлүүд байгаа. Тиймээс үүнтэй холбоотой харилцаа үүсэхгүй. Хугацаа дууссан учраас нөхөн төлбөр олгох боломж байхгүй гэж үзэж байгаа гэжээ.

 

2.Хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Зохигч талуудын хооронд 2022 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдсан гэдэг дээр маргадаггүй. 2024 онд даатгалын гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч тал нь даатгалын гэрээний хугацаанд хариуцагч байгууллагын өмнө хүлээсэн даатгалын гэрээний эрсдэл бий болсон тохиолдолд нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлэхгүй байсан буюу даатгалын тохиолдол үүслээ гэж хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид хандахад ямар нэгэн байдлаар хариу өгдөггүй байсан учраас даатгалын гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж гэрээг цуцалсан. Тиймээс даатгалын үлдэгдэл төлбөрийг өгөхгүй гэж үзэж байгаа гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Хүнд даацын автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, “МИГ даатгал” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, даатгалын гэрээний хураамжийн тооцоо, Хаан банк дахь “МИГ даатгал” ХХК-ийн эзэмшлийн дугаар дансны 2022 оны 11 дүгээр сарын 28, 2023 оны ******* дүгээр сарын 06, 2023 оны ******* дүгээр сарын 23, 2023 оны ******* дүгээр сарын 24-ний өдрүүдийн хуулга,

Хариуцагч талаас итгэмжлэл, “Мост майнинг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Мост майнинг” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Даатгалын нөхөн төлбөр хүсэх тухай” 23/*******9 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, засварын зардалтай холбоотой зарлагын баримт (99,000 төгрөг, 55,000 төгрөг, 308,000 төгрөг, 231,000 төгрөг)-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ажил гүйцэтгэлийн урьдчилгаа мөнгө хүлээн авсан тухай баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ажил гүйцэтгэлийн ажлын явц болон урьдчилгаа мөнгө олгох нь гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 8193 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн сэлбэг хэрэгсэл авсан жагсаалт, зарлагын баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “МИГ даатгал” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай” 03/12-575 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч компанитай 2022 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр 222*******/957 дугаар даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж хамтран ажилласан. Даатгалын гэрээнд тусгагдсанаар тухайн гэрээнд хураамжийн орлогыг жилд 5 удаа тэнцүү байдлаар хуваан төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу эхний төлөлт 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5,250,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5,250,000 төгрөг төлж, үлдэх 15,675,200 төгрөгийг гэрээний хугацаа дуусах хүртэл төлөөгүй, нөхөн төлбөр олгоогүй гэх асуудал нь хураамж төлөхтэй холбоогүй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Нэхэмжлэгч тал нь даатгалын гэрээний хугацаанд хариуцагч байгууллагын өмнө хүлээсэн даатгалын гэрээний эрсдэл бий болсон тохиолдолд нөхөн төлбөр олгох үүргээ биелүүлэхгүй байсан буюу даатгалын тохиолдол үүслээ гэж хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид хандахад ямар нэгэн байдлаар хариу өгдөггүй байсан учраас даатгалын гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр 222*******/957 дугаар “Хүнд даацын автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” 1 жилийн хугацаатай байгуулагдсан. (хавтаст хэргийн 4-15 дахь тал)

 

4.2.Дээрх гэрээний 5.8-д заасны дагуу хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг удаагийн гүйлгээгээр 5,255,400 төгрөгийг төлөх байдлаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 26,277,000 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлөх үүрэг хүлээсэн. (хавтаст хэргийн 8 дахь тал)

 

4.3.Хариуцагч нь 10,510,800 төгрөгийн төлбөрийг төлсөн талаар зохигч талуудын хооронд маргаангүй.

 

5.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан даатгалын гэрээ байгуулагджээ.

 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаагүй.

 

Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид даатгалын хураамж төлөх үүрэгтэй.

 

6.Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч нь нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй..., үүнтэй холбоотой гэрээг цуцласан...” гэж тайлбарлаж байх боловч энэхүү татгалзлын үндэслэл нь баримтаар тогтоогдохгүй банйа.

 

Тодруулбал, нэхэмжлэгч компаниас нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банк дахь “МИГ даатгал” ХХК-ийн эзэмшлийн дугаар дансны 2022 оны 11 дүгээр сарын 28, 2023 оны ******* дүгээр сарын 06, 2023 оны ******* дүгээр сарын 23, 2023 оны ******* дүгээр сарын 24-ний өдрүүдийн хуулгаас үзэхэд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 990,000 төгрөг, 2023 оны ******* дүгээр сарын 06-ны өдөр 736,979.4 төгрөг, 2023 оны ******* дүгээр сарын 23-ны өдөр 919,198.8 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 462,600 төгрөгийн нөхөн төлбөр олгосон, нэхэмжлэгч компани нь нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар хариу өгч байсан болох нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “МИГ даатгал” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай” 03/12-575 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч татгалзал үндэслэлгүй байна.

 

7.Түүнчлэн, зохигч талуудын хооронд байгуулагдсан “Хүнд даацын автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 6.2.8-д “Хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачлага гаргаж болох бөгөөд нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцлана” гэж зааснаар хариуцагч талаас гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 436 дугаар зүйлд зааснаар гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 15,766,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч комдпанид олгож шийдвэрлэлээ.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч компанийн урьдчилан төлсөн 236,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 236,781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мост майнинг” ХХК-аас 15,766,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МИГ даатгал” ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “МИГ даатгал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,781 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мост майнинг” ХХК-аас 236,781 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МИГ даатгал” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ТӨРБОЛД