Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/315

 

 

 

 

 

     2024            3            12                                          2024/ДШМ/315

 

А.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

шүүгдэгч А.Д-,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

С овогт А-ын Д-, 1994 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн .... тоотод оршин суух хаягтай, /РД:...../,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 908 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ялаар,

 Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 3 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг биечлэн эдэлж 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон;  

А.Д- нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн Х.Э “...“Тоёото приус-30” загварын автомашиныг урьдчилгаагүй, хүүгүйгээр зарна” гэж хэлэн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Х.Э-гаас бэлнээр 350.000 төгрөгийг авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-гаас 350.000 төгрөгийг гаргуулж Х.Э-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж байгаа. Мөн энэ хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа ба дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд оргон зайлж, удаа дараа эрэн сурвалжлагдаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан бөгөөд түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Д-гийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

А.Д- нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн Х.Э-д “...“Тоёото приус-30” загварын автомашиныг урьдчилгаагүй, хүүгүйгээр зарна” гэж хэлэн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Х.Э-гаас бэлнээр 350.000 төгрөгийг авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Э-гийн “....2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 5 шарын автобусны буудал дээрээс нэг залуу гар өргөж суугаад “Тахилт” орно гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө “том машин барьдаг” гэж хэлсэн ба “приус 30” зарна гэж нэг хүнтэй утсаар яриад байхаар нь би сонирхоод “ямар үнээр зарах гэж байгаа юм бэ” гэсэн чинь 15.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь “банк бус хийж болох юм уу” гэсэн чинь “болно” гэж хэлсэн. ...2021 оны 3 дугаар сарын 18-ны өглөө Тахилтаас очиж авсан чинь “250.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь Тахилтын эцэст байдаг “Буудай” дэлгүүрийн АТМ-ээс 250.000 төгрөг авч өгсөн. Тэндээсээ Баянзүрх орчхоод буцаад журмын хашаан дээр ирсэн чинь “Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр 100.000 төгрөг өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүргийн хажуу талд байдаг АТМ-ээс 100.000 төгрөг авч өгсөн чинь “цагдаа руу орж бичиг аваад ирье” гэж хэлээд алга болсон. ...” /хх 25-26/,

гэрч Д.Г-ын “...Би 2021 оны 02 дугаар сарын сүүлээр гар утсаа хаячхаад дугаараа сэргээлгээд утасгүй байж байтал танил Д- гэх залуу “эхнэртэйгээ муудалцчихсан” гээд манайд 2-3 хоног хамт амьдарч байхдаа миний дугаарыг ашиглаж байгаад тэр чигтээ аваад явчихсан. ...” /хх 30-31/,

яллагдагчаар А.Д-гийн “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Анх Амгаа гэх залуутай Тахилт руу хүн ачдаг байх үедээ танилцаж, тэгээд 1 сарын хугацаагаар хамт Тахилтаас хүн зөөдөг байсан. Сүүлд миний машин банк бус санхүүгийн байгууллагад хураагдах гээд байсан тул Амгаа гэх хүнээс бол эхлээд 50.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг, нийт 350.000 төгрөг авсан. Гэр нь Тахилтад байдаг ба би Тулгаа ахынхаа гэрт 2-3 хоног хамт байсан. Тухайн үед би машинаа ачуулсан байсан ба шүүхийн шийдвэрээс ирээд банканд төлөх мөнгө дутуу гээд банк бусаас хураагаад авчихсан. Хохирогчоос авсан мөнгийг машиныхаа мөнгө рүү хийсэн. ...” /хх 77-78/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 21/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 60-61, 63-66/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс А.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Д-гаас “...Хийсэн хэргээ үнэн зөвөөрч, маш их харамсаж байгаа ба дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч А.Д- нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 908 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ялаар,

 Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 3 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхээс оргон зайлсан нөхцөл байдлууд тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан 1 жилийн хорих ял нь шүүгдэгч А.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон гэж дүгнэх үндэслэл болж байна.

Иймд, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-гийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 3 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 39 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-гийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 3 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 39 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                С.БОЛОРТУЯА