| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0639/З |
| Дугаар | 128/ШШ2025/0677 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2025/0677
2025 10 02 128/ШШ2025/0677
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “***************” ХХН /РД:*******/
Хариуцагч: С******* дүүргийн Татварын хэлтсийн даргад холбогдох албан татварын буцаан олголт /хөнгөлөлт/ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, татварын буцаан олголт олгохыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*****, Б.Д*****, Г.Н*****, гэрч Б.Ө***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “***************” ХХН-өөс С******* дүүргийн Татварын хэлтсийн даргад холбогдуулан “...Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/17 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу 30,945,616.16 төгрөгийн татварын буцаан олголт олгохыг С******* дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “***************” ХХН нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу аж ахуй нэгжийн албан орлогын албан татварын 2024 оны буцаан олголтыг авах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр etax.mta.mn татварын цахим системээр гаргасан.
2.2. С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/13 дугаартай “Аж нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тухай” тушаалаар хөнгөлөлтийн дагуу буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталж, Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.[1]
2.3. Уг 1 дүгээр хавсралтаар баталсан “Хөнгөлөлтийн дагуу буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт”-ын 242 дахь хэсэгт нэхэмжлэгч “***************” ХХН нь 30,945,616.16 төгрөгийн татварын буцаан олголт авахаар жагсаалтад багтсан. [2]
2.4. Татварын ерөнхий газраас С******* дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн аж нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалтыг хянаад, 54 татвар төлөгч хуулийн шаардлага хангаагүй буцаан олголтыг дахин хянах чиглэлийг дүүргийн татварын хэлтэст 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн.[3]
2.5. Татварын буцаан олголтыг дахин хянах шаардлагатай татвар төлөгчийн жагсаалтад нэхэмжлэгч “***************” ХХН-ийг “тайлант хугацааны дутуутай” гэж буцаасан.[4]
2.6. Улмаар С******* дүүргийн Татварын хэлтсээс татварын буцаан олголтыг дахин хянаж, тус дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/17 дугаартай “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар “…хуульд заасан шаардлага хангаагүй” хасагдах татвар төлөгчдийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталсан.[5]
2.7. Тус тушаалын 1 дүгээр хавсралтын жагсаалтын 3 дахь хэсэгт нэхэмжлэгч “***************” ХХН-ийг “харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийсэн борлуулалтын орлого давсан” гэх шалтгаанаар 2024 оны татварын буцаан олголт авах боломжгүй болсон.[6]
2.8. Хавсралтын жагсаалтад нэхэмжлэгч “***************” ХХН-ийг “харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийсэн борлуулалтын орлого давсан” гэж бичсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хавсралтад техникийн алдаа гаргасан ... нэхэмжлэгч тайлант хугацааны үлдэгдэлтэй гэх шалтгаанаар буцаан олголтоос хасагдсан” гэж тайлбарласан.
2.9. Улмаар нэхэмжлэгч “***************” ХХН-өөс Татварын ерөнхий газарт гомдол гаргахад, тус газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын даргаас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09/1066 дугаартай “Хариу хүргүүлэх тухай албан бичгээр “…танай компани 2024 оны буюу тайлант хугацааны төлбөл зохих албан татварын үлдэгдэл 2,165,464.65 төгрөгийг төлөөгүй байна ... татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авах боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн.[7]
2.10. Тайлант хугацааны төлбөл зохих албан татварын үлдэгдэл 2,165,464.65 төгрөгийн тухайд, Нэхэмжлэгч “***************” ХХН-өөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1250201184603 нэхэмжлэхийн дугаараар 26,877,564.64 төгрөг, 1220402869518 нэхэмжлэхийн дугаараар 2,165,464.65 төгрөгийг төрийн сангийн 100900000203 тоот дансанд тус тус төлсөн байдаг. [8]
2.11. Харин Татварын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05/1842 дугаартай албан бичгийн хавсралтаар тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэх нь 1250201184603 нэхэмжлэхийн дугаартай, 2022 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн ногдлоор үүссэн 2,165,464.65 төгрөгийн төлөх дүнтэй, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үүсгэсэн төлөвтэй байсан.[9]
2.12. Нэхэмжлэгчийн зүгээс “...2,165,464.65 төгрөгийн татварын үлдэгдэл нь татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон эсэхийг хариуцагч шалгаж, тогтоогоогүй байж, татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсанд гомдолтой байна. Татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд хуулийн хугацаанд тайланг гаргаж холбогдох хуулийн шаардлагыг хангасаар байтал татварын алба эс үйлдэхүй гаргаж хууль бусаар буцаан олголт авах эрхийг нь хязгаарлаж байгаа нь хууль зөрчиж байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.13. Хариуцагчийн зүгээс “...Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.25-д татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч өөрөө хариуцахаар хуульчилж өгсөн. Мөн 28.1 дээр татвар төлөгч холбогдох татварыг хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлоод хуулиар тогтоосон хугацаанд төлнө гэж хуульчлаад өгчихсөн. 2,165,464.65 төгрөгийн татварын үлдэгдэлтэй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасны дагуу хөнгөлөлт эдлэх боломжгүй” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”***************” ХХН нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу 300 саяас дээш татвар ногдох орлогыг 2024 оны жилийн эцсийн татварын тайлангаар тайлагнаж, тайланг хуулийн хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр илгээж, ногдуулсан албан татварыг мөн өдрөө буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн тул татварын цахим системд дамжуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголт авах хүсэлтийг илгээсэн байдаг.
