Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/355

 

 

 

 

 

 

  2024               3               21                                         2024/ДШМ/355

 

 

Г.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аззаяа,

шүүгдэгч Г.Н-,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын Н-, 1979 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй 44 настай, бүрэн дунд боловсролтой, “-” ХХК-д хамгаалагч, жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:000000000 /,

Шүүгдэгч Г.Н- нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 000 дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ц-тэй машины зогсоолын асуудлаар маргалдаж, түүний эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота пассо” загварын тээврийн хэрэгслийг өшиглөж, гараараа цохиж гэмтээсний улмаас 1.145.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Г-рын Н-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 7 /долоон/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н- нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Н-гээс 389.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-д олгож, хохирогч Б.Ц- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,            шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн өдрийн орой гэрийн гадаа машинд мөргүүлсэн бөгөөд хуулийн байгууллагуудад энэ байдлаа хэлсээр ирсэн. Би тухайн машинд мөргүүлчихээд өндөр төлбөртэй нарийн шинжилгээ хийлгээгүйн улмаас бусдын эд хөрөнгийг эвдсэн хэрэгт холбогдож, шүүхээс ял сонсоод байна. Анхны шүүх хуралдаанд шүүгч “шинжээч томил” гэхэд томилоогүй. Хүн гараараа машиныг яаж ч эвдэж чадахгүй. Мөн хохирогч анхан шатны шүүх хуралдаанд зөрүүтэй худал мэдүүлсэн. Уг хэрэг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн атал хохирогч үнэлгээгээ 1 сар гаруйн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийлгэсэн байсан.  Иймд хэргийг хянаж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Н- “хохирогч худал мэдүүлж байна, би гэмт хэргийг үйлдээгүй, хохирогчийн автомашинд ямар нэгэн гэмтэл учруулаагүй” гэж тайлбарлаж байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн шатанд “Г.Н- миний автомашинд гэмтэл учруулахдаа гартаа барьж байсан гар утсаараа цохисон” гэж тогтвортой мэдүүлсэн. Уг хохирогчийн мэдүүлэг нь дуудлага, мэдээллийн дагуу очсон цагдаагийн ажилтны “тухайн үед гэмт хэрэг гарсан гэх газрын хажуу талын дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд Г.Н- нь хохирогчийн тээврийн хэрэгслийг гартаа барьж байсан эд зүйлээрээ цохиж гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлгээр давхар нотлогддог. Мөн шүүгдэгч Г.Н- “би Шүүх эмнэлэгт үзүүлэхэд ил шарх, гэмтэл байгаагүй тул MRI шинжилгээ хийлгээгүй” гэж тайлбарлаж байна. Үүнтэй холбогдуулан хохирогч “Тухайн үед би хойшоо ухрах гэж байгаад урагшаа дарж Г.Н-г шүргэсэн асуудал байгаа” гэж мэдүүлсэн. Харин мөрдөгч “Г.Н-д шинжээч томилсон тогтоолыг өгч явуулаад Шүүх эмнэлэгт үзүүл гэж зөвлөөд явуулсан” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Н-гийн Шүүх эмнэлэгт үзүүлж, өөрт учирсан гэмтлийн зэргээ тогтоолгох эрхийг нь хангасан. Мөн шүүгдэгч Г.Н- “шинжээчийн дүгнэлт хугацаа хэтэрч гарсан. Энэ дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэдэг. Гэмт хэрэг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гарсан. Харин шинжээчийн дүгнэлт 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан болох нь хавтаст хэргийн 23-25 дугаар талд авагдсан байгаа. Шүүгдэгч Г.Н- нь анхнаасаа гэм буруугийн асуудлаар маргаж, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Иймд шүүгдэгчийн эрхийг хангах үүднээс дахин шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Н- нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 000 дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ц-тэй машины зогсоолын асуудлаар маргалдаж, түүний эзэмшлийн .... улсын дугаартай “Тоёота пассо” загварын тээврийн хэрэгслийг өшиглөж, гараараа цохиж гэмтээсний улмаас 1.145.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ц-гийн “...2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн үед гэрийнхээ гадаа зогсоолд машинаа тавих гээд машины зогсоолоос машин гарахыг хүлээгээд зогсож байсан юм. Тэгтэл хойноос нэг машин ирээд миний машины урд зогссон, би цонхоо онгойлгоод “ахаа та холдоорой би наад машиныг чинь гарахаар машинаа тавих гэж байгаа юм” гэж хэлтэл машинаас нэг ах бууж ирээд хөл дээрээ ч тогтох чадваргүй нэлээн согтуу “чи яах гээд байгаа юм бэ, би машинаа тавих гэж байна” гэж агсраад “гичий, янхан гарч ирэх юм бол ална шүү” гэж айлган сүрдүүлж, хэл амаар доромжилсон. Би сандарсандаа ухасхийсэн. Гэхдээ би метрийн зайнаас илүү хөдлөөгүй. Тэгтэл тэр ах “чи муу намайг мөргөлөө” гээд миний машины урд талын гупер хэсгийг тийрч өшиглөөд, крыло, копут, хаалга руу маш хүчтэй цохиод “гараад ир, би чамайг ална” гээд л орилоод байсан. Би машин дотроосоо “та хүний машин ингэж болохгүй, болиоч” гэж хэлэхэд “чи олигтой юм унасан юм шиг, би наадхыг чинь төлөх чадвартай” гэж орилоод машин руу өшиглөж бас тийрч, цохиод байсан. ...” /хх 15/,

