2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/03945

 

 

 

 

 

 

   2025          05            09                                                  192/ШШ2025/03945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч В.Амартүвшин, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 01 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын ХI байранд байрлах, ******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:ЧК7*******1272)-нд холбогдох

 

Төрд учирсан хохиролд 8,050,230 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан төрд учирсан хохиролд 8,050,230 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч нь Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагчийг албан тушаалаас нь халах тухай А/382 дугаар тушаал гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******1 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, татварын улсын байцаагчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг сарын 777,352 төгрөгөөр тооцон олгохыг ажил олгогчид даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 209 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэж, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар 4,296,943 төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэж, олгосон.

1.2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *******2/ШШ2019/00164 дүгээр шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 3,753,287 төгрөг олгохоор шийдвэрлэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/80 дугаар тушаалаар 3,753,287 төгрөгийг татварын улсын байцаагчид олгосон.

1.3.Иймд Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2, Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар төрд учирсан хохирлыг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Шүүхийн шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, хувь хүн заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******1 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 209 дүгээр тогтоолыг даруй биелүүлэхгүй 6 сарын дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр биелүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 3,753,287 төгрөг олгож шийдвэрлэсэн байна.

2.2.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 4,296,943 төгрөг олгох тушаал гарсан боловч холбогдох ажилтанд олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

2.3.Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлгүй буюу Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасанд нийцэхгүй гэж тайлбарлажээ.

 

3.Шүүхийн иргэдийн төлөөлөгч зохигч талуудын гэм буруугийн талаар “…Хохирогчид мөнгөн дүнг нь төлсөн учир Т.******* гэдэг хүнээс дахин төлбөр нэхэмжлэх шаардлагагүй…” гэж дүгнэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Т.*******д хаягласан 04/1298 дугаар “Төрд учирсан хохирлыг нөхөн төлөх мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, сахилгын шийтгэл ногдуулах тухай Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар тушаалын Татварын ерөнхий газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны *******2/ШШ2019/00164 дугаар шийдвэрийн шүүхийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******1 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 209 дүгээр тогтоолын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архивын тэмдгээр баталгаажуулсан хуулбар, *******ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07/2297 дугаар Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргад хаягласан албан бичгийн хуулбарыг, 

Хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаал, түүний хавсралтын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, Татварын ерөнхий газраас Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/195 дугаар тушаал, Татварын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03/1044 дугаар албан бичгийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс тус хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/26 дугаар тушаал, уг тушаалын дагуу нөхөн олговор олгосон баримтын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргуулан авч, хэрэгт хавсаргасан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан төрд учирсан хохиролд 8,050,230 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагчийг албан тушаалаас нь халах тухай А/382 дугаар тушаал гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******1 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, татварын улсын байцаагчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг сарын 777,352 төгрөгөөр тооцон олгохыг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 209 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, 4,296,943 төгрөгийн нөхөн олговор, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *******2/ШШ2019/00164 дүгээр шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 3,753,287 төгрөгийг тус тус олгосон тул төрд учирсан хохирлыг гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шүүхийн шийдвэрийг даруй биелүүлэхгүй 6 сарын дараа биелүүлснээс 3,679,466 төгрөгийг олгосонд хариуцагч буруугүй, мөн 4,296,943 төгрөгийг холбогдох ажилтанд олгосон болох нь баримтаар тогтоогдоогүй гэж тайлбарлаж байна.

 

4.Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

4.1.Хариуцагч нь Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “ сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/382 дугаар тушаалаар татварын улсын байцаагчийн албан тушаалаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулсан. (хавтаст хэргийн 8 дахь тал)

4.2.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******1 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, татварын улсын байцаагчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг сарын 777,352 төгрөгөөр тооцон олгохыг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 209 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 61-84 дэх тал)

4.3.Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст улсын байцаагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговорт 4,296,943 төгрөг олгосон. (хавтаст хэргийн 98, 106-110 дахь тал)

4.4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *******2/ШШ2019/00164 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий газраас 3,679,466 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 3,753,287 төгрөг олгосон. (хавтаст хэргийн 11-14, 31-39 дэх тал)

 

5.Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “…албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”, Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус зааснаар ******* нь төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Энэ талаарх хариуцагчийн “...үндэслэлгүйгээр хууль буцаан хэрэглэсэн” гэх татгалзал үндэслэлгүй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

6.1.Хариуцагч нь Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “ сахилгын шийтгэл ногдуулах тухай” А/382 дугаар тушаалаар татварын улсын байцаагчийн албан тушаалаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болох нь хавтаст хэрэгт авагдсан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******1 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 209 дүгээр тогтоолоор тогтоогдож байна.