2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцсан татварын албаны зүгээс татварын цахим систем болох https://etax.mta.mn/ цахим хуудас дээр зөвшөөрсөн төлөвт оруулж, С******* дүүргийн албан татварын хөнгөлөлт эдлэх аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулан шийдвэрлэж, Татварын ерөнхий газар луу хүргүүлсэн гэсэн хариуг өгч байсан. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр С******* дүүргийн байцаагч холбогдоод манай компанийг Татварын ерөнхий газраас буцаасан байна гэж мэдэгдсэн. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Татварын ерөнхий газарт албан бичиг явуулж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С******* дүүргийн Татварын хэлтэст гомдол гаргасан. Татварын ерөнхий газраас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 09/1066 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт танай компанийн ирүүлсэн тайлангаар нийтлэг хувь хэмжээгээр ногдуулсан төлбөл зохих албан татварын дүнд 34,384,017.95 төгрөг бөгөөд урьд оны илүү төлөлт 3,175,524.58 төгрөг, тайлант оны нэхэмжлэхээр төлсөн дүн нь 26,877,564.07, 2022 оны үүссэн нэхэмжлэлээр төлсөн дүн нь 2,165,464.65 төгрөг буюу нийт албан татварын ногдлын барагдуулалтад 32,218,553.3 төгрөг байна. Энэ нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар танай компани 2024 оны буюу тайлант хугацаанд төлбөл зохих албан татварын үлдэгдэл нь 2,165,464.65 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн байдаг.
С******* дүүргийн Татварын хэлтсээс гомдлын хариугаа асуухад Татварын ерөнхий газраас манай компанид ирүүлсэн хариу албан бичгийн хувь манайд ирсэн. Нэгэнт Татварын ерөнхий газраас танайд хариу албан бичиг өгсөн тул дүүргээс бичиг өгөх шаардлагагүй гэж үзсэн. Тэгээд манайд амаар хариу өгч, гомдлыг бичгээр өгөөгүй. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Татварын ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай A/17 дугаар тушаал гарч, уг тушаалаар манай нөхөрлөл татварын буцаан олголт олгохоос татгалзсан үндэслэл нь харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийсэн, борлуулалтын орлого давсан гэх үндэслэл болохыг бид мэдсэн.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан татвар ногдох орлогыг 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан. Доор дурдсанаар бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90%-аар хөнгөлнө гэж, 22.2 дахь хэсэгт энэ хуулийн 22.1-д заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно гэж заасан. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-д заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч “***************” ХХН-ийн 2024 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулсан орлого 343,840,179.50 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, албан татвар ноогдуулах орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй байх хуулийн заалтыг хангаж байгаа тул албан татварын хөнгөлөлт эдлэх эрх үүссэн. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийгээгүй байхад харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийсэн борлуулалтын орлого гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь заалтад тус тус заасны дагуу манай нөхөрлөл нь албан татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй бөгөөд уг эрхийг үндэслэлгүйгээр хууль бусаар хязгаарлаж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль болгохгүй тогтоож, С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах, татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай A/17 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу 30,945,616.16 төгрөгийг татварын буцаан олголт олгохыг С******* дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Өнөөдөр мөрдөгдөж байгаа татварын багц хуулийн үндсэн үзэл баримтлалыг татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх, улсын төсөвт *******лөрүүлж байгаа орлогыг мөн нэмэгдүүлэх гэж харж байна. Тэр ч утгаараа хуулийн компанийн хувьд татварын хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, тухайн хууль тогтоомжийг хэрэглэх, энэ хэмжээгээрээ үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л орлогоо Татварын ерөнхий хуульд заасан татвараа өөрөө ногдуулах, тодорхойлох эрхийнхээ хүрээнд үнэн зөв тайлагнаж ирсэн. Үүний дагуу ногдлоо гаргачхаад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлд заасан 1,5 тэрбум төгрөгөөс дээш бол 90%-ийн буцаан олголт авах эрхийг эдэлье гэдэг санаа зорилготой. Тухайн дүнд хүрсэн учраас тайланг гаргасан.
