Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01429

 

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01429

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/01022 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдохэд хөрөнгө битүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байр, 20 тоот хаягт байрлах, 85,25 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг төлбөрт хураасан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Лтай 1995 онд танилцаад 2003 оноос хамт амьдарч, 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид Бүгд найрамдах Солонгос улсад 2003-2015 онд ажиллаж байхдаа одоогийн амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 61 дүгээр байрны 20 тоотын 85.28 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Нөхөр Д.Лгийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Гэвч нөхөр Д.Л бидэнд мэдэгдэлгүй төрсөн ах Д.Л, түүний эхнэр Ч.Уранбилэг нар Алтан давалгаа ХЗХ-ны барьцаанд тавьж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас байрыг битүүмжилж, орон сууцаа алдахад хүрээд байна. Нөхөр Д.Лгийн энэ үйлдлийг мэдээгүй. Алтан давалгаа ХЗХ-ноос Д.Л бид хоёр мөнгөн хөрөнгө аваагүй, Д.Л, Ч.Уранбилэг нар зээл авсан.

Бид гамшиг, цар тахлын үед орон сууцнаас гарахад хүрээд байна. Бидний өмчлөх эрх зөрчигдөж байна. Тухайн төлбөр төлөгчийн үүсгэсэн өр төлбөрийг тухайн иргэний гэр бүлийн дундын өмчөөс барагдуулж байгаа нь миний болон хүүхдүүдийн өмчлөх эрхийг ноцтой зөрсөн. Тус байранд манай эх, эцэг хоёр бид нартай хамт амьдардаг тус орон сууцыг худалдан авахдаа орон сууцны урьдчилгаа 30 хувь 27 000 000 төгрөгийг манай эхийн орон сууцыг худалдаж, түүгээр урьдчилгаа болгон өгсөн, үлдсэн төлбөр болох 70 хувийг Д.Л бид хоёр Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж хөдөлмөрлөн цуглуулсан мөнгөөрөө худалдан авсан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/Ш32016/04356 дугаар захирамжаар Д.Л, Ч.Уранбилэг нараас 99 390 400 төгрөгийг гаргуулж Алтан давалгаа ХЗХ-нд олгож шийдвэрлэснийг биелүүлэх мэдэгдэл ирснээр барьцаанд шилжүүлсэн эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр авагчид шилжүүлэн өгөх гэж байгааг мэдсэн. Ч.Уранбилэг нь Америкийн нэгдсэн улс руу явсан. Д.Лгийн нэр дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд барьцааны гэрээгээр барьцаалагдсан эд хөрөнгөөс шууд төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулахаар зохицуулаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ч.Уранбилэг, Д.Л нарын эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулах үүрэгтэй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоосон баримт биш. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь хууль зөрчиж хууль ёсны өмчлөгч гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. Миний бие тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч биш учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг заавал хийлгэсэн байх шаардлагагүй. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 17/0905 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039408 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байр 20 тоот хаягт байрлах, 85.25 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг төлбөрт хураасан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаар захирамжаар Ч.Уранбилэг, Д.Л нараас 99 390 400 төгрөгийг гаргуулж Алтан давалгаа ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Лгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039408 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоотод байрлах, 85,28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 17/0905 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17/4356 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Ч.Уранбилэг, Д.Л нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлтийг бичгээр өгсөн. Тус хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 311 дүгээр шинжээч томилох тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-аар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 136 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/28091 дүгээр албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдолд гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 136 700 000 төгрөгийг үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1079 дугаар магадлалаар хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахаас татгалзсан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ болох 136 700 000 төгрөгийн 70 хувь болох 95 690 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оруулах тухай 11/09 дугаар тогтоол, 4/18930 дугаар мэдэгдлийг талуудад танилцуулж, оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Tyc газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд Л.Нэргүй нь орон сууцыг 97 420 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон. Мөн тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 00519 дугаар шийдвэрээр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 969 тоот магадлал, Улсын дээд шүүх 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 00557 тоот тогтоол болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох тухай 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 17/0905 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039408 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байр 20 тоот хаягт байрлах, 85,25 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг төлбөрт хураасан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б-а давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/Ш32016/04356 дугаар захирамжаар Д.Л, Ч.Уранбилэг нараас 99 390 400 төгрөгийг гаргуулж Алтан давалгаа ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Тухайн битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 61 дүгээр байрны 20 тоотын 85,28 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны улсын гэрчилгээ Д.Лгийн нэр дээр боловч гэр бүлийн дундын эд хөрөнгө юм. Гэвч Л.Лхагваа бидэнд мэдэгдэлгүй төрсөн ах Л.Лхагвадорж, түүний эхнэр Ч.Уранбилэг нар Алтан давалгаа ХЗХ-ноос зээл авахад барьцаанд тавьсан байна. Алтан давалгаа ХЗХ-оос Л.Лхагваа бид хоёр мөнгөн хөрөнгө аваагүй. Л.Лхагваа, Ч.Уранбилэг нарын авсан зээлийн төлбөрт орон сууцаа хураалгах болсонд гомдолтой байна. Бидний өмчлөх эрх зөрчигдөөд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд барьцааны гэрээгээр барьцаалагдсан эд хөрөнгөөс шууд төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулна гэж зохицуулаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ч.Уранбилэг, Лхагваа нарын эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагааг явуулах үүрэгтэй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоосон баримт биш. Шийдвэр гүйцэтгэгч нь хууль зөрчиж гэр бүлийн дундын эд хөрөнгийг битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б-а нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 17/0905 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дугаар байр, 20 тоот хаягт байрлах 85,25 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөрт хураасан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2016/04346 дугаар шүүгчийн захирамжаар Ч.Уранбилэг, Д.Л нар Алтан давалгаа ХЗХ-нд 99 390 400 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх, шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039408 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дугаар байр, 20 тоот хаягт байрлах, 85,25 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн байна. /1хав-80-81-х/

Ч.Уранбилэг, Д.Л нар Алтан давалгаа ХЗХ-нд дээрх төлбөрийг төлөөгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ГХ2017/00233 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /1хав-119-120-х/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байр 20 тоот хаягт байрлах, 85,25 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 17/0905 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17/4356 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан, тэмдэглэл үйлдэхэд нэхэмжлэгч Б.Б-а хөндлөнгийн гэрчээр байлцсан, эд хөрөнгө хураах ажиллагааг явуулсан болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл болон тогтоолын хувийг түүний эх Б.Бадамд гардуулсан болох нь тогтоогдсон байна. Иймд Б.Б-а нь уг орон сууцыг барьцаанд тавьсныг мэдээгүй гэж үзэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагч байгууллага нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан ба шинжээч Мөнх-Оргил трейд ХХК төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 136 700 000 төгрөг болохыг тогтоожээ. /1хав-147-61/

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөр төлөгч Д.Л Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00467 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1хав-164-175-х/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/09 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дугаар байр, 20 тоот хаягт байрлах 85,28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ. /1хав-176-х/

Төлбөр төлөгч Д.Л тус анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00519 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1хав-200-218-х/

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Б.Б-ыг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дугаар байр 20 тоот хаягт байрлах 85,25 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Д.Л, Ч.Уранбилэг нар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсныг дуудлага худалдаагаар худалдан борлогдоход мэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Д.Л зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан нь бусад өмчлөгч нарын өмчлөх эрхийг зөрчсөн байхад шүүх үүнийг анхаараагүй гэх гомдол үндэслэлгүй юм. Учир нь Д.Л нь гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүй орон сууцыг барьцаалснаас хохирол учирсан гэх гомдол энэ хэргийн маргааны зүйл биш болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/01022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.БАЙГАЛМАА