 

6.2.Дээрх шийдвэрийн дагуу улсын төсвөөс 4,296,943 төгрөгийг гаргуулж, олгосон болох хавтаст хэргийн 107-109 дэх талд авагдсан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нөхөн олговрын мөнгө гаргах тухай” А/26 дугаар тушаал, төлбөрийн хүсэлт 1082, 1083, 1077 дугаар баримтаар тогтоогдсон буюу хариуцагчийн “4,296,943 төгрөгийг олгоогүй” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

6.3.Иймд хариуцагчийг хууль бус тушаал гаргасны улмаас төрд 4,296,943 төгрөгийн хохирол учирсан буюу нэхэмжлэгч нь 4,296,943 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, төрд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

7.Гэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь төрд учирсан хохирлыг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс 5 жилийн дотор шаардах эрхтэй.

 

7.1.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь 4,296,943 төгрөгийг холбогдох албан тушаалтан болох 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр олгожээ.

 

7.2.Энэ тохиолдолд Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байжээ.

 

7.3.Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандаж уг хугацааг хэтрүүлсэн байх ба ийнхүү хэтрүүлснийг Төрийн албаны тухай хууль шинэчилсэн найруулга батлагдаж, хэрэгжиж эхэлсэн үеэс эхлэн төрд учирсан хохирлыг барагдуулах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж судалгаа авч мэдсэн гэж тайлбарлаж байх боловч Төрийн албан тухай хууль /2002 он/-д төрд учирсан хохирлыг буруутай ажилтнаас гаргуулахаар шаардах зохицуулалт тусгагдсан байх тул “эрх зөрчигдсөн тухай мэдсэн”-ний дараа шүүхэд хандсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

7.4.Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн буюу 4,296,943 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

8.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *******2/ШШ2019/00164 дугаар шийдвэрээр 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох олговрыг олгохоор шийдвэрлэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар 3,753,287 төгрөгийг холбогдох этгээд болох олгожээ.

 

8.1.Хариуцагч нь Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан цаг хугацааны талаар шүүхэд баримт гарган мэтгэлцээгүй учир Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******1 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 209 дүгээр тогтоолтой нэхэмжлэгч Ч.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид түр орлон гүйцэтгэж байсан гэж үзлээ.

 

8.2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй”, 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-т заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 86.4-т заасны дагуу гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж зааснаар захиргааны хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

8.3.Хариуцагч нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан буюу хуульд заасан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлснийг түүний гэм буруу гэж үзэхгүй.

 

8.4.Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ногдох олговорт 3,753,287 төгрөг олгосонд хариуцагчийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

9.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн зүгээс “…Хохирогчид мөнгөн дүнг нь төлсөн учир Т.******* гэдэг хүнээс дахин төлбөр нэхэмжлэх шаардлагагүй…” гэж дүгнэсэн.

 

9.1.Энэхүү дүгнэлтийг үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт талаас нь авч үзвэл шүүхийн иргэдийн төлөөлөгч нь “…хохирогчид мөнгөн дүнг төлсөн…” гэж төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирлыг төрөөс төлж барагдуулсан үйл баримтын талаар хэрэгт цугларсан баримт, зохигч талуудын тайлбарт үндэслэсэн үндэслэл бүхий дүгнэсэн.

 

9.2.Харин хууль зүйн хувьд “дахин төлбөр нэхэмжлэх шаардлагагүй” гэх дүгнэлтийн хувьд нэгэнт хохирлыг нь төр барагдуулчихсан учраас түүнээс дахин шаардахгүй гэх агуулгатай байгаа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасанд нийцэхгүй.

 

9.3.Тодруулбал, шүүх гагцхүү төрд хохирол учирсан эсэх, түүнд хариуцагчийн гэм буруу нөлөөлсөн эсэх, нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд мэдүүлсэн эсэхэд дүгнэлт хийснээр төрд нийт 8,050,230 төгрөгийн хохирол учирсан, үүний 4,296,943 төгрөгийн хохирол учрахад хариуцагчийн гэм буруу нөлөөлсөн, гэвч нэхэмжлэгч нь уг хохирлыг арилгуулахаар шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, 3,753,287 төгрөгийн хохиролд хариуцагч гэм буруугүй болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчид холбогдох төрд учирсан хохиролд 8,050,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 1******* дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Т.*******д холбогдох төрд учирсан хохиролд 8,050,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД

 

       ШҮҮГЧ                                    В.АМАРТҮВШИН

 

       Д.ХУЛАН