Манай санхүүг хариуцаж байсан Б.Ө***** болон түүний захидал харилцаа буюу цахим шууданд үзлэг хийсэн баримт, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад татвар төлөгч хуулийн этгээдийн тухайд 2024 оны жилийн эцсийн тайланг энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр илгээсэн. Тайлан илгээсэнтэй холбоотойгоор систем гэхээсээ илүүтэй татварын алба нь компанийн өмнөх онуудын татварын илүү төлөлттэй холбоотой зүйлүүдийг нягталж шалгаад 2024 оны жилийн эцсийн тайланг хүлээж аваад илүү төлөлтүүдийг суутгаад өнөөдрийн төлөх дүн чинь 26 сая байна гэж нэхэмжлэх үүссэн. Энэ нэхэмжлэхийн дагуу мөн өдрөө хуулийн этгээд маань татвар төлөгчийн зүгээс татвараа төлсөн. Дахиад нэг нэхэмжлэх байсан. Тэр нь 02 дугаар сарын 03-ны өдөр үүссэн буюу 2,165,464.65 төгрөг буюу өнөөдрийн дутуу гээд байгаа дүнтэй яг ижилхэн байна. Энэ үүсгэсэн дүнг тухайн үед нь 02 дугаар сарын 06-ны өдөр мөн төлсөн. Төлбөрийн дүнгээрээ тооцоод үзвэл 29 сая төгрөг болж байна. Тухайн ингэж үүсэхэд татвар төлөгчийн карт дээр ямар нэгэн өөр өр авлага байгаагүй. Нэгэнт тайланг илгээсэн учир Татварын хэлтсийн хариуцсан улсын байцаагчаас тайланг хүлээж аваад баталгаажуулаад холбогдох материалуудыг нь шалгаад, системдээ шалгачхаад Татварын ерөнхий газар луу явуулж байна. Өөрөөр хэлбэл энэ компаниуд сая дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн заалтуудыг хангасан байгаа учраас холбогдол буцаан олголтыг шийдвэрлэе гэдэг байдлаар явуулсан. Шийдвэртэй холбоотой асуудлаар Татварын ерөнхий газраас хариу ирүүлэхдээ сая дурдсан 2022 онд дутуу байна гэдэг. Үүнийг би юу гэж харж байна гэхээр 2,165,464.65 төгрөгтэй холбоотой асуудал нь татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаанаас гэдэг юм уу, эсвэл дутуу байсан эсэх нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй. Энэ бол татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд хуулийн хугацаанд гаргах холбогдох хуулийн шаардлагыг хангасаар байтал татварын алба эс үйлдэхүй гаргаж хууль бусаар буцаан олголт авах эрхийг нь хязгаарлаж байгаа нь хууль зөрчиж байна гэж харж байна. Нөгөө талаар татварын алба сүүлд 2,165,464.65 төгрөг хаанаас яаж үүссэнийг нотолж чадахгүй нөхцөл байдал байгаа нь хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргаж өгнө үү.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч “***************” ХХН-ийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр илгээсэн тайланг Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 болон Сангийн сайдын 2019 оны 292 тоот тушаалын хавсралт, Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмын дагуу татварын улсын байцаагч хянаад 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр баталгаажуулсан байдаг. С******* дүүргийн Татвар хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны А/17 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад “***************” ХХН-ийн нэр буцаан олголт авах нэрсийн жагсаалтад Татварын ерөнхий газарт хүргэгдсэн. Татварын ерөнхий газраас хууль журмын дагуу хянаж үзээд буцаан олголтын хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус аж ахуйн нэгжийг өр үлдэгдэлтэй гээд буцаасан байдаг. Тухайн буцаасан өдөр нь татвар төлөгчид татварын улсын байцаагч мэдэгдсэн. Нэхэмжлэгч татвар төлөгчийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан буцаан олголтыг татварын өрийн үлдэгдэлтэй гэдэг шалтгаанаар дараагийн тушаал буюу 2025 оны А/17 дугаар тушаалаас нэр нь хасагдаж явсан. Татварын ерөнхий хууль 2019 онд шинэчлэгдэн батлагдсан. Ингэснээр 22.1 дэх заалтаар 90%-ийн буцаалт олгох болсноор жил бүр татвар төлөгч үүнд хамрагдаад явж байна. Өнөөдрийн кейсээс болоод татварын албыг бүхэлд нь буруугаар ойлгох боломжгүй гэдгийг хэлье. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.25-д татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч өөрөө хариуцахаар хуульчилж өгсөн. Мөн хуулийн 28.1-д дээр татвар төлөгч холбогдох татварыг хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлоод хуулиар тогтоосон хугацаанд төлнө гэж хуульчлаад өгчихсөн. Энэ бүх заалт татвар төлөгчтэй өөртэй нь холбоотой. Өнөөдрийн маргаан бүхий 2,165,464.65 төгрөгийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1-д заасан хөнгөлөлт эдлэх боломжгүй, 2024 оны үлдэгдэл байсан гэдэг байдлаар тушаалд хамрагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тайлан илгээсний дараа үеийн тооцооллыг харвал 2024 онд урьд 2022 оноос үүссэн илүү төлөлтүүд нь он дамжиж яваад нийтдээ 1,898,541.88 төгрөгийн илүү төлөлттэй байсан. 2024 оны 07 дугаар сард тайлангаа илгээхэд тухайн аж ахуйн нэгж маань 2,176,982.7 төгрөгийн төлбөр зохих татвартай гарсан. Энэхүү татвар маань дээрх 2022 оноос үүссэн илүү төлөлтөөс шууд суутгагдсан гэсэн үг. Ингээд 2024 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн төлбөл зохих татварын дүн нь нийтдээ 33,107,035.25 төгрөг байх ёстой байсан. 2 тайлангийн нийт өссөн дүнгээр тухайн 2024 оны 4 дүгээр улирлын тайлан нь 34,384,017.95 төгрөгөөр тайлагнагдсан. Тэгэхээр энэ 34 сая төгрөгөөс хагас жилээр ногдсон 1,276,000 төгрөг илүү төлөлтөөс хасагдсан байгаа учраас энэ маань хасагдах ёстой гэсэн үг. Тухайн аж ахуйн нэгжийн маань төлбөл зохих татварын дүнгээс 1,898,541.88 төгрөгийн илүү төлөлт, 1,276,000 төгрөгийн 2 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийт 2024 оны 02 сарын тайлан илгээсний дараа нэхэмжлэгчийн төлбөл зохих татварын дүн маань 41,208,493.37 төгрөг байх ёстой байсан. Тухайн аж ахуйн нэгжийн 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн дүн нь 29,043,028.72 төгрөг байсан. 31 сая төгрөг төлбөл зохих байсан бол 29 сая төгрөг төлсөн. Ингээд 2,165,464.65 төгрөгийн тайлант оны татварын үлдэгдэл үлдсэн гэж харагдаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр маргаан бүхий С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/17 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэг. Маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу дахин шинэ акт гаргах 1 сарын хугацаа тогтоон маргаан бүхий захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1.2. Шүүх ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө:” гэж, 22.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.1-д заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно.” гэж тус тус заажээ.
1.4. Захиргааны эрх зүйн онолд /захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд/, аливаа захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өөрчлөхүйц сөрөг үр дагавартай шийдвэр гаргахдаа тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэл, нөхцөл байдлыг тогтоон нотолсон байх учиртай гэж үздэг.
1.5. Үүнийг онолын хувьд /нотлох үүргийн хуваарилалтын түвшинд/ захиргааны байгууллагын анхдагч нотлох үүрэг гэж үзнэ.
1.6. Энэ анхдагч үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус хуульчлан заажээ.