гэрч Б.Е-ийн “...Дуудлага өгсөн гэх Б.Ц- гэх эмэгтэйн эзэмшлийн 86-24 ӨМЭ улсын дугаартай автомашиныг Г.Н- гэх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн цохиж, өшиглөж гэмтээсэн гэж хэрүүл маргаантай байсан, уг зүйлийг нотлохын тулд ... дугаар байрны ... дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд Б.Ц- гэгч нь өөрийн унаж байсан тээврийн хэрэгслийн урд талаараа Г.Н-н биед нь хүрээд зогсоход тухайн эрэгтэй хүн уурласан байдалтайгаар ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын гупер, крыло руу нь өшиглөж, гартаа ямар нэгэн зүйл барьсан гараараа /гар утас нь байсан/ урд капут, хаалга хэсэг рүү нь цохиод байсан. ...Тухайн үед уг тээврийн хэрэгсэлд Б.Н- гэх хүний цохисон болон  өшиглөсөн хэсэгт нь гэмтэл учирсан байсан, харин Г.Н- гэх хүний биед бол ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан, машин биед нь хүрэхэд ч газар унасан зүйл камерт харагдаагүй хэвийн байсан. Би тухайн үед гар утсан дээрээ хуулж авч дуудлага мэдээлэл гаргасан Б.Ц-д үзүүлсэн. Харин жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгч амжаагүй. Дараагийн дуудлагад явсан, тэрнээс хойш хяналтын камерын бичлэг миний гар утсан дээрээс устсан байна. ...” /хх 49/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Г.Н-н биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15215 дугаартай дүгнэлт /хх 22/,

гэмт хэргийн талаарх гомдол, хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/, дуудлага лавлагааны хуудас /хх 5/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7, 8-10/, техникийн эвдрэл, хохирол үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25, 26, 134, 135-136/  болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Н-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар торгож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Шүүгдэгч Г.Н- “...Би бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээгээгүй, харин намайг мөргөсөн тул намайг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурдсан “...намайг мөргөсөн...” гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгасан байх бөгөөд энэ талаар хохирогч Б.Ц- үгүйсгээгүй, “...машинаас нэг ах бууж ирээд хөл дээрээ ч тогтох чадваргүй нэлээн согтуу ... агсраад “гичий, янхан гарч ирэх юм бол ална шүү” гэж айлган сүрдүүлж, хэл амаар доромжилсон. Би сандарсандаа ухасхийсэн. ...Тэгтэл тэр ах “чи муу намайг мөргөлөө” гээд миний машины урд талын гупер хэсгийг тийрч өшиглөөд, крыло, копут, хаалга руу маш хүчтэй цохиод “гараад ир, би чамайг ална” гээд л орилоод байсан...” гэж, гэрч Б.Е “...С11 дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд Б.Ц- гэгч нь өөрийн унаж байсан тээврийн хэрэгслийн урд талаараа Г.Н-н биед нь хүрээд зогсоход тухайн эрэгтэй хүн уурласан байдалтайгаар 86-24 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын гупер, крыло руу нь өшиглөж, гартаа ямар нэгэн зүйл барьсан гараараа /гар утас нь байсан/ урд капут, хаалга хэсэг рүү нь цохиод байсан...” гэж тус тус мэдүүлсэн байхаас гадна дээрх үйл баримттай шалтгаант холбоотойгоор шүүгдэгч Г.Н-н биед гэмтэл тогтоогдоогүй талаар тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн 15215 дугаартай дүгнэлт гарсан байна.

Харин, дээрх үйл баримтаар шүүгдэгч Г.Н-н үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-гийн тээврийн хэрэгсэлд 1.145.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нөхцөл тогтоогдсон, энэ талаарх бичгийн нотлох баримтуудыг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Н-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

 

 

                                 ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                           С.БОЛОРТУЯА