1.7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч хуулийн этгээд нь тайлангаар төлбөл зохих албан татварыг хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлсөн тохиолдолд буцаан олголт авах замаар хөнгөлөлт эдлэх эрх нээгдэхээр байна.
1.8. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “***************” ХХН нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу аж ахуй нэгжийн албан орлогын албан татварын 2024 оны буцаан олголтыг авах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр etax.mta.mn татварын цахим системээр гаргажээ.
1.9. Улмаар С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/13 дугаартай “Аж нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тухай” тушаалаар хөнгөлөлтийн дагуу буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталж, Татварын ерөнхий газарт хүргүүлсэн.[10]
1.10. Уг 1 дүгээр хавсралтаар баталсан “Хөнгөлөлтийн дагуу буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт”-ын 242 дахь хэсэгт нэхэмжлэгч “***************” ХХН нь 30,945,616.16 төгрөгийн татварын буцаан олголт авахаар жагсаалтад багтжээ. [11]
1.11. Гэвч үүний дараа Татварын ерөнхий газраас С******* дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн аж нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалтыг хянаад, 54 татвар төлөгч хуулийн шаардлага хангаагүй буцаан олголтыг дахин хянах чиглэлийг дүүргийн татварын хэлтэст 2025 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн.[12]
1.12. Татварын буцаан олголтыг дахин хянах шаардлагатай татвар төлөгчийн жагсаалтад нэхэмжлэгч “***************” ХХН-ийг “тайлант хугацааны дутуутай” гэж буцаасан байна.[13]
1.13. Улмаар С******* дүүргийн Татварын хэлтсээс татварын буцаан олголтыг дахин хянаж, тус дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/17 дугаартай “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалаар “…хуульд заасан шаардлага хангаагүй” хасагдах татвар төлөгчдийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталсан.[14]
1.14. Тус тушаалын 1 дүгээр хавсралтын жагсаалтын 3 дахь хэсэгт нэхэмжлэгч “***************” ХХН-ийг “харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийсэн борлуулалтын орлого давсан” гэх шалтгаанаар 2024 оны татварын буцаан олголт авах боломжгүй болсон.[15]
1.15. Хавсралтын жагсаалтад нэхэмжлэгч “***************” ХХН-ийг “харилцан хамааралтай этгээдтэй гүйлгээ хийсэн борлуулалтын орлого давсан” гэж бичсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хавсралтад техникийн алдаа гаргасан ... нэхэмжлэгч тайлант хугацааны үлдэгдэлтэй гэх шалтгаанаар буцаан олголтоос хасагдсан” гэж хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан.
1.16. Улмаар нэхэмжлэгч “***************” ХХН-өөс Татварын ерөнхий газарт гомдол гаргахад, тус газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын даргаас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09/1066 дугаартай “Хариу хүргүүлэх тухай албан бичгээр “…танай компани 2024 оны буюу тайлант хугацааны төлбөл зохих албан татварын үлдэгдэл 2,165,464.65 төгрөгийг төлөөгүй байна ... татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авах боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн.[16]
1.17. Тайлант хугацааны төлбөл зохих албан татварын үлдэгдэл 2,165,464.65 төгрөгийн тухайд, нэхэмжлэгч “***************” ХХН-өөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1250201184603 нэхэмжлэхийн дугаараар 26,877,564.64 төгрөг, 1220402869518 нэхэмжлэхийн дугаараар 2,165,464.65 төгрөгийг төрийн сангийн 100900000203 тоот дансанд тус тус төлсөн байдаг. [17]
1.18. Харин Татварын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05/1842 дугаартай албан бичгийн хавсралтаар тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэх нь 1250201184603 нэхэмжлэхийн дугаартай, 2022 оны 4 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн ногдлоор үүссэн 2,165,464.65 төгрөгийн төлөх дүнтэй, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үүсгэсэн төлөвтэй байжээ.[18]
1.19. Хариуцагчаас “нэхэмжлэгчийн 2024 оны тайлангийн эхний үлдэгдэл 1,898,541,88 төгрөг, тайлант хугацааны эцсийн үлдэгдэл 31,208,493.37 төгрөг, үүнээс нэхэмжлэгч 2,165,464.65+26,877,564.07=29,049,028.72 төгрөг төлснөөс цаана нь 2022 оны 4 дүгээр улирлын үлдэгдэл 2,165,464.65 төгрөг төлөгдөөгүй үлдсэн”[19] гэж тайлбарласан.
1.20. Тиймээс үүнийг тодруулах үүднээс шүүх Татварын нэгдсэн удирдлагын системд үзлэг хийж, лог бүртгэлийг шүүн үзэхэд[20], нэхэмжлэгч нь 26,877,564.07 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09:45 минутад гүйлгээ хийж төлсөн нь нотлогддог, харин 1220402869518 нэхэмжлэхийн дугаараар 2,165,464.65 төгрөгийг төрийн сангийн 100900000203 тоот дансанд төлсөн нь баримтаар тогтоогдож байхад Татварын нэгдсэн удирдлагын системийн лог-д 888.481.95 төгрөгөөр бичигдсэн нь ойлгомжгүй.
1.21. Дээрх 2,165,464.65 төгрөгийг хариуцагчаас 2022 оны 4 дүгээр улирлын өрийн үлдэгдэл гэж тайлбарлаж байсан тул үүнийг тогтоох үүднээс Татварын нэгдсэн удирдлагын системд нэхэмжлэгчийн 2022 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаас тухайн оны татварын өрийг тодруулахад[21] “өргүй” болох нь тогтоогдов.
1.22. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “***************” ХХН нь 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өргүй байхад хариуцагчаас 2022 оны 4 дүгээр улирлын өрийн үлдэгдэл гэж 2,165,464.65 төгрөгийн нэхэмжлэх үүсгэсэн нь үндэслэлгүй байжээ.
1.23. Хэдийгээр шүүх дээрх дүнг үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангаж шийдвэрлэх боломжгүй буюу татварын системд үндэслэлгүй үүссэн өрийг залруулах чиг үүрэг нь татварын албанд байх тул, түүнчлэн энэ залруулгыг хийхгүй бол ирээдүйд өрийн үлдэгдэл гэх энэхүү нэхэмжлэх дахин үүсэх боломжтой байх тул хариуцагч дахин акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зөв гэж үзэв.
1.24. Тодруулбал, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээлэл хамаарна:” гээд, 33.1.12 дахь заалтад “.татварын өр, өр барагдуулалт, хураалтын үйл ажиллагааны мэдээлэл”, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, сангийн мэдээллийг хадгалах, хамгаалах, ашиглах, ашиглалтад хяналт тавих журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж тус тус зааснаар татварын системд үндэслэлгүй үүссэн нэхэмжлэхийн мэдээллийг залруулга хийх чиг үүрэг татварын албанд байгаа болохыг тэмдэглэж байна.
1.25. Иймд хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.23-1.24-д заасан ажиллагааг 1 сарын хугацааны дотор дахин хийж, шинэ акт гаргах нь зүйтэй.
1.26. Шүүхээс тогтоосон энэ хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тоолохыг дурдаж байна.
Хоёр. “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу 30,945,616.16 төгрөгийн татварын буцаан олголт олгохыг С******* дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/17 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нэмэлт ажиллагаа хийж, дахин шинэ акт гаргаснаар маргаан бүхий татгалзсан шийдвэрийн үр дагавар болсон олгогдоогүй буцаан олголт /хөнгөлөлт/ олгогдох буюу “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу 30,945,616.16 төгрөгийн татварын буцаан олголт олгохыг С******* дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “***************” ХХН-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/17 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.25-д заасан тодруулах ажиллагаануудыг хийж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий С******* дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/17 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг хүчингүй болж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу 30,945,616.16 төгрөгийн татварын буцаан олголт олгохыг С******* дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах болохыг тогтоосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 81 дэх тал
[2] Хх 82 дахь тал
[3] Хх 86-88 дахь тал
[4] Хх 89 дэх
[5] Хх 46 дахь тал
[6] Хх 48 дахь
[7] Хх 42 дахь тал
[8] Хх 57-60 дахь тал
[9] Хх 44 дэх тал
[10] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 81 дэх тал
[11] Хх 82 дахь тал
[12] Хх 86-88 дахь тал
[13] Хх 89 дэх
[14] Хх 46 дахь тал
[15] Хх 48 дахь
[16] Хх 42 дахь тал
[17] Хх 57-60 дахь тал
[18] Хх 44 дэх тал
[19] Хх 83 дахь тал
[20] Хх 108 дахь тал
[21] Хх 109 дэх тал